| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0678/Э |
| Дугаар | 677 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 07321 0825 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Д
Холбогдсон хэргийн талаар:
А.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” хороололын 902 дугаар байрны 99 тоотод байрлах орцонд иргэн Г.Ганбаярыг нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв ярьсан тул ярих зүйлгүй. Хохиролд 260.000 төгрөг өгсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ганбаярын өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 05-ныөдөр би сургууль дээрээ байж байгаад ангийнхаа Болдоо гэх хүүхэдтэй найз Дөлгөөний гэрт очоод байж байсан чинь Дөлгөөний нутгийн Мэндээ гэдэг хүүхэд найз Дадиа гэх хүүхэдтэй ирсэн. Тэгээд цуг байж байгаад Дадиа нь пиво авч уух уу гээд 2 том пиво авч бүгдээрээ цуг ууж дуусаад Болдоогийн найз охин нь утсаар дуудаад Болдоо яваад өгсөн. Болдоог явсны дараа бид нар дахиж дэлгүүр гараад нэг шил архи нэг пиво авч уучихаад дэлгүүр ороод юм аваад Дөлгөөний гэр рүү орох гээд байж байсан чинь Дөлгөөн байрны гадаа нилээн согтчихсон босохгүй суугаад байхаар нь би оръё гээд Дөлгөөний мөрөн дээрээс татсан чинь Дадиа чи яагаад байгаа юм гээд шууд миний нүүр рүү мөргөсөн чинь миний хамарнаас цус гарахаар нь би тонгойсон чинь Дадиа, Мэндээ, Шинээ гурвын хэн нь өшиглөсөн юм мэдэхгүй, нэг нь миний нүүр рүү өшиглөсөн чинь би хоёр машины завсраар ороод уначихсан чинь Мэндээ боль, юу болоод байгаа юм гэсэн чинь Дөлгөөний эмэгтэй дүү Өнөрөө гэх охин гарч ирээд болиоч та нар яагаад байгаа юм гээд намайг зүгээр үү гэхээр нь би юу ч хэлээгүй гэр рүү нь ороод нүүрээ угаачихаад гарах гэж байсан чинь Дөлгөөн, Мэндээ, Шинээ нар гаднаас орж ирэхээр нь би Дөлгөөнийг авч гараад орцонд нь чи намайг найз нараараа зодууллаа, чи яасан хөгийн юм гэсэн чинь Дөлгөөн андаа чи яасан юм гэж хэлэхээр нь би танай найз нар намайг зодчихлоо гэсэн чинь Дөлгөөн хэн юм гээд эргээд гэр рүүгээ гүйгээд орсон чинь зөрөөд Дадиа гарч ирээд дахиад намайг мөргөөд дахиж миний хамарнаас цус гаргаад би арагшаагаа унасан чинь Дөлгөөний охин дүү Өнөрөө гарч ирээд Дадиаг боль гээд гэр рүүгээ түлхээд орчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Дөлгөөний өгсөн: ...Тэгээд уучихаад байж байсан чинь Шинэтулга ирээд нэг пиво аваад тэрийг нь уугаад сууж байснаа санаж байгаа, нэг мэдсэн би гадаа унтаж байсан. Тэгээд гэртээ ороод ирсэн чинь Ганбаяр байхгүй явсан, нөгөө хэд унтсан байхаар нь би унтсан. Өглөө босоод утсаа шалгасан чинь Ганбаяр над руу ална аа чамайг, чи хогийн гөлөг байна шүү дээ гээд чатаар над руу өөрийнхөө зургийг явуулсан чинь хамар нь хавдаад толгойных нь ар тал дээр хагарсан зураг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мэндбаярын өгсөн: ...Би нэг их удаагүй тамхи татах гээд гадаа гарсан чинь орцны баруун урд түжигнэх чимээ гарсан. Тэгэхээр нь яваад очсон чинь Ганбаярын хамарнаас цус гарчихсан хоёр машины голд дээшээ хараад хэвтчихсэн, хажууд нь А.Д зогсчихсон, Дөлгөөн хажуу талынх нь сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би бодохдоо А.Д Ганбаярыг зодсон байх гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10901 дугаартай шинжээчийн:
1. Г.Ганбаярын биед хамрын ясны баруун хажуу ханын зөрүүтэй, зүүн хажуу хананы зөрүүгүй далд хугарал, хамрын таславчийн мурийлт, дагзны хуйханд няцарсан шарх, цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 1-р шүдний эмтрэл, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн А.Д : ...тэгээд юм ярьцгаагаад сууж байсан чинь Ганбаяр Дөлгөөнд чи ХААИС-н хүүхдүүдийн доор орлоо гээд хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би босч ирээд Ганбаярт чи одоо яагаад байгаа юм бэ гэсэн чинь миний өөдөөс юу гэснийг нь сайн санахгүй байна, тэгээд Ганбаяр намайг бариад авсан. Тэгэхээр нь би Ганбаярын нүүр рүү нь нэг удаа мөргөсөн чинь Ганбаярын хамарнаас нь цус гараад Мэндээ, Шинээ хоёр бид хоёрыг салгасан...Тэгээд Ганбаяр бид хоёр дахиж муудалцаад намайг бариад авахаар нь би нүүр рүү нь дахиад мөргөсөн чинь хамраа бариад доошоо тонгойхоор нь би өвдөглөх гэсэн чинь Шинээ миний хөлийг барьж аваад салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/,
- Шүүгдэгч А.Д иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тододрхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30, 35, 36 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” хорооллын 902 дугаар байрны 99 тоотод байрлах орцонд иргэн Г.Ганбаярыг нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Г.Ганбяр нь хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул А.Д д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
А.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” хороололын 902 дугаар байрны 99 тоотод байрлах орцонд иргэн Г.Ганбаярыг нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Ганбаяр, яллагдагч А.Д нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10901 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Дэшзэвгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Г.Ганбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба эмчилгээний зардал хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Дашзэвгийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 44 дүгээр тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Д нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Г.Ганбаяр гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул А.Д д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Д д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай..
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Г.Ганбаяр нь энэ гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ