Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 672

 

 

 

 

 

 

 

 

   2019          04          26                                   2019/ШЦТ/672                                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903 00215 0157 дугаар хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Э,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Да хүрээ захын хашаан дотор Hyundai Porter маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Хүслэнтбаярыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Э.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Б.Хүслэнтбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Хүслэнтбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:

Өвөөтэй хамт Да хүрээ зах дээр машин худалдаж авхад нь цуг явж байсан. Өвөө портер машин үзээд асаагаад моторын дууг нь сонсоё гэхэд машины эзэн машиндаа суулгүй, хажуу талаас нь хаалга онгойлгож байгаад түлхүүр түлхэж байсан. Тэр үед нь би портер машины урдуур гарах гэж байтал машин асаад эхлээд нэг удаа надад хүрээд, дахин ухас хийгээд намайг мөргөсөн. Би тэр машины урд талд зогсож байсан портер машинд биеийн 2 хажуу талаараа хавчуулагдсан. Нилээд удаан хавчуулагдсан байдалтай байсан. Тэгээд тэр машиныг ухрааж байж намайг гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Гэрч М.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээ хүүтэйгээ хамт Да хүрээ зах орж портер машин сонирхоод явж байсан. Нэг портер үзэж байхад зарж байсан хүн нь надад моторынх нь дууг сонсоож гэсэн. Машины баруун талд зогсож байхад тэр залуу хаалга онгойлгоод, нэг хөлөөрөө машины конс дээр гишгээд, нөгөө хөлөө газарт зогсож байгаад, асаалтын түлхүүрээ эргүүлтэл машин ухас хийж урагшаа хөдлөөд, урд талд зогсож байсан манай зээ хүүг мөргөөд, урдаа зогсож байсан Бонго машины хойд ачааны хэсэгтэй хавчаад зогссон.   Тэгээд бид нар сандраад, хэсэг зогсоод хүүг салгаж авсан. Зах дотор машинуудыг шахуу шахуу байрлуулаад зогссон байсан. Хойшоо урагшаа хөдлөөд явах ямар ч боломжгүй газар байсан, зам эвдрэлгүй, цаг агаар тогтуун, зам халтиргаагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 63/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2983 дугаартай:

Б.Хүслэнтбаярын биед ууцны 1-р нугалам, зүүн умдаг яс, суудал ясны хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 96 дугаартай:

Hyundai Porter маркийн улсын дугааргүй автомашиныг жолоодож явсан Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Хүслэнтбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэх магадлагаа /хх-ийн 82/,

 

Шүүгдэгч Э.Эы мөрдөн байцаалтанд өгсөн:

... машин үзэж байгаад намайг асаагаач  дуугий нь сонсоё гэхээр нь машины асаалтын түлхүүрийг эргүүлж асаагаад конс дээрээс хөлөө автал машин урагшаа явах араатай байсныг мэдэлгүй урд машин үзээд зогсож байсан залууг ухас хийгээд мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 89/

 

-зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-10/

-жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-12/

-тээврийн хэрэгсэл түр саатуулж, баримт бичиг түр хураан авсан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14-15/

-хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 62/

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 03 дугаар сраны 10-ны өдрийн 11364 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-81/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс -хохиролын тухай баримтууд /хх-ийн 25-61/,

-шүүгдэгч Э.Эы жолоочийн үнэмлэхний хуулбар, авто машины итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа,  оршин суугаа хаягийн тодорхойлолт, ШУТИС-ийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 91-105/,

-хохиролд 3.500.000 төгрөг, 4.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт /хх-ийн 100/,

-Иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Баттулгын “хүү Б.Хүслэнтбаярын эмчилгээ,оношлогоо, асаргааны зардал нийт 7.500.000 төгрөг болсон. Энэ зардлыг Э.Эы зүгээс ХААН банк дахь миний дансад 4.000.000 болон 3.500.000 төгрөгөөр шилжүүлж өгсөн. Хүүхдийн гэмтлийн хохиролыг барагдуулсан тул гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт /хх-ийн 108/,

-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай насанд хүрээгүй хохирогч Б.Хүслэнтбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Баттулга, шүүгдэгч Э.Э нарын хүсэлт /хх-ийн 110-112/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Э.Эд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.  

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг арилсан, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогчидийн дүгнэлт, шүүгдэгчийн гэмт хэргийн талаарх дүгнэлт, гэм буруугаа ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хураагдаж ирсэн бичиг баримтгүй болно.

 

Шүүгдэгч Э.Э нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 7.500.000 төгрөг төлж хохиролыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Э.Эыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ