Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01036

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01036

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01363 дугаар шийдвэртэй

*******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие *******тэй 2020 оны 10 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 15,000,000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. *******д 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш ******* нь өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 5,400,000 төгрөг, алданги 10,200,000 төгрөг, нийт 30,600,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******ээс 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлсэн. Үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 5,400,000 төгрөг, нийт 20,400,000 төгрөгт тооцон байгалийн алмаз чулуутай 17:0 хэмжээтэй 0,5 карат цагаан алтан бөгж, байгалийн маргад чулуутай шар алтан шигтгэдэг загварын ээмэг болон бөгжний хослол нийт 3 ширхэг үнэт эдлэлийг хүлээлгэн өгсөн ч ******* нь 2024 оны 11 сард буцааж өгсөн. Миний хувьд уг үнэт эдлэлүүдийг өгснөөр зээлийн гэрээний тооцоо дууссан гэж ойлгосон. Иймд нэхэмжлэлээс 20,400,000 төгрөгийг зөвшөөрч, алданги 10,200,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 30,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 310,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: ******* би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.У-г оролцуулахаар итгэмжлэл олгосон. 2024 оны 03 сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэргийн материалтай танилцах шаардлагатай тул тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан ч шүүх хурал хуралдсан байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талууд мэтгэлцэх зарчмаар шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлээгүй. Мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг маань хангуулаагүйд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлэлүүхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Шүүх хариуцагч *******ийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтээр 2024 оны 03 сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг мөн сарын 18-ны өдөр товложээ. Хариуцагчаас өөрийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцуулахаар 2024 оны 03 сарын 18-ны өдөр *******д 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ. Мөн өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгохыг хүсч шүүхэд хүсэлт гаргасан байна. /хх 34-35/

 

4. Анхан шатны шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг хариуцагч талаас хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч тал шүүх хуралдаанд биечлэн ирээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр оролцож буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг хуульд нийцээгүй гэж үзнэ. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулж хэргийн материалтай танилцах хугацаа олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэх замаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх, шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангасан бол шүүх хуралдааныг хойшлуулж, хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн бол хэрэг хэлэлцэх ажиллагааг эхлүүлэх учиртай.

Иймээс анхан шатны шүүх зөвхөн хариуцагч *******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай дүгнэж, хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т заасан эрхийг зөрчсөн буюу шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх зөрчилд хамаарна. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцээх замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул энэ үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЭНЭБИШ