Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01011

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024  05  13  210/МА2024/01011

 

 

 

Д.О рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00592 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.О рын нэхэмжлэлтэй

Хариуцагч В.К ХХК, Д.Б , Х.Ш  нарт холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 5,280,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, хариуцагч В.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, хариуцагч Д.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.О р нь В.К ХХК-ийн инженер Х.Ш тэй 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн ковшийг өдрийн 600,000 төгрөгөөр тооцон гадна талбайн тохижилтод түрээслэн ажиллуулахаар хэлцэл хийсэн бөгөөд В.К ХХК нь уг хэлцлийг хүлээн зөвшөөрч ажиллуулан төлбөр тооцоог хийж байсан. Түрээсийн төлбөрт 3,455,500 төгрөгийг гэрээгээр ажил гүйцэтгэгч Д.Б болон нягтлан бодогчоос Д.О рын дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр 5,280,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй, Д.Б д шилжүүлсэн хэмээн мөнгө шилжүүлсэн баримт ирүүлсэн. Д.Б гаас мөнгөө нэхэхэд В.К ХХК-аас авлагатай, түүнийг орж ирэхээр өгнө гэх миний төлбөр авахтай огт хамаагүй шалтгаанаар түүнд шилжин орсон мөнгөнөөс 5,280,500 төгрөгийг өгөхгүй байна.

1.2. Д.Б гийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Хүнд даацын автомашин түрээсийн гэрээнд хамруулан миний ковшийг дамжуулан түрээсэлсэн байна. Ковш ажиллуулсан хөлсийг Д.Б гаар дамжуулан надад олгосон талаарх санхүүгийн баримтыг компаниас надад өгсөн. Д.Б гийн хариу тайлбар болон дансны хуулгаас харахад Х.Ш рүү 6,000,000 төгрөг шилжүүлсэн, түүний 5,000,000 төгрөг ковш эмээлт гэсэн утгатай байна.

Нийт авсан 3,455,500 төгрөгөөс Х.Ш 2,500,000 төгрөгийг ковшийн 5 өдрийн төлбөр гэж, хариуцагч Д.Б 955,500 төгрөгийг ковш эмээлт гэж над руу шилжүүлсэн байсан тул хариуцагч Х.Ш эс төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөг, хариуцагч Д.Б гаас 2,780,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч В.К ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компанийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй тул Иргэний хуульд заасан ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгч нь өөрөө нотлох баримт гаргаж нотлох үүрэгтэй байтал ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

Иймд манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.Б гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Гэрээний 2.6 дахь хэсэгт уг ажилд түрээслэх техникүүдийн жагсаалтыг гаргасан ба уг жагсаалтад Д.О рын ковш байхгүй, түүний ковшийг оролцуулж түрээсийн гэрээ байгуулаагүй. Тухайн үед захиалагчийн инженер Х.Ш ковшийг түрээсэлсэн бөгөөд энэ нь Д.Б тай хамааралгүй юм.

3.2. В.К ХХК нь Д.Б тай байгуулсан гэрээний дагуу түрээсийн төлбөр шилжүүлэхдээ Д.О рын ковшийн түрээсийн төлбөрийг Д.Б гийн дансанд хамт хийдэг байсан. Д.О рын түрээсийн төлбөрийг Х.Ш нь Д.Б гийн дансаар дамжуулан өөрийн данс руу шилжүүлэн авч, улмаар Д.О рт төлбөрийг төлдөг байсан.

Үүний дагуу В.К " ХХК-аас орж ирсэн Д.О рын түрээсийн төлбөрийг дараах байдлаар Х.Ш болон Д.О рын данс руу шилжүүлсэн. Д.Б гийн Хаан банк ХК дахь 5016409055 тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг Х.Ш Хаан банк ХК дахь ******* тоот данс руу Д.Б гаас Х.Ш д гэсэн гүйлгээний утгатай, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг ковш эмээлт гэсэн гүйлгээний утгатай, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 955,500 төгрөг, нийт 6,955,500 төгрөгийг Д.О рын ковшийн түрээсийн төлбөрт шилжүүлсэн.

3.3. Д.О рын ковшийн түрээсийн төлбөрийн маргаан нь Д.Б тай хамааралгүй бөгөөд Д.Б нь тус ажилд зарцуулсан техникийн тээвэрлэлт болон түлшний төлбөрийг В.К ХХК-аас бүрэн авч чадаагүй байгаа. Д.Б нь Д.О рт төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй юм. Мөн Д.О р нь нэхэмжлэлийн шаардлагадаа В.К ХХК-ийн инженер Х.Ш тэй 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр аман хэлцэл хийх, өөрийн эзэмшлийн ковшийг өдрийн 600,000 төгрөгөөр тооцон түрээсэлсэн гэх тул ковшийн түрээсийн төлбөрийг хэлцэл хийсэн В.К ХХК болон Х.Ш нараас шаардах нь зүйтэй.

Иймд Д.Б д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Х.Ш татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Д.О р нь В.К ХХК-д бүртгэгдээгүй цагийн ажлын хөлсийг илүү нэхэмжлээд байна. Д.Б гаас орж ирж байгаа төлбөрт өөр ажлын хөлс буюу Санзайн ковшийн төлбөр давхар явж байгаа тул миний бие нэхэмжлэгч Д.О рт төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ш эс 2,500,000 төгрөг, хариуцагч Д.Б гаас 2,780,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.О рт олгож, хариуцагч В.К ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ш эс 40,000 төгрөг, хариуцагч Б.Баясгалангаас 59,438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О рт олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Д.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаар мөрөнд В.К ХХК-ийн нягтлан бодогч М.Нандинцэцэгийн мэдүүлгээр Д.Б тай аливаа төлбөрийн үлдэгдэл, тооцоо байхгүй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байх тул Д.Б гийн В.К ХХК нь манай компанид түлшний тооцоо зэрэг төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Иймд хариуцагч "В.К " ХХК нь нэхэмжлэгч Д.О рын түрээсийн төлбөрийг багтааж хариуцагч Д.Б д шилжүүлсэн нь үндэслэлтэй байна гэжээ". Гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдох ёстой боловч бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа гэрчийн мэдүүлгийг үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэг үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй. Тодруулбал хариуцагч Д.Б нь Д.О рын техник хэрэгслийг түрээслэх, ажиллуулах тухай гэрээ хэлэлцээр огт хийж байгаагүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт байхгүй, В.К ХХК-аас төлбөрийг хүлээн авсан байх тул тус талбайд ажиллаж байсан техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг төлүүлэх шийдвэр гарч байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Д.О р нь "В.К " ХХК-ийн ажлын талбайд тухайн байгууллагын ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул уг байгууллагаас төлбөрөө гаргуулах нь зүйтэй байна. Манай байгууллагын хувьд В.К ХХК-ийн инженер Х.Ш гуйлтын дагуу Д.О р гэх хүний төлбөрийг орж ирсэн хэмжээгээр нь тухай бүр Х.Ш д шилжүүлж байсан. Гэтэл манай байгууллагад ажлын хөлс хэдэн төгрөг орж ирэхээс, хэдэн төгрөг илүү орж түүнийг Х.Ш д өгсөн эсвэл өгөөгүй гэх баримт хэрэгт байхгүй байхад илүү авсан мэтээр шүүх шийдвэрлэжээ.

6.3. Д.Б нь Р.Т-тай 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хүнд даацын автомашин түрээсийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлтийн давааны замын урд талд байрлах, "Тээвэр ложистик, засвар үйлчилгээний төв"-ийн газар шорооны ажлыг 48,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Хүнд даацын автомашин түрээсийн гэрээний 2.6-д заасан Түрээсийн автомашины жагсаалтад Д.О рын ковш байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн ковшийг оролцуулан түрээсэлсэн зүйл байхгүй. Тухайн үед захиалагчийн инженер Х.Ш нь Д.О рын ковшийг түрээсэлсэн бөгөөд энэ нь Д.Б тай хамааралгүй юм. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж шийдвэрээ гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Б д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт нотлох баримтад юу хамаарахыг тодорхой дурдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэдгийг нотолж буй В.К ХХК-ийн нягтлан бодогч М.Нандинцэцэгийн гэрчийн мэдүүлэг нь В.К ХХК-ийн зүгээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн санхүүгийн баримтуудаар давхар нотлогдож байна.

7.2. Хэрэгт цугларсан баримтуудаас тодруулахад Д.Б гийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Д.О рын данс руу 955,500 төгрөгийг ковшийн төлбөр гэж шилжүүлсэн нь Д.Б , Х.Ш нар уг харилцааг мэдэж байсныг нотлох баримт болж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Тухайн ковшийг ашигласны төлбөрийн зарим хэсэг нь Д.Б д, Д.Б гаас Х.Ш д, Х.Ш эс тодорхой хэсгийг нэхэмжлэгч Д.О рт шилжсэн тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл болж байна.

7.3. Хариуцагч Д.Б гийн нотлох баримтуудаас харахад Х.Ш д хэд хэдэн удаа төлбөр шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Уг үйлдлийг Д.Б нь В.К ХХК-аас авсан ковшийн бүх төлбөрийг бүтнээр шилжүүлсэн гэх боловч гүйлгээний утга нь 2 өөр байдаг. Нэхэмжлэгчийн ковшийг Эмээлтийн зам засварын ажилд ашигласан. Д.Б гаас Х.Ш д шилжүүлсэн төлбөрийг авч үзэхэд 5,000,000 төгрөг нь Эмээлтийн зам засварын ажлын төлбөр, бусад төлбөр өөр утгатай. Уг нотлох баримтуудыг үндэслэж, нэхэмжлэгчийн зүгээс Х.Ш эс төлөгдөөгүй байгаа 2,500,000 төгрөг, Д.Б гаас 2,780,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч В.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгээс татгалзсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Д.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.О р нь хариуцагч В.К ХХК, Д.Б , Х.Ш нарт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 5,280,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. Хариуцагч Д.Б нь Р.Т-тай байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хүнд даацын автомашин түрээсийн гэрээ-ний дагуу экскаватор, хово, индүү, авто грейдэр зэрэг хүнд мехнизмаар Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлтийн давааны замын урд байрлах Тээвэр ложистик, засвар үйлчилгээний төвийн барилгын газар шорооны ажлыг 48,200,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирчээ.

3.2. Уг газар шорооны ажилд нэхэмжлэгч Д.О р нь өөрийн эзэмшлийн 6200 УБ улсын дугаартай хүнд мехнизм (ковш)-ыг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд өдрийн 600,000 төгрөгийн хөлсөөр ажиллуулсан байна.

3.3. Дээрх гэрээний төлбөр тооцоог хариуцагч В.К ХХК хариуцан гүйцэтгэж, хариуцагч Д.Б д гэрээний төлбөрийг шилжүүлж байсан бөгөөд тус төлбөр тооцоонд нэхэмжлэгчийн ковшийн хөлс багтжээ. Үүнээс хариуцагч Д.Б нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг хариуцагч Х.Ш д, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 955,500 төгрөгийг нэхэмжлэгч Д.О рт тус тус шилжүүлжээ.

 

4. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүх нэхэмжлэгч Д.О р болон хариуцагч Х.Ш , Р.Т- нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой.

4.1. Хариуцагч Д.Б гийн үүрэг бүхий гэрээт ажлын гүйцэтгэлд нэхэмжлэгчийн ковшийн ажлын гүйцэтгэл багтаж, төлбөр тооцоог нь хүлээн авч, нэхэмжлэгчид шилжүүлж байсан зэргээс дүгнэхэд, Д.Б болон Д.О р нарын хооронд хүнд механизм (ковш) хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Хариуцагчийн татгалзалд дурдсанчлан Хүнд даацын автомашин түрээсийн гэрээний түрээсийн автомашины жагсаалт-д Д.О рын ковш тусгагдаагүй ч талуудыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож амаар хэлцэл хийсэн гэж үзнэ.

4.2. Мөн нэхэмжлэгчтэй анх хариуцагч Х.Ш гэрээ байгуулахаар харилцсан, тэрээр хариуцагч Д.Б гаас зарим төлбөрийг хүлээн авч нэхэмжлэгчид дамжуулан шилжүүлсэн байх хэдий ч бодит байдалд түүнд хөлслөгчийн эрх, үүрэг үүсээгүй.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч болон В.К " ХХК-ийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна. Харин анхан шатны шүүх Д.Б болон Р.Т- нарын байгуулсан гэрээний дагуу В.К " ХХК төлбөрийн үлдэгдэлгүй нь тогтоогдсон гэж талуудын маргаанд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болно.

 

5. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгчийн ковшийн ажлын гүйцэтгэлийг тодорхойлсон В.К ХХК-ийн ажлын бүртгэл, тооцоо баримт хэрэгт авагдсан ба уг баримтад 2021 оны 06 дугаар сарын 02-06, 19, 20, 26-ны өдөр тус бүр 10 цаг - 4,800,000 (600,000*8) төгрөг, 06 дугаар сарын 14, 18-ны өдөр тус бүр 7 цаг - 840,000 (420,000*2) төгрөг, 06 дугаар сарын 21-ний өдөр 8 цаг - 480,000 төгрөг, 06 дугаар сарын 22-ны өдөр 9 цаг- 540,000 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр 9.6 цаг - 577,200 төгрөг, 06 дугаар сарын 28-ны өдөр 6.8 цаг - 405,000 төгрөг, 07 дугаар сарын 05-ны өдөр 7.9 цаг - 474,000 төгрөг, 07 дугаар сарын 08-ны өдөр 10.3 цаг - 619,800 төгрөг, нийт 8,736,000 төгрөгийн хөлс тооцогдсон байна. Хариуцагч Д.Б гийн зүгээс уг тооцоог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгээгүй.

Хөлслөгч Д.Б нь ковш ашигласны хөлсөнд 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг хариуцагч Х.Ш дансанд, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 955,500 төгрөгийг нэхэмжлэгч Д.О рын дансанд, нийт 5,955,500 төгрөгийг шилжүүлсэн болох нь холбогдох дансуудын хуулгаар тогтоогдсон байна. Харин хариуцагч Х.Ш нь дээрх 5,000,000 төгрөгөөс 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, 2,500,000 төгрөгийг шилжүүлээгүй байна.

 

6. Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Б гаас гэрээний үлдэгдэл төлбөр 2,780,500 (8,736,000-5,955,500) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О рт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Мөн хариуцагч Х.Ш эс 2,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч В.К ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч болон хариуцагч Х.Ш нар давж заалдах гомдол гаргаагүй болно.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА