Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00812

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр                  Дугаар 142/ШШ2016/00812                      Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 36 настай эрэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-17-27 тоотод оршин суух Чүүл овгийн Эрдэнэхүүгийн Мөнх-Эрдэнийн /регистрийн дугаар ФМ80042611/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1982 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-19-04 тоотод оршин суух, Боржигон овгийн Дугарын Отгонжаргалд /регистрийн дугаар ГЮ82112363/ холбогдох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Д.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Отгонжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдэж аваад гэрээний хугацаагаа 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгахдаа 2 тал харилцан тохиролцож гарын үсгээ зуралцан сунгаад эхний 3 сарын хүү болох 4 500 000 төгрөгийг төлөөд дараагийн 2 сарын хүү гэж зээлийг зуучлан авч өгсөн Э.Мөнхзаяа 2 700 000 төгрөг өгсөн. Зээлдэгч Д.Отгонжаргал өөрөө 2015.11.11-с 2016.02.11-ний хооронд нийт 7 800 000 төгрөгийг төлөхөөр тохиролцоод Д.Отгонжаргал өөрийн гараар бичиж өгсөн. Д.Отгонжаргалаас үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 7 500 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие найз болох Мөнхзаяагаас увуулж цувуулж 13 000 000 төгрөг авсан. Тухайн үед найз болох Өлзийнаранд хүмүүсээс мөнгө зээлж өгсөн байсан. Тухайн үед Өлзийнаран мөнгөө төлөхгүй явнаас болж Д.Отгонжаргал би найз Мөнхзаяагаас мөнгө зээлхэд хүрч бусад хүмүүсийн өр төлбөрөөс хасуулсан. 2015 оны 05 дугаар сарын 11-нд найз мөнгөө авья гэж хэлснээр би тухайн үед мөнгийг нь олж өгч чадаагүй, урд саруудад нь хүүг нь өгөөд явж байсан. Мөнхзаяа ахаасаа 13 000 000 төгрөг зээллээ, дээр нь 2 000 000 төгрөг нэмж нийт 15 000 000 төгрөг болгосон гэж хэлсэн. 2 000 000 төгрөг нь 13 000 000 төгрөгний хүү гэж хэлсэн. Ахаас нь мөнгө шилжсэн гэх өдрөөс би сард 1 500 000 төгрөгний хүү төлж эхэлсэн. Харин Мөнхзаяа 2016 оны 02 дугаар сард ах маань хотоос ирсэн чи ирж гэрээ хий гэж хэлснээр би өөрөө зээлийн гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ би алданги тооцно гэж 2 талаасаа яриагүй. Найз Мөнхзаяагаар Отгонжаргал би өөрийн өмнөөс хүү төлүүлээгүй. Миний өгсөн мөнгийг өөрөө аваад ахруугаа шилжүүлж бэр эгч нь төрийн албанд ажилладаг болохоор данс руу нь мөнгө оруулж болохгүй гэж хэлснээр нь өгдөг байсан. 2016 оны 03 дугаар сард намайг ажилд орсны дараа Мөнхзаяа нь хэд хэдэн удаа ирж үг хэлээр доромжилж мессеж бичиж дарамталдаг байсан. Отгонжаргал би энэ мөнгийг өгөхгүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй болохоор мөнгөө өгөөд явья гэж хэлж байсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Д.Отгонжаргалаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 7 500 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... Д.Отгонжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Э.Мөнх-Эрдэнээс 15 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлээд гэрээний хугацааг 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгахдаа 2 тал харилцан тохиролцож гарын үсгээ зурж, хариуцагч нь эхний 3 сарын хүү болох 4 500 000 төгрөгийг төлөөд дараагийн 2 сарын хүү гэж зээлийг зуучлан авч өгсөн Э.Мөнхзаяа 2 700 000 төгрөг өгсөн. Зээлдэгч Д.Отгонжаргал өөрөө 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 2016 оны 02 дугаар сарын 11-ний хооронд нийт 7 800 000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцоод өөрийн гараар бичиж өгсөн. Иймд Д.Отгонжаргалаас үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 7 500 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү“ гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Хариуцагч шүүх хуралдаанд “...Би найз Э.Мөнхзаяагаас 13 000 000 төгрөг авсан.Э.Мөнхзаяа надад “...би ахаасаа 13 000 000 төгрөг зээллээ, дээр нь 2 000 000 төгрөг нэмж нийт 15 000 000 төгрөг болгосон гэж хэлсэн. 2 000 000 төгрөг нь 13 000 000 төгрөгний хүү гэж хэлсэн. Ахаас нь мөнгө шилжсэн гэх өдрөөс би сард 1 500 000 төгрөгний хүү төлж эхэлсэн. Харин Э.Мөнхзаяа 2016 оны 02 дугаар сард ах маань хотоос ирсэн чи ирж гэрээ хий гэж хэлснээр би Э.Мөнх-Эрдэнэтэй зээлийн гэрээг сүүлд нь нөхөж хийсэн.Гэрээ хийхдээ би алданги тооцно гэж 2 талаасаа яриагүй. Би Э.Мөнхзаяагаар дамжуулан Э.Мөнх-Эрдэнээс мөнгө зээлсэн нь үнэн.Зээлийн гэрээний ард би хүү 7 800 000 төгрөг төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болохоор одоо үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 7 800 000 төгрөг, нийт 22 800 000 төгрөг төлье” гэсэн тайлбар гаргасан.

            Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, зээлийг буцаан төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5% алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан байна.

            Хариуцагч шүүх хуралдаанд “...би найз Э.Мөнхзаяагаас мөнгө авсан.Гэхдээ энэ мөнгийг Э.Мөнхзаяа ах Э.Мөнх-Эрдэнээсээ авч надад өгсөн, би Э.Мөнх-Эрдэнэтэй гэрээ хийсэн учраас нэхэмжилж байгаа мөнгөнөөс үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 7 800 000 төгрөг, нийт 22 800 000 төгрөгийг төлье.Нэхэмжлэгчтэй алданги тохироогүй, хэрэв надаас алданги нэхэмжилж байгаа бол би өөрийн авсан 13 000 000 төгрөг үүн дээр нэгэнт төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хүү 7 800 000 төгрөг нийт 20 800 000 төгрөг, мөн алдангийг төлье” гэсэн тайлбар гаргасан.

            Хариуцагч “...би Э.Мөнх-Эрдэнээс 15 000 000 төгрөг биш 13 000 000 төгрөг зээлсэн” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр Э.Мөнх-Эрдэнээс 15 000 000 төгрөг зээлсэн, хариуцагч нэхэмжлэгчид хүүд тооцож 7 200 000 төгрөг өгсөн нь тогтоогдож байна.

            Зээлийн гэрээний ард хариуцагч “...үлдэгдэл хүүг төлөөгүй байгаа тул гүйцээж өгөх болно.Сүүлийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 11 дуусгах болно.Нийт 7 800 000” гэж бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан ба нэхэмжлэгч зээлийн гэрээний ард сунгалт гэсэн хэсэгт зурсан хариуцагчийн гарын үсэг бүхий дээрхи баталгааг үндэслэн хариуцагчаас хүү 7 800 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.  Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...зээлийн гэрээний ар талд зээлийн гэрээний хугацааг сунгасан” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү сунгалтыг хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан гэрээ гэж үзэх боломжгүй.Өөрөөр хэлбэл дээрхи бичилт нь Д.Отгонжаргалыг нэхэмжлэгчид 2015 оны 06 дугаар сарын 11-нд 1 500 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 11-нд 1 500 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 11-нд 1 500 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 11-нд 1 300 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 11-нд 1 400 000 төгрөг, нийт 7 200 000 төгрөг өгсөнийг нотолж байгаагаас биш хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн зээлийн гэрээ биш юм.

Тиймээс нэхэмжлэгчийг үндсэн зээл 15 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 1 сарын хүү 1 500 000 төгрөг,  гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги шаардах эрхтэй гэж дүгнэлээ.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

            Хариуцагч шүүх хуралдаанд “...энэ мөнгийг найз Э.Мөнхзаяа ах Э.Мөнх-Эрдэнээсээ авч надад өгсөн, би Э.Мөнх-Эрдэнэтэй гэрээ хийсэн учраас нэхэмжилж байгаа мөнгөнөөс өмнө нь өгсөн 7 200 000 төгрөгнөөс гадна үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 7 800 000 төгрөг, нийт 22 800 000 төгрөгийг төлье” гэсэн тайлбар гаргасан тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн Д.Отгонжаргалаас 22 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 271 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Отгонжаргалаас 22 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонжаргалаас 271 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд хоршоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.ҮҮРИЙНТУЯА