Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01048

 

  

2024 05 17  210/МА2024/01048

 

 

СХДЦГГ

хэлтсийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/02046 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч СХДЦГГ хэлтсийн хүсэлттэй, П.А-ыг албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарын агуулга:

Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 24 дүгээр байр, 30 тоотод оршин суугч П.А- нь архинд донтох эмгэгтэй нь тогтоогдсон тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3, 4, 5, 8 дугаар зүйлийг үндэслэн П.А-ыг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү. Өмнө нь согтуугаар гудамж талбайд явж байхдаа хутгалуулж гэмтэл авч байсан гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Би 2015 оноос хойш ууж байгаа бөгөөд 2016 онд өөрөө сайн дурын эмчилгээнд явсан. 2 жилийн хугацаанд архи уугаагүй, одоо өөрөө архинаас гарч, амьдрал ахуйгаа бодно. Өмнө нь олон удаа зөрчилд холбогдож байсан нь үнэн. Эмнэлгийн байгууллагын дүгнэлтэд гомдол гаргахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан Адуучин овогт Пүрэвсүрэнгийн Анхбаярыг албадан эмчилгээнд явуулж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар П.А-ыг албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс болон байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг СХДДЦГГХ-т даалгаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар албадан эмчилгээг 3-6 сар хүртэл хугацаагаар хийх бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. П.А- миний бие 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэр рүүгээ алхаж явтал үл таних цагдаа судалгаа авна гэж дагуулж яваад эмнэлгийн үзлэгт оруулж Амьдрах ухаан төвд байлгаж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээр оруулж албадан эмчилгээнд явуулсан болно. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан боловч намайг үндэслэлгүй гүтгэж архидан согтуурдаг, гудамж талбайд архи уудаг мэтээр шүүгчид танилцуулсан. Би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд явж байхад 17 дугаар хорооны Э.Дэмбэрэлсүрэн гэдэг байцаагч гэрт мэдэгдэлгүй, эрх зүйн байдлыг минь зөрчиж энд авчирсан.

4.2. Миний бие аав, ээжийн хамт амьдарч ар гэрийн амьдралдаа тус болдог. Миний ээж Б.Энхтайван нь ходоодны хоргүй хавдартай асаргаанд байдаг. Би аав, ээжийгээ асрахаас гадна ажил төрөл хийж эм тариа залгуулдаг ганц хүн нь билээ. Тиймээс миний энэхүү байдлыг харгалзан үзэж тус төвөөс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно. 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. СХДЦГГ хэлтэс нь П.А-ыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд албадан эмчлүүлэх тухай хүсэлт гаргах журмыг тодорхойлсон бөгөөд хүсэлтийг өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч, сум, хорооны нийгмийн ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн тус тус нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад гаргахаар зохицуулсан.

П.А-ыг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны ОН байцаагч М.Цэрэндэжид гаргасан ба тус хорооны хамтарсан багийн хурлаар хэлэлцэж тэмдэглэл үйлдсэн, улмаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Дэмбэрэлсүрэн холбогдох ажиллагааг явуулсан байна.

Гэвч П.А- нь Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн мэдээлэл баримтаар тогтоогдсон ба тэрээр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт архидан согтуурч бөөгнөрөл үүсгэдэг, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар П.А- нь согтуурсны улмаас бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

4. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд П.А-ыг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, СХДЦГГ хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/02046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул П.А-ыг албадан эмчилгээнд хамруулах тухай СХДЦГГ хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.А-ын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА