Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 671

 

 

 

 

 

 

 

 

   2019         04          26                                        2019/ШЦТ/671

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Н.Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00147 0135 дугаар хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хувиараа гар утасны сэлбэг зардаг, ам бүл 3 ээж, ахын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон 2-39 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ИЮ93050331 регистрийн дугаартай, Дархан овогт Н.Д,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний 22 цаг 46 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, "Баянцээл" худалдааны төвийн баруун талын туслах замд Н.Д нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг зөрчин, согтуурсан үедээ Тоёота Тундра маркийн 68-69 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, мөн дүрмийн 10.14-т заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Төрмөнх, Э.Энхбаяр нарыг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/         

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, "Баянцээл" худалдааны төвийн баруун талын туслах замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг зөрчин, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож, мөн дүрмийн 10.14-т заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж С.Төрмөнх, Э.Энхбаяр нарыг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Э.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн нутагт байх Сод эрхэс гэх билльярдны газар Н.Д, Төрмөнх, Баярмагнай бид 4 тоглож пиво, архи уусан. Тэндээс бид гарч Баянцээлийн хажууд байх В лоунж бааранд орсон. Манай эхнэр ирээд бид баарнаас 22 цагийн үед гарсан. Төрмөнх, эхнэр бид 3 тооцоо хийгээд гарч ирээд такси барих гээд  зогсож байтал Н.Д машинаа асаачихсан хаазлаад байхаар нь очоод согтуу машин барьж явах гэлээ гээд хаалгыг нь онгойлоод түлхүүрээ өг гээд уурлаад барьцалдаад авсан. Төрмөнх, Баярмагнай 2 бууж ирээд салгах гэтэл гэнэт машин хойшоо ухраад машины хаалганд цохигдож унаад машин  доогуур урд дугуйнд нь дайрагдсан. Түргэн тусламж ирээд Төрмөнх бид хоёрыг аваад явсан. Миний эмчилгээний зардалыг бүгдийг Н.Д гаргасан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

 

Хохирогч С.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Сэлэнгэ зочид буудлын тэнд байх Сод эрхэс гэх билльярдны газар Н.Д, Э.Энхбаяр, Баярмагнай бид 4 билльярд тоглонгоо тус бүр 2 пиво, 0,75 литрийн 2 архи уусан. Тэндээс бид гарч Баянцээлийн хажууд байх В лоунж бааранд орж 1 шил 0,75 литрийн архи авч уусан. Энхбаярын эхнэр ирээд бид баарнаас 22 цагийн үед гарсан. Энхбаяр бид 2 тооцоо хийчихээд араас нь гарч ирэхэд Н.Д машинаа асаагаад сууж байсан. Машин дээр очиж байснаа санаж байна. Тэрнээс цааш юм санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Би өөрийн эмчилгээнд мөнгө зарцуулаагүй. Н.Д бүх эмчилгээний зардлыг гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

Иргэний  нэхэмжлэгч Б.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай ОК гэрэл зургийн студийн байшингийн 1 давхарын төмөр вакум шилэн хаалганы урд баганыг мөргөж гадна шавар, змаск нурж байшингийн дотор талд хана цуурсан байсан. Машин мөргөснөөс болоод хаалга нь онгойхгүй гажсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

 

Гэрч А.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр орой 21 цагийн үед манай нөхөр найзуудтайгаа хамт Сансарын Баянцээлийн хажууд В Lounge гэдэг бааранд сууж байна гэхээр нь би уг бааранд яваад очиход манай нөхөр 4 найзын хамт буюу Баярмагнай, Н.Д, Төрмөнх, нэрийг мэдэхгүй байна бас нэг найз байсан. Тэр хэд бааранд сууж байсан ба намайг бааран дээр очоод удаагүй байхад тарцгаая гээд баарнаас гарсан. Баарнаас би нөхөртэйгээ хамт араас нь гарсан ба гадаа гараад манай нөхрийн нэг махлаг найзтай нь бид гурав такси барих гээд зогсож байтал манай нөхөр Н.Д машинаа асаацан байна юм уучаад машин барьж явах гэж байна очоод уулзая гээд машин дээр очоод жолооч талын хаалгыг нь онгойлгоод юм яриад байгаа бололтой зогсож байсан. Манай нөхрийн хажууд машин дотор сууж байсан Баярмагнай, Төрмөнх хоёр буугаад ирчихсэн байсан. Тэгээд манай нөхөр ирэхгүй болохоор нөхрөө аваад явье гэж бодоод машинруу алхаж байтал машин нь гэнэт хойшоо огцом ухраад манай нөхөр, Төрмөнх хоёр машины хаалганд цохигдож унаад машины урд дугуйнд дайрагдсан. Машин ухраад байшин мөргөөд зогссон. Намайг очиход манай нөхөр, Төрмөнх хоёр машины урд хэвтэж байсан ба түргэн тусламж ирээд Төрмөнх болон манай нөхрийг аваад явсан. Автомашин эхлээд хаалгаараа цохиж унагаад жолоогоо баруун гар тийш дарж ухрахдаа урд дугуйгаараа Төрмөнх болон манай нөхрийг дайрсан гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

Гэрч Б.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 сарын 09-ний өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн Сэлэнгэ зочид буудлын тэнд "Сод эрхэс" гэдэг билльярдны газар Н.Д, Төрмөнх, Энхбаяр бид дөрөв орж билльяд тоглонгоо Н.Д, Төрмөнх хоёр тус бүр хоёр пиво уусан. Тэгээд дахиж 1 шил 0,75 литрийн архи аваад бид дөрөв хувааж уусан. Архиа уугаад дуусч байтал Долгион хүрч ирээд дахиад нэг шил 0,75 литрийн архи авч тавуулаа хувааж уусан. Би билльяднаас түрүүлж гараад Сансарт нэг хүнтэй уулзаад нөгөө хэдруу залгасан чинь B-Lounge гэдэг бааранд сууж байна гэхээр нь яваад очиход тэр хэд 1 шил 0,75 литрийн архи аваад бараг уугаад дуусч байсан. Тэгээд бид хэд тэр бааранд сууж байгаад 22 цагийн үед баарнаас гарсан. Баарнаас гарах үед Н.Дийн машины түлхүүр Энхбаярт байсан ба Энхбаяр нэлээн согтсон байсан болохоор би Н.Дийн машины түлхүүрийг авсан байтал Н.Д машинаа халаана гээд надаас түлхүүрээ авсан. Баарнаас Н.Д, Төрмөнх бид гурав түрүүлж гараад Н.Д машинаа асаагаад дуудлагын жолооч дуудна гээд яриж байсан. Би урд суудалд, Төрмөнх хойд суудалд, Н.Д жолооны ард суусан байсан. Тэгээд бид гурав юм яриад сууж байтал Энхбаяр хүрч ирээд жолооч талын хаалгыг онгойлгоод Н.Дийг машинаас буу согтуу машин барьж явахгүй шүү гээд тэр хоёр заамдалцаад авсан. Төрмөнх бид хоёр машинаас буугаад тэр хоёрыг салгах санаатай жолооч талын хаалган талд очоод салгах гэтэл гэнэт машин ухраад Энхбаяр, Төрмөнх хоёрыг хаалгаараа хамаад явчихсан би хамгийн хойно нь байсан болохоор машин нь хажууд унасан. Харин Энхбаяр, Төрмөнх хоёр хаалганы доогуур хамагдаад машин доогуур орчихсон. Би босоод хартал Төрмөнх, Энхбаяр хоёр машины урд хэвтчихсэн ёолоод байж байсан. Тэгээд Н.Дийг машинаас буулгаад тэнд байсан хүмүүс түргэн тусламж цагдаа дуудсан. Удалгүй түргэн тусламж ирээд Төрмөнх, Энхбаяг хоёрыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 36/

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2235 дугаартай:

С.Төрмөнхийн биед баруун талын сүүжний дэлбэн ясны далд хугарал, баруун талын умдаг суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн бөөрний эдийн голомтлог няцрал, бөөрний хальсан доорхи цус хуралт, цээж гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2426 дугаартай:

 Э.Энхбаярын биед зүүн хавчаар ясны далд хугарал, зүүн шилбэ, шагайд шарх, цээжний зөөлөн эдийн няцрал, бугалга, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй  гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1142 дугаартай:

Н.Д 26 настай эр гэж хаягласан цусанд 3,4 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3,4 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-67/,

 

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн В19-14 дугаартай:

"... барилгын хохирол нь 241.889 төгрөгийн үнэлгээ тогтоогдов..." гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-ийн 47-64/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай:

Явган зорчигч С.Төрмөнх, Э.Энхбаяр нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоёота Тундра маркийн 68-69 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.", 3.7. "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 92-93/

 

Шүүгдэгч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй, өөрийн гэм буутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна. 2019 оны 02 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Сэлэнгэ зочид буудлын тэнд Сод эрхэс гэдэг билльярдны газар Энхбаяр, Төрмөнх, Долгион, Баярмагнай нарын хамт билльярд тоглонгоо тус бүр пиво ууж байгаад 2 шил 0,75 литрийн Экс архи хувааж уусан. Тэгээд бид нар тэндээс гараад би өөрийн эзэмшлийн 68-69УНМ улсын дугаартай Тоёота Тундра маркийн машинаа жолоодоод Сансарын Баянцээлийн туслах зам дээр зогсоол дээр машинаа тавиад B-Lounge гэдэг бааранд орж бид нар нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид архиа ууж дуусаад гэр гэртээ харихаар болоод миний машин дээр очоод дуудлагын жолооч дуудаж гэр гэртээ хүргүүлье гээд би машинаа халаагаад жолооны ард суусан. Миний хажууд Баярмагнай суугаад хойд суудалд Төрмөнх суусан байсан. Тэгээд бид гурав тамхилаад юм яриад дуудлагын жолоочийг хүлээнгээ машинаа тэгшлээд тавих санаатаа ухрах араандаа хийгээд хөдлөх гэтэл Энхбаяр хүрч ирээд жолооч талын хаалга онгойлгоод согтуу машин бариж явах гэлээ гэхээр нь би машин барьж явахгүй ээ дуудлагын жолооч дуудсан гэдгээ хэлсэн чинь чи машин барих гэж байна гээд маргалдсан. Тэр үед Төрмөнх, Баярмагнай хоёр машинаас буугаад жолооч талын хаалган дээр хүрч ирхээр нь би ухрах араандаа хийснээ мартаад тормосон дээрээс хөлөө аваад машинаас буух гэтэл машин хөдөлсөн ба би сандраад тормосоо гишгэх гэж байгаад андуураад хаазан дээрээ гишгээд машин огцом ухраад байшин мөргөөд зогссон. Машин ухрахдаа зүүн урд хаалгаараа Төрмөнх Энхбаяр хоёрыг хамаад мөргөөд унагаасан байсан. Тэгээд түргэн тусламж ирээд Төрмөнх, Энхбаяр хоёрыг аваад явсан ба намайг цагдаа нар Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байранд саатуулсан. Би халамцуу байсан намайг цагдаа дээр драгер багаж үлээлгэхэд 2,28 хувийн согтолттой гарсан. Би тормосоо гишгэх байгаад хаазан дээр андуурч гишгээд ухарсан гэх мэдүүлэг /хх-ийн 106/

 

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-11/

-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13/

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/

-баримт бичиг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17/

-хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18/

-ЦЕГ-ийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 22-27/

-хохирогч С.Төрмөнхийн ГССҮТ-ийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 78-87/

-хохирогч Э.Энхбаярын ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хх-ийн 91/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 107-113, 135/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад нотлох баримтууд /хх-ийн 120-130/, хохирогч С.Төрмөнх, Э.Энхбаяр нарын хохиолд төлсөн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 115-119/, иргэний нэхэмжлэгч Б.Баасанжавын хохиролыг дансаар шилжүүлсэн баримт /хх-ийн 134/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч нарын “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, найзад маань хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх баримт, эхийн асрамжийн талаарх баримт гэх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Н.Дийн согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Э.Энхбаяр, С.Төрмөнх нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Н.Дид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.Дийг согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Энхбаярт 4.679.000 төгрөгийн, хохирогч С.Төрмөнхөд 4.888.440 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Баасанжавд 242.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 115-119, 134, 142 дугаар хуудас дахь баримтуудаар нотлогдож байна. Хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч хохирогч нар нь сайн дураар эвлэрсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас учран гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Доос хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Н.Дийг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч нарын гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Н.Дид хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.

Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон дариу биелүүлж, хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархан овогт Н.Дийг согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Дийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Дид хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, 182 дүгээр зүйлийн 182.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийн 780162 дугаартай жолоочийн үнэмлэхийг хүргүүлж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Хэргийн учир шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Энхбаяр, С.Төрмөнх нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ