Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00743

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр                       Дугаар 142/ШШ2016/00858                                  Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 54 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-20-03 тоотод оршин суух, Монгол овгийн Жамьянсүрэнгийн Сүрэнхандын /регистрийн дугаар ФМ62070344/ хүсэлттэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд, гэрч Д.Тогосоо, Б.Дайриймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сүрэнханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс одоог хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт сувилалын цогцолборт бэлтгэгч тогоочоор тасралтгүй ажиллаж байна. Гэтэл анх ажилд орсон тушаал ажилласан жилийн бичилт Орхон аймгийн болон Эрдэнэт үйлдвэрийн архивт байхгүй байна. Иймд 1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Эрдэнэт Сувилалын цогцолборт бэлтгэгч тогоочоор ажилласан жилийг тогтоож өгнө үү.1995 оны 01 дүгээр сараас нийгмийн даатгалд хамрагдсан бичиг баримт гүйцэт байгаа учраас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сүрэнханд нь 1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэт Сувилалын цогцолборт бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрт “1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэт Профилактори сувилалд гал тогооны туслах ажилчнаар авч ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 076452 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов” гэжээ.

2.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт сувилалын цогцолборын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 136 дугаар албан бичигт “Ж.Сүрэнханд нь манай компанийн эмнэлэг сувилалын алба, Зоогийн газарт гал тогооны ажилтан албан тушаалд 61341 бүртгэлийн дугаартай ажилладаг нь үнэн болно” гэжээ.

 2.1981 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон 430044 тоот Монголын Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэхэд “1985 оноос 1990 оныг 08 дугаар сарыг дуустал тасралтгүй бичилт хийгдсэн.

 3.Гэрч Б.Дайриймаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр УБҮийн Профилактори сувилалд хоол зөөгчөөр ажилд орж дараа нь бэтгэгч, тогоочоор одоог хүртэл тасралтгйү ажиллаж байна. Сүрэнханд нь 1985 оны 01 сард зөөгчөөр анх ажилд ороод бэлтгэгч тогоочоор одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн болно” гэжээ.

4.Гэрч Б.Дайриймаагийн Хөдөлмөрийн дэвтэрт “1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэт Профилактори сувилалд зөөгчөөр авч ажиллуулав” гэжээ.

5.Гэрч Д.Тогосоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс УБҮ-ийн Профилактори сувилалд зөөгчөөр ажилд орж дараа нь тогоочоор одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Ж.Сүрэнханд нь 1985 оны 01 дүгээр сард бэлтгэгч тогоочоор ажилд орж байсан одоог хүртэл тасралтгүй аиллаж байгаа нь үнэн болно” гэжээ.

6.Гэрч Д.Тогосоогийн Хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт Профилактори сувилалд хоол зөөгчөөр авч ажиллуулав” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Сүрэнханд нь 1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэт Сувилалын цогцолборт бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан нь түүнд 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон 430044 тоот Монголын Үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, гэрч Д.Тогосоо, Б.Дайриймаа нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Тогосоо, Б.Дайриймаа нарыг гэрчээр асуусан ба гэрч Д.Тогосоо, Б.Дайриймаа нар 1983 оноос 1994 оныг дуустал Эрдэнэт сувилалын гал тогоонд бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа нь тэдний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ж.Сүрэнхандаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Монгол овгийн Жамьянсүрэнгийн Сүрэнхандыг 1985 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Эрдэнэт Сувилалын цогцолборт бэлтгэгч тогоочоор  ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Сүрэнхандаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА