Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00987

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024   05   10   210/МА2024/00987

 

 

 Б.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01099 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.У ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Д ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөр 11,681,081 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.У нь иргэн Э.Г тай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ачаа тээвэрлэх гэрээ байгуулж, Орхон аймгийн Эрдэнэт хотоос Завхан аймгийн Улиастай сум хүртэл 1000 боодол өвс тээвэрлэхээр харилцан тохиролцсон. Б.У нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өвсөө ачаад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн Өвөр асгатын эх гэдэг газар явж байхад өндөр хүчдэлийн шугамд өвс хүрснээс үүдэн гал авалцан гал түймэрт өртсөн. Үүний улмаас ачааны автомашин болон тээвэрлэж явсан өвс шатаж их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч нь гал гарсан даруйд унтраах арга хэмжээ авсан хэдий ч хуурай өвсөнд авалцсан гал дийлдээгүй, мөн амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн ба ойр явсан иргэний өгсөн дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ирж галыг унтраасан. Э.Г нь нэхэмжлэгчээс ачааны төлбөр нэхэж байгаа ба хөрөнгийн үнэлгээчин П.Алтанцэцэг хохирлыг 11,681,081 төгрөгөөр үнэлсэн.

1.2. Б.У болон М.Д ХХК-ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1 жилийн хугацаатай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан ба гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 3 дугаар зүйлийн 3.1.3-т Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгалын эрсдэлд хамааруулна гэж заасан. Бусдын эд хөрөнгө гэдэгт ачаа хамаарна. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М.Д ХХК-д хандсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03/12-1238 тоот албан бичгээр Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9/4791 тоот албан бичгээр даатгуулагчийн ачаанд учирсан хохирол бус, бусдын эд хөрөнгөд учирсан хохирол болох нь талуудын ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн албан даалгаврыг даатгагчид өгсөн ч нөхөн төлбөр олгоогүй.

Иймд хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр 11,681,081 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.9-д жолоочийн даатгалын тохиолдлын талаар хуульчилсан. Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ж.Нацагдоржийн 23 дугаар дүгнэлтэд тухайн автомашинд гарсан гал түймэр цахилгааны шугамаас болж гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн. Харин жолооч Б.У Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалт зөрчиж, зам тээврийн осол гаргасан, түүний буруутай үйлдлээс гал гарсан, түүнд хариуцлага оногдуулсан эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гараагүй, гал гарсан тохиолдолд Б.У ын буруутай ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй.

2.2. Б.У , Э.Г нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ачаа тээвэрлэх гэрээг бичгээр байгуулсан бөгөөд тээвэрлэгч Б.У нь тээвэрлүүлэгч Э.Г т учирсан хохирлыг гэрээний дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд төлж барагдуулах хууль зүйн зохицуулалттай. Үүнийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнээс ялгаатай ойлгож хэрэглэх шаардлагатай. Энэ утгаараа Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т ачаанд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар хуульчлагдсан. Үүнээс гадна тухайн өвсийг гуравдагч этгээдийнх гэдгийг тодорхойлох баримтгүй. Нэхэмжлэгчийн ирүүлсэн үнэлгээнд өвсний зардал, шатахууны зардал гэж нэхэмжилсэн. Гэтэл шатахууны зардал жолоочийн даатгалд хамаарах зүйл биш бөгөөд ачаа тээврийн даатгал тусдаа.

Дээрх үндэслэлүүдээр Жолоочийн даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.

Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т тус тус заасны дагуу даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч М.Д ХХК-аас 5,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.У ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,981,081 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 106,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Албан журмын даатгалын тухай хуульд зааснаар С ангиллын тээврийн хэрэгслийн жолооч хариуцлагаа даатгуулсан бол нэмэлтээр 33,000 төгрөгийн суурь хураамжийг төлснөөр нийт 10,000,000 төгрөгийн хамгаалалт үйлчлэх үндэслэлтэй ч нэхэмжлэгч суурь хураамжаа дутуу төлсөн. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Авто тээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 5.3-т заасан даатгуулагч 33,000 төгрөгийн даатгалын суурь хураамжийг төлнө гэж заасан боловч нэхэмжлэгч Б.У нь мэргэшсэн даатгалын гэрээг байгуулаагүй буюу 33,000 төгрөгийг суурь хураамжийг нэмэлтээр төлөөгүй нь хэрэгт авагдсан даатгалын гэрээний 4 дүгээр зүйлд заасан хураамжийн дүнгээр нотлогддог тул даатгагч төлсөн хураамжид хувь тэнцүүлэн нийт бодит өвсний хохирол 5,700,000 төгрөгийн 45.56 хувь буюу 2,597,319 төгрөгийг даатгагч хариуцах үндэслэлтэй гэсэн хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т "... ачаанд учирсан хохирол" гэж хуулиар бүх төрлийн ачаанд учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын даатгал хариуцахгүй байхаар зохицуулсан тул Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тогтоолоор батлагдсан Сайн дурын даатгалын хэлбэрт "Ачааны даатгал гэж аливаа тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй ачаанд гэмтэл, хохирол учрахад даатгагчаас даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал буюу аливаа хариуцлагын даатгал хамаарахгүй" гэж тодотгон баталсан. Монгол Улсын Зам, тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар тушаалын 12 дугаар зүйлд "Тээвэрлэлтийн даатгал" гэж заасны 12.4-т "Тээвэрлэгч нь шаардлагатай тохиолдолд ачааны даатгалд даатгуулсан байна" гэж заасан нь ачааны даатгал жолоочийн хариуцлагын даатгалаас тусдаа даатгал гэдгийг харуулж байна. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 32 дугаар зүйлийн 32.3-т "Хэрэв худалдагч барааг тээвэрлэхтэй холбогдуулан даатгуулах үүрэг хүлээгээгүй бол тэрбээр худалдан авагчийн хүсэлтээр даатгалыг хийхэд шаардагдах боломжтой бүх мэдээллийг худалдан авагчид өгөх ёстой" гэж ачаа барааг тээвэрлүүлэхийн тулд ачаа тээврийн даатгалын гэрээг тусад нь байгуулахаар зохицуулсан байдаг.

4.3. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалсны дараа Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2 дахь хэсэгт "Ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тээвэрлэгчид гаргана" гэж заасны дагуу 7 хоногийн дотор гомдлын шаардлага гаргасан үйл баримт хэрэгт авагдаагүй ба энэ талаар нэхэмжлэгчээс ямар нэгэн баримт ирүүлээгүй талаар хариуцагчаас дурдсан боловч шүүх дүгнэлт өгөөгүй юм.

Иймд анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс ачаа даатгагдсан эсэх дээр маргаагүй, гуравдагч этгээдийн эд хөрөнгөд учирсан хохирол гэж тайлбарлаж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан Жолоочийн албан журмын даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т Жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгалд хамруулна гэж зааснаар даатгуулсан. Санхүүгийн зохицуулах хорооноос хуулийн зорилтын хүрээнд гуравдагч этгээдэд хохирол учирсан болохыг тогтоосон. Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар гуравдагч этгээд эд хөрөнгөөр хохирсон болох нь нотлогддог. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай журамд зааснаар даатгагч нь суурь хураамжийг ихэсгэх, багасгах эрхтэй. Уг эрхийн хүрээнд багасгаж 27,625 төгрөгийг Б.У төлсөн. Даатгалын гэрээ нь стандарт гэрээ болох нь тогтоогддог. Нэмж 33,000 төгрөг төлөх ёстой байсан талаар тайлбарлаж өгөөгүй. Даатгагч нь өөрөө арилжаа эрхлэгч. Тухайн салбартаа мэргэшсэн этгээд бөгөөд стандартын дагуу даатгалын гэрээг хийж суурь хураамжид 27,625 төгрөг төлүүлчихээд өнөөдөр гэнэт 33,000 төгрөг төлөх ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, гэрээ хийхэд мэдээллээ зөв өгөөгүй. Даатгалын гэрээний нөхцөлийг даатгуулагчид сайн тайлбарлаагүй тохиолдолд учирсан хохирлыг даатгагч бүрэн хариуцах талаар жишиг тогтсон.

5.2. Тээвэрлэлтийн гэрээний хохирлоо Э.Г тухайн үед удаа дараа шаардаж байсан бөгөөд шүүхэд хангалттай нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Даатгалын гэрээний харилцаа нь гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж хуулийн зорилгын агуулгын хүрээнд тайлбарласан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол-ыг даатгалын эрсдэлд хамааруулахгүй боловч гуравдагч этгээдэд учирсан хохирлыг хамааруулахаар заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 11,681,081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Б.У болон М.Д ХХК-ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч Б.У нь өөрийн эзэмшилд бүртгэлтэй, ******* ЗАН улсын дугаартай, Бэйбэн норд бэнз (Beiben north benz) маркийн, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцох үеийн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлын эрсдэлийг даатгуулах, даатгалын хураамжид 27,625 төгрөг төлөх, даатгагч М.Д ХХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.У дээрх тээврийн хэрэгслийг жолоодон өвс ачиж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн нутаг Өвөр асгатын эх гэдэг газрын 110 Кв-ын Мөрөн-Тэлмэн агаарын шугамын №407-408 тулгуурын доогуур явах үед гал гарч, галын улмаас тээврийн хэрэгсэл болон өвс шатсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.

Б.У ад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 46 дахь хэсэгт заасан 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд, овор ихтэй, хортой, аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0293060 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоогдсоныг шүүх зөв тогтоожээ.

5.1. Тус тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тусгагдсанаар бүх жин 30,950 кг тул Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлд тодорхойлсон механикжсан тээврийн хэрэгслийн ангиллын дагуу C ангилалд хамаарч байна.

Мөн Б.У нь В, С, СЕ, D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь түүний жолоочийн үнэмлэхээр тогтоогдсон.

5.2.Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар жолоочийн даатгалд заавал даатгуулахын зэрэгцээ "С", "D" ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулахаар мөн хуулийн 5.3 дахь хэсэгт зохицуулсан, энэ нөхцөлд даатгуулагч 33,000 төгрөгийн даатгалын суурь хураамж төлөхөөр мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заажээ.

5.3. Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Даатгуулагч батлагдсан маягтын дагуу даатгагчид мэдүүлэг бөглөж өгнө гэж заасан ба Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягтад талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Маягтын 4 дүгээр зүйлд даатгалын хураамжийг тусгасан ба суурь хураамж 42,500 төгрөг, үүнээс 9 итгэлцүүрээр тооцож хураамжийн дүнг 27,625 төгрөг гэж тодорхойлжээ. Уг хэсэгт "Мэргэшсэн болон С, D ангиллын жолоочийн даатгалыг хийлгэх үү: ТИЙМ/ҮГҮЙ" гэсэн нөхцөл байх ба тийм, эсхүл үгүй гэснийг сонгосон тэмдэглэгээ хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарах бөгөөд даатгагч нь "С" ангиллын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гадна уг тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч заавал даатгуулах үүрэгтэй талаар даатгуулагчид тайлбарлаж, баталгаажуулсан байдал тогтоогдоогүй байна.

Иймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан гэрээнд заасан даатгалын хураамж төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэх ба нэмэлтээр даатгалын хураамж 33,000 төгрөг төлөөгүй гэх хариуцагчийн татгалзал, энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус хууль нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зам тээврийн ослын улмаас бусдын эд хөрөнгө буюу гуравдагч этгээд Э.Г ын 1000 боодол өвс шатаж, 5,700,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн зөв тогтоожээ.

6.1. Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т даатгуулагчийн автот‎ээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол даатгалын тохиолдолд үл хамаарахаар заасан ба галын улмаас шатсан 1000 боодол өвс даатгуулагчийн ачаа биш болох нь тогтоогдсон тул даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

6.2. Түүнчлэн зохигчийн байгуулсан гэрээний харилцаа нь Жолоочийн даатгалын тухай хуулиар нарийвчлан зохицуулагдах жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой учир хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан сайн дурын даатгал, тээвэрлэлтийн даатгал, барааны тээвэрлэлтийн даатгалын талаарх эрх зүйн зохицуулалт маргаанд хамааралгүй болно.

6.3. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т заасан хохирогч-д хамаарах Э.Г нь анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцож Б.У аар тээвэрлүүлэхээр ачуулсан 1000 боодол өвс шатсан, 10 сая гаран төгрөгийн хохирол учирсан, Б.У аас өвсний хохирол авъя гэхээр шүүх хуралтай байгаа, М.Д ХХК-аас хохирлоо авбал хохирлыг чинь барагдуулна гэсэн гэж мэдүүлсэн ба нэхэмжлэгч болон Э.Г нарын хоорондын гэрээтэй холбоотой гомдлын шаардлага гаргасан эсэх үйл баримтыг тус маргаанд дүгнэхгүй, хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрт 5,700,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн төлсөн даатгалын хураамж 27,625 төгрөгт дүйцүүлэн хохирол 5,700,000 төгрөгийн 45.56 хувь буюу 2,597,319 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангуулах агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД   Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА