Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00805

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр                                 Дугаар 142/ШШ2016/00805                                                Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 28 настай эмэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-22-37 тоотод оршин суух Олонхыхон овгийн Бат-Эрдэнийн Доржхандын нэхэмжлэлтэй /регистрийн дугаар ФМ88101385/

Хариуцагч: 1985 онд төрсөн, 31 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-34-50 тоотод оршин суух Шарнууд овгийн Батбаатарын Даваабаярт /регистрийн дугаар ФМ85010158/ холбогдох 3 540 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Доржханд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Доржханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Даваабаяр 2014 оны 10 сарын 24-ны өдөр Б.Доржханд надаас 2,0 сая төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэж авсан.Гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо огтхон ч хийж дуусгахгүй гэрээний үүргээ зөрчиж намайг хохироосоор байна.Б.Даваабаяраас авах учиртай мөнгөө тооцвол: Үндсэн зээл 2,0 сая төгрөг, зээлийн хүү 540 000 төгрөг, алданги 1,0 сая төгрөг нийт 3 540 000 төгрөг гаргуулан авна.Иймд Б.Даваабаяраас 3 540 000 төгрөг гаргуулан Б.Доржханд надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х.Даваабаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие иргэн Б.Доржхандын нэхэмжилсэн 3 540 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Доржханд нь хариуцагч Б.Даваабаярт холбогдуулан 3 540 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 540 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Хариуцагч Б.Даваабаярт 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71590 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 71590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Доржхандын нэхэмжлэлийн шаардлага 3 540 000 төгрөгийг хариуцагч Б.Даваабаяр төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71590 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваабаяраас 71590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Доржхандад  олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА