Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00938

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00938

 

 

,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01167 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 33,801,460 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нар нь 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 52,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 42 айлын байрны, 13 тоот хаягт байршилтай, 32 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 03 дугаар сараас зөрчиж, уг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй. Банкны зүгээс үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 32,571,429 төгрөг, зээлийн хүү 1,068,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,854 төгрөг, даатгалын өр 156,020 төгрөг, нийт 33,801,460 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, гэрээний үүргийг олон сарын хугацаанд зөрчиж байх тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.

Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүрэгт 33,801,460 төгрөгийг гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 42 айлын байрны 13 тоот хаягт байршилтай, 32 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие ,,,,,,,,,,,,,тэй хамтын амьдралтай байсан ба бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Бид гэр бүлээ тав тухтай орчинд амьдруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 42 айлын байрны, 13 тоот хаягт байршилтай, 32 м.кв талбай бүхий орон сууцыг ,,,,,,,,,,,,,,наас ипотекийн зээлээр авсан.

Уг орон сууцны өмчлөх эрх ,,,,,,,,,,,,,гийн нэр дээр байдаг. ,,,,,,,,,,,,,,тай 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд би хамтран зээлдэгчээр оролцсон. 2023 оны 03 дугаар сараас ,,,,,,,,,,,,, бид хоёрын харилцаа муудаж, намайг гэрээсээ хөөсөн. Тухайн орон сууцанд миний үр хүүхэд амьдарч байгаа тул зээлийн гэрээний хамтран зээлдэгчийн хувьд зээлийн төлбөрийн үлдэгдлийн 50 хувь болох 15,900,874 төгрөгийг төлнө. Үлдэх 50 хувийн төлбөрийг ,,,,,,,,,,,,, төлөх үүрэгтэй гэжээ.

 

3. Хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн татгалзал, тайлбарын агуулга:

Зээлийн эргэн төлөлтийн 70 хувийг би, үлдэх 30 хувийг хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,, төлж байсан. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,, зээлийн эргэн төлөлтийг 2 жилээр буюу 2023 он хүртэл хойшлуулснаар бий болсон санхүүгийн боломжоо ямар нэгэн байдлаар үр бүтээлтэй ашиглаагүй. Миний хувьд 2021 оны 09 дүгээр сараас охин н.Аялгуун, н.Энхрийлэн нарын сургалтын төлбөрийг мэс засалд орох хүртлээ буюу 2021 оны 11 дүгээр сар хүртэл төлөхийн хамт орон сууцны ашиглалтын зардлыг мөн төлж байсан.

Надад 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэдэсний дээд хэсэгт байрлалтай муу ялгаралтай булчирхайн өмөн (С17) буюу хортой хавдар гэсэн онош илэрч, мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байгаа. Энэ өвчний улмаас би хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т зааснаар зээлийн төлбөрийн үлдэгдлийг ,,,,,,,,,,,,,,ээс гаргуулж, намайг зээлийн гэрээний үүргээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нараас 33,645,439 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 156,020 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204005080 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 42 айлын байрны 13 тоотод байрлах, 32 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 396,377 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,, нь зээлийг хойшлуулах шаардлагагүй буюу ковид-19 цар тахлын нөлөөгөөр орлогод нь өөрчлөлт ороогүй үед хойшлуулж, гэр бүлийн санхүүгийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд миний хувьд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг тасралтгүй төлж хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж байсан учраас зээлийн төлөлт хойшлуулсан 2 жилийн хугацааны эргэн төлөлтийг гэрээний дагуу ижил үүрэг хүлээж байгаа ,,,,,,,,,,,,,,ээр гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 01 дүгээр сараас төлөх ёстой байсан зээлийг ,,,,,,,,,,,,,,ээр төлүүлж зөрчлийг арилгуулж өгнө үү. Учир нь зээлийн зөрчил үүсэж эхэлсэн үе буюу 2023 оны 03 дугаар сард миний бие өвчний учир хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан акттай байгаа.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т "сайн дураар биелүүлээгүй тохиолдолд" гэж шийдвэрлэсэн нь хариуцагч талуудын төлөх мөнгөн дүн тодорхой бус болж аль нэг үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлэхгүй байх нөхцөлийг бий болгож байна гэж үзэж байгаа учир хамтран үүрэг гүйцэтгэгчдийн төлөх мөнгөн дүнг тодорхой болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Энэ гомдол нь хариуцагч нарын хоорондын асуудал байгаа учраас банкны зүгээс илэрхийлэх байр суурь байхгүй гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг зөвшөөрөхгүй. Би гэрээнд зааснаар зөвхөн өөрт оногдох хэсгээ төлнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хүлээх үүргийг тодорхойлохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг залруулан дүгнэх боломжтой байна.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 32,571,429 төгрөг, зээлийн хүү 1,068,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,854 төгрөг, даатгалын өр 156,020 төгрөг, нийт 33,801,460 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжилсэн төлбөрийн тооцоололд маргаагүй ба харин хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хүлээх үүргийн хуваарилалтын талаар маргасан.

 

3. 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарт 52,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууцны зээлийн зориулалтаар олгосон байна.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Мөн гэрээний 2.1.1, 2.6-д заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

3.2. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нар нь 2023 оны 03 дугаар сараас эхлэн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь удаа дараа гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч үүргийн зөрчил арилаагүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн санаачилгаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

 

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн тооцоолол, төлсөн төлбөрийн суутгалын талаа маргаагүй учир шүүхээс зээлийн үндсэн төлбөр 32,571,429 төгрөг, зээлийн хүү 1,068,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,854 төгрөг, нийт 33,645,439 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн гэж дүгнэв.

Нэхэмжлэлээс даатгалын өр 156,020 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хүлээх үүргийн талаар алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулан дүгнэнэ.

 

4.1. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар ,,,,,,,,,,,,,д бактер судлал ба эд судлалаар батлагдсан амьсгалын эрхтний сүрьеэ оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон.

Энэхүү өвчин нь тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтын 1.1.1.а-д зааснаар 2 жил буюу удаан хугацаагаар хөдөлмөрийн чадварыг алдагдуулсан байна.

Хэрэгт авагдсан ,,,,,,,,,,,,,гийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтаас үзэхэд, хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан нөхцөл байдалтай байх тул түүнийг тогтмол ажил эрхэлж цалин хөлс олдог, зээлийн үүргийг гүйцэтгэх төлбөрийн чадвартай гэж тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

 

4.2. Анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,,гийн хөдөлмөрийн чадварын байдал хэрхэн өөрчлөгдөх эсэхийг урьдаас тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь энэхүү маргааныг шийдвэрлэх үеийн байдлаар зохигчийн эрх зүйн байдал, төлбөрийн чадвартай эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна гэж зааснаар ,,,,,,,,,,,,,д оногдох зээлийн үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,эд хариуцуулах нь зүйтэй.

 

5. 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ипотекийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204005080 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 42 айлын байрны 13 тоотод байрлах, 32 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ.

 

5.1. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байна.

 

5.2. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/01167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,ээс 33,645,439 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч ,,,,,,,,,,,,,д холбогдох хэсгийг болон 156,020 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтад хариуцагч нараас гэснийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,ээс гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дүгээр зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ,,,,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ