Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01076

 

“ББ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00564 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1080 дугаар магадлалтай,

“ББ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.М, М.М нарт холбогдох,                                   

78.529.500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ж, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

 “Б”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Мт 2014 оны 04 сарын 28-ны өдөр 40 сая төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж барьцааны гэрээ байгуулсан. Анх 73 507 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 5 022 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 78 529 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.М, М.М нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өөрөө энэ мөнгийг хэрэглээгүй. Тухайн үед эргэн төлөлтөө хийж байсан. Эгч Г. энэ компанийн удирдлагуудтай зээл авахаар өмнө нь ярилцан тохиролцсон байсан. Манай эгч барилгаа бодитой барьсан тул 2017 оны 04 дүгээр сард зээлийг төлье гэсэн боловч нэхэмжлэгч  эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Би үндсэн зээлээ төлөхийг зөвшөөрнө. Хүүгээс 60 хувийг бууруулж өгнө үү. Зээл 37 000 000 төгрөг авсан. Үүнээс 10 000 000 төгрөгийг төлсөн гэжээ.

  Хариуцагч М.Мгийн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан  хариу тайлбарт: Энэ мөнгийг хувьдаа ашиглаагүй. Үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч байна. 40 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг төлсөн. Зээлийн 4 сарын хугацаа дуусч өнөөдрийг хүртэл 2 жил өнгөрсөн. Анх тохиролцсон 4 сарын хугацаагаар хүүг тооцно уу гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00564 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан  Г.Мээс 78 529 500 төгрөгийг гаргуулж “ББ" ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Г.М, М.М нарын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж 107 байр 51 тоот, 55.84 м.кв талбайтай орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 3 тоот, 18 м.кв талбайтай  авто зогсоолын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620.790 434.160 төгрөгөөс 550 597 төгрөгийг улсын орлогод  үлдээж, илүү төлсөн 70 193 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 550 597 төгрөг гаргуулж "ББ " ХХК-д олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 05-ны өдрийн 1080 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/00564 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “78 529 500” гэснийг “71 656 462” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 6 873 037 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М, М.М нараас 516 232 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ББ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг  шийдээгүй  хугацааны буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 3.760.964 төгрөг нэмж нэхэмжилсэн байна. Хуулийн үндэслэлтэйгээр хугацаа хойшлогдсон байтал нэхэмжлэгч хүүг нэмж нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж,  хүү  3.760.964 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.     

ХЯНАВАЛ:

        ББ ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын  09-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Г.Мээс 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 37 сая төгрөг, хүү 30.648.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.859.100 төгрөг буюу 73.507.500 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа 2016-9-8-ны өдрөөс 2016-12-20-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 4.403.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 619.000 төгрөг нийт 78.529.500 төгрөг болгон нэмэгдүүлжээ. /хх1, 81/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний хугацаагаар хүүг тооцохыг хүссэн байна.

  Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагчаас 78.529.500 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх 71.656.462 төгрөг болгон өөрчлөхдөө “... хариуцагч зээлийн төлбөрт 15 854 500 төгрөг төлсөн байна... гэрээний хугацаа дууссан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөгдсөн мөнгийг үндсэн зээлээс хасаж тооцон 33 115 636 төгрөгийг хүүд, 6 623 126 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд, 31 917 700 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэлд төлөх үүрэгтэй...” гэсэн үндэслэл заажээ. 

       Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Г.М 2014 оны 04 сарын 28-ны өдөр “ББ" ХХК-тай ЗГ14/0059 дугаар зээлийн, БГ/14/0059 дугаар барьцааны гэрээ байгуулж, 40 сая төгрөгийг, 4 сарын хугацаатай, сард 3.5 хувийн хүүтэй зээлж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж 107 байр 51 тоот 2 өрөө орон сууц, 3 тоот авто зогсоолыг барьцаалсан нь тогтоогдсон байх бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцжээ. 

   Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй, энэ тухай давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 451, 452, 453.1-р зүйлийг зөрчөөгүй байна. 

   Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.     

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1080 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонбаярын гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонбаяр  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 75.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ