Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/0015

 

“Д г т м” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газрын

Нийцлийн аудитын газрын захирал бөгөөд

Тэргүүлэх аудитор, ахлах аудитор, аудиторууд, Стратеги,

удирдлагын газрын ахлах шинжээч, Нийслэл дэх Төрийн

аудитын газрын аудиторууд, Монгол Улсын

Ерөнхий аудиторт тус тус холбогдох

Захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Х.Батсүрэн

Танхимын тэргүүн:       Д.Мөнхтуяа

шүүгчид                          Г.Банзрагч

           П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Д.Батбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0403 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 689 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Z H, Z L, Б.Т, Д.Х, нэхэмжлэгчийн орчуулагч T W, хариуцагч Л.Н, Б.Ө, Б.Э, В.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, В.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ч.Н нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор, ахлах аудитор, аудитор нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаар албан шаардлагын нэг дэх хэсгийг хүчингүй болгуулах,

1.2.Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

1.3.Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал, ахлах аудитор, Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч, Санхүүгийн аудитын газрын аудитор, нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторууд нарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 647/А0160135, НА-2019/02/-НА, НАГ-2019/04/-НА дугаартай албан шаардлагын шаардах хэсгийн нэг дэх заалт, хавсралтын нэг дэх хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

1.4.Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/85 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлэх тухай” 04/268 ҮАГ-НАГ/2018/03-НА дугаар албан шаардлагын 1 дэх хэсэгт “Газрын тосны газар /хуучин нэрээр/ нь гэрээлэгчийн 2014 оны хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан тосны тайлан, тос хуваалт, өртөг нөхөгдөх зардлын тайланг зардлын ангилал, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай тулгаж, хянаж нэгтгээгүйгээс гэрээлэгч тооцооллыг зөрүүтэй тайлагнаж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, “БХГ-97”-ийн хавсралт “С”-д нийцээгүй гэж үзэж, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5-д заасныг үндэслэн дутуу төвлөрүүлсэн 2,171,023.99 /хоёр сая нэг зуун далан нэгэн мянга хорин гурван ам доллар ерэн есөн цент/ ам.доллар буюу 4,095,191,315.54 /дөрвөн тэрбум ерэн таван сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун арван таван төгрөг тавин дөрвөн мөнгө/-ийг гэрээлэгч “Д г т м” ХХК-аас гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэх”,

2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх тухай” 647/АО160135 НАГ-2019/02/-НА, НАГ-2019/04/-НА дугаар албан шаардлагын 1 дэх хэсэгт “Газрын тосны газар /хуучин нэрээр/ нь гэрээлэгчийн 2015-2018 оны хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан тосны тайлан, тос хуваалт, өртөг нөхөгдөх зардлын тайлангаар Монгол Улсын Засгийн газарт ногдох роялти өртөг нөхөлт, тос хуваалтыг 2015-2018 онд зөрүүтэй тайлагнасныг хүлээн авч улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, “БХГ-97”-ийн хавсралт “С”-д нийцээгүй гэж үзэж, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д гэж заасныг үндэслэн дутуу төвлөрүүлсэн 1,922,980.97 /нэг сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун наян ам доллар ерэн долоон цент/ ам.доллар буюу 4,538,367,674.41 /дөрвөн тэрбум таван зуун гучин найман сая гурван зуун жаран долоон мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг дөчин нэгэн мөнгө/-ийг гэрээлэгч “Д г т м” ХХК-аас гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлэх”-ээр шаардсаныг Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/85 дугаар тушаалуудаар тус тус баталгаажуулсан.

3.Нэхэмжлэгчээс “ ... цооногийн амнаас ачилт хийн тээвэрлэх цэгт хүргэсэн авто тээврийн зардлыг борлуулалтын зардалд тооцох боломжгүй, манай компани түүхий тосны өртөг нөхөгдөх зардлаа зөв тооцсон” гэж,

хариуцагч нараас “ ... түүхий тосыг экспортлох зориулалтаар ачилт хийж байгаа газар “Экспортыг цэг” бөгөөд уг цэгээс тос, усаа ялгадаг танкфарм хүртэлх гарсан зардлыг борлуулалтын зардалд оруулан тооцохгүй, “Д г т м” ХХК тайланд тусгасан зардлаа нийт дүнгээсээ хасаж багасгасан борлуулалтын үнээс нөхөх зардлаа тооцож байгаа нь буруу” гэж тус тус маргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0403 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 18 дугаар зүйлийн 18.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.14, 33 дугаар зүйлийн 33.1, 37 дугаар зүйлийн 37.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д г т м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл Үндэсний аудитын газрын Нийслэлийн аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлэх тухай” 04/268 ҮАГ-НАГ/2018/03-НА дугаар албан шаардлагын нэг дэх хэсгийг, Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн холбогдох заалтыг, Үндэсний аудитын газрын Нийслэлийн аудитын газар болон Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх тухай” 647/АО160135 НАГ-2019/02/НА, НАГ-2019/04/-НА дугаар албан шаардлагын нэг дэх заалтын хавсралтын нэг дэх хэсэг, Үндэсний аудитын газрын ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/85 дугаар тушаалын нэг дэх хэсгийн холбогдох хэсгийг 06 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 403 шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 29.1, 29.1.9, 29.3, Газрын тосны тухай хуулийн 9.1.3, 9.1.8, 9.1.9, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжпэгч “Д г т м” ХХК-ийн “Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э, ахлах аудитор Л.Н, аудитор Б.Ч нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаар албан шаардлагын нэг дэх хэсгийг хүчингүй болгуулах”, “Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, “Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э, ахлах аудитор Ч.Д, Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч Б.Ө, Санхүүгийн аудитын газрын аудитор Б.Э, нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитор В.Э, У.О нарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 647/А0160135, /НАГ-2019/02/-НА, /НАГ-/2019/04/-НА дугаартай албан шаардлагын шаардах хэсгийн нэг дэх заалт, хавсралтын нэг дэх хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”, “Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/85 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангажээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгч “Д г т м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч J D гомдолдоо:

6.1.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Газрын тосны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгүүдийг хэрэглэсэн тул хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг арилгаж, нэгдмэл байдлыг хангаж өгнө үү.

6.2.Давж заалдах шатны шүүх “2014 онд батлагдсан Газрын тосны тухай хуульд нийцүүлэн талуудад гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй” гэж дүгнэсэн нь талуудыг гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулахыг заах чиглэл өгсөн эрх хэмжээгүй байхад ийнхүү эрх зүйн тодорхойгүй үр дагавар үүсгэсэн, энэ алдааг залруулах шаардлагатай тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагч нар болон гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10.Нэхэмжлэгч “Д г т м” ХХК хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ “Сангийн яам, Ашигт малтмал, газрын тосны газартай буцаан суутгахаар тохиролцсон Үндэсний аудитын газрын 2015 онд албадан төлүүлсэн төлбөрийг дахин төлүүлэхээр шийдвэрлэсэн, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж, гэрээний талуудын маргаагүй, нэг мөр ойлгож байсан заалтыг гэрээний оролцогч тал бус аудитор буруу тайлбарлаж, албан шаардлагын үндэслэл болгосон” гэх зэрэг агуулгаар тодорхойлжээ.

11.Нэг талаас гэрээт талбайд газрын тос хайх, олборлох, боловсруулах ажиллагааг хөхүүлэн дэмжихийг эрмэлзэж, гэрээ байгуулах, хэлэлцэн тохирох, хэрэгжүүлэх эрхийг олгосноор Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Газрын тосны хэрэг эрхлэх газар, нөгөө талаас газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах санхүүгийн бололцоотой, техникийн болон мэргэжлийн чадвартай бөгөөд байгаль орчныг бохирдлоос хамгаалахын ач холбогдлыг ухамсарлан, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах онцгой эрхийг олгохоор АНУ-ын “Н р э” компанитай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г 1997 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсныг Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор баталсан байна.

12.Газрын тосны хэрэг эрхлэх газар, АНУ-ын “Н э” компанийн хооронд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний эрх, үүргийг БНХАУ-ын “Д ж п д г с” компани 2003 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн гурван талт гэрээгээр Австралийн “Р о г” компаниас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Д г т м” ХХК-ийг байгуулснаар Дорноговь аймгийн нутагт орших гэрээт талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 137 дугаар тушаалаар газрын тосны нөөцийг бүртгэсэн, Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор 1997 оны Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд 239,5 км.кв талбайд уурхайн эдэлбэрийн зөвшөөрөл олгож, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг тогтоосон, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор хайгуулын үе шатаас ашиглалт, олборлолтын үе рүү шилжиж үйл ажиллагаагаа явуулж ирсэн үйл баримт тогтоогдсон байна.

13.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.” гэж заасан бөгөөд төрийн өмчид хамаарах байгалийн баялаг болох газрын тосыг зүй зохистой ашиглах бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас эрх олгосноор, хуульд заасан чиг үүргийн дагуу төрийн захиргааны байгууллагаас хуулийн этгээдтэй байгуулсан дээрх “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” нь захиргааны гэрээнд хамаарна.

14.Төрийн санхүү, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих үндсэн зорилтыг хэрэгжүүлэгч төрийн аудитын байгууллага нь захиргааны гэрээний хэрэгжилтийг хянах буюу Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасны дагуу “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ээр газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээг Монгол Улсын хууль тогтоомж, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнасан эсэхийг шалган баталгаажуулах, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх зорилгоор аудит хийх бүрэн эрхтэй бөгөөд энэ тохиолдолд захиргааны гэрээний оролцогч талууд нь гэрээний аль нэг хэсэг, заалтыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж ирснээс үл хамааран, тухайн гэрээний зохицуулалтыг хууль тогтоомж гэрээний бусад заалтуудад нийцүүлэн тайлбарлаж, дүгнэлт хийх тухайн дүгнэлтээ үндэслэн албан шаардлага гаргах боломжтой. Үүнийг “гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн” гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч аудитын байгууллагыг “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулж, 198 дугаар зүйлийн дагуу гэрээг тайлбарлан хэрэглэлгүй хууль зөрчсөн” гэж дүгнэх үндэслэлгүй.

15.Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1-д “Экспортын цэг” гэж гэрээт тос буюу гэрээт хийн олборлолтын хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмж, эсвэл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг хэлнэ”, 8.4.в-д “ ... “Экспортын үнэ” гэж өөрийн харьяа бус байгууллагаас экспортын цэг дээр буюу түүний ойролцоо газар чөлөөт валютаар худалдан авсан цэвэр үнийг хэлнэ...” гэж тус тус тодорхойлжээ.

16.Газрын тосны хэрэг эрхлэх газар, АНУ-ын “Н э” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах үед болон “Д г т м” ХХК гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулж байсан эхэн үед хайгуулын ажлын үр дүнгээр арилжааны үр ашигтай нөөц тогтоогдох эсэх нь тодорхойгүй, хайгуулын ажлын явцад олборлосон газрын тосыг шууд цооногийн амны төхөөрөмжийн хэмжилтээр экспортолж байсан, олборлолтын явцад тосны бүтэцтэй холбогдуулан чанарыг нь сайжруулах зорилгоор Зүүнбаян танкфармын боловсруулалтын төвийг барьж, тухайн төв рүү 22,7 км автозам тавих зэргээр цооногууд дээрээс олборлосон тосыг цуглуулан боловсруулалт хийж экспортолдог, тийнхүү экспортлохдоо 2009 оноос Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрын хэмжилт шалгалтын болон түүхий тосны хэмжээг тогтоох аргачлалаар хэмжилт хийж, хөндлөнгийн хяналтын “А” ХХК-аар Монгол Улсад, S компаниар БНХАУ-д хэмжилт хийлгэж, тухайн хэмжилтийн дүнг үндэслэн экспортолсон тосны хэмжээг тогтоож ирсэн нь баримтаар[1] тогтоогдсон.

17.Түүнчлэн, нэхэмжлэгч компанийн өөрийнх нь 2014 болон 2015-2018 онуудын тайланд экспортолсон тос, олсон орлогыг “А” ХХК-ийн буюу Зүүнбаян танкфармын боловсруулалтын төв дээр хийсэн хэмжилтийг үндэслэн[2] тусгасан нь оролцогч талууд гэрээний 8.4.в дэх заалтын дагуу экспортын үнийг 2014-2018 онуудад Зүүнбаян танкфарм боловсруулалтын төв дээр хийгдсэн хэмжилтийг үндэслэн тооцож ирснийг харуулж байна.

Иймд, “экспортын үнэ” тогтоосон хэмжилтийн цэгийг “экспортын цэг” гэж тодорхойлж хийсэн аудитын тооцоо, албан шаардлагыг нэхэмжлэгч “Д г т м” ХХК-ийн эрхийг зөрчсөн, хууль бус гэж үзэхгүй, хариуцагчаас “экспортын цэг”-ийг гэрээний бусад заалтуудтай харьцуулж, бүтээгдэхүүний экспортын үнэ тогтоож хэмжилт хийгдэж байгаа газрыг “Экспортын цэг” гэж тодорхойлж, Зүүн баян танкфармын боловсруулалтын төвийн зардлыг борлуулалтын бус өртөг нөхөгдөх зардалд тооцсон нь үндэслэлтэй.

Тодруулбал, гэрээний Хоёрдугаар зүйлд зааснаар “гэрээт түүхий тос гэж гэрээний дагуу гэрээт талбайгаас олборлож, хуримтлуулсан газрын түүхий тос.../-ыг/”, ”энд хэрэглэсэн “олборлосон” гэдэг ойлголт нь тосыг газрын гадаргууд гаргаж бүтээгдэхүүний хуваах хэмжүүрийн төхөөрөмжөөр нэвтрүүлснийг”, “Хуримтлуулсан” гэдэг ойлголт нь гэрээнд оролцогч аль нэг тал тосыг авч ашиглах, боломж бүрдүүлснийг хэлэх...”-ээр, түүнчлэн:

- “Олборлолтын үйл ажиллагаа” гэж нэг буюу түүнээс дээш тооны үр ашигтай нээлтийн хөрөнгө оруулалттай холбогдсон бүхий л үйл ажиллагааг хэлэх бөгөөд тэдгээрт дараах үйл ажиллагаа багтана. 1.олборлолтын цооног өрөмдөх, ажиллуулах, дамжуулах хоолой, үйлдвэр, түгээгүүр, бусад байгууламж барьж байгуулах, ажиллуулах, 2.газрын тос ялгах, баяжуулах, уснаас ялгах, шахах, шингэрүүлэх, хадгалах, шатаах, тээвэрлэх болон бусад байдлаар боловсруулж ашиглах...” гэж,

- “Ашиглалтын зардал” гэж газрын тосыг гаргаж авах, хэмжих, хадгалах, боловсруулах, тээвэрлэхтэй холбогдсон зардлыг хэлнэ” гэж,

8.2.б “Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд гарсан бүх өртөг зардлыг хайгуулын зардал, олборлолтын зардал болон ашиглалтын зардал гэж давхардуулалгүйгээр ангилна...” гэж,

8.4.в “... экспортын үнийг тогтоохдоо тухайн цэгээс гэрээт түүхий тосыг бодитойгоор нийлүүлэх цэг хүртэлх бүх зардлыг хасаж тооцно...” гэж заасныг үндэслэн гэрээт түүхийн тосны хэмжээ болон үнэ, өртгийг тогтоох зорилгоор бүтээгдэхүүний хэмжилт хийгдэж байгаа газраар “Экспортын цэг” гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

18.Харин гэрээний 8.4.в-д “... экспортын үнийг тогтоохдоо тухайн цэгээс гэрээт түүхий тосыг бодитойгоор нийлүүлэх цэг хүртэлх бүх зардлыг хасаж тооцно...” гэх заалтад Зүүнбаян танкфармын боловсруулалтын төвөөс тээвэрлэсэн төмөр замын тээвэрлэлтийн өртөг, бусад хөндлөнгийн хяналтын “А” ХХК болон БНХАУ дахь “S” компаниудын хэмжилтийн зардал, Эрээн өртөөнд түүхий тосыг шилжүүлэн ачих өртөг, маркетинг, логистикийн бусад зардлуудыг хамааруулсан, талууд үүнтэй маргаагүй байна. .

19.Гэрээний бусад заалтуудад тухайлбал:

11.1 а “гэрээт тосны хэмжээг тодорхойлох болон тэдгээрийг Гэрээнд оролцогч талуудын хооронд хуваах зорилгоор хэмжилт хийхдээ (Бүтээгдэхүүний хэмжилт) олон улсын газрын тосны аж үйлдвэрлэлд хэвшсэн нийтлэг аргачлалыг баримтална. Гэхдээ бусад зорилгоор хийгдэж болох хэмжилт (тухайн цооногоос олборлох бүтээгдэхүүний хэмжээг турших буюу тогтоох зэрэг) нь бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн жишигтэй заавал нийцэх албагүй гэдгийг харилцан тохиролцов” гэж,

- Дөрөвдүгээр зүйл Өртөг зардал “Гэрээнд өөрөөр заагаагүй бол газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх өртөг, зардлыг Гэрээлэгч хариуцна. Хэрэв газрын тостой холбогдсон үйл ажиллагааны үр дүнд Гэрээт тос буюу Гэрээт хий үйлдвэрлэх болон худалдах буюу бусад хэлбэрээр гаргавал, уг ажиллагаатай холбогдон гарсан өртөг, зардлыг энэхүү гэрээний VII, XIX зүйлүүдэд заасны дагуу нөхөн авах эрхтэй...” гэж,

- 26.2-т “Гэрээт талбай дахь газрын тостой холбогдсон үйл ажиллагаа нь олон улсын газрын тосны үйлдвэрлэлд хэвшсэн нийтлэг аргачлал буюу журам, Газрын тосны тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, журмуудын дагуу явагдана” гэж тус тус зааснаас үзэхэд албан шаардлагад тодорхойлсон дээрх дүгнэлт үндэслэлтэйг харуулж байна.

20.Эдгээрээс гадна, нэхэмжлэгч компани экспортолсон буюу бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ногдох газрын тосны хэмжээг тогтоохдоо ямар нэг маргаангүйгээр Зүүнбаян танкфарм боловсруулалтын төв дээрх хэмжилтийг хүлээн зөвшөөрч байгаа атлаа “талууд гэрээнд нэмж зохицуулалт хийгээгүй”, “Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг зөрчсөн” гэх зэрэг үндэслэлээр “экспортын цэг”-ийг “цооногийн амны төхөөрөмжийн хэмжилт хийсэн газраар тооцно” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

21.Нийцлийн аудитын ҮАГ-НАГ/2018/03-НА тайланд гэрээлэгчээс 2014 онд Засгийн газарт ногдох орлогод шилжүүлсэн 10,093,203.08 ам.долларын дэлгэрэнгүй задаргаа буюу 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 12 удаагийн гүйлгээг тодорхой тусгасан[3] бөгөөд энэхүү гүйлгээнүүдэд тухайн нэхэмжлэгч компаниас Үндэсний аудитын газрын аудитор, шинжээч нарын 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/7 дугаар “Дутуу төвлөрүүлсэн орлогыг нөхөн төлүүлэх тухай” актыг биелүүлж шилжүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс, мөн оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хоорондох нийт 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 1,213,369 ам.долларыг оруулж тооцоогүй байна[4].

22.Иймд нэхэмжлэгчийн “Үндэсний аудитын газраас албадан 2015 онд албан татварт төлүүлсэн төлбөрийг Сангийн яам буцаан олгоогүй тул суутган авч үлдэхээр болсныг аудит ойлголгүй гаргуулсан” гэх тайлбар үндэслэлгүй.

23.Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд хариуцагч нарын гаргасан албан шаардлага, баталгаажуулсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчигдсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 689 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д г т м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч “Д г т м” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Д.МӨНХТУЯА

   ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.БАТБААТАР

 

 

[1] 2015-2018 аудитын ажлын баримт боть-15, 181-222 тал/, /Нотлох баримт 1-67, 75/

[2] Aудитын тайлан баримт боть-4, 189-190 дэх талууд.

[3] Тайлангийн 12 дахь тал.

[4] Нотлох баримт хавтас 1, 1-5, 6, 7, 8, 44 дэх талууд.