Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00972

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00972

 

 

,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/00724 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,-д холбогдох

,,,,,,,,,,,,,,,-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1351 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2012 онд ",,,,,,,,,,,,,,,,,К-д ахлах инженерийн албан тушаалд ажилд орсноос хойш үе шаттайгаар тус тус дэвшин ажиллаж байсан. Гэтэл Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1351 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ",,,,,,,,,,,,,,,,,К-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ,,,,,,,,,,, намайг Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдийг заасан байх бөгөөд ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо үндэслэлгүй тушаал гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, ",,,,,,,,,,,,,,,,,К-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотой удирдлага өөрчлөгдсөн нөхцөл байдалд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалж байгаад гомдолтой байна. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд ,,,,,,,,,,,,,,,-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1351 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, ,,,,,,,,,,,ыг Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход 123,278,463 төгрөг болж байгаа гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн хүрээнд тогтоох онцгой журам буюу Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолоор ,,,,,,,,,,,,,,,-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.

2.2. Бүрэн эрхт төлөөлөгч нь нийтлэг баримталдаг хууль тогтоомжийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолын 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ нь аливаа хууль зөрчөөгүй, хуульд заасан арга хэмжээг авсан болно.

2.3. Нэхэмжлэгч нь барилга, дэд бүтэцтэй холбоотой үндсэн үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг хянах батлуулах, хэрэгжилтийг хангах, дэд бүтцийн барилга угсралтын ажил болон бусад бүтээн байгуулалтад хяналт тавин ажиллах ёстой байсан.

Гэвч компанийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүд уурхайн захиргааны болон ажилчдын хотхоны барилга угсралтын төслийн ажлын явц удааширч захиалагчийн талаас тавих хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн нь Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитаар тогтоогдож, компанид онц их хэмжээний төлбөрийн акт тавигдсан.

Нэхэмжлэгч нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа цаг хугацаанд нь биелүүлээгүй тул компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/376 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан бөгөөд уг тушаалтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн байдаг.

2.4. Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 он/ хуулийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,-д холбогдох ,,,,,,,,,,,,,,,-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1351 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүйд гомдолтой байна. ",,,,,,,,,,,,,,,,,К-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалд ,,,,,,,,,,,ыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа цаг хугацаанд нь биелүүлээгүй гэх боловч уг хариуцлагагүй хандсан гэх зөрчлийг тогтоосон баримтгүй.

Уурхай ажилчдын хотхон барихаар ,,,,,,,,,,,,-тай байгуулсан "Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-нд долоон удаа дэлхий нийтээр тархсан ковид-19 цар тахал болон барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор өөрчлөлтүүд орсон ба эдгээр өөрчлөлт нь нэхэмжлэгчтэй огт хамааралгүй.

Удирдах ажилтны шуурхай хурлаас үүрэг даалгавар өгсөн гэж байгаа боловч ,,,,,,,,,,,д ямар ч үүрэг даалгавар өгөгдөөгүй байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/390 тоот ажил эрчимжүүлэх тушаалын хувьд 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан уурхайн захиргааны барилгын барилга угсралтын ажил, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах хугацаат үүрэг даалгаврыг ,,,,,,,,,,, болон нэр бүхий 6 хүнд тус тус даалгасан. Уурхайн захиргааны барилгын барилга угсралтын ажил нь хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сард ашиглалтад орсон.

Харин уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/390 тоот тушаалаар 2 сарын хугацаа өгсөн, уг барилга нь 2023 оны 11 дүгээр сард ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан нь биелэх боломжгүй логикийн хувьд авцалдаагүй тушаал байсан гэдэг нь харагдаж байна.

Мөн дээрх тушаалын хэрэгжилтэд хяналт тавихдаа тушаалд заагдсан нэр бүхий хүмүүст хариуцлага тооцоогүй атлаа Барилга, дэд бүтцийн хэлтсийн дарга ,,,,,,,,,,,д хариуцлага тооцож байгаа тэгш эрхийн зарчмыг зөрчсөн.

4.2. Засгийн газарт эрх олгох тухай хуульд томилох гэж зааснаас чөлөөлөх гэсэн үг, үсэг байхгүй. Засгийн газрын тогтоол дээр ч хуулийн холбогдох заалтад нийцүүлсэн гэх мөртлөө тухайн хуульд заагаагүй эрхийг олгосон байгаа нь үндэслэлгүй байна.

Онцгой бүрэн эрхт төлөөлөгчид нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд ажилтныг чөлөөлөх асуудал нь гагцхүү тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохицуулагдахаар байна. Тодорхой хуулиуд хоорондоо зөрчилдвөл ажил олгогч нь ажилтанд аль таатай нөхцөлөөр нь авч үзэх бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг дордуулах эрх байхгүй.

Засгийн газрын тогтоолд зааснаар тухайн байгууллагад компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх шаардлага үүссэн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь хууль болон Засгийн газрын тогтоолоор олгосон бүрэн эрхийн хүрээнд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг баримтлалгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь баримтаар тогтоогдсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1351 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. ,,,,,,,,,,, нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс ,,,,,,,,,,,,,,,-ийн Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Улмаар түүнийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1351 дугаар тушаалаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлжээ.

3.1. Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ,,,,,,,,,,,,,,,-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгасан байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд зааснаар шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.

Энэ эрхийн хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1351 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр ,,,,,,,,,,,ыг үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Иймээс хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг хэрэглэлгүй ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалт, 2 дугаар зүйлийн 1 дэх заалтад нийцжээ.

3.2. Нэхэмжлэгч талын гаргасан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн гэх гомдлыг хангахгүй.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан тушаалд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж заасан байгаа нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шаардлагатай нөхцөл байдлыг БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалтад зааснаар тодорхойлсон байна гэж дүгнэнэ. Энэ тохиолдолд хариуцагч нь уг дурдсан зөрчлийг нийтлэг баримталдаг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу баримтаар нотолсны үндсэн дээр ажлаас чөлөөлөх үүрэг хүлээхгүй.

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2024/00724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ