Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 194000000018 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Б.Б

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг “Хэрмийн булаг” гэх газарт оршин суух иргэн О  гэрт иргэн Ө.Ж марган улмаар түүнийг хавсарч унагасны улмаас иргэн Ө.Ж  нь толгойн тус газраараа ширээ мөргөж толгойн дагзны зүүн доод хэсэг болон зүүн чихний ар хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б “Ө.Ж  нь эхнэртэйгээ маргалдаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан юм.  Би маргааш нь ажилтай байсан учир архи дарс уугаагүй байсан. Эхнэртэйгээ муудалцаад байхаар нь салгахдаа жоохон эв дүй муутай, буруу харьцсанаас болж ийм зүйл болсон” гэв.

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ дүү нарын хамтаар байж байхад манай найзууд болох Дорноговь аймгийн харъяат Д, Н , Д.Б нар нь манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой бага зэрэг үнэртүүлсэн байдалтай ирсэн. Ингээд тэр гурвыг ирэхэд нь би гэртээ хоол цай хийж өгөөд гэрт байсан цагаан сараар үлдсэн байсан архинаас тэд нарт хийж өгсөн. Гэхдээ манай гэрт айхтар уугаагүй. Ингээд бид дөрөв манай гэрээс гараад Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Фрэйндс гэх нэртэй баарлуу орохоор болсон. Ингээд баарлуу орох гэж байхад үүдэнд нь найз Б таарсан. Ингээд бид 5 нийлээд Фрэйндс гэх нэртэй баарлуу ороход бааранд Ж  эхнэр С  найзын хамтаар сууж байсан. Тэгэхээр нь бид нилээд хамт ширээнд нь суусан. Тэгээд баарнаас бид мөнгөө нийлүүлж байгаад 0.5 литрийн савалгаатай Соёрхол гэх нэртэй архи 1 шилийг аваад тойруулж хувааж уусан. Бид нарыг сууж байхад гаднаас Ж, Э  хоёр орж ирээд мөн бидний ширээнд нэмэгдэж суугаад бид нарын авсан архинаас хамт уулцсан. Ингээд бид баар хаахад Ж  нь манай гэрт очье гээд Д.Б.Б , Д , Б, Э, Н  нарыг дагуулаад явсан. Харин би найз охин Г  уулзах байсан болохоор тэд нараас салаад Г  уулзчихаад хойноос нь Ж ийн гэрт очсон. Ингээд Ж  гэрт очиход Ж  бууз жигнэж өгөөд 2.5 литрийн савалгаатай пивоны саванд хийсэн нэрмэл, 0.75 литрийн савалгаатай Голд Чингис гэх нэртэй архи гаргаж өгсөн. Би маргааш нь ажилтай байсан болохоор архи болон нэрмэлээс нь уугаагүй. Ингээд Ж  гэрт сууж байхад Г хөдөө манай эмээгийнд очье гэхэд бүгд хүлээн зөвшөөрч Г гэрлүү явахаар болсон. Ингээд бид Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг Хэрмийн булаг гэх газар байх Г эмээгийнд очиход Г ах нь болох О  гэгч нь ганцаараа байсан. Ингээд мөн л бид Г эмээгийн гэрт бууз жигнүүлж идээд барашигаар дайлуулсан. Би мөн л уугаагүй. Тэгсэн Ж  эхнэр С тай муудалцаад байсан. Бор-Өндөр сумын төвд байхад л муудалцаж эхэлсэн. Юунаас болж маргалдаад байсан эсэхийг мэдэхгүй. Ингээд Г эмээгийнд тэр 2 муудалцаж хоорондоо хэрэлдэж маргалдаад ерөөсөө болихгүй байсан. Үүнийг Э  болиулах гээд чадахүй байсан. Тэгсэн сүүлд тэр 2 бүр хоорондоо зодолдох гээд байгаа бололтой хэрүүл маргаан нь хурцдаж Ж  эхнэрийгээ хойш нь тохойлдоод унагасан. Тэгсэн эхнэр нь хойшоо унахдаа ухаан алдчихсан. Тэгсэн Ж  эхнэрүүгээ “Наадах чинь яах ч үгүй, яагаад байгаан” гээд дайраад байхаар нь Ж ыг С аас холдуулаач гэж хэлэхэд Г Ж ыг гэрийн зүүн орлуу хүргэж, харин О  ах, Д.Б хамтаар С ыг гэрээс аваад гарсан. Тэгэхээр нь би “Ж т уурлаж чи ямар сонин юм бэ? Эхнэр чинь ухаан алдчихаад байхад арчаагүй царайлаад байхын” гээд уурлахад “Чамд хамаагүй” гээд өөдөөс босоод ирэхээр нь миний уур хүрээд цамцных нь баруун талынх нь ханцуйнаас барьж байгаад баруун хөлрүү нь хавсарч унагаахад Ж  хойшоо газар унасан. Тэгэж унахдаа гэрийн дунд байсан модон ширээг мөргөөд уначихсан. Тэгэхээр нь би Ж  эхнэр С д санаа зовоод хойноос нь гарахад манай найзууд С ыг машинд суулгачихсан байсан. Ингээд би машинаа асааж эмнэлэгт ирж үзүүлчихээд эргэж Г эмээгийнд ирэхэд Ж  толгой нь хагарчихсан зүүн орон дээр хэвтэж байсан. Ингээд л мөн Ж ыг эмнэлэгт хүргэж өгч шарханд нь эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-н 18-19 хуу/

Хохирогч Ө.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хажуу хөрш болох найз Э тай оройн 31 цагийн үед уулзаад Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Гуа тээг” гэх бааранд орж 0.5 литрийн савалгаатай “Сэрүүн” гэх пивоноос нэг нэг лаазыг уучихаад “Friends” гэх нэртэй бааранд бүжиглэхээр 21 цаг өнгөрч байхад орсон. Э  бид хоёр “Гуа тээг” бааранд удаагүй юм. Ингээд “Friends” ороход манай найзууд болох Д.Б, Ц.Н , Г, Д , Б.Б нар нь мөн бааранд пиво уугаад сууж байсан. Ингээд Э  бид 2 тэр хэдтэй нийлж ширээнд суусан. Ингээд бид бааранд пиво ууж уусан. Миний хувьд "Friends" бааранд 0.5 литрийн савалгаатай 2 ширхэг пиво л уусан. Игээд бид баар хаахад буюу 00 цагийн үед гараад манай гэрт ирж бүгдээрээ ирж хоол идэж гэрт байсан монгол архинаас ууж байтал Г “Хөдөө манай эмээгийн гэрлүү явъя” гэхээр нь зөвшөөрч бид хамт Г эмээгийнх болох Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг Хэрмийн булаг гэх газарлуу явсан. Бид явахдаа Б.Б эзэмшлийн цагаан өнгийн приус 30 маркийн автомашинтай бүгд сууж, харин би Э ын хамтаар өөрийнхөө улаан өнгийн Даюун маркийн мотоциклиор явсан. Ингээд Г эмээгийнд очиход О  гэдэг ах гэртээ ганцаараа байсан. Ингээд бид гэрт нь ороход О  ах бууз жигнэж өгөөд 0.75 литрийн савалгаатай “Соёрхол” гэдэг архи гаргаж өгсөн. Ингээд би согтож тасарсан байсан. Учир нь би өмнө нь монгол архи болон пиво уусан байсан болохоор тасарчихсан байсан. Нэг мэдсэн би маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 04 цагийн үед эмнэлэг дээр сэрсэн. Тэгсэн миний толгойны зүүн хэсэгт 2 удаа хагарчихсан байсан. Би тухайн үед юу болсныг сайн санахгүй байна. Г ярисанаар намайг Б.Б-тай муудалцаж зодолдсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 4-р хуу/

Хохирогч Ө.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би болсон асуудлын талаар өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. Би тухайн үед сүүлд болсон асуудлуудыг санахгүй байгаа. Иймд надад дахин нэмж ярих зүйл байхгүй. Сүүлд найдуудаасаа сонсоход намайг эхнэртэйгээ муудалцаад байхаар нь Б.Б  хориглож надад эхнэртэйгээ муудалцлаа гэж уурлаад намайг хавсарч унагаасан гэсэн. Ингэж унагахдаа би ширээ мөргөж толгойгоо хагалчихсан гэж байсан. Миний эрүүл мэнд одоо зүгээр болсон. Надад учирсан гэмтэл маань эдгэрч зүгэээр болсон. Би өөрт учирсан гэмтэлдээ Бор-Өндөр сумын  нэгдсэн эмнэлэгт үзүүлж оёдол тавиулж боолт хийлгэсэн. Би эмчилгээнд мөнгө төгрөг зарцуулаагүй. ...Миний хувьд ямар нэгэн гомдол санал болон Б.Б аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 3 хуу/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр найз Соронзонболдтой уулзах гээд  оройн 21 цаг өнгөрч байх үед Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Фрейндс” гэх нэртэй баарлуу орох гэж байгаад найзууд болох Д , Б.Б , Д.Б. , Н  таарч мэнд ус мэдчихээд баарлуу орж Соронзонболдтой уулзаж баарнаас 0.5 литртийн савалгаатай “Сэрүүн” гэх пивоноос хүний 4, 4 пиво уусан. Ингээд би Соронзонболдоос салаад Д , Б.Б. , Д.Б. , Н  нарын ширээн дээр очиж суусан. Намайг ширээнд нь суухад Д , Б.Б. , Д.Б. , Н  болон Ж  түүний эхнэр Ц  нар сууж байсан. Ингээд би тэд нарын ширээнд сууж мөн л пиво уусан. Ингээд баар хаах болж бид баарнаас бөөндөө гарч Ж  гэрт очиж нэрмэл архи уусан. Ингээд би найзуудыгаа эмээгийн гэр болох Бор-өндөр сумын 5 дугаар багийн нутаг Хэрмийн булаг гэх газарт байх эмээгийнхээ гэрлүү явахыг санал болгоход бүгд зөвшөөрсөн. Ингээд бид явахдаа Б.Б найз охин Ганцэцэгийг, Ж ийн эхнэр Ц  нарыг авч явсан. Ингээд манай эмээгийн гэрт очиход эмээ байхгүй харин нагац ах О  байсан. Тэгсэн О  ах бид нарт бууз жигнэж өгөөд 0.75 литрийн савалгаатай Соёрхол гэх нэртэй архи болон бараашиг гаргаж биднийг дайлсан. Ингээд уугаад сууж байтал Ц  нөхөр Ж тай хэрэлдээд нүүр амруу нь алгадаад байсан. Энэ үед бид Ж ийг бид боль гэж шаардахад Ц  муухай орилоод Ж руу дайраад байсан. Тэгсэн Ж  уурлаж босож ирээд Ц ыг хойш нь зүүн талд байх ор болон орны урд байсан ширээ дундуур унагаахад Ц  ухаан алдаад унаад өгсөн. Тэгсэн Б.Б босч ирээд Ж ыг хориглож зүүн орлуу дарж унасан. Харин О  ах Д.Б 2 Ц ыг өргөөд гэрээс гарсан. Тухайн үед гэрт Д  баруун орон дээр унтаж байсан. Ингээд Ж  Б.Б хоёр маргалдаад муудалцаад байхаар нь би тэр хоёрыг хориглоход Б.Б босч ирээд намайг хойш нь “Холд бай гээд түлхсэн. Тэгээд эргэж хараад Ж ыг газар хавсарч унагахад Ж  хойшоо ширээрүү мөргөж унасан. Тэгээд Б.Б гэрээс найз охины дагуулаад гараад явсан. Харин би Ж ыг босож ирэхэд толгойны ар хэсгээс нь цус гарч толгой нь хагарсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 8-р хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай

  1. Ө.Ж ын биед толгойн дагзны зүүн доод хэсэг болон зүүн чихний  ар хэсгүүдын язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 12 хуу/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-н 1 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28-р хуу/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг “Хэрмийн булаг” гэх газар оршин суух иргэн О  гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Ө.Ж маргалдан улмаар түүнийг хавсарч унаган толгойн дагзны зүүн доод хэсэг болон зүүн чихний ар хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

Гэрч Б.Г “...Ц  нөхөр Ж тай хэрэлдээд нүүр амруу нь алгадаад байсан. Энэ үед бид Ж ийг бид боль гэж шаардахад Ц  муухай орилоод Ж руу дайраад байсан. Тэгсэн Ж  уурлаж босож ирээд Ц ыг хойш нь зүүн талд байх ор болон орны урд байсан ширээ дундуур унагаахад Ц  ухаан алдаад унаад өгсөн. Тэгсэн Б.Б босч ирээд Ж ыг хориглож зүүн орлуу дарж унасан. Харин О  ах Д.Б 2 Ц ыг өргөөд гэрээс гарсан. Тухайн үед гэрт Д  баруун орон дээр унтаж байсан. Ингээд Ж  Б.Б хоёр маргалдаад муудалцаад байхаар нь би тэр хоёрыг хориглоход Б.Б босч ирээд намайг хойш нь “Холд бай гээд түлхсэн. Тэгээд эргэж хараад Ж ыг газар хавсарч унагахад Ж  хойшоо ширээрүү мөргөж унасан. Тэгээд Б.Б гэрээс найз охины дагуулаад гараад явсан. Харин би Ж ыг босож ирэхэд толгойны ар хэсгээс нь цус гарч толгой нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг

Хохирогч Ө.Ж ын “...Г эмээгийнд очиход О  гэдэг ах гэртээ ганцаараа байсан. Ингээд бид гэрт нь ороход О  ах бууз жигнэж өгөөд 0.75 литрийн савалгаатай “Соёрхол” гэдэг архи гаргаж өгсөн. Ингээд би согтож тасарсан байсан. Учир нь би өмнө нь монгол архи болон пиво уусан байсан болохоор тасарчихсан байсан. Нэг мэдсэн би маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 04 цагийн үед эмнэлэг дээр сэрсэн. Тэгсэн миний толгойны зүүн хэсэгт 2 удаа хагарчихсан байсан. Би тухайн үед юу болсныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг

 Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 19 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршигт зориуд хүргэжээ.  

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн  хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Б.Б т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан торгох ял шийтгэхээр тогтов.

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч Ө.Ж  нь мөрдөн байцаалтын шатанд “Би өөрт учирсан гэмтэлдээ Бор-Өндөр сумын  нэгдсэн эмнэлэгт үзүүлж оёдол тавиулж боолт хийлгэсэн. Би эмчилгээнд мөнгө төгрөг зарцуулаагүй. ... Миний хувьд ямар нэгэн гомдол санал болон Б.Б аас нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР