Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 666

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Алтанцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Б.Н,

хохирогч Э.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Н т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01112 0611 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Н

Холбогдсон хэргийн талаар:

Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элит” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Золбоотой маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 02-ны орой гурван найзын хамт “Элит” караокед орсон. Золбоо нөгөө ширээн дээр сууж байсан байна лээ. Тухайн үед хохирогч Золбоог анзаараагүй. Тэгээд тооцоогоо хийтэл зөөгч бармен илүү тооцоо хийчихсэн байхаар нь найзтайгаа текэн дээр нь очоод зөөгч, бармен хоёртой маргаан хийж байхад цаанаас Золбоо гуйлгачингууд чинь эвтэйхэн тооцоогоо хийгээч гээд орилоод эхэлсэн. Чамд ямар хамаатай юм гээд маргаан ер нь тэндээс эхэлсэн. Тэгээд хэл үгээр аймаар доромжилохоор нь хоёулаа үсдэлцээд, цуг унаад тийм л юм болсон. Тэгээд гарах гэж байхад гуйлгачингууд, би баян гээд орилоод байсан тэгэхээр нь куртикнаас нь татахдаа цохичихсон байна лээ. Тэгээд дараа нь камерийн бичлэгээ хараад л цохисон гэдгээ ойлгосон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Золбоо мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв. 

           Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Золбоогийн өгсөн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” нэртэй нийтийн караокед ганцаараа орсон юм. Ингээд ороод 4 ширхэг “Нийслэл” пиво уусан. Ингээд шөнийн 03 цаг 30 минут болсон ба тус караоке хаах болсон. Гэтэл гаднаас 2 залуу, 2 эмэгтэй хүн орж ирээд үүднээсээ 2 дахь ширээнд суусан. Тэд нарыг юу захиалсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Улмаар ууж байснаа тэд нар хоорондоо маргалдсан юм. Тэгэхээр нь би хажуунаас нь та нар ингэж болохгүй, адилхан ууж байж гэж хэлсэн чинь туранхай бордуу царайтай, доогуураа цагаан өнгийн унтлагын өмдтэй, миний үеийн эмэгтэй нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь уг эмэгтэйтэй явж байсан ногоон өнгийн цамцтай эрэгтэй нь хүрч ирээд уучлаарай ахын дүү гэж хэлээд тэр эмэгтэйг аваад явсан. Тэгж байсан чинь нөгөө эмэгтэй болох цагаан өнгийн цамцтай, жинсэн өмдтэй, арай мяраалаг байрын эмэгтэй нь текэн дээр тооцоо хийж байгаад мөнгө нь хүрээд буцаад ирсэн. Тэгэхээр нь би тэд нарын ширээн дээр очоод уг тооцоо хийж байсан эмэгтэйд хандаад уучлаарай эгч ээ, танай найз чинь над руу юм шидчихлээ, би нэг бакалных нь мөнгийг өгчихье гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь босч ирээд чи яахаараа миний шидсэн зүйлийг төлдөг юм бэ, чамд ямар хамаатай юм бэ гичий минь гэж хэлээд миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд караокены эзэн, зөөгч хоёр  уг эмэгтэйг надаас салгасан ба би цагдаад дуудлага өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Отгонзаяагийн өгсөн: ...Тэгтэл зөөгч залуу нь бид нар өөрсдөө мэдэж байна гээд найз Мөнхсайхантай маргалдаж байсан. Энэ үед манай хажуу ширээнд сууж байсан үл таних эмэгтэй дуу дуулаад байсан. Тэгтэл тэр эмэгтэй ганцаараа явж байгаад өөр ширээн дээр сууж байсан 2 залуу дээр очоод хамт дуу дуулаад байсан. Тэгснээ бас өөр ширээн дээр очоод өөр хүнтэй дуулаад байсан. Ер нь тэр эмэгтэй ширээ болгон дээр очоод дуулаад байсан. Тэр үед манай найз зөөгчид хандан тооцоо хийх гээд гарах гээд ширээн дээрээ байж байхад бид нартай зөөгч нь маргалдаад байхаар нь бид нар маргалдаад яах вэ гэж бодоод жоохон холдоод өөр ширээн дээр очоод сууж байхад караокед ширээ болгон дээр очоод дуулаад байсан эмэгтэй манай ширээн дээр нэг үг хэлсэн, та нар яах гээд ингээд байгаа юм бэ гэсэн утгатай үг хэлсэн. Би яг юу гэж хэлж байсныг нь сонсоогүй. Тэгтэл манай найз Нандинцэцэг үл таних эмэгтэйг чамд ямар хамаатай юм бэ гэж хэлтэл тэр 2 хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь бид нар тэр эмэгтэйг холдуулсан. Тэгтэл цаад ширээн дээр сууж байсан 2 залуу нь үл таних эмэгтэйг өмөөрөөд зодолдох гээд байхаар нь бармен цагдаа дуудсан байсан. Нандинцэцэг үл таних эмэгтэйтэй маргалдаж байхдаа хэн нь эхэлснийг мэдэхгүй нэг мэдэхэд бие биенийхээ үснээс зулгаагаад ноцолдож байхаар нь бид нар тэр хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Нийн: ...тус караокены ажилтан нь тооцоо нэмээд бичсэн байхаар нь Отгонзаяа бид 2 очиж маргалдсан. Тэгтэл цаана сууж байсан үл таних эмэгтэй муу гуйлгачингууд гээд орилоод бид хоёрыг хэл амаар доромжлоод байхаар нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд түүнээс болоод маргалдсан. Тэгтэл үл таних эмэгтэй миний үснээс зулгаагаад бид 2 бие биенийхээ үснээс зулгааж байгаад би газар унасан. Тэгтэл түүнтэй хамт явж байсан 2 залуу нь манай найзуудтай маргалдах гээд байхаар нь салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1988 дугаартай шинжээчийн:

1. Э.Золбоогийн биед баруун нүдний алим, дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20, 21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элит” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Золбоотой маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Золбоо болон яллагдагч Б.Н-н мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1988 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Золбоо нь 300.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна.

            Хохирогч энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлын холбогдох нотлох баримтыг бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Хохирогч Э.Золбоо нь гэмт хэргийн улмаас учирсан 8000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч төлөөгүй байх тул Б.Н-с гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 16 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Нээс /РД:/ 8000 /найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Золбоод /РД: / олгосугай.

6. Хохирогч Э.Золбоо эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтыг бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ