Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00898

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00898

 

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/00901 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдох,

17,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номундарь, хариуцагчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,,,,,,,,-тай 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарыг БНХАУ-ын Шанхай хотод байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуульд суралцахтай холбоотой үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, нийт 17,400,000 төгрөгийн төлбөрийг төлсөн.

2022 оны 09 дүгээр сараас онлайн хятад хэлний сургалтад сууж, эхлэх хэрэгтэй гэсний дагуу бид хүүхдүүдээ хамруулаад явж байсан. Түүнээс хойш бидэнтэй огт холбоо бариагүй ба 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сургуулийн мэргэжлийн жагсаалтыг авъя, одоо элсэн суралцах анги сонгох хэрэгтэй байх гээд ,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн Хятад боловсрол хариуцсан ажилтан ,,,,,,,,,,,,,,тай холбогдоход хариу огт өгөөгүй.

Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүүхдүүдийг НSК оноогүй бол явуулах боломжгүй гэж хэлсэн. Анх гэрээ байгуулах үед бидэнд мэдээлэл өгөхдөө НSК оноо шаардлага байхгүй, шууд орох боломжтой гэж хэлсэн. Түүнчлэн гэрээнд НSК онооны талаар дурдсан заалт байхгүй. Бидний хүссэн үр дүнд хүрэх боломж нэг жилийн хугацаанд биелэгдээгүй.

Уг компанид гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авах талаар удаа дараа мэдэгдэж, өргөдөл хүртэл гаргахад асуудлыг шийдвэрлэж өгөөгүй.

Иймд зуучлалын гэрээнээс татгалзаж, зуучлалын хөлсөнд өгсөн 17.400.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Анх гэрээ байгуулахад БНХАУ-д суралцах үндсэн шаардлагууд, хэл соёл, оюутны нөхцөл байдал, сургалтын виз зэрэг бүхий л мэдээллийг өгч тайлбарласан боловч нэхэмжлэлдээ юу ч хэлээгүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

Гэрээний 2.2-т зааснаар хэлний бэлтгэл 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэх бэлтгэл ажлыг хангуулж онлайн хятад хэлний сургалтад суулгаж, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр албан ёсны сертификатуудаа гардан авсан.

2023 оны 05 дугаар сараас эхлэн БНХАУ-ын Шанхай хотын ШУТИС-д элсүүлэхээр холбогдох бусад материалын бүрдүүлэлтийг эрт бэлдүүлж авсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө НSК шалгалтын оноог авч байж дараагийн шатны сургуульд элсэх боломжтой болох юм.

Тус компани элсэгч хүүхдүүд, тэдний эцэг эхтэй байнгын харилцаатай байж зөвлөгөө өгч явсан. 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдөр НSК онооных нь талаар шаардахад тухайн шалгалтаа өгөөгүй байсан. Цаашид хятад хэлний бэлтгэлд үргэлжлүүлэн тухайн улсад нь явах уу гэдэг санал тавьж, сургалтын төлбөр, зөвхөн байр амьжиргааны зардлаа төлөх нөхцөлтэйгөөр 100 гаран жилийн түүхтэй Shanxi мужийн Shanxi University сургуулийг ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт санал болгоход бодоод эргэж хэлнэ гээд явсан.

Guangxi Kingpei Education байгууллагын үйлчилгээний төлбөр 2023 оны 06 дугаар сарын 08-ны байдлаар бидэнд өгсөн үнийн мэдээлэл хэлний бэлтгэлийн хамт 14,000 юань болсон. ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын гэр бүлийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан авах өргөдөл хүсэлт гаргасан.

Гэрээнийхээ 4, 8 дугаар зүйлд үйлчилгээ үзүүлээд явж байхад, үйлчлүүлэгч цаашид суралцахаас бүр мөсөн татгалзсан тохиолдолд төлбөр үл маргах журмаар суутгагдаж, эргэж олгогдохгүй болох тухай тусгаж, энэ нөхцөл байдлыг тайлбарлаж үйлчлүүлэгч ойлгосноор нэр регистр, гарын үсгийг зурж баталгаажуулсан.

Түүнчлэн бидний үйлчилгээний гэрээ 2027 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хүчинтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан хариуцагч ",,,,,,,,,,,," ХХК-иас 16,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ",,,,,,,,,,,," ХХК-аас 239,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 225.2, 225.4.1, 225.4.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзах нөхцөлийг зохицуулсан байдаг.

Хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээд явж байхад, гэрээний ямар үүрэг зөрчигдсөн гэж үзэж гэрээнээс татгалзаж байгаа нь ойлгомжгүй, мөн татгалзаж буй үндэслэл нь талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгагдаагүй зүйл байхад, ялимгүй зөрчил эсэх, гэрээний яг ямар үүрэг зөрчигдсөн болох талаар буюу нэхэмжлэгч нь энэхүү зөрчлөө арилгах хугацааг хуульд заасны дагуу хариуцагчид олгосон эсэх талаар огт дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд 5 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байхад, үндэслэлгүйгээр хариуцагч талаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хэрэв хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бол хуульд зааснаар аль үүргийг зөрчсөн болохыг тодорхой болгож, тухайн зөрчлийг арилгуулах нэмэлт хугацаа тогтоох, энэхүү хугацаанд үр дүн гарахгүй бол гэрээнээс татгалзах боломжтой байсан.

Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр гэрээнээс шууд татгалзах шаардлага гаргасан байхад, шүүх энэхүү татгалзлыг шийдвэрлээгүй байж, мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Тухайлбал, гэрээний 2.2-т "2023 оны 05 дугаар сараас эхлэн БНХАУ-ын Шанхай хотын Шинжлэх ухаан техникийн Их сургуульд мэргэжлийн ангид суралцахтай холбоотой үйлчилгээг үзүүлнэ" гэж тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү үйлчилгээг зөвхөн 2023 онд бус, 2023-2026 онуудын аль ч үед үзүүлэх боломжтой талаар харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь зөвхөн 2023 онд хамааруулж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж буй нь үндэслэлгүй.

Хүүхдүүд хятад хэлний сургалтаас юм сурч аваагүйтэй холбоотойгоор HSK шалгалт өгөх боломжгүй болсон нь өөрсдөөс нь шалтгаалан үүссэн нөхцөл байдал байна.

Хятад хэлний энэхүү сургалтад суусан талаар талууд маргадаггүй бөгөөд сургалт нь тодорхой хэмжээний төлбөртэй байсан тул төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Анхан шатны шүүх нь хэт нэг талыг баримталж хариуцагч талыг илт хохироох хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Бид нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нөхцөл байдалд хүрсэн учраас гэрээнээс татгалзаж байгаа талаар хариуцагч талд мэдэгдсэн. Мөн гэрээнээс татгалзахад заавал нэмэлт хугацаа тогтоохгүй байх хуулийн зохицуулалт байдаг. Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт хүндэтгэн үзэх үндэслэл байвал татгалзаж болохгүйг хуульчилсан бөгөөд үл итгэх байдал төрүүлсэн бол гэрээнээс татгалзаж болохыг Иргэний хуулийн тайлбарт бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдуулан 17,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь хариуцагчид 17,400,000 төгрөгийн хөлс төлөхөөр, ,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарыг 2023 оны 05 дугаар сараас БНХАУ-ын Шанхай хотын Шинжлэх ухаан технологийн их сургуульд мэргэжлийн ангид элсэн суралцахтай холбоотой үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцжээ.

Мөн нэхэмжлэгч нар нь гэрээнд заасан төлбөр 17,400,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна.

 

3.1. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.

 

3.2. Гэрээний хэрэгжилтийн явцад ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нар нь хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалт өгөөгүйгээс гэрээнд заасан БНХАУ-ын Шанхай хотын Шинжлэх ухаан технологийн их сургуульд мэргэжлийн ангид элсэн суралцахад зуучлах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Хариуцагч нь HSK шалгалт өгөх ёстой болохыг нэхэмжлэгч тал мэдэж байсан гэж маргаж буй боловч 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээнд НSК шалгалтыг өгөх эсэх, өгөх бол хэдэн оноо авсан байх эсэхийг тусгаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзсан байна.

Хэдийгээр хариуцагч нь гэрээг 2027 он хүртэл хугацаагаар байгуулсан тул цаашид үргэлжлүүлэн БНХАУ-ын Шанхай хотын Шинжлэх ухаан технологийн их сургуульд мэргэжлийн ангид элсэн суралцахад зуучлах боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний 2.2-т 2023 оны 05 дугаар сараас зуучлалыг хэрэгжүүлэхээр заасан тул уг гэрээг урт хугацаатай байгуулсан гэж дүгнэх үндэслэлгүй.

 

3.3. Ийнхүү нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул анхан шатны шүүх хариуцагчаас зуучлалын хөлсөнд төлсөн 16,400,000 төгрөгийг буцааж гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ. Харин нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэл болж буй уг заалтыг шүүх хэрэглэлгүй орхигдуулсныг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй. Энэхүү шийдлээ шүүхээс шийдвэрийн үндэслэл хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт бичилгүй техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулна.

Мөн шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа холбогдох хуулийн заалтыг буруу баримталсан байгааг засч өөрчлөх нь зүйтэй.

 

3.4. Хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үзүүлсэн үйлчилгээ буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарыг хятад хэлний сургалтад хамруулсан хугацааны төлбөрийг шаардах эрхтэй.

Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх сургалтын төлбөрийн хэмжээг баримтаар нотолж чадаагүй.

Хэрэгт авагдсан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 48,000 юанийн гадаад төлбөрийн даалгавар нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын сургалтад зориулж шилжүүлсэн баримт гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2024/00901 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,-иас 16,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 58 дугаар зүйлийн 58.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ