| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0042/э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 45
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Б-ын Д /Д:::::::::/-д холбогдох 1916000930046 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .....багт оршин суух, 1994 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д...... регистрийн дугаартай, Бэсүд овогт Б-ын Д .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 15-33-01 тоотод хохирогч Ц.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 2019 оны 03 сарын 10-нд дүү нарын хамт архи уусан. Өдөржингөө архи уугаад орой нь Б-ийн гэрт орж зодсон... Цонхоор нь орсон юм... Тэр үед архи их уусан байсан. Юу болсон талаар сайн санахгүй байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Хамгийн бага нэгжээр торгож өгнө үү ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлэн: “...2019 оны 03 сарын 10-ны шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байтал цонхоор согтуу хүн орж ирээд намайг зодсон. Тэгээд байж байтал дүү Н орж ирээд салгахаар нь би эхнэр О залгаж эхнэр Оюун цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг/хх 20-21-рт/,
Гэрч Ц.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 03 сарын 10-ны шөнө 01 цагийн үед уурын зуухны галч залуу орж ирээд ахыг чинь хүн зодоод байна гэж хэлэхээр нь би ахын гэрт ортол нэг согтуу залуу ахыг зодож байсан. Тэгээд би салгах гэж нилээд үзээд цагдаад ирэхээр нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг/хх 22-рт/,
Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 03 сарын 10-ны өдөр би 20 цагийн үед Б-ийн хашаанд мотоциклоо тавьсан юм. Ажлаа хийж байгаад шөнө 01 цагийн үед мотоциклоо харах гээд ортол Б-ийн цонхоор нь нэг танихгүй залуу орсон. Би араас нь цонхоор хартал Б-ийг зодож байсан. Тэгээд Б-ийн дүү болох Н-гийн гэрт ороод танай урд талын байшингийн цонхоор нь хүн ороод ахыг чинь зодож байна гэж хэлсэн. Орон дээр зодож байсан...” гэх мэдүүлэг/хх 23-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 80 дугаартай “...1. Иргэн Ц.Б-ийн биед тархины доргилт, хамрын судасны тасрал, хамрын нуруу хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтого алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 36-37-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д-ын 2019 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 15-33-01 тоотод хохирогч Ц.Б-ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Б.Д хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, прокурор 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч , Б.Д-ыг торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Д-ын үйлдэлд тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Б-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Д-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА