Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01003

 

2024 05 13  210/МА2024/01003

 

 

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/01636 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч хүсэлттэй, Л.А г албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарын агуулга:

Л.А нь Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, То ван гудамж ** дүгээр байр, * тоотод оршин суудаг. Архинд донтох өвчний гуравдугаар зэргийн донтолттой, байнга архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, хэл амаар доромжилж, ёс бус үйлдэл гаргадаг. 88 настай ээждээ хүчирхийлэл үйлддэг. Урьд нь олон удаа арга хэмжээ авахуулж байсан тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Би сүүлийн үед архи уудаг болсон. Хүү, хамтран амьдрагчийн асуудлаас болоод архи уучихдаг. Биеийн тамирын их сургуулиас тэтгэвэртээ гарсан ч гэсэн тэндээ багшилдаг. Одоо Францын олимпод хүүхэд бэлдэж байгаа. Энэ байдлаасаа гарахыг бодож байгаа, сувилалд явах гээд бэлдэж байсан юм. Энэ асуудлын 50 хувь нь миний буруу байгаа. Ээжид хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, То ван гудамж, 24 дүгээр байр 7 тоотод оршин суух, Цогт овогтой Лхагвасүрэнгийн Алимааг албадан эмчилгээнд хамруулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Л.А г албадан эмчлэх эмнэлэгт хүргүүлж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Төв аймаг Баян суманд байрлах архины албадан эмчилгээнд ирсэн. Би Үндэсний биеийн тамирын дээд сургуульд үндсэн багшаар ажилладаг. Бас өөрийн төрсөн ээж 83 настай Д.Бхыг асран хамгаалагчаар нэг гэрт амьдардаг. Энэ хүн асран хамгаалах хүнгүй тул намайг энэ албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ХУДЦНХ нь Л.А г  албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан ба гуравдагч этгээд нь албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан агуулга бүхий тайлбар гаргажээ. 

3. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаар тодорхойлолтод Л.А  нь тус хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, гудамж талбайд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг талаар дурдсан байх ба уг нөхцөл байдал нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны хэсгийн ахлагч Ё.Янжиндуламын тайлбараар нотлогджээ. Түүнчлэн Л.А нь 2011 оноос хойш удаа дараа эрүүлжүүлэгдсэн, согтуугаар танхайрсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан талаар Захиргааны зөрчлийн мэдээллийн баримтад тусгагдсан, мөн архинд донтох эмгэг өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөв үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан тул шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.А гийн давж заалдах гомдолд өндөр настай эхийгээ асардаг гэх нөхцөл байдлын талаар дурдсан ба энэ үндэслэл нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж заасанд хамаарахгүй тул гомдлыг хангах боломжгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/01636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.А гийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА