| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 630 |
| Огноо | 2019-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.М холбогдох эрүүгийн 1806 03958 0605 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сарын хугацаагаар, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар 3 сарын хугацаагаар, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Нийслэлийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 341 дугаартай магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.МөнхзулдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Л.М эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан,
-Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн 6 сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн, регистрийн дугаар НХ88102209, хэрэг хариуцах чадвартай, Л.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.М нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Оюунцэцэгийн самсунг загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тэнсэж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-29/, эд зүйлийн үнэлгээ /хх-45-46/ шүүгдэгч Л.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-50/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.М нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Оюунцэцэгийн самсунг загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Оюунцэцэгийн өгсөн: “...Би өөрийн төрсөн эгч Алтанзулын хүүхдийг авахаар 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 53 дугаар сургуулийн цайны газарт Самсунг жи 5 маркийн гар утсаа хулгайд алдсан. Сургуулийн камер шүүж үзэхэд 35 орчим насны эмэгтэй хүн цүнхнээс авч байсан. Надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй.” /хх-13, 36/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.М яллагдагчаар өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуульд эгч Алтанзулын хүүхдийг авах гээд анги нь тараагүй байсан тул цайны газарт ороод хүлээж байя гэж бодсон. Тэгээд сандал дээр эмэгтэй хүний гар цүнхны ам нь онгорхой дотор талд гар утас нь ил байхаар нь очоод самсунг жи 5 маркийн гар утсыг аваад халаасандаа хийгээд гараад явсан. Тэгээд тэр гар утсаа хаана яаж зарсанаа мэдэхгүй. Тухайн үед зараад мөнгийг нь ахуйн хэрэглээндээ хэрэглэсэн. Ганцаараа үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-41/ гэх мэдүүлэг,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-29/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-45-46/,
Шүүгдэгч Л.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-50/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Л.М нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Оюунцэцэгийн самсунг загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Л.М гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л.М 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Оюунцэцэгийн самсунг загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2
дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Л.М гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.М нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М зүгээс: “тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргах боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн байх тул шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Шүүхээс шүүгдэгч Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэр шүүгдэгч Л.М нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар хүчингүй болгож хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус заасан журмаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн
нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв
Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.М ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Л.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Л.М Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэн 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 тус тус зааснаар шүүгдэгч Л.М шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Л.М шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС