Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01037

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  05  17  210/МА2024/01037

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01050 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.М- нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.От холбогдох

Автозогсоолыг чөлөөлүүлэх, автозогсоолын байршлыг бататгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагмадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэвээн, Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.М нь 2013 оны 05 дугаар сард иргэн М.Б , Ч.Т Б.А нараас Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67/3 байр 7 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авсан. Энэ үеэс хойш зоорийн давхрын 7 тоот гэсэн ханын бичээс бүхий зогсоолд түрээсээр автомашинаа байрлуулдаг байсан. 2021 оны 08 дугаар сард тус зогсоолыг Ч.Тунгалагаас худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч нэр дээрээ шилжүүлсэн. Үүнээс хойш тус зогсоолд ******* УНГ улсын дугаартай, цагаан өнгийн, тоёота кровн маркийн, ******* УБО улсын дугаартай, БМВ ИксЗ маркийн, ******* УНЦ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашинуудыг тасралтгүй тавьж ашиглаж байсан.

1.2. Энэ хугацаанд иргэн Б.О манай хажууд автомашинаа байршуулдаг байсан. Мөн сууц өмчлөгчдийн холбоо 2 удаа солигдоход байршлын маргаан гарч байгаагүй. Гэвч 2023 оны 09 дүгээр сараас манай зогсоолыг дугаар 14 гэж иргэн Б.О машинаа тавьж эхэлсэн ба үүнээс шалтгаалан бид эд хөрөнгөө ашиглаж чадахгүй хохирч байна.

Иймд Б.Оаас дээрх автомашины зогсоолыг чөлөөлүүлж, зогсоолын байршлыг бататгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Б.О нь 2017 оны 04 дүгээр сард Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, ** тоот хаягтай орон сууцанд нүүж ирсэн. 2018 оны 09 дүгээр сард П.Болдсүх, Ж.Саранбат нартай тооцоо дуусаж 88 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, зоорийн давхарт 18 м.кв талбайтай зогсоол, нийт 106 м.кв талбайтайа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан. П.Болдсүхээр автомашины зогсоолыг заалгаж авсан.

2.2. Б.О нь ажлын шаардлагаар ихэнхдээ 23:00 цагийн үед ирдэг. Энэ үед үндсэн зогсоолдоо автомашинаа тавих гэхээр нэхэмжлэгч автомашинаа байршуулсан байдаг тул хажуу талд нь зогсоодог байсан. 2023 оны 09 дүгээр сард сууц өмчлөгчдийн холбооноос өөрсдийн үндсэн зогсоолдоо автомашинаа байршуулахыг шаардсан.

2.3. Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж 106 м.кв талбайтай 3 өөрөө орон сууц, автомашины зогсоолын зориулалттай гэсэн 2 тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өөрийн үндсэн зогсоол дээрээ автомашинаа байршуулсан. 2012 онд засвар хийхэд автозогсоолуудын дугаарыг арилгаж, сууц өмчлөгчдийн холбооноос дахин шинээр дугаар тавьсан. Зарим сууц өмчлөгч нар дур мэдэн дугаар бичсэн.

Иймд Б.М- нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М- өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205024708 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 67/3 байр, зоорийн давхар 7 тоот (одоо 14 болгож будсан), 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Оын хууль бус эзэмшлээс чөлөөлж, бусдын өмчлөх эрхэд саад учруулахгүй, зөрчихгүй байхыг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56. 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 134 950 төгрөг гаргуулж Б.Мт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд өмчлөгч байх, бусдын эзэмшилд байх, эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөлийг хангасан байх шаардлагатай.

Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагчийн 14 болон нэхэмжлэгчийн 7 тоот зогсоолууд нь анх хэний өмчлөлд, ямар байршилд байсан талаар дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус 14 ширхэг автозогсоол бүхий барилга нь 2004 онд ашиглалтад орсон бөгөөд Өгөөж ХХК талд 7 ширхэг, Карказ ХХК талд 7 ширхэг байхаар дундуур нь заагласан. Гэрч Ч.Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр тухайн үед Карказ ХХК талын 7 автозогсоол 11 эзэмшигчтэй болж одоог хүртэл маргаантай байдаг, 14 тоот зогсоолд П.Болдсүх байнга автомашинаа тавьдаг, зогсоолдоо автомашинаа байрлуулахыг бусдаасаа шаарддаг байсан, 2006 оны байдлаар М.Б үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан гэжээ.

Мөн хэргийн 37 дахь талд П.Болдсүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа хавсарган өгсөн бодит байршлын зураг байна. Хэргийн 62 дахь талд Б.Агийн 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авахдаа П.Болдсүхийн өмчлөлийн автозогсоолын байршлын фото зураг дээр 7 гэсэн тоог балаар бичиж давхцуулан бүртгүүлсэн. Гэтэл шүүхээс Б.А нь ...автозогсоолын байршил тухайн зоорийн давхрын баруун талын ханын 7 дугаартай буюу сум заасан хэсэгт байрлалтай тогтоогдсон" гэж хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид нэхэмжлэгчийн 7 тоот автозогсоолын байршил бол манай 14 тоот авто зогсоолын байршил гэж маргаж байсан атал шүүхээс хэт нэг талыг барьж хариуцагч маргаагүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.2. Б.Оын өмчлөлийн 14 тоот автозогсоолыг анх 88 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамт 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаар "Орон сууцны байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах тухай гэрээ-ний дагуу Карказ ХХК-аас П.Болдсүх шинээр авсан байх ба Карказ ХХК-ийн 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 05/102 дугаар албан бичиг, 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн П.Болдсүх, Ж.Саранбат нарын өмчлөх эрхийн гэрчилгээнээс харж болохоор байна.

Иймд нэхэмжлэгчийн чөлөөлүүлэх байршил нь 2006 оноос өнөөдрийг хүртэл 14 тоот авто зогсоолын байршил бөгөөд хариуцагчид Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй" гэж эрх олгосон.

4.3. Б.О нь өмчлөгч учир хууль бус гэж үзэхгүй, өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй төдийгүй өөрийн автозогсоол хэсгийн тоог тодруулах, тэмдэгжүүлэх бүрэн эрхтэй байна.

4.4. Нэхэмжлэгч нь шүүхэд өөрөө нэхэмжлэлээ гаргасан байх атлаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Австрали Улсад байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулсан тул нэхэмжлэлд хэн гарын үсэг зурсан, нэхэмжлэл гарсан эсэх асуудлыг шүүх харгалзан үзээгүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж дүгнэсэн. Шүүхээс тухайн маргаан бүхий талбай дээр үзлэг хийсний үндсэн дээр үнэн зөв шийдвэр гаргасан. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дур мэдэн 7 тоот автозогсоолыг 14 болгосон нь үзлэгийн явцад нотлогдсон. Анх автозогсоолын гэрчилгээ авахдаа бүрдүүлж өгсөн баримтад 7 тоот автозогсоолын урд талын н.Адъяагийн нэр дээр байгаа микро тавьсан хэсгийг 14 тоот зогсоол гэж улсын бүртгэл бүртгэж авсан.

5.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сард Австрали Улс руу явснаас хойш автомашинаа тавих боломжгүй нөхцөл байдал үүссэн, Б.О нь өөрийн автозогсоол гэсэн байдлаар хандсан учир хууль ёсны эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.От холбогдуулан автозогсоол чөлөөлүүлэх, автозогсоолын байршлыг бататгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж *** байрны зоорийн давхарт *** тоот автозогсоолыг нэхэмжлэгч, ** тоот автозогсоолыг хариуцагч тус тус өмчилдөг талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ түүний өмчлөлийн ** тоот автозогсоолыг хариуцагч ** тоот гэх үндэслэлээр хууль бусаар эзэмшиж байгаа гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ өөрийн өмчлөлийн ** тоот автозогсоолыг эзэмшиж байгаа гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.

 

4. Дээрх 2 автозогсоолын хувийн хэрэгт хавсаргагдсан цоколийн давхрын байгуулалт зураг, байршил харуулсан гэрэл зургууд, зоорийн давхрын ханан дахь автозогсоолын дугаарлалт засварлагдсан талаарх гэрч Л.Адъяа, Ч.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлд үндэслэн хэргийг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, талуудын маргааны зүйл болсон автозогсоолын зориулалттай 7 болон 14 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршил нь өмчлөх эрхийн улсын бүртгэл буюу барилгын зургаар, мөн бодит байдлаар ямар болохыг тодруулахад тусгай мэдлэг шаардагдахаар байх тул анхан шатны шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан эрх, үүргийг тайлбарлах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг дутуу явуулснаас хуульд заасан нотлох баримт гаргах боломжийг олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй гэж дүгнэхээр байна.

 

5. Иймээс маргааны үйл баримт тогтоогдоогүй, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 134,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА