Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01074

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00736 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1106 дугаар магадлалтай,           

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,                                   

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зориг хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зориг, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уранбайгал, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: “Т” ХХК-иас 749 126 712 төгрөг гаргуулж “Зоос” банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлэхдээ барьцаа 2 хөрөнгө байхад төлбөр авагчийн хүсэлтээр амьжиргааны эх үүсвэр болсон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах обьект болон газраас төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь өмчлөгчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр мөнгө төл гэсэн болохоос барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуул гэж гараагүйн дээр бид төлбөр авагчид төлбөрөө өөр байдлаар барагдуулах хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн.Гэвч хүлээж аваагүйд гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үйлдвэрийн зориулалттай обьект болон газрыг битүүмжилж, хураасны дараа зах зээлийн үнэ цэнийг үнэлгээчнээр тогтоолгосон мэдэгдлийг 2014-12-03 -ны өдөр ирүүлсэн. Шинжээчээр томилсон үнэлгээчид нь согтуугаар зураг авах, хэмжилт хийх ажлыг явуулсан.  Үнэлгээчид 3 давхар обьектын засвар үйлчилгээ ямар болохыг мэдэхгүй байж 1 704 300 000 төгрөгөөр үнэлгээ гаргасан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд обьектоо зах зээлийн бодит ханшаар үнэлүүлэхийг хүссэн. Тус обьектын доторх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь 2  тэрбум төгрөгийн үнэтэй байхад 1 704 300 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Энэ үнэлгээний 70 хувиар 2015-01-09 -ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй. Гэтэл 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувиар тооцож оруулах гэж байгаа нь бусдын өмчлөлийн хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Үнэлгээ хийх ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй тул уг үнэлгээг үндэслэж тогтоосон 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэт хурдан хийж, бусдын хөрөнгийг булаах гэсэн хүмүүсийн хүслийг гүйцэтгэхээр оролдож байгаад гомдож байна. Бид 1 000 000 000 төгрөг зээлж аваад 1 488 000 000 төгрөг болгож өгсөн байхад  749 126 712 төгрөг төлөхөөр гарсан. Иймд 2015-12-25 -ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852 150 000 төгрөгөөр тогтоосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд  гаргасан хариу тайлбарт:  Дээд шүүхийн 2013 оны  416 дугаар тогтоолоор "Т” ХХК-иас 749 126 712 төгрөг гаргуулж, “Зоос” банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж "Т” ХХК-ийн  барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах контор, үйлдвэрлэлийн зориулалттай обьектыг газрын хамт битүүмжлэн, хураасан. "Т ХХК-ийн захирал П.Бат, П.Зориг нар Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа өгөхийг удаа дараа мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлэхэд  санал өгөөгүй. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.2.2-т зааснаар  шинжээч томилж "Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлүүлэхэд 1 704 300 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаарх 2014-12-03 -ны өдрийн 3/29474 тоот мэдэгдлийг хуулийн хугацаанд "Т” ХХК-ийн захирал П.Зоригтод мэдэгдэн, 2015-01-09 -ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч "Т” ХХК-ийн захирал П.Зоригт албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Дээд шүүхийн 2015-11-10-ны өдрийн 921 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр  ажиллагаа үргэлжлэн  явж, Иргэний хуулийн 177.4-т зааснаар 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 1 704 300 000 төгрөгийн 50 хувь буюу 852 150 000 төгрөгөөр тогтоож, 2 дахь албадан дуудлага худалдааг 2015-12-25 -ны өдөр зохион байгуулсан нь хуулийн дагуу явагдсан. Үнэлгээнд гомдсон "Т” ХХК-ийн нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхийн 2015 оны  921 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсноор бид 2 дахь албадан дуудлага худалдааг товлосон болно гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00736 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг баримтлан “...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 852 150 000 төгрөгөөр тогтоосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг хүчингүй болгуулах..”-ыг хүссэн "Т" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.   

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 10-ны өдрийн 1106 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хяналтын  гомдолдоо:  Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийг сонгож үүргийн гүйцэтгэлийг хангахаар авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр төлөгчтэй зөвшилцөлгүйгээр 1.704.300.000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулж 852.150.000 төгрөгөөр дахин үнэлсэн нь  хууль бус болсон. Энэ нэхэмжлэлийг  гаргасан байхад аль нэг эд хөрөнгийг сонгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль бус болжээ. Түүнчлэн битүүмжлэн хураасан эд хөрөнгийг 1.704.300.000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг  Дээд шүүхийн 2015 оны 921 дүгээр тогтоолоор тогтоогдсон ... тул хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь мөн учир дутагдалтай болжээ. Учир нь анхнаасаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үнийг тогтоохдоо төлбөр төлөгчийн саналыг аваагүй нь хууль бус юм. Иймд ... шийдвэр, ... магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.     

ХЯНАВАЛ:

         Шийдвэр болон магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

          1. “Т" ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ  “...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах ...” гэж бичсэн боловч  үндэслэлээ “... хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй...үнэлгээг зөвшөөрөхгүй...” гэснээс үзвэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/220 дугаартай “...Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”-г хүчингүй болгохыг хүссэн байна.

         Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/220 дугаартай “...Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол” болон үнэлгээтэй холбоотой тайлбарыг хариуцагч шүүхэд гаргасан  тул “Т" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/220 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

         Талууд 2015 оны 12/220 дугаар тогтоол болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээний талаар мэтгэлцсэн, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжтой байна.

         2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013-02-22-ны өдрийн 373 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013-05-22-ны өдрийн 383 дугаар магадлал, Дээд шүүхийн 2013-07-10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор /хх 127-146/ Т ХХК нь 648.392 ам.доллар 46 цент буюу 749.126.712 төгрөгийг  Зоос банкны эрх хүлээн авагчид төлөх болсон тул эдгээр шийдвэрийн үндсэн дээр 2013-11-22-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн /хх 125/ уг баримтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь  хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо. 

       Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Таван шар, Алмаас ХК-ийн дэргэд байрлах контор үйлдвэрлэлийн зориулалттай барилга-обьект болон конторын зориулалттай 2368.0 кв.м талбай бүхий газрын эзэмших эрх зэрэг хөрөнгийг үнэлүүлж, шинжээч эд хөрөнгийн үнийг 1.704.300.000 төгрөг гэж тогтоосон /хх 21/-с маргаан үүссэн байв.

       Т ХХК Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 1.704.300.000 төгрөгийн үнэлгээтэй холбоотой маргаан үүсгэж “албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан байх ба уг нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүх 2015-05-28-ны өдрийн 3869 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015-09-04-ний өдөр 1200 дугаар магадлал, хяналтын шатны шүүх 2015-11-10-ны өдөр 921 дүгээр тогтоолоор /хх 147-149/-р хэвээр үлдээжээ. 

         Эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлыг төлбөр төлөгч шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж  “үнэлгээ хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгосон, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Таван шар, Алмаас ХК-ийн дэргэд байрлах контор үйлдвэрлэлийн зориулалттай барилга-обьект болон конторын зориулалттай 2368.0 кв.м талбай бүхий эзэмших газрын эзэмших эрх зэрэг хөрөнгийг 1.704.300.000 төгрөгийн үнэтэй  гэж үзнэ.

         Энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

      3.  “Т" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааны тогтоолыг мөн үнэлгээг буюу эд хөрөнгийн 1.704.300.000 төгрөгийн үнийг 50 хувь болгон бууруулсанг эс зөвшөөрсөн.  

           1,704,300,000 төгрөгийн үнэтэй  эд хөрөнгийг 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 1,193,010,000 төгрөгөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдааг зарласан байна.    

           Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т “Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна", 177 4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж тус тус заасан байгаа, хариуцагч 2 дахь дудлага худалдаа явуулахдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийг зөрчөөгүй байна.

         4. Харин Үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар болж, албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон 1,704,300,000 төгрөгийн 50 хувь болох 852,150 000 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй ч хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдах тухай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/043222 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч “Т" ХХК-д мэдэгдсэн болохыг хариуцагч нотлож /хх 3/ чадаагүй, энэ тухай баримтыг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

        Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/220 дугаартай “...Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол”-г хүчингүй болгох нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         5. Хариуцагч нь хоёр дахь албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмын дагуу зарлан, явуулахад энэ тогтоол саад болохгүй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1106 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12/220 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 

        2. Хариуцагч  хоёр дахь албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмын дагуу зарлан, явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурдсугай.   

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг  “Т” ХХК-д захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ