Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 02

 

С.Жавзмаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  
шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: 
                                                                         Даргалагч шүүгч:Т.Жаргалсайхан 
                                                                                    Шүүгчид: Л.Нямдорж, Л.Уламбаяр 
Оролцогчид: 
Нэхэмжлэгч: С.Жавзмаа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Мөнхнасан  
Хариуцагч байгууллагын төлөөлөгч. Ц.Ганчимэг

                                                                   
Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 154 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.Жавзмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн, С.Жавзмаагийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Монгол эмимпекс” ХК-ний “Говь-Алтай эм хангамж” ХХК-нд холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 420.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 
Нэхэмжлэгч С.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Миний бие С.Жавзмаа нь 2015 оны 9 дүгээр сарын 19-нөөс эхлэн “Эм хангамж” ХХК-ний эмийн сан дээр цалингүй дагалдангаар 12 дугаар сарын 1-ийг хүртэл жор баригч н.Даваасүрэн, н.Нямчулуун нарыг ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан. 12 дугаар сарын 01-нээс дефектарын орон тоон дээр тушаал гарч ажилласан. Өмнөх 11, 12 дугаар сард ажлаа захиралтай хамт хянаж тоолоход бараа, материалаас дутуу, байхгүй гэсэн алдаа дутагдал давтан гарч байсныг тухай бүр нь  нягтлан н.Алтанцэцэгт хэлж байсан. Дараа нь ямар нэгэн асуудал гарвал би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүү гэхэд “манай даргын юм учир нь олдохгүй ингээд байж байдаг юм” гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн дефектар гэсэн тушаал гарч 12 дугаар сарын 01-нд дефектарын ажлаа авсан. 2016 оны 02 дугаар сард манайд санхүүгийн хяналт шалгалт ирж тооллого хийхэд өмнө тоолж байсан зөрчил хэвээр байсан. Дээрээс ирсэн шалгалтын хүн ажил хүлээлцэж гарын үсэг зуруулаад танай захирал 2 сарын чөлөө аваад явах гэж байгаа тул энэ ажлыг чамд хүлээлгэж өгөх гэж байна, сайн тоолж аваарай, дараа нь ямар нэгэн юм яриад байв гэж хэлсэн. Тооллогыг нягтлан н.Алтацэцэг, жор баригч н.Нямчулуун нартай хамт тоолсон. Н.Алтанцэцэг нягтланд би одоо яг байгаагаар нь тоолж авна гэж хэлэхэд тэг гэсэн. Тоолоод удаагүй байхад нягтланд ажил гараад явсан. н.Нямчулуун бид хоёрыг тоолж байхад захирал орж ирээд та хоёр тоолж бай би 

энэ хүнийг хоолонд оруулчихаад  ирнэ гэсэн.  Би тэгэхэд илүү дутуу зүйл гарч ирээд байна би яг байгаагаар нь тоолуулж байгаа шүү гэхэд захирал илүүг нь авч үлдээд яахаараа бараа дутдаг юм гэж хэлсэн. Энэ үг нь надад маш хүнд туссан. Тооллого явж байх үед н.Нямчулуун ээлжийн ажилдаа явсан тул сүүлдээ захиралтай хамт тоолж дутууг нь байгаагаар нь тоолсон. Тоолоод 1.807.000 төгрөгийн дутагдал гарсан бөгөөд нөгөөдөр нь дахиад тулгаад үз гээд нягтланд өгөхөд би тулгаад 1.807.000 төгрөгийг дутагдал гарсан байсан. Тооллогын явцад шалгалтаар ирсэн нягтланд хэлэхэд эхний тооллогыг хүлээн зөвшөөрөөд нягтлан н.Алтанцэцэгтэй ярьсан. Дараа нь дахин гэнэтийн тооллогыг аль дутуу байгаагаас нь эхлэн тоолж үз гэсэн. Шалгалтын нягтлан энэ дутаж байгаа барааны 1.807.000 төгрөгийн өрийг захирал та хоёр дээр чинь хувааж бичнэ гэхээр нь та яаж байгаа юм гэвэл сая ярьсан зүйлээ ярина шүү гэж хэлсэн. Маргааш орой нь намайг гэртээ байж байхад дуудсан. Би тоолох гэж байна гэж бодоод ирэхэд хоёр нягтлан ирчихсэн захирал байхгүй байсан. Намайг ороод суухад дээрээс ирсэн хяналтын нягтлан надад ямар нэгэн асуудал үг яриа маргаан гаргаж болохгүй шүү гэж надад сануулж хэлсэн. Тэгэхэд нь захиралтай уулзуулж учрыг нь олох гэж байна гэж бодоход захирал н.Ганчимэг гаднаас архи, пиво аваад ороод ирсэн. Тэр орой архи ууж 4 цаг хүргэсэн бөгөөд нягтлан н.Алтанцэцэг нилээн согтоод та нар энэ хүнийг ирсэнд баярла гээд дахин дахин хэлээд байсан. Би н.Алтанцэцэг нягтланд согтчихлоо, тасарлаа гэхэд яадаг юм тасарсан ч яадаг юм гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ирээд бүх ажилчдыг дайчилж тоолсон бөгөөд дараа нь ямар алдаа дутагдал гарсныг сайн мэдэхгүй байна. Намайг анх ороход дефектараар гэж тушаал гарсан бөгөөд өр төлбөр гарахад надад хувааж надад албан ёсоор тоолж бараа материал ямар нэгэн тамга тэмдэг хүлээлгэж өгөөгүй. Би захирлын туслахаар ажиллаж байсан. Өр төлбөр гарч ирэхэд надад огт хамааралгүй 488.850 төгрөгийн өр төлбөрийг бичсэн. Энэ хугацаанд ажлаа аваад дахин нөөцөд байгаа барааг тулгаад үзэж байхад н.Шоовдор нягтлан ороод ир гэж байна гэхэд би болоогүй байна гээд н.Алтанцэцэг нягтланд хэлж гаргасан. Тэгээд тооллогоо үргэлжлүүлж байхад н.Шоовдор нягтлан яасан их тоолуулдаг юм би харимаар байна гээд уурлаж складны хаалга саваад гарсан. Намайг удалгүй дуудаад чи ер нь энэ ажлыг хийж чадах юм уу, чадахгүй юм уу гэхэд нь би юу ч авч хэрэглээгүй байж хүний өмнөөс өрөнд орж чадахгүй гэсэн. Тэгэхэд намайг энэ ажлаа хүлээлгэж өг гээд би тэр дор нь тэгий гээд нягтлан н.Алтанцэцэг, жор баригч н.Нямчулуун нарт 2016 оны 03 дугаар сарын 5-ны орой ажлаа хүлээлгэж өгсөн. Маргааш өглөө нь намайг дарга дуудаад ярих юм байна гэсэн. Би угаасаа очиж н.Нямчулуунд хүлээлгэж өгөх зүйл байгаа гэхэд ажил дээр ирэхээс чинь өмнө уулзмаар байна гэхэд би утсаар ярьж болдоггүй юм уу? би удахгүй очно гэхэд дөхөж ирээд надад хэлээрэй гэсэн.  Би арай гэрээс гарч амжаагүй байхад чи манай өөрийн аптекад зогсоодох гэсэн. Би хариуд нь би эм хангамжийн аптекад л зогсоно өөр аптекад зогсохгүй гэхэд н.Даваасүрэнгээс асууя гэсэн. н.Даваасүрэн гэдэг нь ээлжинд гардаг жор баригч байсан. Тэгээд тушаал гаргаж ажилд авчихаад ажлаас гарах болоход жор баригч яагаад мэддэг юм бол гэж гайхаад өнгөрсөн. Дараа нь 488.850 төгрөгийн зөрчлийг би даргын алдаа дутагдал байсныг олоод өөрт ногдох 37.500 төгрөгийг төлж энэ компанийг хохиролгүй болгосон. Хариу тайлбар дээрээ болохоор манай дарга хурал хийсэн гэж протокол хөтөлсөн байсан. Хурал хийсэн зүйл байхгүй, тэр хурал дээр жор баригч нарын нэрийг бичсэн байсан. 10, 11 дүгээр сард жижиглэнгийн эмийн санд ажиллаж байхад үйлчлүүлэгч ард түмнээс болон ажилчдаас санал гомдол алдаа дутагдал гаргаж байгаагүй хариу тайлбар дээр дандаа намайг гүтгэж, миний нэр хүндэд халдаж, болоогүй зүйлийг болсон мэт бичсэн байсан. Би 2016 оны 03 дугаар сарын 5-ны өдрөөс хойш 12-ны өдөр тушаалаа гаргуулж авмаар байна гэж н.Алтанцэцэг нягтланд хэлэхэд дарга руу ярьж миний тушаалыг дээрээс н.Отгонбилэг захирал гаргаж өгнө гэсэн. Намайг дээшээ бас буруугаар ярьсан байсан. Маргааш нь дахин тушаалаа авахаар залгахад өргөдлөө бичээд ир гэсэн. Би хүсэлт бичээд очиход миний тушаалыг ажил мэргэжил, ур чадвараар тэнцэхгүй, гэрээний хугацаа дууссан гэж хоёр заалтаар гаргаж өгсөн. Ингэснээр мэргэжлээр хойшид ажиллах боломжгүй болгосон тул ажилгүй байсан сул зогсолтын хохирлыг гаргуулж, нэр хүндээ сэргээлгэж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг бөглүүлж авмаар байна. Дээрээс залгаад миний тушаалыг гаргаад өгчих гэж байхад гаргаж өгөхгүй байхаар нь би дээшээ хүний нөөцийн 

дарга н.Алтанбөгжид хэлэхэд та болсон процесоо гараар бичээд тооллогын баримт, болон тушаалаа явуулаадах гэсэн. Өглөө 11 цаг гэхэд миний материалыг хүлээж аваад үдээс хойш надруу яриад та н.Ганчимэг захиралтай уулзаад ажилдаа ор, бид нар таны өргөдлийг шалгаад ажилд тань эргүүлэн авахаар болсон гэсэн гэжээ.
Хариуцагч “Говь-Алтай Эм хангамж” ХХК-ний захирал Ц.Ганчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2010 оны 9 дүгээр сараас хойш “Говь-Алтай эм хангамж” ХХК-ний захирлаар ажиллаж байгаа. Намайг захирлаар ажиллаж байх хугацаанд олон хүн орж гарч байсан. С.Жавзмааг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл дагалдангаар ажиллуулсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл 2 хүний ээлжийн амралттай байх хугацаанд авч ажиллуулсан. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн дефектарын ажилд өөрийн туслахаар авсан. Би өөрийн туслахаар авч байсан учраас тамга болон ямар нэгэн эд хариуцуулж өгөх ёсгүй. Тооллогын хувьд бидэнд 2015 оны 11 дүгээр сард төв компаниас менежер н.Батболд, нягтлан н.Нямжав хоёр ирсэн. 2015 оны 11 дүгээр сард шалгалтаар ирэхдээ С.Жавзмааг манай байгууллагад тэнцэхгүй хүн байна. Дуу муутай байна, хүнтэй харьцаж чадахгүй байна гэж хэлэхэд би болох байх шинээр орсон хүн байгаа юм гэж дэмжиж байгаад өөр дээрээ дефектараар аваад ажиллуулсан. Тамга, тэмдэг хүлээлгэж өгөөгүй гэж байна. Бидэнд хүлээлгэж өгөх үүрэг байхгүй. Энэ хүнийг өөрийн туслахаар авч ажиллуулсан, хамтын тооцоотой байсан. Тооллогын акт дээр тусгайлан хүлээлгэж өгөөгүй гэж байна. Бид хоёр хоорондоо нэг нэгэндээ итгэж ажиллах байсан. Эм бараа дутсан гэж байна. Зарим нь илүү, дутуу, солигдож ирэх гэх мэт зүйл байдаг. Би өөрөө дефектарын ажлыг 4 жил хийж байна. Өмнө нь хэдэн сар нөхрөө дефектараар авч ажиллуулж байгаад 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс би өөрөө ганцаараа ажиллаж байсан тул 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс С.Жавзмааг ажилд авч, хамт дефектарын ажлыг хийж байсан. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 5-ны хооронд дахин хяналтын нягтлан н.Шоовдор ирж тооллого хийхэд С.Жавзмаа ийм асуудал гарч байна гээд 3 өдөр сунжруулж 5 удаа тооллого хийлгэсэн. Ээлжлээд тооллого хийхэд нэг нэгэндээ итгэх ямар ч итгэл байгаагүй. Бид нар нэгэндээ итгэж ажилладаг, С.Жавзмаад хүнтэй харилцах харилцаа байхгүй болох нь ажигдагдсан учраас энэ хүнийг манай багт орж ажиллаж чадахгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Тийм учраас бидэнтэй хамт ажиллаж чадахгүй хүн байна гэж дүгнэлт гаргаж ажлаас тушилтын 6 сарын хугацаагаар ажилд нь авсан боловч 5 сарын хугацаанд хамтран ажиллах чадваргүй гэдэг нь харагдсан тул ажлаас халсан. Шалгалтаар бид нараас 1.800.000 төгрөгийн дутагдал гарсан. 458.000 төгрөгийг эм бараа дутсан. 11, 12 сарын сүүлийн тооллогоор тэр дутсан бараанууд байсан. 1 дүгээр сард би сургалтанд суугаад 2 дугаар сард хүн ирээд тоолоход дутсан. Энэ бараануудыг С.Жавзмаа нь хүлээж аваагүй гэж надад хэлсэн. Би туслах авчихсан байсан учраас даргын ажлаа түлхүү хийсэн. Тийм учраас чи бид хоёрын аль аль нь хамт эзэмшиж байсан  учраас хоёулаа хамт төлий гэхэд С.Жавзмаа нь хүлээн зөвшөөрөөгүй. Тоолоод тавьсан байсан бараанаас 2 дутчихсан би алдчих шиг боллоо гэх зүйлийг ярьдаг байсан. Дефектар гэдэг нь бөөний төвд ажилладаг бөгөөд бөөний төвөөс эм бэлтгэж гаргах үүрэгтэй ажил байдаг. Нэхэмжлэгч өөрөө ганц ч удаа падаанаа бичиж чаддаггүй би өөрөө бичдэг, намайг эзгүйд нягтлан н.Алтанцэцэг бичиж байсан. Бүтэн 2 сар ажиллаж байхад падаанаа бичиж сураагүй байсан. Бөөний төвд чинь хурдан шаламгай,  хүнтэй зөв сайн харилцаж чаддаг хүн л ажилладаг. Гэтэл С.Жавзмаа тийм байгаагүй учраас энэ хүнийг манай ажилд нийцэхгүй байна гээд халсан гэжээ. 


Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатарын Жавзмааг урьд эрхэлж байсан ажил буюу “Монгол эмимпекс” ХК-ний “Говь-Алтай эм хангамж” ХХК-нд дефектарын эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Жавзмаагийн ажилгүй байсан хугацааны цалин болох 420.000 төгрөгийг хариуцагч “Монгол эмимпекс” ХК-ний “Говь-Алтай эм хангамж” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны цалингаас зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл,  хураамжийг  тооцон,  С.Жавзмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Монгол эмимпекс” ХК-ний “Говь-Алтай эм хангамж” ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монгол эмимпекс” ХК-ний “Говь-Алтай эм хангамж” ХХК-иас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 420.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 13.250 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Жавзмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх миний ажилгүй байсан хугацааны цалинг дутуу гаргасан тул миний цалинг шүүх хуралдаан болтол 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл бүрэн гаргуулж өгнө үү. Би шүүх хурал дээр цалингаа 5 дугаар сарын 9-нийг хүртэл бодоод хэлсэн боловч, дутуу бодож гаргасан тул цалинг бүрэн гаргуулж өгнө үү.
 Иймд 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 154 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ  
Нэхэмжлэгч С.Жавзмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Ганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Жавзмаа нь “Говь-Алтай эм хангамж” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг буруу тооцож олгосон байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч 


байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно” гэж заажээ. 

Иймд С.Жавзмаад ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хоногийг бүрэн тооцож нөхөн олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 154 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...420.000 төгрөгийг...” гэснийг, “...859050 төгрөгийг...” гэж, 
Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...улсын тэмдэгтийн хураамж 13.250 төгрөгийг...” гэснийг, “...25.167 төгрөгийг...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЖАРГАЛСАЙХАН
                          ШҮҮГЧИД                                          Л.НЯМДОРЖ
                                                                                     Л.УЛАМБАЯР