Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00806

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00806                                 Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-9-4 тоотод оршин суух Голчууд овгийн Бямбажавын Оюунтуяагийн /регистрийн дугаар ЧС67032803/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1974 онд төрсөн, 42 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн баруун дэнжийн 12 дугаар гудамжны 12 тоотод оршин суух Илжгэн овгийн Мунангийн Цэцэгмаад /регистрийн дугаар ФБ74111902/ холбогдох 5 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Цэцэгмаа нь 2011 оноос хойш хувийн болно ажлынхаа хэрэгцээнд шаардлагатай үедээ сарын 6 хувийн хүүтэйгээр мөнгө удаа дараа зээлж авдаг байсан. 2014 онд мөн дээрх байдлаар нөхөртөө машин авах, хүүдээ машин авах, махны наймаа хийх гэх мэт зээлж авсаар, одоогийн байдлаар 5 450 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгаа. Эдийн засгийн хэцүү байдлыг нь харгалзан үзэж би Цэцэгмаагаас хүүний төлбөрийг зогсоох саналыг зөвшөөрч, зөвхөн үндсэн мөнгөө авахаар болсон боловч 2016 оны 01 дүгээр сарын 23-с хойш одоог хүртэл төлбөр хийхгүй, энэ талаар яриа үүсэхэд өөдөөс уурлаж, төлбөр төлөх байдалдаа санаа тавихгүй , хугацаа удаж байгаа тул миний нэхэмжилж буй үндсэн зээл 5 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Цэцэгмаа миний бие 2012 оны 6 сараас эхлэн одоог хүртэл найз Ойгонжаргалын ломбарданд ажиллаж байгаа. Энэ хугацаанд хамт ажилладаг хүмүүстэйгээ ойр дотно болж, эдгээр хүмүүсээс бага хүүтэй мөнгө зээлдэг болсон юм. Нэхэмжлэгч Оюунтуяа эгчээс орсон цагаасаа эхлэн 6 хувийн хүүтэй мөнгө зээлж хувьдаа болон найз нөхөд ах дүү хавь ойрын хүмүүст хэрэгтэй мөнгийг хэрэгцээ шаардлагатай үедээ авч хоног хугацааг нь алдуулахгүй хүү, үндсэн мөнгөө өгч явдаг байсан. 2013 оны 01 сараас эхлэн нөхрийн холын хамаатан болох Өсөхжаргал, Отгонжаргал гэдэг эгч дүү хоёрт мөнгө хэрэгтэй байна олоод өгөөч хүүтэй нь төлөөд явна чамайг өрөнд оруулахгүй найдвартай гэж гуйсан болохоор нь хэрэгтэй гэсэн мөнгийг нь энэ хүмүүсээс авч өгдөг байсан юм. Гэтэл энэ 2 хүн анхандаа авсан мөнгөө төлж яваад 2014 оны 11 сарын 26-наас нэхэмжлэгч Оюунтуяа эгчээс авч өгсөн мөнгөнөөс 7,0 сая төгрөг, өөр хүмүүсээс авч өгсөн мөнгөө төлөхгүй, төлөөч би өрөнд ороод байна гэхээр удахгүй төлнө, чи аргалж байгаач гэж янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж худлаа хэлдэг байснаа сүүлдээ уурлаж загнан шүүх цагдаадаа өгөөд авахгүй юу гэдэг болсон. Ингээд би энэ 2 хүнийг төлчих болов уу гэж харсаар байгаад таг болчихоор нь 2016 оны 01 сарын 22-нд шүүхэд өгсөн боловч одоо болтол хэрэг нь шийдэгдэхгүй эдгээр хүмүүсийн мөнгийг төлж чадахгүй яваа юм. Би Оюунтуяа эгчээс хэрэгтэй үедээ мөнгө авч хэрэглэж байсан учраас ямарч байсан хохиролгүй болгочих юмсан гэж хамгийн сүүлд өөрөө 2014 оны 11 сарын 18-нд махны наймаа хийх гэж авсан 2,0 сая төгрөг, Өсөхжаргал, Отгонжаргал хоёрт луйвардуулж үлдсэн 7,0 сая төгрөг нийт 9,0 сая төгрөгийг 2014 оны 11 сарын 20-ноос би өөрөөсөө хүүг нь хоногоор нь бодож өгч үндсэн мөнгөнөөс нь хасуулж яваад 2015 оны 07 сарын 09-нөөс 6,500,000 төгрөг болгосон. Үүнээс хойш би эдгээр ломбардны хүмүүсийн хүү мөнгийг төлж дийлэхгүй байж байтал, энэ хүмүүс намайг өөрсдөөс нь зээлж авсан мөнгөө хүнд луйвардуулж өрөнд орж байгааг маань мэдээд үлдсэн үндсэн мөнгөө хүүгүй хурдан төлчих гэсэн боловч би боломжоороо алданги оног бага бага мөнгө өгч яваа боловч төлж дийлэхгүй өдий хүрлээ. Би нэхэмжлэгч Оюунтуяа эгчид 2015 оны 07 сарын 09-нөөс 6,500,000 төгрөг үлдсэнээс: 2015 оны 09 сарын 15-нд 50,000 төгрөг, 2015 оны 09 сарын 22-нд 100,000 төгрөг, 2015 оны 09 сарын 25-нд 130,000 төгрөг, 2015 оны 10 сарын 27-нд 152 кг үхрийн мах 668,800 төгрөгөөр, 2015 оны 12 сарын 25-нд 50,000 төгрөг, 2016 оны 01 сарын 23-нд 100,000 төгрөг төлж, 2016 оны 01 сарын 23-наас 5451,200 төгрөгийн өртэй болж төлж чадахгүй байгаа юм. Би Оюунтуяа эгч болон энэ ломбардны хүмүүсийн мөнгийг ямарч байсан бага багаар төлж хохиролгүй болгох болно. Хэрвээ өрөө төлж чадахгүй бол өөрийн буруутай үйлдлээс болж өрөнд орсон учраас энэ хүмүүсийн өмнө хуулийн дагуу хариуцлагаа хүлээх болно. Оюунтуяа эгчээс 2012 оноос хойш зээлж байсан мөнгөний тооцооны дэвтрээ хэвсаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь хариуцагч М.Цэцэгмаагаас 5 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5 450 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102 150 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 51075 төгрөг, хариуцагчаас 51075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн нэхэмжлэлийн шаардлага 5 450 000 төгрөгийг хариуцагч М.Цэцэгмаа төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Цэцэгмаагаас 51075 төгрөг, төрийн сангаас 51075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунтуяад олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА