Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00799

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 09 өдөр                      Дугаар 142/ШШ2016/00799                                       Орхон аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг 02 дугаар хороолол, Бурхантын 06-01 тоотод оршин суух Тайжууд овгийн Батжаргалын Зоригоогийн /регистрийн дугаар ГЮ73080418/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр Баянцагаан баг Өнөр хотхоны 101-33 тоотод оршин суух Монгол овгийн Мөнхсүхийн Отгонтуулд холбогдох 2 892 206 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлгдсэн төлөөлөгч Ц.Батцэцэг, хариуцагч М.Отгонтуул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Зоригоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-5-68 тоотод буй орон сууцыг М.Отгонтуултай 2015.09.13-ны өдөр 1 жилийн хугацаатай буюу 2016.09.13-ны өдрийг хүртэл 2 өрөө орон сууц түрээслэх гэрээ хийж сар бүрийн 18-ны өдөр 400,000 төгрөг төлж байхаар харилцан тохиролцож, гэрээгээ байгуулж баталгаажуулсан юм. Гэтэл Отгонтуул нь түрээсийн төлбөрөө гэрээ байгуулсанаас хойш ерөөсөө төлөөгүй, дээр нь обой наана гэж хэлэн надаас 300,000 төгрөг авсан боловч наагаагүй байсан. Би Отгонтуултай байрныхаа түрээсийн төлбөрийг төлүүлэхээр уулзахад 2016.02.01-ны өдөр 1.600.000 төгрөгөө бөөнд нь бэлнээр төлнө гэж өөрөө надад бичиж, баталгаа гаргаж өгсөн. Түүнээс хойш сар бүр төлж байна гэсэн. Гэтэл Отгонтуул нь байрнаас нүүсэн болохыг хажуу айлаас нь олж мэдлээ. Тус байрнаас гарах бол 2 сарын өмнөөс мэдэгдэх ёстой талаарх гэрээний үүргээ зөрчсөн. Иймд 5 сар 16 хоногийн түрээсийн төлбөр 2 213 333 төгрөг, обой наана гэж хэлж авсан 300,000 төгрөг, нийт 2 513 333 төгрөгийг Отгонтуулаас гаргуулж өгнө үү. Мөн М.Отгонтуул, Дашбалбар нар нь байр түрээслэх хугацааныхаа байр, дулаан, цахилгааныхаа төлбөрийг төлөөгүй гарсан тул гарсан бүх зардлыг төлүүлнэ үү” гэжээ.

Хариуцагч М.Отгонтуул шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Зоригоогийн гаргасан нэхэмжлэлд хариу өгч үнэн зөв тайлбарыг гаргаж байна. Миний бие Мөнхсүхийн Отгонтуул нь байрны зарын дагуу Ч.Батцэцэг гэх энэ эмэгтэйтэй холбогдож байрыг нв үзэхээр болсон юм. Тэгээд уулзах цаг тохирч очсон. Байрыг нь үзэхэд хананы цаасууд нь бүгд урагдаж энэ тэндээ унжсан шалны хулдааснууд нь урагдсан цэвэрлэгээ огт хийгээгүй 2 болкон нь хогоор дүүрсэн маш бохир байсан. Тэгэхэд энэ хүн урьд байсан айл нь маш бохир сууж байсан юм. Хананы цаасыг нь солино гэж мөнгө авчихаад хямдхан цаас наасан байсан гэж ярьж байсан. Манай нөхөр бид 2 ярилцаад энэ эмэгтэйд шууд ороход маш муухай байр байна. Манайх 2 жоохон хүүхэдтэй. Хэрвээ орвол засвар хийх шаардлагатай юм байна гэж хэлсэн. Тэгсэн би дүүтэйгээ яриад хариу хэлий гэж хэлснээр бид явсан юм. Гэтэл орой нь өөрөө утасдаад та 2 өөрсдөө засвар хийгээд орчих манай дүү эхний сарын 400,000 төгрөгийнхөө 300,000 төгрөгөөр нь засвар хий 100,000 төгрөгөө авна гэнээ гэсэн учир бид хоёр тэгье гэж хэлээд маргаашаас нь эхлээд байрыг нь дүүтэйгээ нийлээд 4- үүлээ 2 өдөр цэвэрлэж болконых нь хог новшийг хүртэл зөөж хаяж бараг хуруу зузаан хир шаланд нь тогтсон, хана туургыг нь бүгдийг угаан цэвэрлэгээ хийсэн.2 өдрийн дараа би ажилтай байсан учир хүүхдээ хүнд харуулаад оройн цагаар нөхөртэйгөө 2-уулаа байрны засварын ажлыг хийж эхэлсэн. Үүнд: Том өрөөний обой, коридорын обойг сольж гал тогооны хана цонх парыг тосон будгаар будаж жижиг өрөөний пар, том өрөөнйи пар зэргийг бүгдийг нь будсан бараг бүтэн засвар хийсэн. Уранхй шалны хулдаасыг нь скочоор нөхөж ванн, жорлонгийн хаалганы харалдаа жижиг өрөө лүү ордог хэсэгт шинэ хулдаас тавьж, өөрсдийн байр шиг л тордож 5 хоног засвар хийсэн. Жорлонгийнх нь почки хагархай байсан учир сар гаруй ус зөөж 00-д хийдэг байсан. Ванны өрөөнд нь угаалтуур байхгүй зэрэг нь маш хэцүү байсан. Энэ эмэгтэйд хэлсэн учир сар гарангийн дараа угаалтуур Дарханаас ирнэ тавьж өгье гэж хэлээд утсаа тавьсан. ОО-оо сүүлд нь сольсон боловч хөдөлгөөнтэй суулгасан 00-д нь тохирохгүй урт суултуур суулгасан учир бие засахад хажуулдаж суудаг гэх мэтчилэн яриад байвал иаш их зүйл байна. Энэ бүхнийг тодорхой тайлбарлахгүй бол энэ хүмүүс худлаа нэхэмжлэл гаргасан байна. Бид өөрсдөөс нь 300,000 төгрөг бэлнээр аваагүй, өөрсдийн түрээсэнд өгөх 400,000 төгрөгийн 300,000 өөрсөдтэй нь ярьж тохирсны дагуу өөрсдийнх нь байранд засвар хийж өгсөн. Нарийн ярьвал энэ хүмүүс өөрсдөө байраа түрээслүүлэхдээ хүний амьдрах нөхцөлийг бүрэн хангасан засвар үйлчилгээ бүрэн хийгдсэн сантехник бүрэн бүтэн байр л тзрээслэх ёстой. Гэтэл хогоо ч цэвэрлээгүй бүх юм нь уранхай цоорхой эвдэрсэн тийм л байр өөрсдөө цэвэрлээд засвар үйлчилгээ хийгээд уранхай цоорхойг нь нөхөөд орж байхад хүнийг гүтгэн ийм зүйл шүүхэд өгсөнд гомдолтой байна. Манайхыг байрандаа орсон өдрийн орой нь гэрээний хуудас барьж ирсэн тэгэж ирэхдээ эхний сарын төлбөрийн үлдэгдэл болох 100,000 төгрөгийг бэлнээр авсан. Тэр гэрээний хуудсыг надаар бичүүлж авсан. Гэрээнд Зоригоо гэдэг хүний нэрийг бичүүлсэн. Гэтэл энэ зоригоо гэдэг хүнтэй албан ёсны гэрээ хэлцэл байхгүй, бараг л гэрээг өөрөө бөглөж өөртэйгөө гэрээ хийсэн. Тэр гэрээнд би л гарын үсэг зурсан болохоос биш Зоригоог төлөөлж Батцэцэг ч гарын үсэг зураагүй. Гэтэл дараа сарынх нь мөнгийг эмнэлэгт хэвтэж 2 ч удаа хагалгаанд орж биеийн байдал маань тааруу сахиуртай нөхөр нөхөр маань сахиж эмнэлэгт байсан учир жоохон хоцроосон. Эмнэлгээс гараад актныхаа мөнгийг бодуулаад 400,000 төгрөг Ч.Батцэцэг данс өгсөн тэр лүү нь хийсэн. Энэ хугацаанд утсаар байнга загнаж, хэл амаар доромжилж байсан. Утсаа авахгүй болхоор гэрт ирж хаалга нүдэж байрны эзэн байна. Мөнгөө төлөөч гэх мэтчилэнгээр гадаа орилж байдаг байсан. 1 сард ирэхдээ энэ Зоригоогийн эхнэр гэх эмэгтэйтэй хамт гэрт ирж 2уулаа нийлээд загнаж нөхөр гэж юм чамд байдаг юм уу тэр нөхрийг чинь харъя муусайн луйварчингууд гээд хэлэх, хэлэхгүйгээр дайрч нэг юм биччихсэн цаас гаргаж энэн дээр гарын үсгээ зур 2-1 нд мөнгөө өгөөд байрнаас гар өөр хүнд түрээслүүлнэ гэж загнаад би мөнгөн дүнгийг нь хараагүй айгаад гарын үсэг зурсан. Тэгээд өөрсдөө гар байр сулла гэсэн учир бид 2 хоногийн дараа гарсан. Өөрсдөө гэрээгээ зөрчиж нялх хүүхэдтэй бид нарын өвлийн хүйтэнд хөөж гаргачихаад юун гэрээ зөрчсөн гэж байгаа юм бэ.Байнгын дарамтална хаалга нүдэж утсаар доромжилно бид чинь бас хажуу айлуудаасаа ичдэг гарч орохдоо хүнээс айдаг байсан учраас нүүсэн. Нүүсний дараа ажил дээр ирж Манай байрыг түрээсэлж байсан мөнгөө төлөөгүй байж нүүсэн байна хаана байна гэж ажлаар нэг янз бүрийн юм ярьж хүний нэр хүндэд халдаж ажилдаа ч очиход хэцүү байдалд оруулж байсан. Өөрсдөө байнга ирж хаалга нүдээд хашгичдаг болхоор ирээд л мэднэ гэж бодоод гарсанаа хэлээгүй. Өөрсдөө хөөгөөгүй бол бид гарахгүй байсан. Хэдий хүний байранд байгаа ч түрээслэсэн хугацаанд бидний гэр орон гэсэн үг биздээ.Тэд тэгж дураараа хаалга үүд нүдэж байх ёсгүй гэж би бодож байна. Байнга доромжлуулаад байж тэссэнгүй ээ. Тэнд байх хугацаандаа байрны мөнгө, тогны мөнгө төлж байсан огт төлөөгүй гэсэн байна. Түрээсийн мөнгөө ч бас өгсөн. Хаанаас ямар учиртай 2 513 333 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Өөрсдөө ирж гэрт орж ирж байсан байж яагаад цаас солиогүй гэж хэлж байна аа. Цаас байтугай байр нь бүрэн засвар хийсэн мэт маш сайхан болсон байгааг яагаад хараагүй мэт бичиж байгаад гайхаж байна. Харин бид өөрсдийнх нь байрыг өөрийн юм шиг хандаж засаж янзлаад орж байхад ийм юм ярьж байгаа хүмүүсээс засвар үйлчилгээ хийсний хөлсөө нэхэмжилж байна. Эд нар хүн хөлслөөд засвар хийлгэвэл 2 өрөө байр хэдэн төгрөгөөр засах, хөлс нь хэдэн төгрөг байхыг сайн мэдэж байгаа байх. 2 өрөө байрны засварт 2 хүний ажлын хөлс цаас нааж будаг хийхэд бүрэн засвар 600,000 төгрөг байдаг юм байна. Бид 2 бүрэн бус учир 400,000 төгрөг нэхэмжилж байна. Бидний өгсөн тооцоо: 9 сарын 18-наас 10 сарын 18 гээд засварт хэрэглэсэн 300,000 төгрөг Батцэцэгт өгсөн 100,000 төгрөг гээд 1 сарын төлбөр өгсөн. 10-18-наас11 сарын 18 гээд 400 000 төгрөг Ч.Батцэцэгийн Хаан банкны дансанд хийсэн. 10-18-наас12сарын 18-ны 400 000 төгрөгийг засвар хийсний хөлсөнд нэхэмжилсэн 400 000 төгрөг шилжүүлээд өөр ямар ч мөнгө өгөх тооцоо байхгүй. Өөрсдөө хөөгөөгүй бол ийм асуудал гарахгүй байсан. Ер нь юм үнэнээрээ байх сайхан. Хүн гүтгэн доромжилж болохгүй байх. Ээжийг маань хүртэл Батцэцэг чи луйварчин болоод чиний хүүхэд луйварчин байгаа юм гэж утсаар загнасан гээд ээж маань хэлсэн. Хүний нэр хүндэд халдсан гүтгэсэн гутаан доромжилсон ажил дээр очиж олны дунд нэр хүндэд халдсан зэрэгт гомдолтой байгаа учир Батцэцэг хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Жич: Орой засвар хийж байхад өдрийн цагаар хийгээч шөнө гэрэл чийдэн асаагаад. тог гүйгээд байгаа ш дээ Ороогүй байж тог хэрэглээд наад тог чинь гүйж байгаа гээд утсаар загнаад байсан. Бид их гайхсан дараа нь -би 12,000 төгрөг тогонд төлсөн чи өг гээд надаас бас авсан. Өөрсдөө бол хүнээс авахаа л мэдэхээс биш хүний төлөө сэтгэл гаргадаг хүмүүс биш юм байна. Би энэ хүнд өгөх ямар ч тооцоо байхгүй. Энэ байранд 3 сар гаран суусан байхад юун 5 сар 16 хоног гэжтооцож байгаа юм бэ. Энэ бол худлаа тооцоо байна гэж би үзэж байна. Зоригоо гэдэг хүнтэй гэрээ хийж тохиролцсон гэж нэхэмжлэлд бичсэн байна. Би энэ хүний барааг нь ч хараагүй. Үнэн зөвийг шүүж тунгааж өгнө гэдэгт итгэж байна. Хаан банкинд Ч.Батцэцэгт шилжүүлсэн мөнгийг шалгаж өгөхийг хүсч байна. Би хагалгаанд ороод бүтэн сар эмнэлгээр явж ажил хийгээгүй цалин мөнгө амьдралд маань хүрэлцэхгүй нөхөр ажилгүй гэртээ хүүхдээ хардаг. Хүний амьдралд янз бүрийн асуудлууд байдаг боловч тэр болгоныг хүнбүхэн мэдэх учиргүй. Хүний дотоод нууц байж болно. Энэ амьдрал руу маань дайрч албан газарт очиж байр түрээсэлдэг мөнгөө төлдөггүй гэх мэтээр хүмүүст ярьж байгаа нь хүний эрхэнд халдсан асуудал гэж бодож байна” гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжилсэн 2 892 206 төгрөгний 992 206 төгрөгнөөс татгалзаж, 1 900 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч М.Отгонтуул төлөхийг зөвшөөрч, уг мөнгөний байрны болон цахилгааны мөнгө болох 412 593 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард багтааж төлөхөөр, үлдэгдэл 1 487 407 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Зоригоо хариуцагч М.Отгонтуулд холбогдуулан байрны түрээсийн төлбөр, орон сууц ашиглалтын зардал, цахилгааны мөнгө 2 892 206 төгрөг гаруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч дараах эвлэрлийн гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжилсэн 2 892 206 төгрөгний 992 206 төгрөгнөөс татгалзаж, 1 900 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч М.Отгонтуул төлөхийг зөвшөөрч, уг мөнгөний байр болон цахилгааны мөнгө болох 412 593 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард багтааж төлөхөөр, үлдэгдэл 1 487 407 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр тохиролцоогүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 67786 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 45350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.Зоригоогийн нэхэмжлэлтэй М.Отгонтуулд холбогдох иргэний хэрэгт 2 892 206 төгрөгний 992 206 төгрөгнөөс татгалзаж, 1 900 000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч М.Отгонтуул төлөхийг зөвшөөрч, уг мөнгөний байр болон цахилгааны мөнгө болох 412 593 төгрөгийг 2016 оны 06 дугаар сард багтааж төлөхөөр, үлдэгдэл 1 487 407 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 67786 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Отгонтуулаас 45350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Зоригоод  олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА