Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00800

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр                        Дугаар 142/ШШ2016/00800                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй “Мэргэн-Өгөөж” ХХК-ийн захирал Ц.Ганболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүнс Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус сангаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/134 дугаар тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт “Мэргэн өгөөж” ХХК нь хамрагдан 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ММХ-2011/22 тоот зээлийн гэрээг байгуулан 8 820 000 төгрөгийг жилийн 2,4 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хариуцагчаас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан хэдий ч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 4.1.1-т заасны дагуу гэрээг цуцалж дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.Үндсэн зээл 8 820 000 төгрөг, хүү 846 720 төгрөг, гэрээний 7.1.1-т заасны дагуу алданги тооцоход 4 410 000 төгрөг, нийт 14 076 720 төгрөгийг “Мэргэн өгөөж” ХХК-иас гаргуулан өгнө үү.

2.Хариуцагч нь ММХ-2011/22 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэр бүлийн хэрэгцээний газар 700 м2, гэрчилгээний дугаар 000059883, УБД-Г-2206005151 барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах” гэжээ.

Нэхэмжлэгч Хүнс Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Мал хамгаалах сан Мэргэн өгөөж ХХК-с зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн боловч Мэргэн Өгөөж ХХК-ийн захирал Ц.Ганболд нь оршин суугаа хаягтаа байхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Ц.Ганболдыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хүнс Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь “Мэргэн өгөөж” ХХК-ийн захирал Ц.Ганболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан.

“Мэргэн-Өгөөж” ХХК-ийн захирал Ц.Ганболд нь нэхэмжлэгч Хүнс Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангаас зээл авсан болох нь 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж зэрэг баримтаар нотлогдож байх тул Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс “Мэргэн-Өгөөж” ХХК-ийн захирал Ц.Ганболдыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

“Мэргэн-Өгөөж” ХХК-ийн захирал  Ц.Ганболдыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар “Мэргэн-Өгөөж” ХХК-ийн захирал Ц.Ганболдыг /регистрийн дугаар ГЮ71091179/ эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн “Мэргэн-Өгөөж” ХХК-ийн захирал Ц.Ганболдыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

2.Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.ҮҮРИЙНТУЯА