Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 222/МА2024/00005

 

 

2024      04          24                                                222/МА2024/00005                        

 

 

“Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-ны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа, 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сүхбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-ны давж заалдах гомдлоор түүний “оффисын зориулалттай талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Чулуун-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

2. Нэхэмжлэгч “Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-ны нэхэмжлэлийн шаардлагадаа: “Эс Ви Жи Жи” ХХК нь ******* ******* ******* *******ийг 2013 онд барьж ашиглалтад оруулан доторх талбайг 100 гаруй үл хөдлөх эд хөрөнгө болгон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж худалдсан. Тус *******ийн талбай өмчлөгч худалдаа эрхлэгчид сайн дураар эвлэлдэн нэгдэж, өмчлөгч гишүүдийнхээ тав тухтай ажиллах нөхцөлөөр хангаж, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор  “Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-г 2022 оны 02 сарын 18-ны өдөр үүсгэн байгуулсан.

           ******* ******* ******* *******ийн нэр бүхий 55 өмчлөгчид шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус ******* *******ийн дундын өмчлөлийн эд зүйлийг шүүхээр тогтоолгосон. Үүнд тус ******* *******д байрлах барилгын зургийн 10-т заасан оффисын зориулалттай талбайг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр ******* *******ийн өмчлөгч нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоосон. Гэтэл уг өмчлөгч нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг Ж.Чулуун-Эрдэнэ хууль бусаар эзэмшиж байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрт заасан 10 номерын лангуу нь талбай дотор байгаа гэдгийг хариуцагч өөрөө хэлдэг. Иймд тус *******ийн барилгын зургийн 10-т заасан оффисын зориулалттай талбайг Ж.Чулуун-Эрдэнийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ж.Чулуун-Эрдэнэ тайлбартаа: Ж.Чулуун-Эрдэнэ би барилгын зургийн 10-т заасан оффисын зориулалттай гэх талбайг Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Ванданлхүндэв овогтой Баяр-Эрдэнээс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Иймд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хувийнхаа өмчөө чөлөөлж өгөх боломжгүй гэж үзэж байна.

Тус шүүхээс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 291 дүгээр шийдвэр гарсан байхад  шүүх хуралдаанд оролцсон хүмүүс гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа талаар хэлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гаргах үед Баяр-Эрдэнэ гэж хүн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Баяр-Эрдэнийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байхад шүүгч хүсэлтийг хүлээн авалгүй, иргэний хуулийг төсөөтэй хэрэглээд 10 дугаартай объектыг дундын өмчид оруулсан байсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ гаргахдаа 291 дүгээр шийдвэрийг үндэслэж гаргаж байгаа. Гэтэл гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн, улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр объектыг шууд дундын өмчөөр тогтоосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Ж.Чулуун-Эрдэнэ худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр төлбөрөө хугацаанд нь төлөөд, өмчилж авсан байгаа. Өнөөдрийн байдлаар улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон зүйл байхгүй байгаа. Эрх бүхий байгууллагын бүртгэлийн гэрчилгээгээр Ж.Чулуун-Эрдэнийн хувийн өмч гэдэг нь тогтоогдож байгаа. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд өмчлөгчийн эрхийг тодорхой зааж өгсөн байгаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйл өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа бол шаардах эрхтэй гэж заасан байгаа. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад Монгол Улсын иргэний өмчид халдаж болохгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-ны хариуцагч Ж.Чулуун-Эрдэнээс барилгын зургийн 10-т заасан оффисын зориулалттай талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-ны тэргүүн Б.Батцэцэг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаа ******* ******* ******* *******д байрлах барилгын зургийн 10-т заасан оффисын зориулалттай талбайг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр ******* *******ийн өмчлөгч нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой билээ.

Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ шүүхээс хэдийгээр мөн болохыг тогтоосон боловч тус шийдвэрийг үндэслэн уг холбооны өмч мөн гэж дүгнэх үндэслэлгүй байна гэсэн ба энэхүү нөхцөл байдлыг нотлохын тулд анхан шатны шүүхэд нэхэмжпэгчийн зүгээс Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн газраас тухайн маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний талаарх хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг гаргасан ба энэхүү хувийн хэрэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэзээ хэрхэн шилжсэн, зүүн бус ******* *******ийн С5-6 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй талбай нь нэхэмжилж буй нийтийн эзэмшлийн талбайтай давхцаж байгаа эсэх, тухайн шүүхийн шийдвэрээс өмнө эсвэл дараа нь шилжсэн эсэх, барилгын зураг нь хүртэл хувийн хэрэгт авагдсан байдаг атал энэхүү хүсэлтийг хангахгүйгээр тухайн хэргийг шийдвэрлэхэд шаардлагагүй нотлох баримтаар авахгүй гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь хэргийг хангалттай нотлох баримт цуглуулж шийдвэрлэсэнгүй.

Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн маргаж буй талбай нь нэхэмжилж буй талбай хоёр давхцаж байгааг илэрхийлдэг бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх талаар хуульчилсан бөгөөд 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, ... нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүрэлтээр шүүх бүрдүүлнэ гэж хуульчилсан атал энэхүү хүсэлтийг хангахгүйгээр нотлох баримт эргэлзээтэй байхад мөн өөрөө энэ талаар дүгнэж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймээс мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Сүхбаатар аймаг дахь сум ундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 147/ШШ2024/00022 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сүхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар “Эрдэнийн гэрэлт-Үүд холбоо” гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр түүний нэхэмжлэлтэй, Ж.Чулуун-Эрдэнэд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

 9. Нэхэмжлэгч “Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/ нь шаардах эрхийн үндэслэлийг “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт байрлах ******* ******* ******* *******ийн барилгын зургийн 10 дугаарт зурагдсан оффисын зориулалттай талбайг шүүхийн шийдвэрээр дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоосон тул хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” гэж тодорхойлсон байхад хариуцагч Ж.Чулуун-Эрдэнэ нь “тус *******ийн С5-6 тоот 190 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан миний хууль ёсны өмч тул чөлөөлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

 

10. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, маргааны зүйл болох ******* ******* ******* *******ийн барилгын зургийн 10 дугаарт зурагдсан оффисын зориулалттай талбай буюу С5-6 тоот хаягт байршилтай 190 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Ж.Чулуун-Эрдэнийн өмчлөлийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  улсын бүртгэлийн 000976608 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

           

            11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд уг шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байхыг шаардана.

            Гэвч хэрэгт цугларсан баримтаар Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр тус аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт байрлах ******* ******* ******* *******ийн барилгын зургийн 10 дугаарт зурагдсан оффисын зориулалттай талбайг нэр бүхий 55 хүний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоожээ. (хх 3-13х)

            Нэхэмжлэгч “Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/ нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт орших “******* ******* ******* *******”-ийн талбай өмчлөгч, худалдаа эрхлэгчдийг тав тухтай ажиллах нөхцлөөр хангаж, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан холбоо байх бөгөөд тус холбооны шаардаж буй талбай нь уг холбооны өмч мөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

             Тухайлбал, шүүхийн шийдвэрээр тус *******ийн барилгын зургийн 10 дугаарт зурагдсан оффисын зориулалттай талбайг тухайн холбооны өмч мөн болохыг тогтоогоогүй байх ба шүүхийн шийдвэрт заасан нэр бүхий 55 иргэдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус холбоонд олгосон эсэх нь тодорхойгүй байгаагаас шүүх нэхэмжлэгч “Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-г шаардах эрхгүй болохыг дүгнэсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй болно.

 

12. ******* ******* ******* *******ийн нэр бүхий 55 худалдаа эрхлэгч буюу талбай өмчлөгчид нэхэмжлэл гаргах эрхээ хууль ёсны дагуу төлөөлүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө авах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэн дундаа хамтран өмчлөх ******* ******* ******* *******ийн барилгын зургийн 10 дугаарт зурагдсан оффисын зориулалттай талбай нь Ж.Чулуун-Эрдэнийн өмчлөлийн С5-6 тоот хаягт байршилтай 190 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайтай давхцаж байгаа эсэх, бүхэлдээ эсхүл зарим хэсгийн аль нь давхацсан болохыг тодруулахаар барилгын зургийг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах тухай хүсэлт гаргах, тухайн объектод үзлэг хийх хүсэлт гаргах эрх нь нээлттэй байх тул нэхэмжлэгч “Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, түүнээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв. (хх-70х)

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Нэхэмжлэгч Эрдэнийн гэрэлт-Үүд” холбоо /ГҮТББ/-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                 

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.БААТАРСҮХ

                                     ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                     Г.УРТНАСАН