Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00106

 

 

                                       С.Энхзулын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 596 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Энхзулын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Энхцэцэг, Д.Өвгөнхүү нарт холбогдох

“21.450.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Энхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Энхзул өөрийн хамаатан Ц.Энхцэцэг, түүний нөхөр Д.Өвгөнхүү нарт 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байр худалдаж авах зөрүү болон цалингийн зээл төлөх шаардлагатай байна гэсний дагуу 13.000.000 төгрөг зээлдүүлсэн. Ингээд зээлээ төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Уг зээлийн хүү гэж 650.000 төгрөгөөр 3 удаа авсан. 2 удаад нь бэлнээр авсан, нэг удаад нь Өвгөнхүү дансаар өгсөн. Ингээд төлөлт хийхгүй болсон удаа дараа энэ асуудлаар хандахад удахгүй төлнө гэдэг болсон. 2016 оны 02 дугаар сард ирээд өдий болтол хүлээж араас нь хөөцөлдөж байгаа боловч нэг ч төгрөг өгөөгүй. Тэдэнтэй уулзахад тухайн мөнгийг хоршооноос зээлсэн мөнгөө төлөх гээд авсан юм гэх болсон. Уг зээлийг Өвгөнхүү авсан байсан гэсэн. Ингээд эгч ах 2 удаа дараа төлнө гэсээр байгаад 2016 оны 03 дугаар сарын 04-нд уулзахад шүүхээр явж шийдүүлье, бид 2 өртэй учраас цалингаас маань 50 хувь хүртэл суутгал авчихаад байна мөн цалингийн зээлтэй учраас төлж чадахгүй байна гэсэн. Ингээд арга буюу шүүхэд хандаж байна. Ц.Энхцэцэг Д.Өвгөнхүү нараас үндсэн зээл 13.000.000 төгрөг, хүү 1.950.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 21.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Энхцэцэг би өөрийн төрсөн дүү С.Энхзулаас гаргасан Ц.Энхцэцэг, Д.Өвгөнхүү нараас үндсэн зээл 13.000.000 төгрөг, хүү 1.950.000 төгрөг, алданги 6.500.000 төгрөг, нийт 21.450.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцлаа. С.Энхзул нь тусдаа өссөн, ургийн овог болон эцгийн нэр өөрөөр бүртгэгдсэн боловч миний төрсөн дүү юм. Надад зайлшгүй шаардлагатай болсон учраас дүү С.Энхзулаасаа          13.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлж авсан юм. Зээл авсанаасаа хойш 650.000 төгрөгийг 3 удаа буюу 1.950.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Энэ зээлийг дүүгээсээ аваад одоо төлж чадахгүйд хүрээд С.Энхзултай уулзаад хугацаагаа сунгачих эгч нь үндсэн мөнгийг чинь төлье, хүү алдангийг бол төлж чадахгүйд хүрээд байна гэж хэлэхэд тэр зөвшөөрөөгүй бөгөөд одоо шүүхэд нэхэмжпэл гаргасан байна. Эгч дүү хүмүүс болохоор ойлголцох байх гэж бодож байтал ийнхүү нэхэмжпэл гаргасан байна. Ийм болохоор миний зүгээс дүүгээсээ зээлсэн 13.000.000 төгрөгийг л төлнө, харин хүү болон алдангийг төлөхгүй гэсэн байр суурьтай байна гэжээ.

Хариуцагч Д.Өвгөнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал болгож байгаа 17.000.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөх ямар ч боломжгүй. Бид эхнэрийн дүүгээс 13.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Би нэхэмжилж байгаа 21.450.000 төгрөгийг төлье, гэхдээ хугацаа хэрэгтэй” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 596 дугаар шийдвэрээр: Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэг, Д.Өвгөнхүү нараас 21.450.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Энхзулд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхцэцэг, Д.Өвгөнхүү нараас 265.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Энхзулд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Өвгөнхүү давж заалдах гомдолдоо: С.Энхзул нь тусдаа өссөн, ургийн овог болон эцгийн нэр өөрөөр бүртгэгдсэн боловч манай эхнэрийн төрсөн дүү юм. Эхнэр Ц.Энхцэцэг маань дүү С.Энхзулаасаа 13.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлж авсан юм. Зээл авсанаасаа хойш 650.000 төгрөгийг 3 удаа буюу 1.950.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Авсан зээлээ төлж чадахгүйд хүрээд С.Энхзултай уулзаад хугацаагаа сунгах талаар дүүдээ санал тавихад дүү нь зөвшөөрөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасан үед Ц.Энхцэцэг дүүгээсээ зээлсэн 13.000.000 төгрөгийг л төлнө, харин хүү болоод алдангийг төлөхгүй гэж тайлбарлаж байсан. Харин би 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг байгуулаагүй, гэрээний зээлдэгч тал биш учраас тухайн зээлийг хариуцах учиргүй гэсэн тайлбар гаргаж байсан юм.

Гэтэл эхнэр бид хоёрыг хамтад нь хариуцагчаар татаж, шүүх хуралдаанд эхнэр Ц.Энхцэцэгийг ээлжийн ажилтайн улмаас шүүх хуралдаанд ирээгүйн учир түүнийг төлөөлөн нэхэмжилж байгаа мөнгийг төлөхөд хугацаа хэрэгтэй гэж хэлснийг шүүх буруу ойлгож зээлийн төлбөрийг эхнэр бид хоёроос гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь тухайн зээлийг манай эхнэр Ц.Энхцэцэг авахдаа зөвхөн 13.000.000 төгрөгийг л авсан, өгсөн гэж гэрээ байгуулж баталгаажуулж байна л гэж бодсоноос биш хүү, алданги тооцож байна гэж огт ойлгоогүй, амаараа бол хүүгүй, боломжит хугацаандаа авсан үндсэн мөнгөө төлнө л гэж ойлгож гэрээнд ёс төдий хандаж гарын үсэг зурсан гэж хэлдэг, энэ талаараа шүүх хуралдаанд өөрөө оролцож өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадаагүй юм.

Иймд тухайн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Ц.Энхцэцэг, харин би хариуцагч биш болох нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр нотлогдож байгаа учраас намайг хариуцагчаар тогтоосон шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: Тухайн зээлийг би дүүгээсээ авахдаа зөвхөн 13.000.000 төгрөгийг л авсан, өгсөн гэж гэрээ байгуулж баталгаажуулж байна л гэж бодсоноос биш хүү. алданги тооцож байна гэж огт ойлгоогүй. амаараа бол хүүгүй. боломжит хугацаандаа авсан үндсэн мөнгөө төлнө л гэж ойлгож гэрээнд ёс төдий хандаж гарын үсэг зурсан, энэ талаараа шүүх хуралдаанд өөрөө оролцож өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадаагүй, анхан шатны шүүх надад энэ эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй юм. Би шүүх хуралдаанд оролцоогүй учраас миний нөхөр Д.Өвгөнхүү, намайг оролцуулагүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжгүйг илэрхийлж чадаагүй, мөн дүү С.Энхзул бид 2-ын хооронд байгуулсан гэрээний жинхэнэ бодит байдлыг мэддэггүй учраас эрхээ хамгаалж чадаагүй гэж үзэж байна. Дүү С.Энхзул бид 2-ын байгуулсан гэх гэрээ нь үндсэн 13.000.000 төгрөгний зээлийг авснаас хойш. өгсөн авсанаа баталгаажуулж, бичгээр үйлдсэн гэрээ болохоос биш, хүү алданги тооцохоор талуудын хүсэл зоригийг дагуу хийгдсэн гэрээ биш юм. Энэ гэрээг С.Энхзул сүүлд бичгээр хийсэн нь нөхрийнхөө шаардлагаар баримтжуулах зорилгоор авсан баримт гэж би үзэж байгаа тул тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцуулах хүсэлтэй байна. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасан хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2-т заасан хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ийм ч учраас дүү С.Энхзул маань надтай нүүр тулан уулзахгүй, шүүхийн ажиллагаанд өөрийгөө бусдаар төлөөлүүлэн оролцож, надтай уулзахаас татгалзаж, зайлсхийж байна гэж үзэж байна.

Иймд тухайн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь би учраас манай нөхөр Д.Өвгөнхүүг хариуцагчаар тогтоосныг өөрчлөх, С.Энхзул бидний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Энхзул нь хариуцагч Ц.Энхцэцэг, Д.Өвгөнхүү нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 21.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Энхзул, хариуцагч Ц.Энхцэцэг нар 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй, хугацаандаа төлөхгүй бол 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч, зээлийн гэрээ байгуулжээ.

Хариуцагч Д.Энхцэцэг зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч З.Энхзул Д.Өвгөнхүү нь мөнгийг тоолж аваад зээлээ төлнө гээд явсан. Хоршооноос авсан зээлээ Д.Өвгөнхүүгийн нэр дээр авсан байсан. Д.Өвгөнхүү нэг удаа дансаар хүү төлсөн гэсэн үндэслэлийг нэхэмжлэлдээ зааж, Д.Өвгөнхүүг Ц.Энхцэцэгийн хамт хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч З.Энхзул нь Д.Өвгөнхүүг зээлийн гэрээний нэг тал биш хариуцах үндэсгүй гэх боловч шүүх хуралдаанд “...би нэхэмжилж байгаа 21.450.000 төгрөгийг төлнө хугацаа хэрэгтэй” гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дүнг хүлээн зөвшөөрч байх тул зээлийн үүргийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Гэр бүлийн гишүүн эхнэр нөхөр гэр бүлийн хэрэгцээнд зориулан 13 сая төгрөгийг зээлдэн авсан ба Д.Өвгөнхүү нь энэхүү зээлийн харилцаанд оролцоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хариуцагч Ц.Энхцэцэгийн Д.Өвгөнхүүг хариуцагчаар тогтоосныг өөрчлүүлэх гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Өвгөнхүү, Ц.Энхцэцэг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Өвгөнхүүгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

                                  ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                              БАТТӨР

                                                              ШҮҮГЧИД                                      Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.УРАНЧИМЭГ