Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00238/И |
Дугаар | 00767 |
Огноо | 2016-06-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00767
2016 оны 06 сарын 06 өдөр Дугаар 142/ШШ2016/00767 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж,
Нэхэмжлэгч: 1977 онд төрсөн 39 настай, эмэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15-05 тоотод оршин суух Боржигон овгийн Түдэвийн Батмөнхийн /регистрийн дугаар ЗК77092607/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1982 онд төрсөн 34 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг СӨХ-ийн 02-18 тоотод оршин суух Орлой овгийн Лувсанпүрэвийн Оюунжаргалд /регистрийн дугаар ЦД82051601/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 18 543 750 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Л.Оюунжаргалын хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Оюунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Т.Батмөнх нь Л.Оюунжаргалд түүний хүссэний дагуу 2014 оны 08 сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөг, 2015 оны 06 сарын 29-ныөдөр хүртэл 10 сарын хугацаатайгаар сар бүрийн 10%- ийн хүүтэйгээр, 2014 оны 09 сарын 15-ны өдөр 850.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүгэйгээр 2015 оны 06 сарын 29-ыг хүртэл хугацаатайгаар, 2014 оны 09 сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдөр хүртэл, 2014 оны 10 сарын 22-ны өдөр 1.850.000 төгрөгийг сар бүрийн 12%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл, 2014 оны 10 сарын 23-ны өдөр 1.300.000 төгрөгийг 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл сар бүрийн 10%-ийн хүүгэйгээр, 2014 оны 11 сарын 12-ны өдөр 800.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2015 оны 01 сарын 25-ны өдөр 200 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2015 оны 02 сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл, 2015 оны 03 сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг сар бүрийн 10%-ийн хүүтэйгээр 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн билээ. Зээлдэгч Л.Оюунжаргал нь тухайн үед оёдлын машин авна, цалингын зээл хаах гэсэн юм гэж зээл авч байсан ба зээлийн хүүгээ 2015 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл төлсөн болно.Харин 2015 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн хүүгээ буруулж өгөөч гэж хүссэний дагуу зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж сар бүр 2,5%-иар тооцож, зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан билээ. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний сунгасан хугацаанд сар бүр 2,5%-иар хүү төлөхөөр тохиролцсон болно. Гэтэл зээлдэгч Л.Оюунжаргал нь зээлийн хүү байтугай үндсэн зээлээ ч төлөөгүй болно. Зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөөгүйгээр зогсохгүй, шүүхдээд ав гэх мэтээр хандаж байгаад гомдолтой байна. Иймээс Л.Оюунжаргалаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 11.500.000 төгрөг, зээлийн хүү 862.500 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /зээлийн үндсэн төлбөр+хүү/-ээс тооцсон алданги 6.181.250 төгрөг нийт 18.543.750 төгрөг гаргуулан надад олгож намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний бие Т.Батмөнх нь тус шүүхэд Л.Оюунжаргалтай холбогдуулан 18,543,750 /арван найман сая таван зуун дөчин гурван мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Л.Оюунжаргал нь миний нэхэмжлэлд гаргасан тайлбартаа надаас мөнгө зээлээгүй мэтээр огт үндэслэлгүй худал тайлбар гаргасан байна.Л.Оюунжаргал анх мөнгө зээлж авах үедээ миний танил дүү Ц.Энхтогосоор дамжуулж хэд хэдэн удаа мөнгө зээлээч гэж гуйсан ба тухайн үед нь би зөвшөөрөөгүй.Гэтэл Ц.Энхтогосын утсаар надтай яриад “..би оёдлын газар ажиллуулдаг, урдаас бараа материал татах хэрэгтэй байгаа...” гэж гуйсаар байгаад мөнгө зээлж эхэлсэн.Миний бие түүнийг мөнгө зээлэх үед нь заримдаа Ц.Энхтогосоор дамжуулж мөнгийг нь өгүүлж байсан нь үнэн.Заримдаа би өөрөө Ц.Энхтогостой хамт 3-17-р байрны “Шүр” оёдлын газарт нь аваачиж өгч байсан.Хариуцагч Л.Оюунжаргал нь Энхтогостой мөнгөний өөр тооцоо байгаа эсэхийг мэдэхгүй, харин миний хувьд Л.Оюунжаргалаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алданги гаргуулахаар нэхэмжилсэн билээ.Ц.Энхтогос нь анх Л.Оюунжаргалыг надаас мөнгө зээлж эхлэх үед “Оюунжаргал нь манай найз юмаа, санаа зоволтгүй, найдвартай төлнө” гээд байсан болохоор нь миний бие Л.Оюунжаргалд мөнгө зээлдүүлсэн нь үнэн.Энхтогосын хувьд бол Л.Оюунжаргалыг зээл авахад нь танилцуулж өгсөн.Иймээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Батмөнх сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.Батмөнх нь тус шүүхэд Л.Оюунжаргалд холбогдуулан 18,543,750/ арван найман сая таван зуун дөчин гурван мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Л.Оюунжаргалын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Хариуцагч Оюунжаргал нь сөрөг нэхэмжлэл болон миний нэхэмжлэлд гаргасан тайлбартаа надаас мөнгө зээлээгүй мэтээр огт үндэслэлгүй худал тайлбар гаргасан байна.Намайг танихгүй гэх атлаа манай гэрт ирсэн, манай ажил дээр ирсэн гэх мэтээр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа бичсэн нь Л.Оюунжаргалын худал тайлбар гаргаж байгааг нотлон харуулж байна.Иргэн хүн уг нь шүүхэд үнэнийг л ярьдаг баймаар гэтэл Л.Оюунжаргал гэгч энэ хариуцагч яагаад ийнхүү аашилж байгааг ойлгохгүй байна.Бидний хувьд Энхтогосоор зарим ээлжийн мөнгийг дамжуулж байсан нь үнэн боловч надтай зээлийн гэрээ байгуулж миний мөнгийг авч байсан гэдгээ мэдсээр байж яагаад ингэж маргаж байгааг ойлгохгүй байна.Хариуцагч Л.Оюунжаргал нь үнэн хэрэгтээ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бултах гэсэн башир арга байж магадгүй байх тул шүүх үүнийг ялгаж салгаж үзэж дүгнэж өгөхийг хүсье.Энэхүү гэрээнд байгаа гарын үсгийг өөрөө зураагүй гэж ч хариуцлагаас зугтах боломжтой хүн байх тул миний бие өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зээлийн гэрээнүүдэд байгаа Л.Оюунжаргалын гарын үсгийг мөн эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна.Өөрөө нас биед хүрсэн хүн гэрээ байгуулж гарын үсэг зурчихаад одоо болохоор хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь миний хувьд их итгэл эвдсэн үйлдэл болж байна.Өмнө нь мөнгөө нэхэхээр хүүгийнх нь хамт төлнө гэж байснаа одоо бүр төлөхгүй гэж аашилж байгаа нь залилан хийж байгаа хүний шинж гэж үзэж байна.Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Мөн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг яаж тооцож төлсөнийг ойлгохгүй байна.Шүүхийн мэдээлэл лавлагаанаас намайг асуухад нэхэмжилж байгаа мөнгөнөөс тооцон төлүүлж байгаа атлаа Л.Оюунжаргалаас болохоор багаар тооцсон мэт байна.Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна.Хүний мөнгийг худал хэлж авчихаад авсан хойноо өөрөө хүлээн зөвшөөрч байгуулсан гэрээгээ хүчингүй болгуулж, улсын тэмдэгтийн хураамжийг багаар төлдөг нь шударга явдал гэж бодохгүй байна” гэжээ.
Хариуцагч Л.Оюунжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Батмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь минийбие энэ Батмөнх гэдэг хүнээсогт мөнгө төгрөг аваагүй. Харин Энхтогос гэж хүнээс 2014 оны 08 сараас эхлэн увуулж цувуулан нийт 11,500,000 төгрөг зээлж авсан нь үнэн юм.Зээлж авсан мөнгөндөө сар бүр мөнгө төлж ирсэн бөгөөд Энхтогосын ХААН банкны 5014246513 тоот, төрийн банкны 130000100855 тоот дансанд хийж байсанаас гадна бэлнээр гар дээр нь мөнгө өгч нийт 20,0 сая төгрөг төлсөн байгаа.Энхтогосоос мөнгө зээлэхдээ бичгээр гэрээ байгуулж байгаагүй харин амаар хүү тохирч байсан. Гэтэл 2015 оны 09 сард миний бие хагалгаа хийлгэж дөнгөж эмнэлгээс гарч ирээд өөрөө явж чадахгүй хүнээр түшүүлж босч явдаг байхад Энхтогос нь Батмөнх гэдэг хүнтэй хамт орж ирж, би нөхөртөө хэлээгүй одоо Батмөнх намайг нөхөрт чинь хэлнэ гээд байна тэгвэл миний амьдрал сүйрэх гээд байна чи энэ хүнтэй учраа олчих би энэ хүнээс мөнгө авч чамд зээлж байсан юм гэж хэлж баталгаа гэж гараар бичин зориуд бэлдэж ирсэн цаасан дээр надаар гарын үсэг зуруулж аваад явсан.Дараа нь Батмөнх нь 2015 оны 12 сард ажил дээр ирээд баталгаа чинь хууль ёсны болж чадахгүй байна тийм учраас энэ гэрээнүүд дээр гарын үсэг зурж өг гэж үйлчлүүлэгч нарын дэргэд зандрангуй ууртай орж ирж хэлээд баахан гэрээнүүд дээр ар өвөргүй гарын үсэг зуруулж аваад явсан.Би юун дээр зурж байгаагаа ч ойлгоогүй бөгөөд та надад эдгээр гэрээнүүдийнхээ хувийг үлдээгээч гэхэд дараа аваарай гэж хэлээд өгөлгүй гарч явсан.Ингээд надаас гарын үсэг зуруулж авсан зээлийн гэрээгээ үндэслэн надаас мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.Би энэ мөнгийг Батмөнхөөс аваагүй байхад энэ хүн шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ миний бие нь Оюунжаргалд түүний хүссэний дагуу удаа дараа мөнгө зээлж байсан гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.Миний бие дээрх хугацаанд нийт 11,500,000 төгрөгийг Энхтогосоос авч тухай бүр үндсэн мөнгөө төлсөөр байхад уг мөнгийг маань дан хүү, хүүгийн хүүд авч байсан нь баримтаар нотлогдоно.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Оюунжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:“Миний бие нь Батмөнхөөс нэг ч төгрөг зээлж аваагүй мөртлөө Энхтогосоос авсан мөнгөө энэ хүнээс авсан мэтээр эдгээр хүмүүсийн ятгалгаар 2015 оны 12 сард 9 удаагийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан.Уг гэрээг байгуулахыг Энхтогос шаардсан бөгөөд нөхөр нь хүнд их хэмжээгээр мөнгө зээлсэн гэдгийг мэдвэл бөөн асуудал үүснэ гэхээр нь түүнийг хамгаалах зорилгоор түүнийг нөхөртэйгөө эвгүй байдалд орохоос нь сэрэмжилж түүнд тус болох үүднээс энэхүү гэрээн дээр гарын үсэг зурсан.Тэрнээс би Батмөнх гэдэг хүнийг танихгүй тэр хүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй байтал намайг гэртээ өвчтэй хэвтэж байтад болон ажил дээр олон хүний дэргэд шууд зээлийн гэрээ гарган ирж одоо гарын үсэг зур гэж үг хэл гадаад төрхөөрөө илтэд хүч түрэмгийлсэн байдалтай орж ирж гарын үсэг, гарын үсэг зураад л бэлэн болохоор бичиж бэлдэж ирсэн бэлэн гэрээнүүд дээр гарын үсэг зуруулж авсан явдалд гомдолтой байна.Энхтогос нөхөртөө мэдэгдэхгүй гэдэг үүднээс намайг өөр хүнтэй гэрээ байгуулж нөхрөөсөө энэ явдлыг нуухын тулд хуурамч гэрээг байгуулж байна гэж ойлгосон.Би үнэхээр надаас мөнгө нэхэмжлэхийн тулд зээлийн гэрээ гэж зүйл байгуулж байна гэдгийг мэдсэн бол зурахгүй байсан.Гэтэл ярьж итгүүлэн мөнгө зээлээгүй хүнээс мөнгө зээлсэн болгож гарын үсэг зуруулсаныг миний бие илтэд хууль бус хэлцэл гэж үзэж байна.Иймд Т.Батмөнхөөс надад 2014 оны 08 сарын 26-нд 3,500,000 төгрөг, 2014 оны 09 сарын 15-ны өдөр 850,000 төгрөг, 2014 оны 09 сарын 18-нд 1,000,000 төгрөг 2014 оны 10 сарын 22-нд 1,850,000 төгрөг 2014 оны 10 сарын 23-нд 1,300,000 төгрөг, 2014 оны 11 сарын 12-нд 800,000 төгрөг, 2015 оны 01 сарын 25-нд 200,000 төгрөг, 2015 оны 02 сарын 08-нд 1,000,000 төгрөг, 2015 оны 03 сарын 26-нд 1,000,000 төгрөг тус тус зээлсэн гэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Батмөнх хариуцагч Л.Оюунжаргалтай байгуулсан нийт 9 зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 11 500 000 төгрөг, зээлийн хүү 862 500 төгрөг, алданги 6 181 250 төгрөг нийт 18 543 750 төгрөг нэхэмжилж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...хариуцагч Л.Оюунжаргал нэхэмжлэгч Т.Батмөнхөөс 2014 оны 08 сарын 26-нд 3 500 000 төгрөг, 2014 оны 09 сарын 15-ны өдөр 850 000 төгрөг, 2014 оны 09 сарын 18-нд 1 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 22-нд 1 850 000 төгрөг, 2014 оны 10 сарын 23-нд 1 300 000 төгрөг, 2014 оны 11 сарын 12-нд 800 000 төгрөг, 2015 оны 01 сарын 25-нд 200 000 төгрөг, 2015 оны 02 сарын 08-нд 1 000 000 төгрөг, 2015 оны 03 сарын 26-нд 1 000 000 төгрөг нийт 11 500 000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлэх болгондоо зээлийн гэрээ хийдэг байсан. Нэхэмжлэгч мөнгөө бэлнээр өгөөд хариуцагчаар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан.Нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хариуцагчаас дээрхи зээлүүдийн хүүг авсан.Ингээд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс Л.Оюунжаргалыг зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж хүссэний дагуу зээлийнхээ хүүг 2,5 болгон бууруулсан.Гэтэл зээлдэгч зээлийн хүү, үндсэн зээлийг төлөөгүй.Тиймээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 11 500 000 төгрөг, зээлийн хүү 862 500 төгрөг, алданги 6 181 250 төгрөг нийт 18 543 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч шүүх хуралдаанд “...би нэхэмжлэгч Т.Батмөнхөөс мөнгө зээлж аваагүй. Харин Ц.Энхтогосоос 11 500 000 төгрөг зээлсэн.Энэ мөнгөө хүүтэй нь буцаан төлж Ц.Энхтогосын данс руу мөнгө шилжүүлж байсан.2015 оны 02 сард Т.Батмөнх манай ажил дээр ирж бичиж бэлдэж ирсэн зээлийн гэрээнүүд дээр гарын үсэг зуруулсан.Т.Батмөнх надад “...чи Ц.Энхтогосоос мөнгийг бөөнөөр нь аваагүй юм байна.Би Ц.Энхтогосоос бүгдийг нь хуулаад аваад ирлээ чи тус бүр дээр нь гарын үсэг зураад өг” гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан.Баталгааны хувьд би тэр зээлсэн мөнгөний баталгааг бичиж өгөөгүй” гэсэн тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч Т.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндэслэл нь нэхэмжлэгч 2014 оны 08 сарын 26-нд 3 500 000 төгрөг, 2014 оны 09 сарын 15-ны өдөр 850 000 төгрөг, 2014 оны 09 сарын 18-нд 1 000 000 төгрөг 2014 оны 10 сарын 22-нд 1 850 000 төгрөг, 2014 оны 10 сарын 23-нд 1 300 000 төгрөг, 2014 оны 11 сарын 12-нд 800 000 төгрөг, 2015 оны 02 дугаар 08-нд 1 000 000 төгрөг, 2015 оны 01 сарын 25-нд 200 000 төгрөг, 2015 оны 03 сарын 26-нд 1 000 000 төгрөг тус тус зээлсэн зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас үндсэн зээл 11 500 000 төгрөг, зээлийн хүү 862 500 төгрөг, алданги 6 181 250 төгрөг нийт 18 543 750 төгрөг нэхэмжилж байгаа боловч хариуцагч “...би Т.Батмөнхөөс мөнгө зээлээгүй. Харин Ц.Энхтогос гэж хүнээс 2014 оны 08 сараас эхлэн увуулж цувуулан нийт 11 500 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлж авсан мөнгөө сар бүр н.Энхтогосын ХААН банкны 5014246513 тоот, төрийн банкны 130000100855 тоот дансанд хийж байсанаас гадна бэлнээр гар дээр нь мөнгө өгч нийт 20 000 000 төгрөг төлсөн байгаа” гэсэн тайлбар гаргаж тайлбартайгаа холбоотой нотлох баримтаар Ц.Энхтогосын Хаан болон Төрийн банкны дансны хуулгыг ирүүлсэн. Эдгээр баримтуудаар хариуцагчийн дээрхи тайлбар нотлогдож байна.
Мөн хариуцагчийн “...2015 оны 12 сард Т.Батмөнх ажил дээр ирэхдээ одоо хэрэгт нотлох баримтаар өгсөн 9 зээлийн гэрээг бичиж бэлдэж ирээд надаар гарын үсэг зуруулсан.Тухайн үед манай хамаатны Б.Одхүү гэдэг залуу надаар өмдөө хасуулах гээд манай ажил дээр ирсэн байсан учраас манай гэрийнхэнд хэлчихэж магадгүй гэж бодоод хурдхан гарын үсэг зур гэсэн газар нь гарын үсгээ зураад явуулсан” гэсэн тайлбар нь гэрч Б.Одхүүгийн шүүх хуралдаанд өгсөн “...2015 оны 02 дугаар сард би Л.Оюунжаргалын ажил дээр өмдөө хасуулах гээд сууж байтал нэг хүүхэн орж ирээд мөнгө төгрөг ярьж байгаад нилээд зузаан юм гаргаж ирээд гарын үсэг зуруулсан....урд хойно нь нилээн их зуруулж байгаад гарсан” гэсэн мэдүүлгээр нотлогдож байгаа.
Тиймээс хариуцагчийн дээрхи тайлбарууд Ц.Энхтогосын Хаан болон Төрийн банкны дансны хуулга, гэрч Б.Одхүүгийн мэдүүлэг, хариуцагч Л.Оюунжаргалын Хаан банкны дэлгэрэнгүй хуулга, гэрч О.Ууганчимэг, Б.Шагдарсүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Т.Батмөнх Л.Оюунжаргалд мөнгө зээлдүүлэх болгондоо зээлийн гэрээг бичгээр хийж Л.Оюунжаргалаар гарын үсэг зуруулан мөнгөө бэлнээр өгдөг байсан.Зээлийн гэрээнд мөнгө тоолж хүлээн авсан гэсэн хэсэгт хариуцагч гарын үсгээ зурсан байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч хариуцагчид мөнгө шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй, харин нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 9 зээлийн гэрээг нэхэмжлэгч нөхөж хийн хариуцагчаар гарын үсэг зуруулсан нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Одхүүгийн мэдүүлэг, Л.Оюунжаргал нэхэмжлэгч Т.Батмөнхөөс биш Ц.Энхтогосоос 11 500 000 төгрөг зээлж уг зээлээ буцаан төлж байсан нь хариуцагч Л.Оюунжаргалын тайлбар, Ц.Энхтогосын Хаан болон Төрийн банкны дансны хуулга, гэрч О.Ууганчимэг, Б.Шагдарсүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй зохигчдын гарын үсэг бүхий 9 зээлийн гэрээ нь Л.Отгонжаргалд мөнгийг шилжүүлж өгсөнийг нотлох үндэслэл бүхий нотлох баримт болохгүй, тэрээр хариуцагчид мөнгө шилжүүлсэн болохоо дээрх 9 зээлийн гэрээнээс өөр баримтаар нотолж чадаагүй учраас хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээл буцаан шаардах эрхгүй гэж үзлээ.
Зээл авсан мөнгөний баталгааны “...Л.Оюунжаргал би Т.Батмөнхөөс 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 11 500 000 төгрөгийг 2,5% хүүтэй зээлсэн.Энэ хугацаанд хүүнд 825 000 төгрөгийн хүү нийт 12 325 000 төгрөгийг 18 хоногийн дотор барагдуулна” гэж бичсэн хэсгийг Ц.Энхтогос бичсэн болох нь гэрч Ц.Энхтогосын мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул дээрхи баримт нь хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэл бүхий нотлох баримт болохгүй.
Гэрч Ц.Энхтогос “...би 2012 онд Л.Оюунжаргалд 10 000 000 төгрөг зээлж байсан.Үүнийгээ 2015 оны зун авч дууссан.Л.Оюунжаргал 11 500 000 төгрөгийг надаас биш Т.Батмөнхөөс авсан.Т.Батмөнхөөс авсан мөнгөө надаар дамжуулан буцааж төлж байсан” гэж мэдүүлдэг боловч тэрээр 11 500 000 төгрөгийг Л.Оюунжаргалд зээлдүүлээгүй гэсэн тайлбараа нотолж чадаагүй.Тиймээс гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлэх боломжгүй.Харин хариуцагч Л.Оюунжаргал нэхэмжлэгч Т.Батмөнхөөс биш гэрч Ц.Энхтогосоос 11 500 000 төгрөг зээлж уг мөнгөө хүү тооцон Ц.Энхтогосод буцаан төлж байсан нь Л.Оюунжаргалын тайлбар, Ц.Энхтогосын Хаан болон Төрийн банкны дансны хуулга, Б.Шагдарсүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байна
2.Хариуцагчийн “...Т.Батмөнхөөс надад 2014 оны 08 сарын 26-нд 3 500 000 төгрөг, 2014 оны 09 сарын 15-ны өдөр 850 000 төгрөг, 2014 оны 09 сарын 18-нд 1 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 22-нд 1 850 000 төгрөг, 2014 оны 10 сарын 23-нд 1 300 000 төгрөг, 2014 оны 11 сарын 12-нд 800 000 төгрөг, 2015 оны 01 сарын 25-нд 200 000 төгрөг, 2015 оны 02 сарын 08-нд 1 000 000 төгрөг, 2015 оны 03 сарын 26-нд 1 000 000 төгрөг тус тус зээлсэн гэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.Үндэслэл нь хариуцагч талаас дээрхи зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж буй хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй хэдий ч дээрхи хэлцэлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл; 56.1.3.өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; 56.1.4.үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл; 56.1.5.эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл; 56.1.6.сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл; 56.1.7.эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл; 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; 56.1.9. хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл; 56.1.10.дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл. гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 9 зээлийн гэрээ нь дээрхи хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлүүдийн алинд нь ч хамаарахгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...зохигчдын хооронд байгуулагдсан 9 зээлийн гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж мэтгэлцсэн боловч зохигчдын хооронд хийгдсэн 9 зээлийн гэрээг хийхдээ хариуцагч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн, хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн, тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн нөхцөл байдал буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-д заасан үндэслэл тогтоогдоогүй тулсөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээрхи үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 800 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 200 000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Батмөнхийн Л.Оюунжаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-д заасныг баримтлан хариуцагчийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА