| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00680/И |
| Дугаар | 00804 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00804
2016 оны 06 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2016/00804 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Эмпипи” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1968 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-40а-104 тоотод оршин суух, Цагаан гэрт овгийн Рэнцэнхандын Батбаярт /регистрийн дугаар ИЖ68072718/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3 285 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Р.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Эмпипи” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Т.Ганзориг 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг 6 сарын хугацаатай, сарын 4,5%-ийн хүүтэй зээлдэж аваад зээлийн гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгахгүй хоршоог хохироосоор байна. Р.Батбаяраас авах ёстой мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 177 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108 000 төгрөг, нийт 3 285 200 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Р.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Эмпипи ХЗХ-оос 2 сая төгрөгийг 4,5 хувийн хүүтэй зээлж авсан. Тухайн цагт хүүг нь өгч байсан боловч 2015 онд хямралд өртөөд хүүг нь өгч чадахгүй болсон. Уг хоршоо нь өндөр хүүгээр мөнгө өгдөг. Одоо надаас 3 000 000 гаран төгрөг нэхэмжилж байгаа. Би уг мөнгөнөөс хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй. Үндсэн мөнгийг сар бүр 150 000 төгрөгөөр төлмөөр байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Эмпипи” хадгаламж зээлийн хоршоо 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Р.Батбаяртай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 1 177 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108 000 төгрөг, нийт 3 285 200 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Р.Батбаяраас авах ёстой мөнгөө тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 177 200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108 000 төгрөг, нийт 3 285 200 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч “...би “Эмпипи” ХЗХ-ноос зээлж авсан 2 000 000 төгрөгнөөс өөрийн төлсөн 802 800 төгрөг, эхнэр н.Байгалмаагийн “Эмпипи” ХЗХ-ны захирал Т.Өсөхжаргалд төлсөн 800 000 төгрөгийг хасаад үлдэх төлбөрийг төлнө. Хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч Р.Батбаяр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан “Эмпипи” ХЗХ-ноос 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлж авсан болох нь 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн хүсэлт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451 дүгээр зүйлийн 451.2-д Зээлийн гэрээг бичгээр хийнэ, 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Тиймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй, хариуцагч буцаан төлөх үүрэгтэй.
Хариуцагч шүүх хуралдаанд “...би “Эмпипи” ХЗХ-ноос зээлж авсан 2 000 000 төгрөгнөөс өөрийн төлсөн 802 800 төгрөг, эхнэр н.Байгалмаагийн “Эмпипи” ХЗХ-ны захирал Т.Өсөхжаргалд төлсөн 800 000 төгрөгийг хасаад үлдэх төлбөрийг төлнө” гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 802 800 төгрөгийг нэхэмжлэгч хүүд тооцож нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцсон нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн Х.Байгалмаа нь “Эмпипи” ХЗХ-ны захирал Т.Өсөхжаргалын Хаан банкны 5094211416 тоот дансанд 800 000 төгрөг шилжүүлсэн нь Х.Байгалмаагийн депозит дансны хуулгаар тогтоогдож байгаа ч Х.Байгалмаагийн Т.Өсөхжаргалд төлсөн мөнгийг хариуцагч Р.Батбаярын “Эмпипи” ХЗХ-ноос авсан зээлээс хасах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч гэрээ байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 20 хүртэлх нийт 14 сар 7 хоногийн хугацааны хүү нийт 1 281 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэйгээс хариуцагчийн 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 300 000 төгрөгийг хасаж, хариуцагчаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 981 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108 000 төгрөг нийт 3 089 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 196 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 514 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 64 374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Батбаяраас 3 089 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эмпипи” хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 196 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА