Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 606

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Д холбогдох эрүүгийн 1906 01863 0772 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Д

Холбогдсон хэргийн талаар:

Э.Д нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Чулуутын АОС-6-164 тоотод иргэн Б.Эрдэнэтулгын нүүрэн тус газар нь гараараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохиж, үүдэн 2 шүдийг нь унагаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: Тухайн өдөр би ажлаа тараад хүргэн ахынхаа гэрт очиход, ах согтуу байсан. Намайг гэрээсээ хөөж, зайл гэсэн би гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь нэг цохисон. Хоёр шүд нь унасан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эрдэнэтулгын өгсөн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал манай эгчийн хүүхэд Алтаншагай ирээд намайг шинэ хүнтэй болсон гээд 1,5 лирийн Сэнгүр пиво авч ирж өгснийг хувааж уугаад явсан. Би гэртээ ганцаараа үлдээд 2 лааз пиво аваад уугаад сууж байтал манай эхнэрийн дүү Доржжодов орж ирэхээр нь би чи гэрээ аваад явах юм уу яах юм гэж асуусан чинь үгийн зөрүүгүй дээрээс дарж байгаад нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн үүдэн 2 шүд унаад уруул сэтэрсэн бас нэг шүд хөдөлсөн. Доржжодов намайг зодчихоод гараад явсан. Миний хувьд Доржжодовыг зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2893 дугаартай шинжээчийн:

1. Б.Эрдэнэтулгын биед баруун дээд 1, зүүн дээд 2-р шүдний булгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, уруулд шарх, зөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Д-нын: ...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим хүргэн ах Эрдэнэтулгын гэрт ирэхэд тэрээр согтуу байсан бөгөөд намайг гэрээсээ хөөсөн. Тэрнээс болж бид хоёр маргалдсан. Тухайн үед гэрт нь Эрдэнэтулга ах бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд эхнэр, хүүхэд нь Дорнод аймаг руу явчихсан байсан юм. Би Эрдэнэтулга ахтай маргалдаж байхад намайг эхлээд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь цохисон. Тэгсэн Эрдэнэтулга ахын амнаас цус гараад 2 шүд нь уначихсан. Тэгэхээр нь би дахиж цохиж зодоогүй, цүнхтэй хувцасаа аваад гэрээс нь гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

- Шүүгдэгч Э.Д-нын ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31, 32, 34, 35 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Днь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Чулуутын АОС-6-164 тоотод иргэн Б.Эрдэнэтулгын нүүрэн тус газар нь гараараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохиж, үүдэн 2 шүдийг нь унагаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Э.Днь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Б.Эрдэнэтулга нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Д-нт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Э.Днь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Чулуутын АОС-6-164 тоотод иргэн Б.Эрдэнэтулгын нүүрэн тус газар нь гараараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохиж, үүдэн 2 шүдийг нь унагаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Эрдэнэтулга, яллагдагч Э.Днарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2893 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Д-ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Б.Эрдэнэтулга гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба эмчилгээний зардал хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Д-ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 36 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Д-нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Днь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Б.Эрдэнэтулга гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Э.Д-нт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Днь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: ...шүүх  ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Днь ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой байх ба торгуулийн ялын хамгийн доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж байх тул торгуулийг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацааг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Э.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Д-нт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Д-нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ