Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00127/И |
Дугаар | 134/ШШ2016/00122 |
Огноо | 2016-09-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2016/00122
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.А /РД:ХЛ61082100/ хүсэлттэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Аминчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1984 онд МУИС-ийг төгсөж, Булган аймгийн Прокурорын газарт хэсгийн прокуророор томилогдон 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилласан. Мөн Улаанбаатар хотын Сүхбаатар районд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, патентын байцаагч, татварын байцаагч, хөдөлмөрийн байцаагчаар тус тус ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болоод тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. ...Би сая шүүхэд хүсэлт өгсөнийхөө дараа тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ олсон. Гэтэл Сүхбаатар районд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр санхүүгийн хэлтэс шинээр байгуулагдахад патентын байцаагчаар томилогдон ажиллахад ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглээгүйгээс болоод Нийгмийн даатгалын хэлтэс заавал шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн. Мөн Булган аймгийн Прокурорын газарт ажилд томилсон, ажлаас халагдсан бичилтийг нэг өдөр бичсэн байна гэж үзсэн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь Булган аймгийн Прокурорын газарт 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хэсгийн прокуророор, Улаанбаатар хотын Сүхбаатар районд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, патентын байцаагч, татварын байцаагч, хөдөлмөрийн байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.А нь Булган аймгийн Прокурорын 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хэсгийн прокуророор ажиллаж байсан болох нь Б.Аминчимэгийн 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №102552 дугаартай ...1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд томилсон талаар тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурорын 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/244 дугаартай “Б.А ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар зэргээр,
Мөн нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Сүхбаатар районд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар, 1990 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд санхүүгийн хэлтсийн патентын байцаагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл татварын байцаагчаар, 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн байцаагчаар тус тус ажиллаж байсан болох нь Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 82 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” захирамж, мөн захиргааны даргын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/55 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” захирамж түүний хавсралт, мөн захиргааны даргын 1988 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай “Цалингүй чөлөө олгох тухай” захирамж, мөн захиргааны даргын 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №07 дугаартай “Албан татварын тасаг байгуулах ажилд томилох тухай” захирамж түүний хавсралт, мөн захиргааны даргын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №66 дугаартай “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай” захирамж, мөн захиргааны даргын 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №176 дугаартай “Цалинд өөрчлөлт оруулах тухай” захирамж түүний хавсралт, мөн захиргааны 1988 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын цалингийн хүснэгт, Б.А 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №102552 дугаартай ажилласан байдлын талаар тэмдэглэж, баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүний Улаанбаатар хотын Сүхбаатар районд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, патентын байцаагч, татварын байцаагч, хөдөлмөрийн байцаагч зэрэг өөр ажлыг гүйцэтгэж байсныг нотлох баримтыг тус тусад нь үнэлж дүгнэсэн хэдий ч нэг байгууллагад тасралтгүй ажилласан байдлыг харгалзан ажиллаж байсан хугацааг нэгтгэж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.А Булган аймгийн Прокурорын газарт 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хэсгийн прокуророор, Улаанбаатар хотын Сүхбаатар районд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд бичиг хэргийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, патентын байцаагч, татварын байцаагч, хөдөлмөрийн байцаагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ