Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00963

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  05  06  210/МА2024/00963

 

 

 

И.Х.Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00593 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч И.Х.Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.У.С.Я , Д.А.З.Д.Т.Г т тус тус холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 81,967,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.А.З.Д рын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Хүрэл-Эрдэнэ, хариуцагч Д.А.З.Д рын төлөөлөгч П.Б нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. И.Х.Н ХХК нь 2022 онд Монгол Улсын Засгийн газрын багцын улсын төсвийн 100,000,000 төгрөгийн төсөвтэй, Дорнод аймагт эрх шилжүүлсэн, Аймаг, сумын засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмжийн (Дорнод) ажлыг 98,037,500 төгрөгөөр гүйцэтгэхээр 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сард тоног төхөөрөмжөө бүрэн хүлээлгэн өгч, гүйцэтгэлээ С.Я анд 2022 оны 10 дугаар сард хүргүүлсэн боловч санхүүжилт хасагдсан гэдэг шалтгаанаар С.Я наас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16,070,300 төгрөгийг манай компанид шилжүүлэн өгч, үлдэгдэл санхүүжилтийг 2023 он гарахаар шийдвэрлэнэ гэсэн боловч одоог хүртэл санхүүжилт олгоогүй.

1.2. Бид үлдэгдэл санхүүжилтээ шийдвэрлүүлэх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, С.Я болон Д.А.З.Д д гаргасан боловч С.Я нь 2023 оны 09/850 дугаар албан бичгээр зарим төслийн санхүүжилтийг хэмнэх зарчим баримталсан, үлдэгдэл санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэх боломжгүй, орон нутгаас санхүүжүүлэх боломжийг судлан шийдвэрлэх чиглэл Д.А.З.Д д өгсөн. Гэтэл Д.А.З.Д раас 2023 оны 5/474, 5/475 дугаар албан бичгүүдээр орон нутгаас шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг манай компанид болон С.Я анд өгсөн.

Иймд үлдэгдэл санхүүжилт 81,967,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.У.С.Я ны татгалзал, тайлбарын агуулга:

Хэрэгт авагдсан Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийг захиалагч Засаг даргын тамгын газар өөрөө хариуцах ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа С.Я хууль бус үйлдэл хийсэн, эсвэл хийх ёстой байсан үйлдлээ хийгээгүй гэдэг зүйлийг огт ярихгүй байна. Үнэхээр тухайн төсвийн ерөнхийлөн захирагч нар жишээлбэл Д.А.З.Д.Т.Г т ийм ажил хийлгэх, үүнийгээ тусгуулах гээд манайд хүсэлтээ ирүүлээд, С.Я ны зүгээс нэгтгэгдээд тусгагдаад явчихсан байсан бол өөр асуудал яригдах байсан байх. С.Я ны зүгээс хуулийн дагуу ирүүлсэн хүсэлт, санал, үндэслэлийг тусгуулаад Улсын Их Хурлаас баталсан.

Иймд С.Я ыг буруутгаж шаардаж байгаа нэхэмжлэл нь хуульд нийцэхгүй буюу хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.А.З.Д рын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат нь аймгийн Засаг даргад хандан 2022 оны ХЭГ/137 дугаар албан бичгээр Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 03 дугаар тушаалаар баталсан, захиалагчийн эрх шилжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хүргүүлсэн. Эрх шилжин ирсний дагуу улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 100,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын ЗГХЭГ/202202019 дугаартай Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж (Дорнод) төсөл, арга хэмжээний ажлыг 98,037,500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тендерийн материал ирүүлсэн И.Х.Н ХХК нь шалгарсан тул аймгийн Засаг дарга нь 2022 оны 1/760 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

Үүний дараа Д.А.З.Д рын дарга П.Б болон И.Х.Н ХХК-ийн захирал Б.Хүрэл-Эрдэнэ нар нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж (Дорнод) худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр тохиролцсон тоног төхөөрөмжийг хүлээн авсан.

3.2. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор аймгийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 5/474 дүгээр албан бичгээр И.Х.Н ХХК-д, мөн 2023 оны 5/475 дугаар албан бичгээр М.У.С.Я ны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргад хандан аймгийн Засаг даргад эрх шилжүүлсэн ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлийг С.Я анд хүргүүлсэн тухай хариуг хүргүүлсэн.

3.3. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6 дахь заалтад Тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж төсвийн зарчмыг хэрэгжүүлэх талаар хуульчилсан тул нэхэмжлэгчийн зүгээс Д.А.З.Д раас улсын төсөвт тусгагдсан ажлын санхүүжилтийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтад Бүх шатны төсвийн захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээнэ гэж хуульчилсан тул аймгийн орон нутгийн төсөвт тусгагдаагүй асуудлаар ямар нэг шийдвэр гаргах боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын Д.А.З.Д.Т.Г т холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.А.З.Д раас 81,967,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Х.Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас М.У.С.Я анд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Х.Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567,786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А.З.Д раас 567,786 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Х.Н ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Д.А.З.Д рын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт эрх шилжүүлэн хэрэгжүүлэх 100,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн ажлыг хийж гүйцэтгэхээр И.Х.Н ХХК нь шалгарсан тул аймгийн Засаг дарга нь 2022 оны 1/760 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Д.А.З.Д.Т.Г болон "И.Х.Н г" ХХК нарын хооронд Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж (Дорнод) худалдан авах гэрээг байгуулсан.

Дээрх гэрээний нэг тал нь Д.А.З.Д.Т.Г боловч тус гэрээгээр хийгдэх ажлын санхүүжилт нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны төсвийн багцад тусгагдан батлагдсан болно.

Гэтэл шүүхээс Д.А.З.Д.Т.Г нь нэхэмжлэгч талтай гэрээ байгуулсан учир нэхэмжлэлийн шаардлага болох 81,96,200 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

5.2. Шүүх нь Д.А.З.Д раас улсын төсөвт тусгагдсан ажлын санхүүжилтийг олгох тухай шийдвэрийг гаргаж, тус маргаан бүхий хэрэгт С.Я анд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6 дахь заалтад "Тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх" гэж төсвийн зарчмыг хэрэгжүүлэх талаар хуульчилсан бөгөөд мөн тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтад "Бүх шатны төсвийн захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээнэ гэж заасан тул Д.А.З.Д.Т.Г нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын санхүүжилтийг олгох боломжгүй болно.

5.3. Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль батлагдаж, тус хуулийн 6 дугааp зүйлд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардлын хэмжээг тогтоосон.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь заалтаар Төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д Улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох эрхийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлэх талаар хуульчилсан.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад тусч 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт"-ын V.3.1.1-д Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмжийн зардлыг баталсан.

Гэтэл шүүх нь тус хэргийн М.У.С.Я анд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Би хууль сайн мэдэхгүй болохоор аль талд нь шийдвэрлэхийг мэдэхгүй байна. Манай компани Д.А.З.Д тай гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхээс гэрээ байгуулсан нь Засаг даргын тамгын газар байна гэж дүгнэсэн. Санхүүжилтийг нь С.Я шийдэж байгаа гээд эхлээд надад 16,000,000 төгрөг олгосон. Үлдэгдэл мөнгийг хэн өгөхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Д.А.З.Д рын давж заалдах гомдол үндэслэлтэй юм шиг байна. Үлдэгдэл мөнгийг шилжүүлэх шийдвэр нь С.Я руу очсон. Аль тал нь шийдэхийг мэдэхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.А.З.Д рын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч И.Х.Н ХХК нь хариуцагч М.У.С.Я , Д.А.З.Д.Т.Г т тус тус холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 81,967,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Д.А.З.Д д 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/137 дугаар албан бичгээр Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар тушаалаар баталсан, захиалагчийн эрх шилжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хүргүүлжээ. Уг жагсаалтад 2022 онд хэрэгжих 100,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй, 100,000,000 төгрөгийн санхүүжих дүн бүхий Аймаг, сумын ЗДТГ-ын газрын тоног төхөөрөмж (Дорнод) төсөл, арга хэмжээ багтсан байна.

Үүний дагуу И.Х.Н ХХК болон Д.А.З.Д рын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Аймаг, сумын ЗДТГ-ын тоног төхөөрөмж (Дорнод) худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч И.Х.Н ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад батлагдаж, Д.А.З.Д д эрх шилжүүлсэн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэх, захиалагч Д.А.З.Д.Т.Г нь үнэ 98,037,500 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Талууд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Мөн шүүх И.Х.Н ХХК болон М.У.С.Я ны хооронд гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс М.У.С.Я анд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

4. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хэвлэгч 1 ширхэг, скайнер 1 ширхэг, ширээ (ширээ, хурлын ширээ) 35 ширхэг, ханын шкаф 4 ширхэг, номын тавиур 4 ширхэг, сандал (сандал, хурлын сандал) 119 ширхэг, нийт 98,307,000 төгрөгийн үнэ бүхий 164 ширхэг тоног төхөөрөмжийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт, комиссын хурлын тэмдэглэл, гэрээ дүгнэх маягт, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажлын гүйцэтгэл баримтаар тогтоогдсон, мөн хариуцагчаас 16,070,300 төгрөг төлөгдсөн талаар зохигч маргаагүй.

 

5. Хариуцагч Д.А.З.Д.Т.Г нь гэрээний үлдэгдэл төлбөр 81,967,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй ба улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжих дүн буурч батлагдсантай холбоотойгоор төлбөрийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр татгалзжээ.

5.1. М.У.С.Я ны 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/850 дугаар албан бичгээр Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад батлагдсан V.1.3.3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, харьяа байгууллагуудын тоног төхөөрөмж (улсын хэмжээнд) төсөл, арга хэмжээний санхүүжих дүн буурч батлагдсантай холбоотойгоор Аймаг, сумын ЗДТГ-ын тоног төхөөрөмж (Дорнод) төсөл, арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн, орон нутгаас санхүүжүүлэх боломжийг судлан шийдвэрлэхийг Д.А.З.Д д мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байх боловч уг нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Тодруулбал Д.А.З.Д.Т.Г нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас захиалагчийн эрхийг шилжүүлэн авч, худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний нэг тал учир худалдан авагчийн хүлээх бүхий л үүрэг, хариуцлага, гэрээнээс үүсэх үр дагаврыг худалдагч болох нэхэмжлэгчийн өмнө бүрэн хариуцна.

5.2. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой тус иргэний эрх зүйн маргаанд Төсвийн тухай хуулийн зохицуулалт хамааралгүй. Учир нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад батлагдсан төсөл, арга хэмжээний улсын төсвөөс санхүүжих дүн буурч батлагдсанаас үүссэн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Дорнод аймгийн Засаг даргын хоорондох улсын болон орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал нь талуудын гэрээний харилцаанд нөлөөлөхгүй юм.

Иймээс Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т зааснаар төсвийн хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх, төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаарх зохицуулалтыг үндэслэн татгалзаж буй хариуцагч Д.А.З.Д рын татгалзал үндэслэлгүй. Мөн энэ агуулгаар гаргаж буй хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

6. Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож, хариуцагч Д.А.З.Д раас гэрээний үлдэгдэл төлбөр 81,967,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Х.Н ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.А.З.Д рын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасан удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.А.З.Д рын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Д.А.З.Д.Т.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА