Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 273

 

К.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30ы өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, мөн аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24ий өдрийн 18 дугаар магадлалтай, К.Бд холбогдох 2113000000031 дугаартай хэргийг Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор Ш.Баасандоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Ители күйк овогт.

 

К.Б нь согтуурч 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 23 цагийн үед гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Сетерханы толгой руу олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч К.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар К.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, мөн зүйл, хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д заасныг журамлан 900 нэгжээр торгох ялын 15 нэгжийг нэг хоног хорих ялаар тооцож 60 хоног хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 60 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч К.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

1 дэх заалтыг “... шүүгдэгч К.Бйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Бд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “1 жил 2 сарын хугацаагаар” гэснийг “1 жилийн хугацаагаар” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Бд оногдуулсан 1 жил хорих ял, 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Бд оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тэмдэглэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч С.Сетерхан, шүүгдэгч К.Б, түүний өмгөөлөгч С.Нургайып нарын давж заалдсан гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн ерөнхий прокурор Ш.Баасандорж бичсэн эсэргүүцэлдээ “... анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна гэж үзэхээр байна.

Шүүх хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг нэгтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг зааснаар улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт, тайлбар хэлсний дараа шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах ажиллагаа дууссаныг зарлаж, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлд зааснаар шүүх шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг зэргээс тодорхой харагддаг.

Гэтэл шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх шийдвэрийг гаргахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.4-д заасныг баримтлан хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг хүртэл үндэслэлгүйгээр түр завсарлуулсан байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүгч дахин зөвлөлдөх тасалгаанд шийдвэр гаргахаар орж, 49 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь шүүх хуралдааныг түр завсарлуулсан, шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно”, 34.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна”, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхийн саналаар шийдвэр гаргана” гэх заалтыг тус тус ноцтой зөрчсөн.

К.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үед хэрэгт  К.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар болон үлдэгдэл ялын тооцоог гаргасан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/306 дугаартай албан бичиг авагдсан байхад шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоохоор шүүх хуралдааныг түр завсарлуулсан нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.

Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хэргийг прокурорын эсэргүүцэл, оролцогчийн гомдлоор хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх зарчимтай нийцээгүй, хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр явуулсан шүүх хуралдааныг мөн өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжаар 3 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг хүртэл шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох шаардлагатай гэх үндэслэлээр завсарлуулж, энэ хугацаанд шүүгдэгчийн эд хөрөнгийн байдлыг тодорхойлох баримтууд болон түүний урьд ял шийтгүүлсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргасан нь тухайн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтын хэрэглээтэй холбоотой буюу хуульд заасанчлан бусад хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна гэж үзэв. Шүүхийн дээрх үйл ажиллагаа нь прокурорын эсэргүүцэлд заасан шүүх хуралдааныг тасралтгүй явуулах буюу хэргийг төвлөрүүлэн шийдвэрлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болголоо” гэх дүгнэлт хийсэн нь хуулийн заалтыг чанд сахих зарчимд нийцэхгүй.

Давж заалдах шатны шүүх “шүүх хуралдааныг тасралтгүй явуулах буюу хэргийг төвлөрүүлэн шийдвэрлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн, мөн энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үйл явц болжээ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр нь зөвлөлдөх тасалгаанд гарсан эсэх, шүүгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргаж чадахгүй 3 хоногийн түр завсарлага авч байгаа үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэх, шүүгчийн гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох нөхцөл байдалд хамаарч байгаа зэрэгт хууль зүйн талаас үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзлээ.

Мөн шүүх зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа, хууль зөрчиж засварлуулсан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан шүүх хуралдааныг түр завсарлуулах үндэслэлд хамааруулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаагаас гадна цаашид анхан шатны шүүхэд буруу жишиг тогтоох, шүүн таслах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэг, журмын дагуу явагдахгүй байх нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... шүүгдэгч К.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэж гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг дуусгаж зөвлөлдөх тасалгаанд орсон боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх шийдвэрийг гаргахгүйгээр түүний ял шийтгэлтэй холбоотой байдлыг тодруулах зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсан. Шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт нь хавтаст хэргийн 41-50 дугаар талд авагдсан байхад шүүх заавал завсарлуулах шаардлага байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг хуульчилсан. Шүүх өөрийн санаачлагаар баримтыг бүрдүүлж байгаа нь хуулийг зөрчиж байна. Шүүх нотлох баримтыг хангалтгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт шилжүүлэх зохицуулалттай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан бусад хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн. Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол гэдгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор нотлох баримт бүрдүүлэх нь хүндэтгэн үзэх бусад шалтгаанд хамаарахгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүгүй хэрэглэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөний улмаас шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Дангаар эсхүл бүрэлдэхүүнтэй хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь материаллаг болон процессийн шинжтэй эрх зүйн хэм хэмжээг хуулийн агуулга, зорилтод нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэх эрхтэй боловч хуулиар тогтоосон бүх журмыг ягштал баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх нь хууль хэрэглээний тогтсон ойлголт болно.

 

Гэтэл К.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг зарлаж,  яллах болон өмгөөлөх талын санал, дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1-36.10 дугаар зүйлүүдээр журамласан харилцааг тус тус зөрчин “шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох” зорилгоор шүүх хуралдааныг 3 хоног завсарлуулсан байна.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулах нь шүүх хуралдааны нийтлэг зарчим бөгөөд гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх” тухай хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөс хэтрүүлэхгүй хугацаагаар завсарлуулж болох зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заажээ.

 

Гэтэл ажлын цаг дуусаагүй, шөнийн цаг эхлээгүй, шүүгч болон яллах, өмгөөлөх тал, хэргийн оролцогч, бусад оролцогч нарт зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдоогүй, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байхад “шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулсан явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн болно.

 

Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүх хуралдаанд оролцсон прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг засч залруулах шаардлагатай учир шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны болгосны эцэст шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

  1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30ы өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24ий өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, К.Бд холбогдох 2113000000031 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

  1. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч К.Бйн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

 

Б.ЦОГТ

 

Ч.ХОСБАЯР

 

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН