Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогч Ц.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Ш.Ганбат,

Шүүгдэгч Д.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1903 00035 0100 дугаартай хэргийг 2019 оны 3 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Борлууд овогт Даваасамбуугийн Баттулга, 1985 оны 01 сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, “Артиковор” ХХК-д барималч, дархан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байр, 18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ТА85012511/

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Баянбүрд” төвийн зүүн замд улсын дугааргүй Toyota Axio маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Болорцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Бас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Болорцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянбүрдийн явган хүний гарцаар гарч байх үедээ машинд мөргүүлсэн. Ингээд эмнэлэгт үзүүлсэн хөл хугарсан, няцралттай байгаа. Би гомдолтой байна. Хохирогч Ц.Болорцэцэгээс 1 дүгээр сард ажилгүй байсан хугацааны цалин 518.182 төгрөг, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөг, эм тариа, автомашиндаа хийсэн бензины үнэ 1.030.099 төгрөг, нийт 4.548.281 төгрөгийн зардал гарсан, шүүгдэгч одоогоор 800.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3.734.281 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжилнэ..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Бас мөрдөн шалгах ажиллагааны шед мэдүүлсэн: /хх-81-82/ “..Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна., Би хохирогч Ц.Болорцэцэгийн эмчилгээнд баримтаар нийт 814.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

 

              Хохирогч Ц.Болорцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-30-31/ “.. Би 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө ажил дээрээсээ цайны цагаар 10 цагийн үед гарч Баянбүрд төв орчихоод Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрд төвийн зүүн талын урд автобусны буудлын замд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй алхаад гарч явтал ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байсан автомашинд мөргүүлсэн байсан. Би осол болох үед ухаан алдаж унасан. Мөн шоконд орсон. Би явган хүний гарцтай газраар гарч явсан. Би зам хөндлөн гарахдаа алхаж гарсан. Гомдолтой байна, явган хүний гарцаараа гарч яваад эрүүл сайхан биеэ өвчтэй болгосон. Мөн одоо би өвчиндөө шаналаад байж байна даа. Би эмчилгээндээ өөрөөсөө 100.000 орчим мянган төгрөг зарцуулсан. Хөлний хагалгааны төлбөр 450.000 төгрөг болсон. Би эрүүл мэндийн даатгалтай болохоор даатгалаас 85%-ийг гаргуулсан. Жолооч надад эм тариандаа хэрэглээрэй гээд 500.000 төгрөг өгсөнийг хагалгааны үлдэгдэл төлбөр болон эмнэлэгт хэвтсэн ор хоногт нийт 210.000 төгрөгийг зарцуулсан. Үлдсэн мөнгийг таяг, боолт, такси, өвчин намдаах эм зэрэгт хэрэглээд дууссан. Өөрт учирсан сэтгэл санаа болон бусад бүх хохирлоо бүрэн нэхэмжлэх болно..” гэх мэдүүлэг,

 

              Гэрч Ч.Тогоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-36-37/ “.. Би 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчим нөхөр Мөнхтулгын хамт гэрээсээ нөхөр Мөнхтулгын худалдсан авсан улсын дугааргүй Тоёота Королла Аксио маркийн автомашинтай дотор нь би мөн манай нөхөр Мөнхтулга, түүний төрсөн ах Баттулга автомашиныг жолоодон би хойд суудалд суугаад манай нөхөр урд жолоочийн хажууд сандлаа буулгаад унтаад ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байтал Баянбүрдийн автобусны буудал ирэх үед явган хүний гарцаар гарч явсан хүнийг хүргэн ах Баттулга харалгүй автомашиныхаа жолоочийн эсрэг урд талаар мөргөж баруун гар тул руугаа жолооны хүрдээ дараад тоормос гишгээд зогссон. Тэр үед мөргүүлсэн хүн зам дээр унасан. Би ослын улмаас биедээ гэмтэл аваагүй..” гэх мэдүүлэг,

              Иргэний хариуцагч Д.Мөнхтулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-39-40/ “..Улсын дугааргүй худалдах, худалдан авах гэрээтэй, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгтэй Toyota Corolla Axio маркийн автомашин миний эзэмшлийнх. Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Да хүрээ зах дээрээс /15.500.000/ төгрөгөөр худалдан авсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай төрсөн ах Д.Б надтай хамт Да хүрээ зах орж миний худалдан авсан улсын дугааргүй автомашинд улсын дугаар авахаар жолоодон явж байгаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрд төвийн зүүн талын урд автобусны буудлын замд зам тээврийн осол гаргасан юм. Надад хохирогч Ц.Болорцэцэгийн эмчилгээний болон бусад зардлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй, манай ах бид 2 хохирогчид одоогийн байдлаар эмчилгээний зардалд /700.000/ төгрөг өгсөн..” гэх мэдүүлэг,

 

              Шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1197 дугаартай дүгнэлтэнд: /хх-43/ 1. Ц.Болорцэцэгийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэрээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт,

 

              2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №36 дугаар мөрдөгчийн магадлагаанд: /хх-70/ “..1. Улсын дугааргүй Тоёота Ахио маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Ц.Болорцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зөрчсөн байх үндэслэлгүй байна. 3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. 4. Автотээврийн үндэсний төв Баянгол техникийн оношилгооны үзлэгийн төвийн нэр бүхий шинжээч нарын 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №15 дугаартай дүгнэлтээр зам тээврийн осол гарахад нөлөөлөхөөр эвдрэл гэмтэл илрээгүй байна..” гэх магадлагаа, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “..Зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрд төвийн зүүн замын урд автобусны буудал хажуу хучилттай замд үйлдэгдсэн байв. Уг зам нь асфальт, шулуун тэгш, хальтиргаатай, зохицуулдаггүй, явган хүний гарцтай зам байв..” гэх тэмдэглэл /хх-4-5/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 10-13-р хуудас/, Камерийн бичлэг, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Баянбүрд” төвийн зүүн замд улсын дугааргүй Toyota Axio маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 44 настай, эмэгтэй Ц.Болорцэцэгийг мөргөж, хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.  Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Баттулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Ц.Болорцэцэгээс 1 дүгээр сард ажилгүй байсан хугацааны цалин 518.182 төгрөг, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудад ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөг, эм тариа, автомашиндаа хийсэн бензины үнэ 1.030.099 төгрөг, нийт 4.548.281 төгрөгийн зардал гарсан, шүүгдэгч одоогоор 800.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3.734.281 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжилнэ гэжээ.

Хохирогч Ц.Болорцэцэг нь Чингэлтэй дүүргийн тохижолт үйлчилгээ ХХК-нд сарын 600.000 төгрөгийн цалинтай зам талбайн үйлчлэгчээр ажилладаг тухай тус компаниас тодорхойлсон баримт болон түүний нийгмийн даатгалын дэвтэрийг хуулбарлан ирүүлсэн байна. Хохирогч зам тээврийн осол болсон 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс энэ өдрийг хүртэл ажиллаагүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож олгохоор шийдвэрлэв. Ингэхдээ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу 10 дугаар сард авсан 573.913 төгрөг, 11 дүгээр сард авсан 585.000 төгрөг, 12 дугаар сард авсан 600.000 төгрөгийн цалинг нэмж гуравт хуваан сарын дундаж цалинг 586.305 төгрөг гэж, үүнийг 21.5 д хувааж нэг өдрийн цалинг 27.270 төгрөг гэж тус тус тооцлоо.

 

Хохирогч Ц.Болорцэцэг нь 1 дүгээр сарын цалинд 81.818 төгрөгийг авсан байх тул сарын дундаж цалингаас үүнийг хасаж 1 дүгээр сард 492.095 төгрөг, 2, 3 дугаар саруудад 1.147.826 төгрөг, 4 дүгээр сард ажилласан 8 хоногийн 218.160 төгрөгийг нэмж ажилгүй байсан хугацааны цалинг нийт 1.858.081 төгрөг гэж тооцов. Хохирогчоос баримт гарган нэхэмжилсэн эм тариа, автомашиндаа хийсэн бензины үнэ 1.030.099 төгрөгийг шүүгдэгч зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Бас 800.000 төгрөгийг хохирогчид төлсөн баримт хэрэгт хавсаргасан, хохирогч хүлээн авсан гэж байх тул ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал болох 2.888.180 төгрөгөөс хасч 2.088.180 төгрөгийг шүүгдэгч Д.Бас гаргуулан хохирогч Ц.Болорцэцэгт олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 4 дүгээр сарын үлдэх хоногууд, 5, 6 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинг бодож олгох боломжгүй тул хэлэлцэлгүй орхиж, хохирогч холбогдох баримтаа бүрдүүлсэний дараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадшалах хугацааг дуустал хэрэгт хавсаргав.

 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Борлууд овогт Даваасамбуугийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бас 2.088.180 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 8-р хороо, 41-р гудамж 124 тоотод оршин суух, Боржигон овогт Цэндийн Болорцэцэгт /РД:НЧ75092506/ олгож, хохирогч цаашид гарах гэм хорын хохиролыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.МӨНХБАЯР