Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Л.Бурмаа ҮД:04-75 нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б.А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0700 81839 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А

Холбогдсон хэргийн талаар:

           Б.А  нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мир” караоке бааранд иргэн Б.Одбаяртай маргалдан нүүрэн тус газар цохих, өвдөглөх зэргээр зодож, Б.Одбаярын биед цээжний зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн  хохиролд 1.000.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдан шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Одбаярын: ...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр би шөнийн зах дээр байдаг лангуугаа 23 цагийн үед хаагаад найз Мандатай уулзаад пиво ууя гээд “Хос гутал” худалдааны төвийн доор байрлах караокед орсон. Нийтийн задгай караоке байсан. Найзын хамт пиво захиалж уусан. Тухайн караокены текэн дээр очиж нэг пиво уусан. Тухайн үед текэн дээр байсан нэг залуутай маргалдаад байсан. Тамхины өрөө рүү орж тамхи татчихаад эргэж гарч ирээд нэг пиво өгчих гэхэд хааж байна, пиво зарахгүй гэхээр нь кофе авч уугаад баарнаас бид нар салсан. Тухайн газар хааж байсан. Тэнд маргалдаад зодолдоод нэг мэдэхэд газар уначихсан байсан. Хамгаалагч залуу намайг босгох гээд татаад байсныг санаж байна. Би босч чадахгүй хэсэг хэвтсэн. Найз Манда эргэж ирээд бид хоёр такситай манай гэр рүү харьсан. Гэртээ очоод эхнэр найзынхаа хамт Гэмтлийн эмнэлэгт орж үзүүлэхэд 2 хавирга хугарсан байна гэсэн. Зүүн талын 5-6 хавирга гэж байсан. Нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Үүрийнтуяагийн өгсөн: ...2008 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байхад найз Б.А нэг залуугийн хамт миний ажил дээр үйлчлүүлсэн. 00 цаг өнгөрч байхад ширээн дээр сууж байсан хоёр залуу текэн дээр ирээд надтай юм яриад янз янзын юм асуугаад байсан...Б.А тамхи татах гээд тамхи өрөө рүү явахад араас нь тэр хоёр залуу тамхины өрөө рүү орсон. Хэсэг хугацааны дараа гарч ирээд тэр гурав  юм ярьж байх үед Ариунболдын хамт явж байсан дүү нь гэх залуу нөгөө залууд хандаж ахаа та адилхан ууж идсэн юм байж энийг арай хэтэрхий доромжилж байна гэж хэлсэн. Нөгөө хоёр гараад явчихсан. Б.А нөгөө хоёр чинь явчихлаа, явах болж байна уу гэж асуусан. Заалаа цэвэрлээд гарахын алдад нөгөө хоёр залуу ороод ирсэн. Текэн дээр ирж суугаад уух юм авмаар байна гэж хэлэхээр нь манайх хаачихсан юм зарахгүй гэхэд кофе ч болтугай өгөөдөх гэж хэлсэн. Хаалаа гээд тэр хоёр ахыг түлхэж гаргаад түгжээд гарсан. Гадаа гарч ирэхэд нөгөө хоёр залуу байж байсан. Зөөгч Мөнхтуяаг түрүүлээд явчих бид хоёр явчихъя гээд явуулсан. Такси барих гээд зогсож байхад нөгөө хоёр залуу ирээд Ариунболдтой хэрэлдээд байсан. Ариунболдыг янз янзаар хэлээд шарыг малтаад байсан. Маргалдаж байх үед зодуулсан гээд байсан залуу Б.А руу дайрсан. Би хамгаалагч Бат-Эрдэнийг дуудсан. Хамгаалагч гарч ирэхээс өмнө хамт явсан залуу гүйгээд явчихсан. Салгаад холдуулахаар Б.А руу дайраад байсан. Тэр хоёр бие бие рүүгээ дайраад ганц хоёр удаа бие биенээ цохисон. Тэр залуу газар уначихсан хамгаалагч тухайн залууг өргөж босгож байсан. Би Ариунболдыг аваад гэр рүүгээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн: ...Хамгийн сүүлийн хүнээ гаргаж байх үед нөгөө хоёр залуу эргээд ороод ирсэн. Манайх одоо хааж байна гэж тэр хоёр залууд хэлэхэд за за гэж байсан. Тэр хоёр буцаад гараад явсан. Би дээшээ гараад үүдэн дээр зогсож байхад зоддог залуу гараад явж байсан. Араас нь бармен хүүхэн зөөгчийнхөө хамт гарч байсан. Нөгөө агсраад байсан залуу Бармены найз залууг татаж чангаагаад байсан. Зодуулсан гэх залуу бармены найз залууг эхэлж нэг удаа цохисон. Бармены найз залуу нэг удаа нүүрэнд нь цохичихоод нэг өвдөглөсөн. Тэр үед нөгөө залуу газар унасан. Би тухайн хүмүүс дээр очсон. Б.А тэр залуу руу дайраад байхаар нь би дундуур орж салгасан. Найз охин нь аваад замын цаанаас такси бариад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.А ын: ...Үүрийнтуяа бид хоёр явах гэхэд нөгөө хоёр залуу одоо хаачих гэж байгаа юм гэж асуухаар нь би уурлаад өөрт чинь ямар хамаатай юм одоо явчихаач гэхэд амандаа үглээд зогсоод байсан. Бид хоёр маргалдаж байхад хамгаалагч залуу гарч ирээд надад зодуулсан гэх залуу надаас холдуулсан. Харин би хамт явсан залуутай нь барьцалдаад авсан. Тэр залуу бид хоёр салсан. Нөгөө залуутай муудалцахад хамгаалагч голоор орж салгасан. Тэр залуу миний нүүр рүү цохихоор нь би өвдөглөчихсөн чинь тэр залуу газар унасан. Хамт явсан залуу яваад өгсөн. Би тэр залуу дээр та битгий ингэ, би танд зөндөө хэлээ биз дээ хүний тэвчээрийг барах юм аа гэж хэлэхэд ахын дүү уучлаарай больё гэхээр нь би найз охиныхоо хамт такси бариад гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1283 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн:

  1. ШШҮХ-ийн ШЭШГ-ийн №10384 тоот дүгнэлт үндэслэл муутай байна.

2. Б.Одбаярын биед учирсан зүүн 5, 6-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтлийг авсан хүн идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Шинжээч эмч Т.Амартүвшин, Ш.Цэцэгмаа, Б.Долгормаа гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.А ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36, 72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Б.А  нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мир” караоке баараны гадаа иргэн Б.Одбаярын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.

             Шүүгдэгч Б.А  нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мир” караоке бааранд иргэн Б.Одбаяртай маргалдан нүүрэн тус газар цохих, өвдөглөх зэргээр зодож, Б.Одбаярын биед цээжний зүүн 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн газар хааж байсан. Тэнд маргалдаад зодолдоод нэг мэдэхэд газар уначихсан байсан. Хамгаалагч залуу намайг босгох гээд татаад байсныг санаж байна. Би босч чадахгүй хэсэг хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1283 дугаартай дүгнэлтийн “...Б.Одбаярын биед учирсан зүүн 5, 6-р хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар тал/,

            - Б.А ын яллагдагчаар өгсөн “...Нөгөө залуутай муудалцахад хамгаалагч голоор орж салгасан. Тэр залуу миний нүүр рүү цохихоор нь би өвдөглөчихсөн чинь тэр залуу газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Мөрдөн шалгалтын явцад хохирогч Б.Одбаярт 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ хэргийн материалтай танилцах үедээ илэрхийлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 67 дугаар тал/

            Гэвч хохирогч Б.Одбаярын эрүүл мэндэд учирсан гэмтлийг харгалзан тэрбээр цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Монгол  улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А  нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Одбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах шүүхэд  гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ