Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01046

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024  05  17  210/МА2024/01046

 

 

Б.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01042 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.К.С ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэн, С.Хандмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.У- нь анх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Н.К.С ХХК-д чанар бүтээмжийн мэргэжилтнээр ажилд орж, улмаар 2021 онд төслийн мэргэжилтэн, 2022 онд бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежерээр ажилласан.

1.2. Н.К.С ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр надад танилцуулж, миний ажлын байрыг цомхотгож байгаа тухай хэлж, өнөөдөр ч ажлаа хүлээлгэж өгөөд явж болно гэсэн. Н.К.С ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар тушаалаар бүтэц, орон тооны нэршил өөрчлөгдөж байгааг, ямар үндэслэлээр миний ажлын байр хасагдаж байгааг надад танилцуулаагүй бөгөөд би цомхотголд цуг орсон бусад ажилтнаас бүтэц өөрчилсөн тушаал гарсан тухай сонссон. Мөн манай байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь төсөл хөтөлбөр дээр үйл ажиллагаа явуулдаг гэх боловч бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд оруулж байгаа нь зөвхөн 3 хүнд зориулан тушаалаа гаргасан гэж үзэж байна.

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой боловч уг мэдэгдэлд мэдэгдсэн өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тухай бичсэн байсан. Гэвч мэдэгдэл нь мэдэгдэл нэрийн доор гарсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал болох нь харагдаж байгаа юм.

Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан шуурхай зохицуулах 3 талт хороонд гомдол 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн ба 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдаад шүүхэд хандах тухай шийдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн тул шүүхэд хандсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Н.К.С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22/06 тоот тогтоолоор 2023 оны компанийн Бизнес төлөвлөгөөг батлахдаа одоо байгаа тоног төхөөрөмжөө түрээслэх, агуулахад байгаа хөнгөн ган төмрөө борлуулах 2 үүрэг даалгавар өгч, үйл ажиллагааны зардлаа танах, цалингийн зардлыг бууруулах чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлын зүгээс компани 2022 оны эцэс гэхэд томоохон харилцагчид АС200 автокраныг түрээслүүлэх гэрээ хийж чадвал цалингийн зардлыг бууруулахгүйгээр одоо байгаа бүтэц орон тоогоороо ажиллах боломжтой гэж харж байсан боловч 2023 оны 01 дүгээр сард манай автокран түрээслэгдээгүй. Иймээс гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 тоот Компанийн удирдлага, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал батлагдаж, 42 ажлын байрны орон тоо байснаас 26 ажлын байр хасагдаж нийт 16 орон тоог үлдээсэн.

2.2. Н.К.С ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг заасан бөгөөд 10.4.8-д "ТУЗ-өөс баталсан зардлын төсвийн хэмжээнд багтаан компанийн ажилтнуудын орон тоо, тогтоох" эрхийг өгсөн. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 23/002 тоот тушаал батлах эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 22/06 тоот тогтоолоор баталсан. Энэхүү шинэ бүтцээр бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежерээс гадна, хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, ХАБЭАБО хэлтсийн дарга, ХАБЭАБО-ны мэргэжилтэн, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн, ерөнхий нягтлан бодогч, худалдан авалт хангамжийн менежер, санхүүгийн шинжээч, нярав, техник хариуцсан супервайзер, түрээсийн мэргэжилтэн, төслийн менежментийн хэлтсийн дарга, ерөнхий инженер, үйлдвэр хариуцсан менежер, цахилгааны инженер, замын инженер, төслийн мэргэжилтэн, нимгэн төмөрчин гэх зэрэг ажлын байр, орон тоо хасагдсан. Өөрөөр хэлбэл Б.У-ийн нэхэмжлэлдээ дурдсан шиг зөвхөн 3 хүнд зориулж бүтцийг шинэчлэн баталсан гэдэг нь үндэслэлгүй.

2.3. Гүйцэтгэх захирлын 23/002 тоот тушаал батлагдсаны дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.У-тэй тухайн үеийн гүйцэтгэх захирал Ж.Г , захиргаа, хүний нөөцийн менежер Ц.Дуламсүрэн нар захирлын өрөөнд биечлэн уулзаж, компанийн бүтцэд өөрчлөлт орж, бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежерийн албан тушаал бүтцээс хасагдсан гэдгийг танилцуулсан боловч Б.У- нь мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээн авахаас татгалзсан учир баталгаажуулах зорилгоор түүний *******.******* цахим хаяг руу мэдэгдлийг илгээсэн.

Түүнчлэн мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр Б.У-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухайгаа хуулийн дагуу нэг сарын өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэж байгааг тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу компани нь мэдэгдэл авсан Б.У-өөр ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласнаар тооцож, олговрыг түүний дундаж цалин хөлснөөс тооцож олгоод, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгож цуцлах буюу ажиллахгүй байж болохыг мэдэгдсэн.

Мэдэгдэл авсан өдрөөс хойш Б.У- ажиллаагүй, ажлын байранд ирээгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ирж, компьютер, бичгийн баримт материалууд, ширээ сандал зэргээ хүлээлгэн өгч, тойрох хуудас үйлдэж ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаа ажил хүлээлцсэн өдрөөр буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөр гаргуулж авах хүсэлт гаргасны дагуу "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" 23/005 тоот тушаалыг гүйцэтгэх захирал гаргасан.

Иймд "мэдэгдэл нэрийн доор хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал" байсан гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно. Компани санхүүгийн хувьд маш хүндрэлтэй, орлого байхгүй хэдий ч хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж, цаг хугацаанд нь цалин, олговор, тэтгэмжийг нь бүрэн олгосон.

2.4. Түүнчлэн компанийн үндсэн үйл ажиллагаанд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамаарахгүй бөгөөд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд энэ талаар заагаагүй болно. Бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежер гэдэг албан тушаал нь компанийн үндсэн үйл ажиллагааны гол албан тушаалтан гэж тодорхойлж томьёолсон зүйл мөн байхгүй. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар дурдсан тайлбар үндэслэлгүй болно.

2.5. Мөн Б.У-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2023 оны 03 дугаар сард Б.У-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос төлсөн гэж байгаа нь Б.У- шинэ ажлын байранд орсныг нотолж байна. Б.У- нь Н.К.С ХХК-тай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн байх учир түүнийг хуучин ажлын байранд эргүүлэн тогтоох нь үндэслэлгүй юм.

Иймд Б.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 болон 11-т нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсаныг тогтоосон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг гаргасан бөгөөд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх хуульд заасан заалтыг зөрчсөн. Тушаал гарсан өдрөө ажлаа хүлээлгэн өгч, тойрох хуудсыг зуруулсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа халагдсан гэдэг нь батлагдаж байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.2. Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын дүрэмд зааснаар бүтэц, орон тооны өөрчлөлтийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан санхүүгийн төсөвт багтаан зохион байгуулах тухай тусгасан. Хариуцагчаас гаргаж өгсөн Бизнес төлөвлөгөө гэх баримт бичигт тухайн жилд зарцуулагдах төсвийн хэмжээг заагаагүй, мөн цалингийн санг батлаагүй, мөн орон тоог цөөрүүлэх талаар хурлын тэмдэглэлд бичигдээгүй, яригдаагүй байсан. Тэд бизнес төлөвлөгөөг орон тоо цөөрүүлэх гээд засаж оруулсан байсан. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас орон тоог хассан гэх агуулга харагддаг. Гэвч хариуцагчийн уг тайлбар нотлогдоогүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн тайлан эргэлзээтэй, QR кодыг уншуулахад хариуцагчийн талаарх ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй байгаа нь уг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэхэд хүргэж байна. Бүтэц зохион байгуулалтын тушаалд нэр нь ороод ажлын байрны нэршлээс нэрийг нь хассан байхад тухайн цаг хугацаанд халагдаагүй, нэхэмжлэгчийг халагдсаны дараа халагдсан болохыг хариуцагчаас гаргаж өгсөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаалуудаас харж болно.

4.3. Хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээгээр хийж гүйцэтгэж буй ажил үүрэг нь нэхэмжлэгчийн хийж байсан ажил үүрэгтэй давхарддаг бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн ажлын байрыг хасах үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Эндээс хариуцагч Хөдөлмөрийн тухай хууль зөрчин хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дээр хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахгүй гэсэн байхад хөлсөөр ажиллах гэрээгээр хүн авч ажиллуулж байгаа нь хууль зөрчиж байна. Шүүгч орон тоо байхгүй бол ямар албан тушаал дээр очих гээд байна гэж тулгаж асуусан. Энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж байна. Учир нь ажлаас халсан асуудал үндэслэлгүй бол ажилтан, ажил олгогч хоёр Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар харилцан тохиролцоод өмнөх хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахаар заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Энэ хэрэг маргаан нь жил дамнан шүүхээр шийдвэрлэгдэж байна. Анх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч талаас нотлох баримтыг хангалтгүй гаргаж өгсөн гэх байдлаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараа нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилно гэсэн хүсэлтийг шүүх хүлээж аваад шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Өнөөдөр олон хүний цаг, зав барсан энэ хэрэг маргааныг дуусгавар болгож шийдвэрлэж өгнө үү. Энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн тавьсан асуултад анхан шатны шүүхэд бүх тайлбар, нотлох баримтыг гаргаж өгсөн учраас нэмж тайлбарлах зүйл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.У- нь хариуцагч Н.К.С ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Н.К.С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22/06 тоот тогтоолоор 2023 оны Бизнес төлөвлөгөөг батлаж, компанийн санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Бизнес төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу компанийн зардлыг танах, ажилтны орон тоонд өөрчлөлт оруулах, түрээслэгдээгүй тоног төхөөрөмжийг борлуулах арга хэмжээг авахыг гүйцэтгэх захиралд даалгаж шийдвэрлэсэн, үүний дагуу гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 тоот тушаал гарч, компанийн удирдлага, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

Н.К.С ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4.8-д зааснаар гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удидах зөвлөлөөс баталсан зардлын төсвийн хэмжээнд багтаан компанийн ажилтнуудын орон тоог тогтоох эрхтэй байна.

3.2. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22/001 тоот тушаалаар батлагдсан компанийн бүтэц, орон тоог 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 тоот тушаалаар өөрчилж тогтоосон орон тоотой харьцуулан дүгнэж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежерийн ажлын байр хасагдсан үйл баримтыг зөв тогтоожээ.

3.3. Н.К.С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/005 тоот тушаалаар Б.У-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн байх ба уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэсэн.

Нэхэмжлэгч нь түүний гүйцэтгэж байсан бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежерийн ажил үүрэг нь компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд хэвээр хадгалагдаж байгаа гэх тайлбар гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Тодруулбал хэрэгт авагдсан Н.К.С ХХК болон С.Хонгорзул нарын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээгээр хөлсөөр ажиллагч нь компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд ажиллаж, компанийн техник түрээсийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг хариуцах үүрэг хүлээсэн нь бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан компанийн зорилтот төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэх ажлууд, хамрах хүрээг тодорхойлох, техник, эдийн засаг, хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоо хийх, төслийн зах зээлд нэвтрэх хамгийн оновчтой хувилбарыг сонгож, төслийг амжилттай хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээтэй ажиллах, үр дүн гаргах гэсэн ажлын байрны зорилготой хамааралгүй байна.

Үүнээс гадна компани нь 2022 оны бүтцээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Хөрөнгийн менежментийн хэлтэс, Төслийн менежментийн хэлтэс гэсэн 5 хэлтэстэй, Төслийн менежментийн хэлтсийн 14 орон тоонд нэхэмжлэгчийн ажлын байр болох бизнес төлөвлөлт, стратеги хөгжлийн менежер 2 орон тоогоор багтаж, хэлтсийн даргад шууд харьяалагддаг байсан тул түүний чиг үүрэг нь үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалд хэвээр хадгалагдаж байгаа гэж дүгнэх үндэслэлгүй байна.

3.4. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцлах талаарх 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгчид цахим шуудангаар хүргүүлсэн болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ба тус ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.5. Ажил олгогчийн тушаал 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарсан, уг тушаалд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг уг хугацаагаар дуусгавар болгохоор заасан хэдий ч цалин хөлсийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар олгохоор заасан, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгчид 2023 оны 02 дугаар сард 2,151,798.74 төгрөгийн цалин хөлс олгогдсон болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэнэ.

3.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийн тэтгэмж олгосон болох нь Хаан банк ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон.

4. Дээрх үндэслэлээр Н.К.С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/005 тоот тушаалаар Б.У-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг зөрчөөгүй байх тул хариуцагчид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасан удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА