Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 183/2022/02242/И |
Дугаар | 210/МА2024/01044 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2024/01044
2024 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2024/01044 |
2024 05 17 210/МА2024/01044
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01007 шийдвэртэй
******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, ******* ХХК, *******, *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4,978,382,888 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч ******* ХХК, *******, *******, ******* нар "*******" ХК-тай 2018 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 3 тэрбум төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр байгуулсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И гудамж, ******* хотхон 0000- тоот хаягтай, улсын бүртгэлийн 0000000000- дугаартай, 1273,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн байрны зоорийн давхрын 215,9 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, Д.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И- гудамж, 000-, 203 тоот хаягтай, улсын бүртгэлийн дугаартай, 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн 2020 оны 04 сарын 23-ны өдрийн дугаартай гэрээгээр ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И- гудамж 378 м.кв талбай бүхий, нэгж талбарын , улсын бүртгэлийн дугаартай орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газрыг нэмж, мөн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн дугаартай барьцааны гэрээгээр ******* ХХК наырн өмчлөлийн 66,400,000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн бараа материал, 206,512,400 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн нэмэлт өөрчлөлтийг удаа дараа оруулсан. Гэвч 2021 оны 10 сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн тул гэрээний дагуу 10, 11, 12 дугаар сард тус бүр 20 сая төгрөгийг данснаас нь үл маргах журмаар суутган төлүүлсэн. Үүнээс хойш зээлийн төлөлт хийгдээгүй. Зээлдэгч нар нь 2022 оны 02 сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 215,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 137,319,418.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,439.6 төгрөг, нийт 352,330,858 төгрөгийг төлсөн. Үндсэн төлбөрт 2,785,000,000 төгрөг, зээлийн хүү 1,421,097,692.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 411,863.1 төгрөг, нийт 4,206,539,555 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 06 сарын 16-ны өдрийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлдэгч нараас үндсэн зээлийн төлбөрт 2,756,110,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2,183,041,896 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 39,230,992 төгрөг, нийт 4,978,382,888 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: Бид 2018 онд анх зээл авч зориулалтын дагуу ашиглаж, эмнэлгээ өргөжүүлсэн. Гэтэл 2019 оны 03 сарын 26-ны өдөр давагдашгүй хүчин зүйлийн улмаас мэс засал хийх явцад хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол гарснаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас манай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Иймд бизнес эрсдэлд орчихсон учраас бид зээл төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Улмаар ******* ХХК-тай 2019 онд анх хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Тухайн үед хувьцааны 30 хувийг манай компани эзэмшиж, өөрийн байранд үйл ажиллагаа явуулан ашиг, орлогоо тодорхой хэмжээнд хувааж, бизнес хөрөнгө оруулалтын зээлээ төлөөд, энэ объектоо бас банкинд алдахгүй, амлалтаа биелүүлээд гэрээгээ зөрчихгүй явна гэдэг үндэслэлээр хамтарч ажилласан. Явцын дунд ******* ХХК-ийг 100 хувь худалдаж авсан. Гэтэл 2020 онд цар тахал гарсантай холбоотойгоор үйл ажиллагаа явуулж чадаагүй.
2021 оны 09 сард нэг золгүй явдал гарч хүнд байдалд орсон. Үүнд цар тахлын үед банктай тохироод үндсэн зээлээ графикийн дагуу төлж байсан. Тухайн үед банканд бид зээлээ цуцлах хүсэлт тавьсан ч бид гэрээ цуцлах хүсэлт тавиагүй. Дээрх байдалд банк уян хатан хандах талаар хүсэлт гаргасан бөгөөд тэр үед зээл арай өндөр дүнгээр төлөгдөж байсан учраас зээлийг 2-3 сараар хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл банк шууд зээлээ цуцал, гэрээнээсээ татгалз гэх байдлаар хандсан. Тэгээд хэдэн сар зээлээ төлж чадахгүй дутуу төлөөд эхэлсэн чинь шууд банкнаас зээлийн гэрээ биелэгдэхгүй байна гэж үзээд шүүхэд хандсан. Дээрх 2 удаагийн золгүй гэнэтийн зүйлээс болоод бизнес эрсдэлд орсон учраас тухай бүр банктайгаа яриад явж байсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК, *******, *******, ******* нараас 4,177,649,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800,733,333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК, *******, *******, ******* нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн 0000000000- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И- гудамж, ******* хотхон 0000- тоот хаягт байршилтай, 1273,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И- гудамж, ******* хотхон 110 байр, зоорийн давхрын 215,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн болон нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И- гудамж 378 м.кв талбай бүхий орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газар, Д.Т-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И- гудамж, 000-, 203 тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хөдлөх хөрөнгө буюу эмнэлгийн бараа материал, тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон, ихэсгэсэн шаардлагыг хангах үндэсгүй гэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 2.4.3, 6.5, 7.6-д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч нар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжлэхээр заасан. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995/ 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, түүнд тооцогдох нэмэгдүүлсэн хүү төлөх үр дагавар үүсгэхгүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4, 2.1.5-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 16,8 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Гэрээний хугацаанд зөвхөн банк талуудын зээлийн гэрээгээр тохирсон хүүг авах ёстой. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээтэй холбоотой үүрэг дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, энэ зээлийн гэрээг цуцлахдаа 2021 оны 11 сарын 04-ний өдөр зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлтийг зээлдэгч гаргасан. Үүнд банкны зүгээс 2022 оны 01 сарын 10-ны өдөр албан бичгээр зээлийн гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн учраас цуцалсан хугацаанаас хойш буюу шүүхэд 2022 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлсэн шаардлагууд нь хангагдах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, *******, *******, *******, ******* ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 4,978,382,888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК, *******, *******, ******* нарын хооронд 2018 оны 12 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан.
Тус зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 3,000,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаагаар зээлдэгч нарт олгож, зээлдэгч нар зээлийг гэрээнд заасан зориулалт, хугацаагаар ашиглаж, зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Зээлдэгч ******* ХХК-ийн хүсэлтээр зээлийн гэрээнд 2019 оны 05 сарын 31, 10 сарын 31-ний өдрүүдэд тус тус өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 102 сар болгож, мөн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн ЗГ/20184043865-3 дугаартай гэрээгээр ******* ХХК-ийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэмж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Үүний дараа 2021 оны 02 сарын 03-ны өдрийн дугаартай гэрээгээр зээлийн гэрээний хугацаанд мөн өөрчлөлт оруулжээ.
4. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний 6.1.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан 2022 оны 02 сарын 16-ны өдрийн байдлаар гаргасан зээл, хүүгийн тооцооллоор хариуцагч нар 4,206,539,555 төгрөг төлөх үүрэгтэй гэж тодорхойлсныг хариуцагч нар үгүйсгэж, няцаагаагүй байна. Хариуцагч нар шүүх хуралдааны явцад зээлийг зөвшөөрөхгүй агуулгатай тайлбарыг гаргасан ч татгалзлаа үндэслэл бүхий байдлаар илэрхийлээгүй байна.
Хариуцагч ******* ХХК нь зээл олгогдсоны дараа түүнтэй байгуулсан 2020 оны 07 сарын 27-ны өдрийн гэрээгээр зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг бусад зээлдэгч нартай хамтран хариуцах үүрэгтэйг анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, *******, *******, *******, ******* ХХК нараас 4,177,649,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй.
5. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагч ******* ХХК, барьцаалуулагч ******* ХХК, Д.Т- нарын хооронд 2018 оны 12 сарын 26-ны өдөр БГҮ/201844043865 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И- гудамж, ******* хотхон 0000- тоот хаягтай, улсын бүртгэлийн 0000000000- дугаартай, 1273,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн байрны зоорийн давхрын 215,9 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, Д.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И- гудамж, 000-, 203 тоот хаягтай, улсын бүртгэлийн дугаартай, 98 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн 2020 оны 04 сарын 23-ны өдрийн дугаартай гэрээгээр ******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, И- гудамж 378 м.кв талбай бүхий, нэгж талбарын , улсын бүртгэлийн дугаартай орон сууцын зориулалттай эзэмших эрхтэй газрыг нэмж, мөн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн дугаартай барьцааны гэрээгээр ******* ХХК нарын өмчлөлийн 66,400,000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн бараа материал, 206,512,400 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг тус тус барьцаалжээ.
Тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй болохыг шүүх зөв тогтоожээ. Иймд анхан шатны шүүх дээрх барьцааны зүйлээр худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ хийгдсэн, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад нийцсэн байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн, зээлдэгч нар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс хуульд заасны дагуу чөлөөлөгдөхгүй гэсэн агуулгаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэснийг шүүх нэгэнт цуцлагдсан гэрээнд үүрэг тооцохгүй гэх үндэслэлээр гэрээ цуцалснаас хойш хугацааны хүү 800,733,333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт ...зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн заалт нь нэхэмжлэгчийн энэ шаардлагад хамаарахгүй, анхан шатны шүүх зээлдэгчийн гэрээний хугацаанд төлөх төлбөрийг нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад үндэслэж шийдвэрлэсэн тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй болно.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01007 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,161,617 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ