Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00757

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 03 өдөр                           Дугаар 142/ШШ2016/00757                                   Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 28 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 44 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух Далантай овгийн Хуягбаатарын Уранжаргалын /регистрийн дугаар ЦА88021763/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 онд төрсөн, 26 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-27-62 тоотод оршин суух Мөнхбат овгийн Мөнхбатын Борхүүд  /регистрийн дугаар УМ90102353/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Уранжаргал, хариуцагч М.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Уранжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Уранжаргал миний  бие Мөнхбатын Борхүүтэй 2012.12.02-ны өдөр гэрлэж дундаасаа 20012.10.21-ний өдөр охин Б.Тэргэлийг төрүүлж элэг бүтэн амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2014 оны 06 сараас нөхөр М.Борхүү намайг охины  хамт орхин салж  яваад одоо тусдаа  амьдарч байгаа юм. Иймээс  гэрлэлтээ цуцлуулна. 3 настай  охин Б.Тэргэлийг өөрийн асрамжид авна. Хүүхэддээ  тэтгэлэг тогтоолгоно. Бидний  дундын  өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ Туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532 м2 газар болон 8*10 м-ийн харьцаатай блокон орон сууцны байшинг үнэлүүлэн хүүхэд болон миний хувийг уг хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргав. М.Борхүүтэй эвлэрч дахин амьдрах талаар цаг хугацаа хүлээсэн боловч эвлэрэх ямарч боломжгүй болох нь тодорхой  болсон тул энэ  нэхэмжлэлийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Борхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.Уранжаргалтай 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэж, дундаасаа 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Тэргэлийг төрүүлж, ажлын шаардлагаар ирж очин амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2014 оны 02 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Үүнээс өмнө хэл амаар доромжилж, ажил төрөлд явуулахгүй удаа дараа хэрэлдэж, өөрөө эхэлж салах санал гаргасан. Ирж очин амьдрах хугацаанд бидний дундаас үл хөдлөх хөрөнгө, нэг ч бий болоогүй. Энэ нэхэмжлээд байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум 17 дугаар баг Эрдэнэ Туулын 12а-6, 12б-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1450м2 газар болон 7х8 харьцаатай блокон орон сууцны байшин нь миний хөрөнгө биш миний ээж Б.Оюунзулын мэдлийн хөрөнгө юм. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, 3 настай охин Б.Тэргэлийг Х.Уранжаргалын асрамжинд өгөх, тэтгэлэг тогтоолгохыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлээд байгаа хашаа байшин нь бид 2-ын өмч биш учраас надаас нэхэмжлэх үндэслэлгүй юм” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Уранжаргал хариуцагч М.Борхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Х.Уранжаргал шүүх хуралдаанд “...М.Борхүүгээс гэрлэлтээ цуцлуулна.Охин Б.Тэргэлийг өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг гаргуулна.Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газар болон 8х10 хэмжээтэй байшинг үнэлүүлж охин Б.Тэргэл болон надад оногдох хэсгийг М.Борхүүгээс гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Хариуцагч М.Борхүү шүүх хуралдаанд “...гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Б.Тэргэлийг ээжийнх нь асрамжинд үлдээж хүүхдийн тэтгэлэг төлнө. Энэ газрыг ээж маань худалдаж авсан.Байшинг мөн ээж цалингийн зээл авч барьсан.Х.Уранжаргалын зүгээс газар байшин авахад мөнгө зарцуулсан зүйл байхгүй. Эд хөрөнгөөс оногдох хэсгийг өгөх боломжгүй” гэсэн тайлбар гаргасан.

Гэрлэгчид 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж  гэр бүл болж тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Тэргэл төрсөн болох нь Г-32 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, Г-266 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид шүүх хуралдааны явцад цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргасан, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Тэргэлийг өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.Тиймээс охин Б.Тэргэлийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн хариуцагчаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газар болон 8х10 хэмжээтэй байшинг үнэлүүлж охин Б.Тэргэл болон өөрт оногдох хэсгийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

Х.Уранжаргал, М.Борхүү нар 2012 оны 10 дугаар сарын 02-нд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлснээс хойш 2013 оны 06 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газрыг худалдан авч уг газар дээрээ 8х10 хэмжээтэй байшин барьсан болох нь, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газрыг 2014 оны 01 дүгээр сарын 03-нд М.Борхүүгийн ээж Б.Оюунзулд газар бэлэглэх гэрээ хийж шилжүүлсэн зэрэг нь зохигчдын тайлбар, 2013 оны 11 дүгээр сарын 14, 18-ны өдрүүдийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар бэлэглэх гэрээ,  2014 оны газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн газар өмчлөх тогтоогдож байна.

Зохигчид өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн сайн дурын үндсэн газар бэлэглэх гэрээ байгуулан өөрсдийн өмчлөлийн газраа Б.Оюунзулын өмчлөлд шилжүүлсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газрын өмчлөгч нь Б.Оюунзул болох нь 000210792, 000210793 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч Б.Оюунзулын тайлбараар тогтоогдож байх тул Б.Оюунзулын өмчлөлийн газрыг Х.Уранжаргал, М.Борхүү нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126 дугаар зүйлийн 126.2-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна: 126.2.1.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө; 126.2.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж заасан.

Х.Уранжаргал, М.Борхүү нар 2012 оны 10 дугаар сарын 02-нд албан ёсоор гэр бүлээ бүртгүүлснээс хойш / хэдийгээр Б.Оюунзулд өмчлөх эрхээ шилжүүлсэн боловч / 2013 оны 06 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газрыг худалдан авч уг газар дээрээ 8х10 хэмжээтэй байшин барьсан, байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй байгаа нь зохигчдын тайлбар, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Орхон аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын албан тоотоор тогтоогдож байна.

Гэвч дээрхи үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй нь уг хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгө биш гэж үзэж хуваахгүй байх үндэслэл болохгүй.

Хариуцагч дээрхи хөрөнгийг “...миний ээж Б.Оюунзул энэ газар, байшинг цалингийн зээл авч өөрийн хөрөнгөөр бий болгосон, Х.Уранжаргал ямар ч хөрөнгө оруулаагүй” гэж тайлбарлан нотлох баримтаар Б.Оюунзулын цалингийн зээл авсан баримтууд, барилгын материал авсан зарлагын баримтуудыг ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан.

Иймд Б.Оюунзулын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ туулын 12б-06, 12а-06 тоот гэр бүлийн хэрэгцээний 1532м2 газар дээр баригдсан 8х10 хэмжээтэй байшинг Х.Уранжаргал, М.Борхүү нарыг гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж “Лэндс” ХХК-ийн үнэлсэн 12 300 000 төгрөгнөөс нэхэмжлэгч Х.Уранжаргал, охин Б.Тэргэл нарт ногдох хэсгийг тэнцүү хэмжээгээр хувааж хариуцагчаас 8 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөг /1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 1 003 200 төгрөг/ гаргуулан төрийн санд оруулж, нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн хойшлуулж шийдвэрлэсэн тул нэмж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 8 200 000 төгрөгнд тохирох 146 150 төгрөг гаргуулж төрийн санд оруулж, хариуцагчаас 216 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 28 626 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг зааснаар Х.Уранжаргал, М.Борхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Тэргэлийг эх Х.Уранжаргалын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч М.Борхүүгээс охин Б.Тэргэлийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Х.Уранжаргалд олгосугай.

3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг баримтлан хариуцагч М.Борхүүгээс 8 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Уранжаргалд олгож, нэхэмжлэгчийн газрын үнээс өөрт болон охин Б.Тэргэлд ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэмж 146 150 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, хариуцагч М.Борхүүгээс 216 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Уранжаргалд, 28 626 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА