| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0043/э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 46
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,
Шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Данзан овогт М-ын Ч /ДЮ /-д холбогдох 1916001070050 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн ... тоотод оршин суух, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ...... регистрийн дугаартай, Данзан овогт М-ын Ч .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Мөст-Алтай буудлын гадаа Ц.С-ын уруул хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Хэргийн нөхцөл байдлыг тодруулахад 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед шүүгдэгч М.Ч нь найз А.Д-ын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд Амтат зоогруу хоол идэхээр явж байхад үүдэнд нь Б , С , Б гэх хүмүүстэй тааралдсан байх бөгөөд А.Д С нар нь маргалдаж байхад С-ын ах гэх Ц.С нь маргаанд оролцож А.Д руу дайрсан байна. Улмаар маргалдаж явсаар Мөст-Алтай буудлын үүдэнд очин А.Д-тай Ц.С түүний хамт явсан Я , Б гэх хүмүүс дахин маргаан үүсгэж уг маргааныг зогсоохоор шүүгдэгч М.Ч нь салгах үедээ хохирогч Ц.С-ын уруул тус газар цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч М.Ч үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...21 цагийн орчим Мөст-Алтайд Д-тай тааралдаад Амтат зоогт хоол идэх гээд очиход Амтат зоогийн үүдэн дээр нь 3 залуу зогсож байгаад Д-тай муудалцах гээд байсан. Тэгэхээр нь би Д-ыг аваад Мөст-Алтайн үүдэн дээр ирэхэд нөгөө 3 залуу араас дагаад ирсэн. Тэгээд 8 залуу болсон хоорондоо зодолдож байсан. Тэгээд би больцгоо гээд нэг нэгээр нь салгаад явж байгаад С ын уруул руу санамсаргүй цохисон. Тэгэхэд Б ах ирээд юу болж байгаа юм бэ? гэхээр нь энэ хэд зодолдоод би салгаж байна гэж хэлсэн. Тэгээд намайг яв гэж хэлэхээр нь би Мөст-Алтай руу орсон. Буцаад 15 минутын дараа гарч ирэхэд нөгөө хүмүүс бүгд байхгүй байсан. Энд байсан хүмүүс хаашаа явсан юм бэ? гэхэд цагдаа нар аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ орсон... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Салгах гэж байгаад цохисон... Уулзахад манай эхнэр чамаас 2 сая төгрөг авна гэж хэлсэн. Тэгээд эхнэртэй нь уулзахад нэг сая төгрөг нэхсэн... 800.000 төгрөгөөр торгоно гэж байгааг хүлээн зөвшөөрч байна. С эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг болсон гэж хэлж байсан... С-ыг цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б , Я хоёрыг одоо больцгоо гээд зогсож байтал Ч гэдэг залуу миний уруул орчим цохиод авсан...” гэх мэдүүлэг/хх 22-23-рт/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б ах Мөст-Алтай буудлаас гараад ирсэн. Би С-ыг тэнд нь үлдээчихээд Б ахруу очоод юм яриад байж байтал миний ард юм дуугарах шиг болохоор нь хартал С газарт унасан байсан...” гэх мэдүүлэг/хх 27-28-рт/,
Гэрч А.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ч бид хоёр Амтат зоогруу хоол идье гээд явж байгаад үүдэн дээр нь Б , С , Б нартай тааралдсан. С-тай хэрэлдээд байж байтал С гэдэг ах бид нарлуу дайраад байсан. Удалгүй Ч , С-ыг салгаад зам дагаад явж байсан. Би яг цохихыг нь хараагүй. Сүүлд Ч чамаас болоод би С-ыг цохичихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх 31-32-рт/,
Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтад мэдүүлэн: “...2019 оны 03 сарын 15-ны өдөр Б С бид нар таараад С Д-тай хэрэлдэж байсан. С гэдэг залуу манай дүүг яаж байна гэж хэлээд хажуу талаас орж ирэхэд Б С-ыг тайвшруулах гээд аваад явсан. Б Мөст-Алтай буудлаас гарч ирээд бид хэд буцаад нөгөө газраа очтол С-ын амнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх 34-рт/,
Гэрч Ч.Я-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Мөст-Алтай буудлын үүдэн дээр би С-ын хажуу талд зосож байтал Ч гэдэг залуу хажуу талаас орж ирээд С-ын нүүрлүү гараараа цохисон. С-ыг газар уначихаар нь Б бид хоёр босгож иртэл С надруу уурлаад дайраад байхаар нь би явсан...” гэх мэдүүлэг/хх 35-36-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т. Алтайбаатарын 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 90 дугаартай “...1. Ц.С-ын биед уруул шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтого алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 38-39-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг /хх22-23-рт/, гэрч Б-ийн мэдүүлэг /хх27-рт/, гэрч Д-ийн мэдүүлэг /хх31-32-рт/, гэрч Б-ны мэдүүлэг /хх34-рт/, гэрч Я-ын мэдүүлэг /хх35-36-рт/, шинжээчийн дүгнэлт /хх37-38-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Ч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч М.Ч-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хохирогч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Чойням гэдэг залуу уруул цохиж 6 оёо тавьсан одоогоор миний бие зүгээр байгаа боловч урул дээр соривтой болсон гомдолтой байна...” гэх хүсэлт, шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Сансар эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг болсон гэж хэлж байсан...” гэсэн бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт хохиролын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч М.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Ч-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч М. Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдсон, хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, прокурор 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, М.Ч-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч М.Ч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 75-рт/ бөгөөд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй байдал, прокурорын гаргасан санал болон шүүгдэгчийн “...800 нэгжтэй тэнцэх хэмжээний ял шийтгэл оногдуулах санал оруулж байна...” гэх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч М.Ч-ын үйлдэлд тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36..4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Данзан овогт М-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч М.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан М.Ч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Ц.С нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан М.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА