Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01002

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024  05  13  210/МА2024/01002

 

 

М.М.С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/01275 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.М.С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б ХК-д холбогдох

ЗГ/792, ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганзориг, Э.Хосбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. М.М.С ХХК нь Б.Б ХК-тай зээлийн гэрээнүүд байгуулж, зээлийн мөнгөн төлбөрийн зарим хэсгийг авч ашигласан бөгөөд гэрээ байгуулсан цаг хугацаанд Ковид-19 цар тахал гарч эдийн засаг хүндэрсэн боловч манай компани зээлийн эргэн төлөлтийг хэвийн ангилалд хадгалах, хугацаандаа төлбөрийг төлөхөд анхаарч ажиллаж ирсэн. Зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргээ бүхэлд нь биелүүлсэн боловч банк тухайн зээлийн үндсэн төлбөрөөс хасалгүйгээр хугацаа дуусаагүй, хэвийн ангилалтай, илүү бага хүүтэй зээлийг зээлдэгчээс зөвшөөрөл авалгүйгээр хаах, зээлийн төлбөрийг бодитоор шилжүүлэхгүйгээр зээлийг зээлээр хаасан дүр үзүүлсэн гэрээг хийж, хүүгээс хүү тооцох замаар зээлдэгчийг илтэд хохироогоод зогссонгүй зээлийн тооцооллууд дээр ойлгомжгүй байдлуудыг үүсгээд байна. Б.Б ХК-д үндсэн зээл болон үлдэгдэл хүүгийн талаар мэдээлэл авахаар удаа дараа хандсан боловч огт хариу ирүүлдэггүй.

1.2. М.М.С ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалттай 2.5 тэрбум төгрөгийн зээлийг авахаар ЗГ/792 дугаар зээлийн гэрээ байгуулсан боловч Б.Б ХК нь тухайн зээлийн гэрээний дагуу мөнгийг олгоогүй, үүнээс 604.7 сая төгрөгийг суутган авч өмнөх 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/682 дугаар зээлийн гэрээг шууд хаасан. Зээлдэгч манай компанийн зүгээс энэ талаар огт хүсэлт гаргаагүй байхад, ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өмнөх зээлийг хаасан. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Хэдийгээр үлдэгдэл 1.9 тэрбум төгрөгийг манай компани авч ашигласан боловч зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 2.5 тэрбум төгрөгөөс тогтмол хүүг тооцсоор ирсэн.

1.3. Мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээний дагуу хөрөнгө оруулалтын зориулалтаар 3 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийн ихэнхийг зээлдэгчид шилжүүлээгүй, дээрх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар зээлийн гэрээний төлбөр болох 2.5 тэрбум төгрөгийг шууд суутган авч 500 сая төгрөгийг зээлдэгчид шилжүүлж 3 тэрбум төгрөгөөс хүү тооцсоор ирсэн нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл ашиглаагүй 2.5 тэрбум төгрөгөөс хүү тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

1.4. М.М.С ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/791 дугаар зээлийн гэрээнд гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 4 тэрбум төгрөгийг Б.Б ХК-аас авсан боловч Ковид-19 цар тахлын улмаас зээлийн төлөлтийн хугацааг 353 хоногоор хожимдуулж, муу зээлийн ангилалд шилжээд байсан. Зээлдүүлэгч нь манай компаниас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр дансанд байсан 200 сая төгрөгийг шууд татан авч зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасаж 3.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болгосон.

Манай компани өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө 3 тэрбум 950 сая төгрөгөөр худалдан борлуулж, тухайн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 3.8 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, үлдэгдлийг зээлийн хүүгээс хассан тул энэ зээлийн гэрээний үндсэн мөнгөн төлбөрийн үүрэг дуусгавар болсон гэж ойлгосон. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан төлбөрийг компанийн дансанд шилжүүлэн авч, компанийн зөвшөөрлийн дагуу зээлийн төлбөрийг хаах байсан боловч тийм үйлдлийг огт хийлгүүлэхгүйгээр Б.Б ХК нь худалдан авагчаас төлбөрийг шууд татаж авсан байна. Зээлдэгчээс зөвшөөрөл авалгүйгээр, ямар нэгэн санал сонсохгүйгээр хэвийн төлөлттэй явж байсан жилийн 10.5 хувийн бага хүүтэй, хугацаа нь дуусаагүй 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/1009 дугаар гэрээний 3 тэрбум төгрөгийн зээлийг шууд хаасан. Ингээд муу зээлийн ангилалтай, жилийн 18 хувийн хүүтэй, 4 тэрбум төгрөгийн зээлийг үлдээж, үлдэгдэл 3.8 тэрбум төгрөгөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хүү тооцсон. Өнөөдрийн байдлаар манай компани нь уг зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 2,672,953,383 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.5. Мөн зээлийн гэрээг талууд байгуулсан боловч бодит байдал дээр зарим зээлийн гэрээнүүд нь дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг агуулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/682 дугаар зээлийн гэрээгээр олгосон 600 сая төгрөгийн зээлийг хааж, дуусгавар болгож, банкны чанаргүй зээлийн ангиллыг хэвийн хадгалахаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/792 дугаар зээлийн гэрээг байгуулсан, зээл 2.5 тэрбум төгрөгөөс 600 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт хаасан, үүний дараа 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээний 3 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөгийг шууд татан авч, өмнөх зээлийг хаасан.

Б.Б нь дээрх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар зээлийн гэрээ, мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/009 дугаар зээлийн гэрээг зээл олгох зорилгогүй, чанаргүй зээлийн ангиллыг хэвийн хадгалах зорилготой хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

1.6. Талуудын хоорондох 4 гэрээний заалтууд ижилхэн, нэг агуулга, хэлбэртэй байгаа зэргээс харвал Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ болох нь тодорхой байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар зохицуулсан. Зээлийн гэрээний 3.11 дэх хэсэгт Зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдэгч зээлээ хугацаанд нь авч ашиглаагүй буюу бүрэн ашиглаагүй тохиолдолд банк ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй. Энэ нь гэрээний хугацааг болон зээлийн хүү, бусад нөхцөлийг өөрчлөх үндэс болохгүй ба үүргийн гүйцэтгэлээс зээлдэгчийг чөлөөлөхгүй" гэжээ. Энэхүү заалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно", 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно" гэж заасныг шууд зөрчсөн байна.

Нөгөө талаас зээлийг ашигласан эсэхээс үл хамааран шууд хүү тооцох, хариуцлагаас чөлөөлөхгүй байхаар зохицуулж байгаа нь шударга ёсны зарчимд харш, зээлдэгчид хохиролтой, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл бөгөөд өмнөх зээлийг шинээр авсан зээлээр хааж, өндөр үнийн дүнтэй зээлийн гэрээнээс хүү тооцох, хүүгээс хүү тооцох, дүр үзүүлэн хийсэн зээлийн гэрээгээ хамгаалах гэсэн зорилгыг анхнаасаа Б.Б ХХК агуулж байсан болохыг харуулж байна.

Зээлийн гэрээний 3.15 дахь хэсэгт Байгалийн гамшиг, гал, үер ус, газар хөдлөлт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хорио цээр тогтоох, тахал, дайн болон цэргийн үйл ажиллагаа зэрэг бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан боловч стандарт гэрээний заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой. Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор дээрх заалтыг Б.Б ХК-аас зээлийн гэрээндээ оруулахдаа зөвхөн зээлдэгчид хамааралтай байдлаар зохицуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээ цуцлах зээлдүүлэгчийн эрхийг зохицуулсан боловч шударга ёсны зарчимд нийцэхгүй, гэрээний 5.3.10 дахь заалт нь Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйлүүдэд заасан гэрээ цуцлахтай холбоотой талуудад олгосон эрхийг хязгаарласан байна.

Гэрээний 4.2.12 дахь хэсэгт Зээлдэгч зээлийн хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй байх гэж заасан нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрх, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхэд халдсан шударга ёсны зарчимд нийцээгүй болно.

Мөн гэрээний 6.2.4 дэх хэсэгт Энэхүү гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зээлийн төлбөрийг төлүүлэхэд шаардагдах аливаа арга хэмжээ авна гэж заасан нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг зөрчсөн, ёс суртахууны хэмж хэмжээнд харшилсан байна.

1.7. Дээрх байдлаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсантай холбоотойгоор 4 тэрбум төгрөгийн зээлийг дуусгавар болгосноор ЗГ/1009 дугаар 3 тэрбум төгрөгийн зээл үлдэх учиртай. Тэрхүү ЗГ1009 дугаар зээлийн гэрээ нь дээрх байдлаар хүчин төгөлдөр бус болох тул хүү төлөхөөргүй байна.

Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар зээлийн гэрээнд илүү төлсөн зээлийн хүү 123,287,671 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнд илүү төлсөн зээлийн хүү 331,397,260 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/791 дугаар зээлийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгө 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр худалдан борлуулснаар дуусгавар болох тул үүнээс хойш төлсөн зээлийн хүү 622,285,423.86 төгрөг, ЗГ/682, ЗГ/791, ЗГ/792 дугаар зээлийн гэрээгээр зээл судалсны шимтгэлд нийт 22,000,000 төгрөгийг тус тус илүү төлөөд байна.

Иймд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар болон 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. М.М.С ХХК нь манай банктай 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/682 дугаар зээлийн гэрээг байгуулж 600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/792 дугаар зээлийн гэрээг байгуулж 2.5 тэрбум төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/791 дугаар зээлийн гэрээг байгуулж 4 тэрбум төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/1009 дугаар зээлийн гэрээг байгуулж 3 тэрбум төгрөгийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан.

Банк дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ дараах байдлаар бүрэн биелүүлж зээлийг бодитоор зээлдэгчид олгосон. М.М.С ХХК-ийн эзэмшлийн 8100002267 тоот харилцах дансанд 600,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бэлэн бусаар, 2.5 тэрбум төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 4 тэрбум төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 3 тэрбум төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бэлэн бусаар шилжүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт тус тус зааснаар хуульд заасан шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээг баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл юм.

2.2. Мөн М.М.С ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/21 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр Б.Б ХК-аас 3 тэрбум төгрөгийн зээл авах, тухайн зээлээс өмнөх 2.5 тэрбум төгрөгийн зээлийг хаах, үлдэгдэл 500 сая төгрөгийг тэсэлгээний үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 3 тэрбум төгрөгийн зээл олгох гэрээ хийсэн боловч 2,5 тэрбумыг шууд суутган авч 500 сая төгрөгийг л ашигласан, нэхэмжлэгчийг хохироосон гэх тайлбар худал болохыг нотолж байна.

2.3. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул банк хууль болон гэрээнд заасны дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг татаж төлүүлсэн үйлдэл нь зөрчил биш юм. Зээлийн гэрээнүүдийн 3.4 дэх хэсэгт эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй бол банк эхний ээлжид нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ гэж заасан дарааллын дагуу банк уг зээлийг төлүүлсэн байна.

2.4. Зээл судалгааны шимтгэлийн тухайд талууд зээлийн гэрээний 3.1.6 дахь хэсэгт зээл судалсны нэг удаагийн шимтгэлийн хувь хэмжээг тохирсон. Мөн 3.7 дахь хэсэгт "Зээлдэгч зээл судалсны нэг удаагийн шимтгэлийг Банкинд төлөхийг зөвшөөрсөн ба зээл судалсны шимтгэлийг зээлийн гүйлгээ хийгдэхээс өмнө банканд бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлнэ гэж заасан. Мөн зээлдэгч нь гэрээний хавсралт болох зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгттэй танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна.

2.5. Зээлийн эргэн төлөлт, үлдэгдлийг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлүүдийг бодитоор олгосон, зээлдэгч өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийг захиран зарцуулж гүйлгээ хийсэн, банк зээлдэгчээс зөвхөн тухайн зээлд хамаарах хуримтлагдсан хүүг төлүүлсэн ба аливаа хэлбэрээр үндэслэлгүйгээр илүү төлөлт хийлгэсэн зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэсэлэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Б ХК-д холбогдох 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.М.С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,468,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх талуудын маргасан асуудал, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж чадаагүй, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, зарим нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад огт хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан зээлийн гэрээнүүд, тэдгээрийн төлөлт, мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг хооронд нь хольж солих байдлаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад мөн нийцээгүй. Хэдийгээр талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тухайн гэрээ нь хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд байх ёстой. Гэтэл Б.Б ХК нь зээлийн төлбөрийг бодитоор шилжүүлэхгүйгээр зээлийг зээлээр хаасан дүр үзүүлсэн хэлцлийг хийж, хүүгээс хүү тооцож, ашиглаагүй зээлд хүү төлүүлэх байдлаар хууль зөрчиж нэхэмжлэгчийг хохироосон. Тодруулбал, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2.5 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн зээлийн гэрээний дагуу мөнгийг олгоогүй, үүнээс 604.7 сая (хүү 4.7 сая төгрөгийн хамт) төгрөгийг суутган авч өмнөх 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийг шууд хаасан. Манай компанийн зүгээс энэ талаар огт хүсэлт гаргаагүй байхад банк ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өмнөх зээлийг хаасан. Хэдийгээр үлдэгдэл 1.9 тэрбум төгрөгийг манай компани авч ашигласан боловч зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 2.5 тэрбум төгрөгөөс тогтмол хүүг тооцсоор ирсэн нь ашиглаагүй зээлд хүүг тооцсон, мөн өмнөх зээлийн гэрээний хүүгээс хүү тооцсон болох нь зээлийн данснаас маш тодорхой харагдана.

Мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийн ихэнхийг зээлдэгчид шилжүүлээгүй, дээрх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр болох 2.5 тэрбум төгрөгийг шууд суутган авч 500 сая төгрөгийг л нэхэмжлэгчид шилжүүлсэн атлаа 3 тэрбум төгрөгөөс хүү тооцсоор ирсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

4.2. Түүнчлэн зээлийн гэрээний 3.6 дахь хэсэгт "Зээлдэгч зээлийн хөрөнгийг энэхүү гэрээний 3.1.3-д зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэж заасан боловч зээлийг анхнаасаа зориулалтын дагуу олгохгүйгээр шууд зээлийг зээлээр хаах байдлаар банк ашигласан нь гэрээний заалтыг зөрчсөн. Зээлийн гэрээний 3.11, 3.15, 4.2.12, 5.3.10, 6.2.4 дэх заалтууд нь мөн адил хууль зөрчсөн байхад шүүгч гэрээний чөлөөт байдал гэх үндэслэлээр хууль зөрчсөн асуудлуудыг зөвтгөх гэж оролдож байгаа нь үндэслэлгүй байна.

Үүнээс гадна зээлдэгчээс зөвшөөрөл авахгүйгээр зээлийг зээлээр хаах, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр (гүйцэтгэх захирал, эрх олгогдсон этгээд зэрэг) зээлдэгчийн дансанд, данснаас данс хооронд банк дур мэдэн гүйлгээ хийх нь хууль зөрчсөн үйлдэл юм.

4.3. Анхан шатны шүүх шийдвэртээ Мокс ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр хэрэгт авагдсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна гэж цорын ганц үндэслэлийг дурдсан. Гэтэл зээлдэгч нь М.М.С ХХК бөгөөд энэ компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал эсхүл эрх олгогдсон этгээдээс зээлийг зээлээр хаах болон аливаа төрлийн гүйлгээг хийх талаар огт хүсэлт гаргаагүй, төлбөрийн даалгавар, зөвшөөрөл өгөөгүй юм.

4.4. Дээрх 2 зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул тус зээлийн гэрээнүүдийн дагуу төлсөн дараах хүү болон зээлийн шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнд: 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд илүү төлсөн зээлийн хүү 123,287,671 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд илүү төлсөн хүү 331,397,260 төгрөг, 3Г/791, 3Г/792, 3Γ/682 дугаар зээлийн гэрээгээр зээл судалсны шимтгэлд нийт 22,000,000 төгрөг, нийт 476,684,931 төгрөг илүү төлсөн. Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгоогүйн улмаас нэхэмжлэгч нь 622,285,423.86 төгрөгийн хүүг илүү төлөөд байгаа бөгөөд үүнийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн юм.

Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр, зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үр дагавартай хольж, хутган нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Тодруулбал, нэхэмжлэгч нь талуудын байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3Г/791 дугаар зээлийн гэрээ (4 тэрбум)-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаагүй. Харин энэ зээлийн гэрээг, хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан байхад дуусгавар болгохгүйгээр төлөлтөөр нь өөр зээлийг хаасан нь хууль зөрчсөн талаар үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл банк нь өндөр үнийн дүнтэй буюу 4 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний дагуу өндөр хүү буюу жилийн 18 хувийн хүүтэйгээр тооцсоор байгаа нь хууль бус, бодит үндэслэлгүй гэж маргасан билээ.

Учир нь уг зээл нь жилийн 18 хувийн хүүтэй, үнийн дүн харьцангуй өндөр, төлөлт удааширсан тул нэхэмжлэгчийн зүгээс тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийг хаахаар шийдэж, барьцааны хөрөнгүүдийг худалдсан. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч болох "Ултимэт стратеги групп" ХХК-ийг Б.Б ХК нэхэмжлэгчид санал болгож худалдах, худалдан авах гэрээнд гарын зуруулсан бөгөөд гэрээний төлбөр манай компанид огт шилжин орж ирээгүй, шууд Б.Б ХК-ийн зээлийн төлбөрт шилжүүлэн авсан байна.

Дээрх байдлаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулах замаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/791 дугаар зээлийн гэрээний зээлийг хааж, дуусгавар болгосон гэж ойлгосоор ирсэн. Гэтэл Б.Б ХК нь манай компаниас зөвшөөрөл авалгүйгээр, зээлдэгчээс ямар нэгэн санал сонсохгүйгээр барьцааны хөрөнгө худалдан борлуулсан төлбөрийг зээлийн төлөлт нь ч эхлээгүй, жилийн 10.5 хувийн буюу харьцангуй бага хүүтэй, хугацаа нь дуусаагүй буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/1009 дугаар 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг шууд хаасан. Ингээд муу зээлийн ангилалтай, жилийн 18 хувийн хүүтэй, 4 тэрбум төгрөгийн зээлийг хаахгүйгээр үлдээж, үлдэгдэл 3.8 тэрбум төгрөгөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хүү тооцон, нэхэмжлэгчийг санхүүгийн хүнд байдалд оруулсан. Банк Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Зүй нь хариуцагч уг заалтуудын дагуу үүрэг гүйцэтгэгч аль үүргийг түрүүлж гүйцэтгэхээ сонгох эрхтэй, мөн илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжид гүйцэтгэнэ гэж зааснаар илүү хүнд нөхцөлтэй 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг зээлдэгчийн хүсэлтээр дуусгавар болгох ёстой байжээ. Гэтэл зээлдэгчээс ямар нэгэн хүсэлт авахгүйгээр өөрт ашигтай байдлаар шийдвэрлэж, зээлдэгчийн хууль эрх зүй, санхүүгийн мэдлэггүй байдлыг далимдуулан их хэмжээний хүү авч зээлдэгчийг хохироосон.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс харвал 4 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд байсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 4.2 тэрбумаар худалдсан болох нь харагдаж байгаа боловч бусад хэсгийг нь илт буруу дүгнэсэн байна.

4.5. Анхан шатны шүүхээс зээлийн шимтгэлийг буцаан гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.6-д зээл судалсны нэг удаагийн шимтгэл, өргөдлийн хураамж төлөхөөр харилцан тохиролцсон байх ба Ж.Төгсбаяр зөвшөөрч гарын үсэг зурсан байна" гэжээ. Гэтэл М.М.С ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь Ж.Төгсбаяр биш бөгөөд гарын үсэг зурах эрх олгогдоогүй. Үүнээс гадна дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зээлийн гэрээний дагуу шимтгэл төлөх үүрэг үүсэхгүй, буцаан гаргуулах нь зүйд нийцнэ.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хэргийн 90 дэх талд гүйлгээний баримт авагдсан. Үүнд М.М.С ХХК-ийн гүйцэтгэх захирал, 73 хувийн хувьцаа эзэмшигч Т.Баярбат нарын гарын үсэг болон тамгатай 600 сая төгрөгийн гүйлгээ хийх хүсэл зоригоо илэрхийлсэн баримт авагдсан. Энэ агуулгыг харахад нэхэмжлэгч талын тайлбарласан шиг Б.Б ХК зөвшөөрөл авахгүйгээр, зээлдэгчийн хүсэл зоригоос гадуур зээлийг төлүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй.

Мөн 2.5 тэрбум төгрөгийн зээлийг хаахдаа дахин зөвшөөрөл авахгүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх боловч хэргийн 87-89 дэх талд М.М.С ХХК болон Мокс ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүд авагдсан. Мокс ХХК нь М.М.С ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Мокс ХХК-ийн 73 хувьцааг Ж.Төгсбаяр гэх хүн эзэмшдэг. Эдгээр хувьцаа эзэмшигчийн Б.Б ХК-аас авсан 3 тэрбум төгрөгийн зээлээр 2.5 тэрбум төгрөгийн зээлийг хаагаад үлдэгдлийг нь тоног төхөөрөмждөө зарцуулж, үлдэгдлээр нь 4 тэрбум төгрөгийг төлнө, энэ талаар гүйцэтгэх захиралд үүрэг болголоо гэх агуулгатай шийдвэр байдаг. Дээрх гүйлгээний баримт болон хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг харахад 600 сая төгрөгийн зээлийг хүчээр хаасан, 2.5 тэрбум төгрөгийн зээлийг хууль зөрчиж, хүсэл зоригоос гадуур хаасан гэх тайлбарууд нь үндэслэлгүй, энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан.

5.2. Хэргийн 85-86 дахь талд 4 зээл олгосон баримтууд авагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн 4 зээлийг бодитоор олгосон. Гэтэл нэхэмжлэгч талаас тухайн 4 зээлийг олгохдоо зээл олгосон дансыг битүүмжилсэн учраас зээлдэгч өөрөө захиран зарцуулж чаддаггүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч тал тухайн 4 зээлийн дансны хуулгыг хавсаргаж өгсөн бөгөөд эдгээр гүйлгээг харахад тухайн дансанд битүүмж тавьсан үйлдэл огт байхгүй. Хэрэв дансанд ямар нэгэн байдлаар битүүмж тавигдсан бол гүйлгээний утга болж заавал үлдэх боловч энэ талаар баримт огт байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлнэ гэж заасан. Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4.1, 4.2-т харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтоогоод зөвхөн гэрээнд энэ талаар заавал тусгана гэж заасан. Үүний дагуу талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бүрийн 3-т заасан хэсэг болон гэрээ бүрийн хүү шимтгэлийн танилцуулгын хавсралтууд байдаг. Эдгээр тайлбар бүрд зээлдэгчийн 73 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Төгсбаяр гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдэг дарж баталгаажуулсан. Иймд шимтгэлийн асуудлыг талууд гэрээгээр тохирсон, уг үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан журамд нийцсэн.

5.3. Дараа нь 4 тэрбум төгрөгийн зээлийн барьцаа хөрөнгийг зарснаар 3 тэрбум төгрөгийн зээлийг хаасан, зөвхөн 4 тэрбум төгрөгийн зээлээс төлөх байсан гэх агуулгыг гомдолд дурдсан. Хэргийн 155-188 дахть талд 3 тэрбум төгрөгтэй холбоотой зээл болон барьцааны гэрээнүүд авагдсан. Эдгээр нотлох баримтуудыг харахад зарсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь 3 тэрбум төгрөгийн барьцаанд байсан. Тухайн зээл 10.5 хувийн хүүтэй, жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан банкны өөрийнх нь эх үүсвэрийн зээл биш юм. Үүнтэй холбоотойгоор Б.Б ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал болон Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн 3 тэрбум төгрөгийн зээл нь 30 сарын хугацаатай, 4 тэрбум төгрөгийн зээл нь 84 сарын хугацаатай юм. Үүнд даруй буюу 2.5 дахин богино хугацаанд төлөгдөх ёстой зээл байсан. Тухайн зээлийн эх үүсвэр нь гуравдагч этгээдийн буюу татвар төлөгчийн мөнгө бөгөөд Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлтэй адил нөхцөлтэй. Зарагдсан барьцаа хөрөнгө нь 3 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. Нэхэмжлэгч талаас хэрэгт 2 төрлийн худалдах, худалдан авах гэрээг өгсөн. Үүнд гэрээний нэг тал нь Ултимэт стратеги групп ХХК, нөгөө тал нь М.М.С ХХК байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээний данс нь 3 тэрбум төгрөгийн зээлийн дансны дугаар байсан. Иймд тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор худалдсан.

5.4. Түүнчлэн банк зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн данснаас 200,000,000 төгрөг татаж, зээл төлүүлсэн гэж гомдолд дурдсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт дээрх агуулгыг дурдсан. Үүнд харилцагчийн данснаас мөнгө суутгаж зээл төлүүлсэн талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгасан учраас хууль зөрчсөн зүйл огт байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М.М.С ХХК нь хариуцагч Б.Б ХК-д холбогдуулан 2021 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Б.Б ХК болон М.М.С ХХК-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/682 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/791 дугаар болон ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнүүд тус тус байгуулагдсан, талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байгуулсан анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Түүнчлэн зээлийн хүүний талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ. Гэрээ тус бүрт дараах байдлаар дүгнэлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

3.1. Б.Б ХК болон М.М.С ХХК-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ/682 дугаар зээлийн гэрээгээр зээлийн хэмжээ 600,000 төгрөг, зээлийн хүү жилийн 18 хувь, хугацаа 60 сар гэж тодорхойлжээ.

Зээлдүүлэгчээс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 600,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн 769890013417 дугаар мемориалын баримт хэрэгт авагдсан, энэ талаар талууд маргаагүй.

Үүний дараа 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ/791 дугаар зээлийн гэрээгээр зээлийн хэмжээ 4,000,000,000 төгрөг, зээлийн хүү жилийн 18 хувь, хугацаа 84 сар, мөн ЗГ/792 дугаар гэрээгээр зээлийн хэмжээ 2,500,000,000 төгрөг, зээлийн хүү жилийн 18 хувь, хугацаа 84 сар, түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээгээр зээлийн хэмжээ 3,000,000,000 төгрөг, зээлийн хүү жилийн 10.5 хувь, хугацаа 30 сар гэж тус тус тодорхойлжээ.

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийг ЗГ/792 дугаар зээлийн гэрээний дагуу 2,500,000,000 төгрөг олгохоос өмнөх ЗГ/682 дугаар зээлийн гэрээний үүрэгт 604,734,246.57 төгрөгийг суутгаж 1,900,000,000 төгрөг зээл олгосон, мөн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээний дагуу 3,000,000,000 төгрөг олгохоос өмнөх ЗГ/792 дугаар зээлийн гэрээний үүрэгт 2,500,000,000 төгрөгийг суутгаж 500,000,000 төгрөг олгосон, зээл олгох зорилгогүй, чанаргүй зээлийн ангиллыг хэвийн хадгалах зорилгоор дүр үзүүлэн хийсэн, ашиглаагүй зээлд хүү тооцсон, мөн зарим стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр ЗГ/792, ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

а. Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000,0000 төгрөг болон 2,500,000,000 төгрөгийг тус банкин дахь нэхэмжлэгчийн 8100002267 тоот дансанд, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 8100002828 тоот дансанд тус тус шилжүүлсэн болох нь эдгээр дансуудын хуулга, 776090045044, 776090045061, 786090034968 тоот мемориалын баримтуудаар тогтоогдсон тул зээлдүүлэгч банкийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн гэж дүгнэнэ. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоожээ.

б. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 604,734,246.57 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2,535,753,424.36 төгрөгийг тус тус зээл хаав зориулалтаар шилжүүлсэн 8100002267, 8100002828 тоот дансууд нь нэхэмжлэгчийн эзэмшлийнх байх бөгөөд эдгээр данснаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр банк суутгал хийсэн гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

в. Нэг талаас Б.Б ХК зээл олгох, нөгөө талаас М.М.С ХХК зээл авч хүүгийн хамт буцаан төлөх хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөнгөн хөрөнгийн зохих шилжүүлгүүд бодитой хийгдсэн тул талуудыг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохоор хэлцэл хийсэн, мөн хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэх үндэслэлгүй. Түүнчлэн анхан шатны шүүх зээлийн гэрээний 3.11, 3.15, 4.2.12, 6.2.3 дахь заалтууд гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүйг зөв дүгнэжээ.

г. Иймээс талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан ЗГ/792, ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

4. Талууд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2,500,000,000 төгрөгийн үнийн дүнгээр зээл төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх ба ЗГ/791, ЗГ/792 дугаар зээлийн гэрээнүүдийн нөхцөлүүдийг хооронд нь харьцуулбал, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ЗГ/791 дугаар гэрээний зээлийн дүн 4,000,000,000 төгрөг буюу илүү хүнд нөхцөлтэй тул уг гэрээний үүрэгт тус 2,500,000,000 төгрөгийг тооцох нь зүйтэй.

ЗГ/791 дугаар зээлийн гэрээний үүргийг тооцвол, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 98 хоногт зээлийн хүүнд 193,315,068 төгрөг (4,000,000,000*18/365*98) тооцогдох бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 78,904,109.59 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 61,150,684.93 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 53,260,273.97 төгрөг, нийт 193,315,068 төгрөг төлж уг хугацааны зээлийн хүүг бүрэн төлсөн байна. Мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 200,000,000 төгрөг зээлд төлөгдөж зээлийн үлдэгдэл 3,800,000,000 төгрөг болсон ба уг дүнгээс 2,500,000,000 төгрөгийг хасч тооцсоноор зээлийн үлдэгдэл 1,300,000,000 төгрөг үлдэнэ. 2021 оны 07 дугаар сарын 07-09-ний өдрийн 2 хоногийн хүү 3,747,945 төгрөг (3,800,000,000*18%/365*2) бодогдоно.

Нэхэмжлэгчийн гомдолд дээрх 200,000,000 төгрөгийг түүний данснаас зөвшөөрөлгүй зээлд суутгасан гэж дурдсан байх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй.

 

5. Үүний дараа нэхэмжлэгч нь Ултимэт стратеги групп ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204114122 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Улаанхуаран /13300/ Улаанхуарангийн гудамж 101 байр 10 дугаар давхар 10 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,800,000,000 төгрөгөөр, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204114123 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Улаанхуаран /13300/ Улаанхуарангийн гудамж 101 байр 9 дүгээр давхар 8 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,400,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар тохирсон, үүнээс 3,950,000,000 төгрөг түүний зээлийн төлбөрт тооцогджээ.

Дээрх 3,950,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт дор дурдсанаар тооцох үндэслэлтэй.

5.1. Эдгээр хөрөнгө нь талуудын байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн БГ/1949 дугаар барьцааны гэрээгээр ЗГ/791 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар уг зээлийн гэрээний үүргийг хангуулна.

Тооцоог тодруулбал, өмнөх үлдэгдэл 1,303,747,945 төгрөг, мөн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 384 хоногийн хугацааны хүү 246,890,570 төгрөгөөс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 5,621,918 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 940,753 төгрөг тус тус хасагдаж үлдэх 240,327,899 төгрөг, нийт 1,544,075,844 төгрөг барьцаа хөрөнгө борлуулсны орлогоос төлөгдөж зээлийн гэрээ дуусгавар болно. Уг тооцооны дараа 2,405,924,156 төгрөг үлдэнэ.

5.2. ЗГ/1009 дугаар зээлийн гэрээгээр зээл 3,000,000,000 төгрөгт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны хүү 315,863,013 төгрөг төлөгдсөн тооцоолол зээлийн дансны хуулгад тусгагдсан ба 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацааны хуримтлагдсан хүү 15,534,246 төгрөгийг төлөх хугацаа нь болсон тул дээрх дүнгээс хасаж 2,390,389,910 төгрөг үлдэнэ.

5.3. Мөн ЗГ/792 дугаар зээлийн гэрээгээр зээл 2,500,000,000 төгрөгт 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны хүү 123,287,671 төгрөг төлөгдсөн тооцоолол холбогдох дансны хуулгад тусгагджээ.

Иймээс дээрх 2,390,389,910 төгрөгөөс төлөх хугацаа нь болсон үүрэг болох 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 384 хоногийн хүү 473,424,905 төгрөгийг хасаж үлдэх 1,916,965,005 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан дээрх зарчмын дагуу тус 2,500,000,000 төгрөгийн зээлийн дүнгээс хасаж уг гэрээний зээлийн үлдэгдлийг 583,034,995 төгрөгөөр тогтооно.

 

6. Хариуцагч банкны тооцооллоор 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд дор дурдсанаар хэсэгчлэн төлөгдсөн төлбөрүүдийг ЗГ/791 дугаар зээлийн гэрээнд тооцсоныг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар илүү хүнд нөхцөлтэй буюу 3,000,000,000 төгрөгийн зээлийн үнийн дүнтэй ЗГ/1009 дугаар гэрээний үүрэгт залруулж дүгнэнэ. Үүнд:

1. 2022.08.31 - 21,849,136.68 төгрөг:

2022.07.28-2022.08.31 хугацааны хүү 29,342,465.80 (3,000,000,000*10.5%/365*34) төгрөгөөс дээрх дүнг хасаад төлөөгүй үлдэх хүү 7,493,329.20 төгрөг болно,

2. 2022.09.19 - 21,860,000 төгрөг:

2022.08.31-2022.09.19 хугацааны хүү 16,397,260.30 (3,000,000,000*10.5%/365*19) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 2,030,589.47 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 2,997,969,410 төгрөг болно,

3. 2022.09.28 - 30,000,000 төгрөг:

2022.09.19-2022.09.28 хугацааны хүү 7,761,866.01 (2,997,969,410*10.5%/365*9) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 22,238,134 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 2,975,730,870 төгрөг болно,

4. 2022.09.29 - 2,934,055.53 төгрөг:

2022.09.28-2022.09.29 хугацааны хүү 856,032.17 (2,975,730,870*10.5%/365*1) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 2,071,625.90 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 2,078,023,360 төгрөг болно,

5. 2022.10.10 - 53,026,505.35 төгрөг:

2022.09.29-2022.10.10 хугацааны хүү 6,575,662.96 (2,078,023,360*10.5%/365*11) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 46,450,842.50 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 2,031,572,520 төгрөг болно,

6. 2022.11.10 - 53,960,439.12 төгрөг:

2022.10.10-2022.11.10 хугацааны хүү 18,117,174.10 (2,031,572,520*10.5%/365*31) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 35,843,265 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 1,995,728,740 төгрөг болно,

7. 2022.12.09 - 833,616.41 төгрөг:

2022.11.10-2022.12.09 хугацааны хүү 16,649,298.70 (1,995,728,740*10.5%/365*29) төгрөгөөс дээрх дүнг хасаад төлөөгүй үлдэх хүү 15,815,682.30 төгрөг болно,

8. 2022.12.10 - 53,026,505.35 төгрөг:

2022.12.09-2022.12.10 хугацааны хүү 574,113.74 (1,995,728,740*10.5%/365*1) төгрөг, дээрх дутуу төлөлт 15,815,682.30 төгрөгийн хамт дээрх дүнгээс хасаад зөрүү 36,636,709.30 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 1,959,092,030 төгрөг болно,

9. 2023.01.10 - 3,135,678.24 төгрөг:

2022.12.10-2023.01.10 хугацааны хүү 17,470,807 (1,959,092,030*10.5%/365*31) төгрөгөөс дээрх дүнг хасаад төлөөгүй үлдэх хүү 14,335,128.80 төгрөг болно,

10. 2023.02.03 - 51,658,377.28 төгрөг:

2023.01.10-2023.02.03 хугацааны хүү 13,525,786.10 (1,959,092,030*10.5%/365*24) төгрөгийг хасаад зөрүү 38,132,591.10 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 1,920,959,440 төгрөг болно,

11. 2023.02.10 - 4,339,622.72 төгрөг:

2023.02.03-2023.02.10 хугацааны хүү 3,868,233.39 (1,920,959,440*10.5%/365*7) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 30,377.35 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 1,920,928,620 төгрөг болно,

12. 2023.02.28 - 82,270,336.01 төгрөг:

2023.02.10-2023.02.28 хугацааны хүү 9,946,726.29 (1,920,928,620*10.5%/365*18) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 72,323,609.70 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 1,848,605,010 төгрөг болно,

13. 2023.02.28 - 911,245,589.99 төгрөг:

зээлийн дээрх үлдэгдлээс хасаад зээлийн үлдэгдэл 937,359,420.01 төгрөг болно,

14. 2023.03.29 - 13,181,687.92 төгрөг:

2023.02.28-2023.03.29 хугацааны хүү 7,819,888.86 (937,359,420.01*10.5%/365*29) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 5,361,799.05 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 931,997,621.25 төгрөг болно,

15. 2023.04.10 - 14,312.08 төгрөг:

2023.03.29-2023.04.10 хугацааны хүү 3,217,306.85 (931,997,621.25*10.5%/365*12) төгрөгөөс дээрх дүнг хасаад төлөөгүй үлдэх хүү 3,202,994.77 төгрөг болно,

16. 2023.06.13 - 302,000 төгрөг:

үүнийг дутуу төлөлтөөс хасахад төлөөгүй үлдэх хүү 2,900,994.77 төгрөг үлдэнэ,

17. 2023.07.21 - 50,000,000 төгрөг:

2023.04.10-2023.07.21 хугацааны хүү 27,347,108.28 (931,997,621.25*10.5%/365*102) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 22,652,891.71 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 909,344,729.78 төгрөг болно,

18. 2023.07.27 - 32,000,000 төгрөг:

2023.07.21-2023.07.27 хугацааны хүү 1,569,553.91 (909,344,729.78*10.5%/365*6) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 30,430,446.08 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 878,914,283.69 төгрөг болно,

19. 2023.08.04 - 50,000,000 төгрөг:

2023.07.27.-2023.08.04 хугацааны хүү 2,781,221.91 (878,914,283.69*10.5%/365*11) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 47,218,778.08 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 831,695,505.60 төгрөг болно,

20. 2023.09.05 - 45,000,000 төгрөг:

2023.08.04-2023.09.05 хугацааны хүү 7,656,155.88 (831,695,505.60*10.5%/365*32) төгрөгийг дээрх дүнгээс хасаад зөрүү 37,343,844.11 төгрөгийг зээлд тооцож зээлийн үлдэгдэл 794,351,661.48 төгрөг болно.

 

7. Дээрх 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаарх тооцоог нэгтгэвэл, ЗГ/792 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 583,034,995 төгрөг, түүний хүү 116,159,739 төгрөг, мөн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 794,351,661 төгрөг, дээр дурдсан дутуу төлөгдсөн хүү 24,729,452 төгрөг, нийт 1,518,275,847 төгрөг төлөгдөөгүй байна.

Шүүх зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн үүргийг зөв тогтоож чадаагүйг дээрх байдлаар зөвтгөж дүгнэх ба хариуцагчаас ЗГ/792 дугаар гэрээнд илүү төлсөн зээлийн хүү 123,287,671 төгрөг, ЗГ/1009 дугаар зээлийн гэрээнд илүү төлсөн зээлийн хүү 331,397,260 төгрөг, ЗГ/791 дугаар зээлийн гэрээг барьцаа үл хөдлөх эд хөрөнгө 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр худалдан борлуулснаар дуусгавар болох үндэслэлээр үүнээс хойш төлсөн зээлийн хүү 622,285,423 төгрөгийг тус тус буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

8. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээнд шимтгэл, өргөдлийн хураамж төлөхөөр харилцан тохиролцсон, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгтээр зээлдэгчид танилцуулж баталгаажуулсан үйл баримтыг зөв тогтоож, уг нөхцөлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймээс шимтгэл 22,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл мөн үндэслэлгүй.

 

9. Дээрх үндэслэлээр маргааны үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасан удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2024/01275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,468,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА