Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00626/И |
Дугаар | 00797 |
Огноо | 2016-06-09 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00797
2016 оны 06 сарын 09 өдөр Дугаар 142/ШШ2016/00797 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 03 дугаар гудамжны 56 тоотод оршин суух Чонос овгийн Халтарын Уранчимэгийн /регистрийн дугаар АЭ66080962/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Хот тохижуулах газарт холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 093 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Х.Уранчимэг Хот тохижуулах газар ажиллаж байсан ба 2015.08.25-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.05-ны өдрийн 50 дугаартай шийдвэр, Булган Орхон Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.02.26-ны өдрийн 29 дугаартай магадлалаар намайг урьд эрхэлж байсан ажилд маань буюу Хот тохижуулах газрын зам талбайн 2 дугаар хэсгийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоосон ба миний бие 2016.03.25-ны өдөр хуучин ажилд маань шүүхийн шийдвэрээр буцаан авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д .энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байгаа дундаж цалинтай тэнцэх олговорыг олгоно” гэж заасан байх тул миний ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 7 сарын цалин хөлс болох 3 093 700 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Уранчимэг нь хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 093 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Х.Уранчимэгийг Хот тохижуулах газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай тушаалаар хот тохижуулах газрын зам талбайн 2 дугаар хэсгийн үйлчлэгчийн ажлаас нь чөлөөлсөнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандсан байх ба Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэн 50 дугаартай шийдвэр гаргасан байна.
Уг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х.Уранчимэгийг Хот тохижуулах газрын зам талбайн 2 дугаар хэсгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагчийн гомдлоор давж заалдах шатны шүүх шийдвэрлээд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь тухайн үед анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлээгүй нь 50 дугаар шийдвэр, 29 дүгээр магадлалаар тус тус тогтоогдож байгаа.
Нэхэмжлэгч Х.Уранчимэгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3 093 700 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбаатарт 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Мөн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч мөн тов аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Х.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Хот тохижуулах газраас 64 449 төгрөг гаргуулж төрийн санд оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газраас 3 093 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Уранчимэгт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газраас 64 449 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА