Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01005

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01005

 

 

2024 05 13 210/МА2024/01005

 

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/01627 дугаар шийдвэртэй

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын өр төлбөрт 57,972,464 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь 2022 оны 11 сарын 14-ний өдөр ******* ХХК-тай нэгдэж зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байдаг. Эдгээр компаниуд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасныг тус тус зөрчин 2014 оны 02 сараас 2016 оны 02 сарын 29-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дугаартай Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.3.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйл 18.2-т заасныг үндэслэн ******* ХХК-ийн 2014 оны 02 сараас 2015 оны 06 сар хүртэлх хугацаанд төлөгдөөгүй шимтгэл 6,094,258.23 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 3,047,029.12 төгрөг, нийт 9,141,287.35 төгрөгийг, мөн ******* ХХК-ийн 2014 оны 07 сараас 2016 оны 02 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй шимтгэл 32,554,117.88 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 16,277,058.94 төгрөг, нийт 48,831,176.82 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй.

******* ХХК нь ******* ХХК-д нэгдэж зохион байгуулагдсан учир тус хоёр компанийн өр төлбөрийг хариуцагч ******* ХХК төлөх үүрэгтэй учир тус компаниас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт нийт 57,972,464.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь 2022 оны 11 сарын 14-ний өдөр ******* ХХК-д нэгдсэнтэй маргахгүй. ******* ХХК-ийн 6,094,258.23 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр нь 2014-2015 онд дангаар үйл ажиллагаа явуулж байхад үүсчээ. Шинээр батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа. Энэ харилцаа нь 1994 оны хуулиар зохицуулагдана. Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын хавсралтад Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.3.1-т зааснаар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр авлага үүссэн, дутуу төлсөн тохиолдолд төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ. Дээрх журам нь 2020 оны 01 сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд өөрчлөлт оруулсантай нийцэхгүй. Иймд ******* ХХК-аас алданги шаардах эрхгүй.

******* ******* ХХК-тай тооцоо нийлж байгаагүй. Шимтгэлийн өр төлбөр гарсныг мэдэгдэх, өр төлбөрийг барагдуулах шаардлага хүргүүлэх зэрэг ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй, шаардах эрхээ хэрэгжүүлж байсан ч баримтаар тогтоогдоогүй. Энэ нь нийгмийн даатгалын өр төлбөр болон алданги төлөх нөхцөлд хүрсэн гэж үзэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон. Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс компанид их хэмжээний алданги хуримтлагдах болсон, мөн үйл ажиллагаа доголдсон тул алдангийг төлөх үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар ******* ХХК-аас 57,972,464.17 төгрөг гаргуулан *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 447,812 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх "Нийгмийн даатгалын байгууллага нь өр төлбөрийг нэхсэн эсэх, хуульд заасан өр төлбөр барагдуулах арга хэмжээ авсан эсэх нь шимтгэл төлөгчид хариуцлага ногдуулахад саад болохгүй" гэж дүгнэснийг хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардахын тулд улсын байцаагчийн акт үйлдэж, актад алдангийн хэмжээ, төлөх хугацааг тодорхой заасан байх, тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах дараалалтай байх нь хуульд нийцнэ. Гэтэл улсын байцаагч хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл хангах ажиллагааг хийлгээ олон жилийн хугацааны алданги төлөх эрсдлийг үүсгэсэн.

4.2. Монгол Улсын засгийн газрын 2014 оны "Дүрэм журам батлах тухай" 354 тогтоолын 1 дүгээр хавсралтын Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.3.1-д Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр авлага үүссэн, дутуу төлсөн... зэрэг тохиолдолд төлүүлэхээр заасан журам нь 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг өөрчлөн найруулсантай нийцэхгүй тул дээрх журмын дагуу хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

4.3. Анхан шатны шүүх нь Улсын дээд шүүхийн 2006 оны 04 сарын 25-ны өдрийн "Зөвлөмж"- ийн 4.2-т "үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болох боломжгүй байгаа баримтуудыг дурьдаж, тэдгээрийг хэрхэн үнэлсэн талаар тусгана" гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгийн өр төлбөр, хэдий хэмжээний алданги хариуцагчаас гаргуулаад байгаа ойлгомжгүй, тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

4.4. "*******" ХХК нь дампууруулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан, 2024 оны 03 сарын 15-ны өдөр "*******" ХХК-тай нэгдсэн боловч компанийн үйл ажиллагаа зогссон, Ковид-19 цар тахлын нөлөөгөөр компани сүүлийн жилүүдэд Х тайлантай байгаа зэрэг байдлыг шүүх үнэлж дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын өр төлбөр 57,972,464 төгрөгөөс 19,324,088 төгрөгийн алдангийг хасаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Одоо мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг үндэслээд алданги гаргуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 57,972,464.17 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ХХК-ийн улсын бүртгэлийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн лавлагаа, түүний хавсралт баримтаар ******* ХХК нь 2022 онд ******* ХХК-д нэгдсэн нь тогтоогдсон бөгөөд ******* ХХК-ийн 2014-2016 оны хооронд үүссэн нийгмийн даатгалын өр төлбөрийг хариуцагч ******* ХХК төлөх үүрэгтэйг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар уг өр төлбөрийг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу. Компанийн тухай хуулийн уг зохицуулалт нь компанийн бусад этгээдийн өмнө хүлээсэн үүргийг хувьцаа эзэмшигч хариуцах эсэхийг тодорхойлсон хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлага хүлээхтэй холбоотой зохицуулалт тул нэг компанийг нөгөө компанид нэгтгэсний үр дагаварт хамааралгүй юм.

Харин Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож ******* ХХК-д нэгтгэснээр ******* ХХК-ийн эрх, үүргийг ******* ХХК хариуцах үүрэгтэй. Энэ үндэслэлээр ******* ХХК-ийн эрх, үүргийг хариуцагч ******* ХХК хариуцах үндэслэлтэй.

 

4. Талууд нийгмийн даатгалын шимтгэлд ******* ХХК 2014 оны 02 сараас 2015 оны 06 сарын сарыг дуустал хугацаанд 6,094,258.23 төгрөг, мөн ******* ХХК 2014 оны 07 сараас 2016 оны 02 сарыг дуустал хугацаанд 32,554,117.88 төгрөг тус тус төлөх талаар маргаагүй байна. Харин дээрх хугацааны шимтгэлийн өр төлбөрт алданги төлөх эсэх талаар маргажээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014-2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 32,554,117.88 төгрөг гаргуулахаар шаардсан нь Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэйг зөв дүгнэж, хариуцагч ******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 57,972,464.17 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагч талаас нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алдангийг төлөх үндэслэлгүй тухай маргаж, нэхэмжлэгч уг төлбөрийг төлүүлэх урьдчилсан арга хэмжээг аваагүй, дэлхий нийтэд үүссэн Ковид-19 цар тахлын улмаас компанийн санхүүгийн байдал доройтсон гэж татгалзжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр сар бүр тооцон тодорхойлж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд төлөхөөр зааснаар хариуцагч ******* ХХК нь төлбөл зохих шимтгэлийг сар бүр төлөх үүрэгтэй. Иймд шимтгэл төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах болон Ковид-19 цар тахал үүсэхээс өмнөх хугацааны шимтгэлийг төлөөгүй нь хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулахаар хуульчилсан байх тул нэхэмжлэгч нь төлөгдөөгүй шимтгэлээр тооцон 16,277,058.94 төгрөгийн алданги шаардсан нь хуульд нийцнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7. Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1 гэж хуулийн бичвэрийг буруу илэрхийлснийг залруулж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж заруулна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/01627 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.-д... гэснийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,570 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ