Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00107/И |
Дугаар | 134/ШШ2016/00118 |
Огноо | 2016-09-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 134/ШШ2016/00118
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Д.Н-ийн нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох зээл, зээлийн хүү, алданги нийт 53 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2013 оны 03 дугаар сарын 15-нд Б.Э 14 000 000 төгрөгийг түүний хүсэлтийн дагуу нотариатаар гэрчлүүлэн 2 сарын хугацаатай 8% хүүтэй зээлдүүлсэн, хугацаа дөхөж байхад “та мөнгөнийхөө хугацааг бууруулчих би хугацаанд нь төлдөг, 1 жилээр сунгачих” гээд гуйсаар байгаад 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жилийн 4% хүүтэй болгож, зээлийн гэрээг шинэчлэн нотариатаар гэрчлүүлсэн. Ингээд 2014 оны 06 дугаар сарын 16-нд над дээр ирж “дэлгүүр хоршоо авах, өргөтгөх ажил байна та надад 8 сая төгрөг нэмээд зээлчих хүүгээ 6% болгож өсгөе” гээд нийт 22 000 000 төгрөг болгож сарын хүүг 6% болгож 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг нотариат дээр очих хийх явцад Б.Э бага хүүтэй авч баярлаж байснаа яриад 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 22 000 000 сая төгрөгийг 23 000 000 төгрөг болгож өгнө гэж гэрээн дээр өөрөө нэмэлт болгон оруулсан юм. Гэрээ ёсоор хүүг хугацаанд нь төлж байсан болно. 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр над руу утсаар залгаад хоёулаа уулзая гээд уулзахад “надад дахин 10 000 000 төгрөг нэмээд 6% хүүтэй зээлчих би найдвартай төлдөг” гээд байсан. Тухайн үед надад боломж байхгүй гэхэд танд мөнгө зээлэх хүн байвал аваад өгөөч гээд байсан болохоор нь би таньдаг хүндээ хэлсэн чинь “би танд өгч болно тооцоогоо тантай хийнэ шүү таны дансанд хийчихье” гээд хийсэн. Э надаас мөнгө авахдаа “та нэг сарын хүүгээ аваад 9 400 000 төгрөгийг хийчих гэсэн. Нийт 2 удаагийн 32 сая төгрөгийн гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 01-нд 10 000 000 төгрөгийн, 2015 оны 04 дүгээр сарын 01-нд 22 000 000 төгрөгийг 23 сая төгрөгийн хугацаа дуусах байсан юм. Тэгтэл Энхцэцэг “би мөнгөний хүүгээ төлөөд явж байя гэрээгээ сунгая би хотод ажил ихтэй байна, хүү 1 920 000 төгрөгөө сар бүр төлнө, тохирлоо, би тантай уулзаад таны зээлийн гэрээнд сунгалт хийнэ гэж хүүгээ төлөөд явж байя” гээд 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хүүгээ төлсөн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 15-нд төлөх байсан хүү 600 000 төгрөгийг өгч чадаагүй. Үүнээс хойш 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хүү төлөөгүй байгаа бөгөөд би Энхцэцэгтэй уулзаж гэрээгээ авч очиж өөрийн гэрээн дээрээ 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал сунгалт хийлгэсэн бөгөөд энэ хүү нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 600 000 төгрөгийн хүүтэй нийлээд 8 280 000 болж байгаа. Алданги 16 500 000, үндсэн зээл 33 000 000 төгрөг, нийт 57 780 000 төгрөг болж байгаа бөгөөд би хүүгээ 50% бууруулж 53 940 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагчтай ярилцаж тохиролцоод анхны нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 37 399 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Н анхны нэхэмжлэлийн шаардлага болох 53 940 000 төгрөгнөөс 37 399 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид хоорондоо: ...Нэхэмжлэгч Д.Н нь анхны нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээл, зээлийн хүү, алданги 37 399 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Э нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Н төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид хоорондоо эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Б.Э холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги, нийт 53 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШЗ2016/00769 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж”-ийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Н нь анхны нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, алданги, нийт 53 940 000 төгрөгийг багасгаж, зээл, зээлийн хүү, алданги 37 399 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Б.Э нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцсон байна.
Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 427 650 төгрөгийн тавин хувь болох 213 825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 213 825 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 172 473 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 134/ШЗ2016/00769 дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Н нь анхны нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээл, зээлийн хүү, алданги 37 399 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Э нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Нарантуяад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид хоорондоо эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 427 650 төгрөгийн тавин хувь болох 213 825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 213 825 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 172 473 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ