Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00994

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  05  10  210/МА2024/00994

 

 

Т.М рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00917 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.М рын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Э.Т.К ХХК-д холбогдох

Гэрээ цуцалсны үр дагаварт 81,825,560 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, ажлын хөлс 14,270,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбилэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Т.М р нь Э.Э.Т.К ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь 45,900,000 төгрөгийг төлөх, хариуцагч нь гэрээний үнэ бүрэн төлөгдсөнөөс хойш 45-60 хоногийн дотор орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн.

1.2. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад нийт 4 удаагийн гүйлгээгээр 50,150,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл барилгыг бүрэн ашиглалтад оруулаагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Хариуцагч нь хил хаасантай холбоотойгоор барилгын бараа материалын үнэ өссөн, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа зэрэг үндэслэлгүй тайлбаруудыг өгч байсан. Учир нь талууд гэрээ байгуулах үед дээрх нөхцөл байдлууд аль хэдийнээ бий болсон байсан билээ.

1.3. Нэхэмжлэгч нь хариуцагчид нэмэлт хугацаа тогтоосон, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахгүй нь илт болсон тул гэрээг цуцалж төлсөн төлбөрөө буцааж авах талаар хариуцагчид мэдэгдсэн. Гэтэл танай мөнгийг өөр айлын орон сууцны барилгын ажилд зарцуулсан, компанид шинээр захиалга орж ирсэн тохиолдолд төлбөрийн тодорхой хувийг буцааж өгөх боломжтой гэх хүлээн зөвшөөрөх боломжгүй хариултыг өгсөн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 50,150,000 төгрөгийг шаардаж байна.

1.4. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт гүйцэтгэгч нь амины орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасны дагуу сүүлийн төлбөрийг хийснээс 45-60 хоногийн дотор барилгын ажлыг гүйцэтгэж дуусахаар харилцан тохиролцсон 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 304 хоногийн алданги төлөх үүрэгтэй. Нэг өдрийн алданги 5,015 (50,150,000х0.01) төгрөг, хугацаа хэтрүүлсэн 303 хоногоор үржүүлэхэд 1,600,560 (5,015х304) төгрөг байна.

1.5. Хариуцагч нь гэрээгээр тохирсны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр барилгын ажлыг гүйцэтгэж дуусгаагүйн улмаас нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг бариулахад 1 жилийн хугацаа алдсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн амины орон сууцаа бариулахаар барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс эко үүр ХХК-д хандахад уг орон сууцыг 80,225,000 төгрөгөөр барих боломжтой талаар ажлын задаргааг гаргаж өгсөн. Иймээс хариуцагч тал үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчид учирч буй хохирол болох зөрүү 30,075,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч байгууллага нь 2022 оны 07 дугаар сард нэхэмжлэгчид тайлбарлахдаа барилгын материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналттай холбоотойгоор 29,100,000 төгрөгийг нэмж төлбөл танай орон сууцыг барьж өгөх боломжтой гэх хариуг өгч байсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй юм.

Иймд хариуцагч Э.Э.Т.К ХХК-аас 81,825,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М рт олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын хувьд гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчтэй огт холбогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өөрөө холбогдож байж орон сууцны барилгын ажлаар хийгдэхгүй байгаа талаар мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан нь бодит үнэнд нийцэхгүй байх ба бид түүнтэй байнга холбоотой байж, шаардлагатай мэдээ, мэдээллийг зохих ёсоор өгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. Мөн тэрээр хариуцагчийг үндэслэлгүй тайлбар өгч байсан, танай өгсөн мөнгийг өөр айлуудын орон сууцны барилгын ажилд зарцуулсан гэх мэтээр шүүхэд мэдүүлж байгаа нь бүгд үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Т.М рын гаргасан 81,825,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Зохигчдын хооронд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр АОС-01/3-19 дугаар бүхий Амины орон сууц захиалгаар байгуулах гэрээ байгуулагдаж, үүний дараа хариуцагч амины орон сууц баригдах газарт очиж хэмжилт хийсэн. Ийнхүү хэмжилт хийсний дараа хариуцагчаас амины орон сууцны барилгын зураг төслийг бүрэн хийж дуусгасан.

Дээрх ажлууд дууссаны дараа гүйцэтгэгч нь захиалагчийн газар дээр амины орон сууцны барилга барих ажлыг үе шатны дагуу эхлүүлж, газар шорооны ажил, суурийн ажил төмөр бетон аяган суурь, соруулдаг болон саарал усаа хөрсөндөө шингээх септик бохирын системийн ажил зэргийг зохих ёсоор, хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэсэн.

3.2. Гэрээний хэрэгжилтийн энэ үед давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн ба гүйцэтгэгч нь энэ талаарх хангалттай мэдээ мэдээллийг тухай бүрд нь зохих ёсоор мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хичээсэн. Тодруулбал 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/17 дугаар бүхий мэдэгдэл, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/25 дугаар бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

Гэвч захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн үед тохиосон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авах гүйцэтгэгчийн саналыг эс хүлээн зөвшөөрч, улмаар гэрээний дагуу төлсөн нийт төлбөрөө буцаан гаргуулахаар шүүхэд хандсан тул Э.Э.Т.К ХХК нь гэрээний дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөө захиалагч Т.М раас гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

3.3. Гүйцэтгэгчээс 14,270,000 төгрөгийн үнэ бүхий дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд зураг төслийн ажил 1,000,000 төгрөг, газар шорооны ажил 1,000,000 төгрөг, септик бохирын систем 5,500,000 төгрөг, суурийн ажил 2,240,000 төгрөг, аяган суурийн ажил 3,930,000 төгрөг, тээврийн нэмэгдэл зардал 600,000 төгрөг.

Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн Т.М раас 14,270,000 төгрөгийг гаргуулж Э.Э.Т.К ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу барилгын ажлыг сүүлийн төлбөр төлсөн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 60 хоногийн дотор буюу 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн дуусгасан байх ёстой байсан. Дээрх хугацаанд ямар нэгэн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал байгаагүй тул гэрээнд заасан ажлыг тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй нь давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалтай холбоотой гэх хариуцагчийн тайлбартай огт нийцэхгүй юм.

Хариуцагчийн 14,270,000 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Э.Э.Т.К ХХК-аас 41,329,260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М рт олгож, нэхэмжлэлээс 40,496,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 725,028 төгрөг, хариуцагчаас төлсөн 229,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 364,596 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн зардалд 250,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

  6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол болох 30,075,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үүний үндэслэлийг "Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал алданги төлөх хариуцлага хүлээхээр тохиролцсон шүүх хугацаа хэтрүүлсний хариуцлагад 1,600,560 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул гэрээ зөрчсөнөөс учирсан хохиролд шаардсан 30,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно" гэж тайлбарласан буюу нэгэнт хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги гаргуулан нэхэмжлэгчид олгож байгаа тул гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг гаргуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. Гэвч тус дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан 30,075,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас шаардах эрх нь алданги гаргуулснаар хязгаарлагдах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зохицуулсан хохирол шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь гэрээний нэг тал үүргээ зөрчсөн байх, түүнтэй холбоотойгоор гэрээний нөгөө талд хохирол учирсан байх явдал бөгөөд дээрх хоёр шаардлагыг хангасан нөхцөлд нэхэмжлэгч хариуцагчаас хохирлоо шаардах эрхтэй байх юм. Шүүхийн шийдвэрийн 15 дахь дугаарт "... хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай...", 19 дэх талд "Мөн хариуцагч нь гэрээ цуцалснаас учирсан хохиролд 6,885,000 төгрөгийг суутгаж тооцох ёстой гэж маргасан хэдий ч гэрээ цуцлагдах болсон үндэслэл, шалтгаан хариуцагчийн буруутай үйлдлээс болсон байх тул энэхүү татгалзал үндэслэлгүй" гэж тус тус дүгнэснээс үзвэл дээрх хуулийн урьдчилсан нөхцөлийн нэг хэсэг болох гэрээний тал үүргээ зөрчсөн байх буюу гэрээ цуцлагдсанд хариуцагч буруутай гэх нөхцөл байдлыг шүүхээс тогтоосон. Улмаар үүнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчид хохирол учирсан байх нөхцөлийн тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хангалттай нотлогдож байгаа билээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

6.2. Талуудын хооронд анх гэрээ байгуулагдах үед Ковид-19 цар тахал гарсан үе байсан бөгөөд шинээр үүссэн нөхцөл байдал биш тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Иргэний хэрэг үүсээд 2 жилийн хугацаа өнгөрсөн байсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч талаас удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын хэн аль нь өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй. Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан болохоос өмнө хэрэгт хамааралтай нотлох баримтыг гаргаж өгсөн байх ёстой. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор шүүхэд хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь үндэслэл бүхий байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй гэж үзэж байна гэжээ.

7. Хариуцагч талын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Шүүх хариуцагчаас алдангид 1,600,650 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Үндэслэх хэсгийн 15-д "...хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байх бөгөөд алдангийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, үндэслэлгүй байна.

Учир нь зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээг байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдсөн бөгөөд энэхүү үйл явдалд хариуцагч нь буруугүй юм. Харин ч хариуцагчийн зүгээс өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авахыг эрмэлзэж буюу гэрээний үнийг нэмэгдүүлэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хариуцагчаас нэхэмжлэгчид удаа дараа хэлж, бичгээр мэдэгдсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох ба хариуцагчийн хийсэн үйлдэл нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс мөнгөгүй буюу нэмэлт ажлын хөлс төлөх боломжгүй байгаа, мөн хариуцагчийн тавьсан үнийн нэмэгдлийг өөрийн хүссэнээр бууруулах гэж боломжгүй буюу үндэслэлгүй саналыг тавьж байгаад улмаар гэрээг цуцалсан байдаг.

Анхан шатны шүүх дээрх хэрэгт хамааралтай, гол үйл баримтыг буруу үнэлж дүгнэн гэрээ цуцлагдахад хариуцагч буруутай гэж үзэж, алданги гаргуулах шаардлагыг хангасан, мөн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 19-д "хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээр шаардсан боловч шүүх татгалзлын үндэслэл гэж үзсэн, хариуцагч нэхэмжлэгчээс хохиролд 6,885,000 төгрөгийг шаардсан хэсгийг үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

7.2. Хариуцагчийн зүгээс өөрийн энэхүү татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн нөхцөл байдал нь хариуцагч гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт алдагдалтай, хохиролтой, ашиггүй байх нөхцөл болохыг тогтоолгож "Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ"-г зохих журмын дагуу гаргуулахаар МҮХАҮТ-д хүсэлт гаргаж хандсан бөгөөд энэ баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Шүүх хуралдаан болох өдрийн байдлаар хариуцагчийн төлөөлөгчөөс уг нөхцөл байдал буюу хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой дурдаж, уг баримтыг нотлох баримтаар гарган өгөх боломжит хугацааг олгож өгөх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч анхан шатны шүүх уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ингэснээр хариуцагчийн төлөөлөгчийн нотлох баримт гарган өгөх үндсэн эрх нь ноцтой зөрчигдсөнд гомдолтой байна. Энэхүү зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн болно.

7.3. Анхан шатны шүүх 50,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 39,728,700 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ нийт төлөгдсөн төлбөр болох 50,150,000 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнг шинжээчийн дүгнэлтэд заасан 10,421,300 төгрөгөөр тооцон хасаж шийдвэрлэсэн. Шинжээчээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнг 10,421,300 төгрөгөөр тооцсон боловч хариуцагч нь өөр бусад нотлох баримтаар өөрийн хийсэн ажлын үнийн дүнг 14,270,000 төгрөг болохыг нотолж, үүнийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн татгалзал гэж үзэж, улмаар 14,270,000 төгрөгийн татгалзлыг 10,421,300 төгрөгийн хэмжээнд үнэлж, үлдэх 3,848,700 төгрөгийг үнэлээгүй орхигдуулсанд гомдолтой.

7.4. Анхан шатны шүүх хуралдаан болсон 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож эхэлсэн. Үүнтэй холбогдуулж хариуцагчийн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулахгүйгээр шууд шүүх хуралдааныг хийж, шийдвэр гаргасан. Энэ нь хариуцагчийн үндсэн эрхийг шууд ноцтой зөрчиж, хариуцагчийг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүйд маш их гомдолтой. Шүүхийн энэхүү ноцтой зөрчлийн улмаас хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбар гаргах, мэтгэлцэх зэрэг хуулиар олгогдсон үндсэн эрх нь ноцтой зөрчигдсөн.

Иймд дээр нэг бүрчлэн, тодорхой дурдсан үндэслэл бүрийг давж заалдах шатны шүүхээс хянан үзэж, хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7.5. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас үүргийн зөрчил гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэж, алданги гаргуулж шийдвэрлэсэн. Нэг үүргийн зөрчилд 2 хариуцлага оногдуулах нь зохимжгүй бөгөөд энэ талаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Гэрээ байгуулснаас хойш давагдашгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхээс хохирол гаргуулахаар шийдвэрлээгүй нь зөв гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал хохиролд нийт 30,750,000 төгрөг шаардаж байгаа. Гэвч ийм хэмжээний зардал бодитоор гараагүй. Тухайн барьсан барилга 50,000,000 төгрөгийн үнэтэй байсан боловч барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан 79,000,000 төгрөг болж, бид нар 29,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан. Гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн асуудалтай холбогдуулан үндэслэл бүхий тайлбар болон мэдэгдэл хүргүүлж, санал тавьж байсан. Энэ саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул талуудын хооронд маргаан үүссэн.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т.М р нь хариуцагч Э.Э.Т.К ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны үр дагаварт гэрээгээр шилжүүлсэн 50,150,000 төгрөг буцаан гаргуулах, алданги 1,600,560 төгрөг, хохирол 30,075,000 төгрөг, нийт 81,825,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс 14,270,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг түүний татгалзлын үндэслэл гэж тодорхойлсныг буруутгахгүй. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан төлбөрийн тодорхой хэсгээр ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлээр буцаан шилжүүлэхээс татгалзаж маргасан нь түүний татгалзалд хамаарах юм.

3. Т.М р, Э.Э.Т.К ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Э.Э.Т.К ХХК нь канад технологийн амины орон сууцыг тогтоосон хугацаанд барьж гүйцэтгэх, захиалагч Т.М р нь ажлын хөлсөнд 45,900,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

4. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,500,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 25,600,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 6,500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,550,000 төгрөг, нийт 50,150,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон байна.

5. Гэрээний 3.2 дахь заалтын дагуу захиалагчаас гэрээний төлбөр төлөгдөж барилгын ажил эхлүүлснээс хойш 45-60 хоногийн дотор буюу 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор барилгыг барьж дуусгахаар талууд тохиролцсон боловч гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй, түүний гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд аяган суурийн ажил 9 ширхэг: уландаа 1.2м*1.2м*0.2м хэмжээтэй, дээшээ 0.3*0.3*0.6м хэмжээтэй багана цутгасан, бохирын септик систем: ф1500-тай худагтай бохирын септик систем суурилуулсан, ф100-н бохирын хуванцар хоолой дулаалан холбосон гэж дүгнэжээ.

Хариуцагч нь Ковид-19 цар тахал давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хилийн хорио тогтоогдсон, барилгын материалын үнэ өссөн, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч гэрээний төлбөрийг урьдчилан 100 хувь төлсөн бөгөөд гэрээгээр тогтоосон ажил гүйцэтгэх 45-60 хоногийн хугацаанд уг нөхцөл байдал өөрчлөгдсөн талаар хэрэгт баримт авагдаагүй. Хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/17, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/25 дугаар мэдэгдлүүд цаг хугацааны хувьд хожим үйлдэгдсэн байх тул маргаанд ач холбогдолтой гэж дүгнэх боломжгүй. Түүнчлэн хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ гаргуулахаар МҮХАҮТ-д хураамж төлж хүсэлт гаргасан нь маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлгүй тул үүнтэй холбоотой шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан түүний хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн нотлох баримт гарган өгөх үндсэн эрх ноцтой зөрчигдсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

6. Хариуцагч нь зураг төслийн ажил 1,000,000 төгрөг, газар шорооны ажил 1,000,000 төгрөг, септик бохирын систем 5,500,000 төгрөг, суурийн ажил 2,240,000 төгрөг, аяган суурийн ажил 3,930,000 төгрөг, тээврийн нэмэгдэл зардал 600,000 төгрөг, нийт 14,270,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, шинжээчийн дүгнэлтэд хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг 10,421,300 төгрөгөөр тогтоосон тул нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн 50,150,000 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын өртөг 10,421,300 төгрөгийг хасч үлдэх 39,728,700 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч нь дээрх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн гаргасан шүүх үлдэх 3,848,700 төгрөгийг үнэлээгүй орхигдуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч нь Эрдэнэс эко үүр ХХК-ийн төсвийн баримтыг үндэслэн одоо амины орон сууц барихад 80,255,000 төгрөг шаардлагатай гэж тайлбарлаж зөрүү 30,075,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шинжээчийн дүгнэлтэд барилгын ажлыг 79,410,000 төгрөгөөр гүйцэтгэх талаар дүгнэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс 2021 оны 05-07 дугаар сард хариуцагчид шилжүүлсэн 50,150,000 төгрөг нь одоо хувийн сууц барихад хүрэлцэхгүй болох нь тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэн зөрүү 29,260,000 (79,410,000-50,150,000) төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

8. Гэрээний 3.5 дахь заалтад талууд алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, уг нөхцөл хүчин төгөлдөр боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 1,600,560 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Учир нь гэрээг цуцалснаар талуудын хэн аль нь үүрэг хүлээхгүй учир үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэгдсэн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги шаардах эрхийг хуульд нийцүүлэн зөв дүгнээгүй, түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийг баримтлаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, алданги 1,600,560 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байгууллагын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сийлэгмааг, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заяаг, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заяа, О.Цолмон нарыг тус тус оролцуулсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Э.Батбилэг оролцохдоо хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн төлөөлөгч өөрчлөгдвөл шүүх хуралдааны бэлтгэл хангах асуудлыг зохигч өөрөө хариуцах үүрэгтэй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээг зөвтгөсөн, мөн хариуцагчаас хохирол 29,260,000 төгрөг нэмж гаргуулан нэхэмжлэгчид олгож, алданги 1,600,560 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон буюу нэхэмжлэлийн шаардлагыг 68,988,700 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/00917 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, ...41,329,260 гэснийг 68,988,700 гэж, ...12,836,860 гэснийг 40,496,300 гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтад ...364,596 гэснийг 502,893 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 362,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 102,140 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА