| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0687/Э |
| Дугаар | 694 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч У.Дэндэвдорж,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ ҮД:06-90,
хохирогч Ц.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ё” танхимд танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01275 0596 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33 дугаар гудамжны 26 тоот гэртээ өөрийн эхнэр болох хохирогч Ц.Мягмарсүрэнтэй маргалдан улмаар гартаа барьсан хутгаа түүнд өгөхгүй байх зорилгоор булаацалдах явцдаа хэвлийн тус газарт нь хутгаар гэмтээж биед нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагаан сар гээд манай худууд манай гэрт ирсэн. Ухаанаа алдталаа их хэмжээгээр архи уусан. Юу болсныг сайн санахгүй байна. Цагдаагаас намайг авч явсан. Маргааш нь эхнэрээсээ юу болсныг асууж юу болсон талаар мэдсэн. Өөр ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай худууд ирсэн. Худууд ирээд архи уугаад Б.Б нилээн согтсон байсан. Агсан согтуу тавиад янз бүрийн ааш гаргадаггүй. Би өөрөө бие муутай. Гэртээ 2 зээгээ хардаг. Б.Б гадагшаа гарч орж ирээд ууцаа эвдэх гээд байсан. Хутгыг нь булааж авах гэж байгаад санамсаргүй байдлаар ийм зүйл болсон. Бага залуу наснаасаа ханилсан. Энэ хүний хүчинд өдий хүртэл явж байна. Би урьд нь 5-6 удаа хагалгаанд орсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний мөнгө хангалттай өгсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдан шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Мягмарсүрэнгийн өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 09-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33-26 тоотод гэртээ нөхөр Б тай хоёулаа байж байсан чинь худууд ирж золгоод архи ууж байгаад явцгаасан. Харин Б бид хоёр гэртээ охин Рэнцэнхандын 3 настай, 8 сартай 2 жоохон хүүхэдтэй үлдсэн. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан, харин Б нь нилээн согтолттой байсан. Тэгээд байж байтал Б нь өөрийн биеэ хянах чадваргүй байж гэрээс байн байн орж гараад явж байснаа суугаад гартаа хутга бариад цагаан сарын ууцаа эвдчих гээд байхаар нь би түүнд хандаж хадам ирээгүй байгаа шүү дээ ууцаа эвдэж болохгүй гээд Б дээр очоод гарт нь байсан хутгыг нь авах гээд булаацалдаж ноцолдож байсан. Тэгтэл нэг мэдсэн чинь миний хэвлийн тус газарт хутгалчихсан байсан. Тухайн үед би өөрөө ч хутгалуулснаа мэдээгүй, Рэнцэнхандын 3 настай охин нь надад хандаж эмээ доороос чинь цус гараад байна гэж хэлэхээр нь хутгалуулснаа мэдсэн. Б тай хутга булаацалдаж байгаад л хутгалуулчихсан, санамсаргүй зүйл болж өнгөрсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Адъяабатын өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө намайг хөдөө явж байхад манай эхнэр Рэнцэнханд над руу залгаад ээж эмнэлэг явах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед миний хажууд аав, ээж хоёр байсан болохоор Рэнцэнханд нь болсон хэргийн талаар ярихгүй байсан. Намайг буцаад гараад ир гээд байсан. Тэгээд би маргааш өглөө нь Улаанбаатар хотод ирээд эхнэртэйгээ уулзахад ээж эмнэлэгт хэвтэж байна, аав цагдаа дээр байгаа гэж хэлсэн. Юу болсон талаар нь асуухад Рэнцэнханд нь хэлэхдээ аав согтуу байхдаа цагаан сарын ууцаа эвдэх хутга барьчихсан байсан. Харин ээж хажуунаас нь боль боль гээд маргалдаж байгаад аав ээжийг санаандгүйгээр хутгалчихсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнхзулын өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00-01 цагийн үед намайг ажил дээрээ байж байтал манай ээж Мягмарсүрэн над руу залгаад хутгалуулчихлаа, цус гараад байна гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад аав нь жоохон уучихсан байсан ба 2 нялх хүүхэд байхад аав чинь унтаж өгөхгүй байсан. Тэгээд хутга барьчихаад ууц огтлоод байхаар нь унтаач чи гээд хутгыг нь булаацалдсан чинь ээжийг нь хутгалчихсан гэж хэлсэн. Тэгээд дүү Рэнцэнханд ирээд ээжийг эмнэлэг рүү авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2318 дугаартай шинжээчийн:
1. Ц.Мягмарсүрэнгийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /300мл/ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Шинжээч эмч М.Золжаргал гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,
- Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 34-44 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Б ын: ...Орой нэг мэдсэн чинь манай эхнэр Мягмарсүрэн нь надад хандаж Б аа, чи яаж байгаа юм бэ гээд байсан. Тэр үед би гэнэт ухаан орж сэргэсэн. Мягмарсүрэнгийн хэвлийнээс цус гарчихсан, хутгалуулсан байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Нэг мэдэхэд гэрт цагдаа ирээд намайг авч гараад эрүүлжүүлэх рүү хүргэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 33 дугаар гудамжны 26 тоот гэртээ өөрийн эхнэр болох хохирогч Ц.Мягмарсүрэнтэй маргалдан улмаар гартаа барьсан хутгаа түүнд өгөхгүй байх зорилгоор булаацалдах явцдаа хэвлийн тус газарт нь хутгаар гэмтээж биед нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мягмарсүрэнгийн өгсөн “...Тэгээд байж байтал Б нь өөрийн биеэ хянах чадваргүй байж гэрээс байн байн орж гараад явж байснаа суугаад гартаа хутга бариад цагаан сарын ууцаа эвдчих гээд байхаар нь би түүнд хандаж хадам ирээгүй байгаа шүү дээ ууцаа эвдэж болохгүй гээд Б дээр очоод гарт нь байсан хутгыг нь авах гээд булаацалдаж ноцолдож байсан. Тэгтэл нэг мэдсэн чинь миний хэвлийн тус газарт хутгалчихсан байсан. Тухайн үед би өөрөө ч хутгалуулснаа мэдээгүй, Рэнцэнхандын 3 настай охин нь надад хандаж эмээ доороос чинь цус гараад байна гэж хэлэхээр нь хутгалуулснаа мэдсэн...” гэх /хх-ийн 14-15 дугаар тал/,
яллагдагчаар өгсөн Б.Б ын өгсөн “...Орой нэг мэдсэн чинь манай эхнэр Мягмарсүрэн нь надад хандаж Б аа, чи яаж байгаа юм бэ гээд байсан. Тэр үед би гэнэт ухаан орж сэргэсэн. Мягмарсүрэнгийн хэвлийнээс цус гарчихсан, хутгалуулсан байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Нэг мэдэхэд гэрт цагдаа ирээд намайг авч гараад эрүүлжүүлэх рүү хүргэсэн...” гэх /хх-ийн 60-62 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2318 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь эхнэр Ц.Мягмарсүрэнтэй маргалдаж хэрүүл маргааны явцад эрүүл мэндэд нь ямар нэгэн хохирол учруулах ямар нэгэн санаа зорилгогүйгээр гартаа барьсан хутгаа өгөхгүй байх зорилгоор булаалцалдсан үйлдлийнх нь улмаас хохирогчийн эрүүл мэндэд учрах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй гэмтэл учруулсныг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгалтын явцад хохирогч Ц.Мягмарсүрэн өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б ыг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ц.Мягмарсүрэн энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн хувийн болон насны байдал, хохирогчийн санал хүсэлтийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б. Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. Б ыг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б т 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цаасанд хийсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөвөн 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Хохирогч Ц.Мягмарсүрэн нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ