| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0104/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/109 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2019/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч, хяналтын прокурор П.Итгэл,
Иргэний нэхэмжлэгч Б.Б-, Б.Э-,
Шүүгдэгч Л.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ж-т холбогдох эрүүгийн 1938000370110 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Ж.
Шүүгдэгч Л.Ж- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Байшинтын дөрөлж” гэх газарт Улаанбаатар-Мөрөнгийн засмал зам дээр ... улсын дугаартай Сузуки Свифт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2а-д заасныг тус тус зөрчсөний улмаас ..., ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, Ц.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ж- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Байшинтын дөрөлж” гэх газарт Улаанбаатар-Мөрөнгийн засмал зам дээр ... улсын дугаартай Сузуки Свифт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а: “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд” эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13 дугаар зүйлийн 13.1а: “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13 дугаар зүйлийн 13.2а: “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Ниссан Винграод” маркийн ... улсын дугаартай, “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, Ц.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-12 дугаар хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/
- Хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэтээс Сузуки свит маркын ... улсын дугаартай машин 4.200.000 төгрөгөөр худалдаж аваад хүргэн Ж-аар жолоо бариулаад Хөвсгөл аймаг явж байгаад Байшинтай дөрөлж өнгөрч яваад осолд орсон. ...Намнангийн араас 0.33 литрийн “Ерөөл” нэртэй архи аваад дээрээс нь 100 грамм орчмыг уусан бусад нь үлдсэн байсан. Би архи уугаагүй явж байсан. ...Ж-ын буруутай үйлдлээс болсон гэж бодож байна. Байшинтын дөрөлж рүү 145 километр цагийн хурдтай яваад байсан. Хурдаа хас гэж хэлсэн хурдаа хасаад машин гүйцэж түрүүлэх гэж байгаад осол гаргасан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй манай хүргэн байгаа юм. Хоорондоо зохицох байх. Машины эвдэрсэн эд ангиудын үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Венгроуд маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Үзмээ, эгч Э- нарын хамт Мөрөнгөөс Тосонцэнгэл сумын Цагаан сайр гэх газар руу явсан. Мөрөнгөөс явахад тээврийн хэрэгслийг манай эхнэр Үзмээ жолоодож явсан юм. Мөрөнгөөс гараад хүндэтгэлийн хаалга өнгөрөөд Байшинтын дөрөлж өгсөөд явж байхад урдаас уруудаад Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан. Тэр ирж байгаа Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй яг зөрөх гэж байхад гэнэт Приусны араас саарал өнгийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаа бололтой гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд тэр чигтээ давхиж ирээд манай машинтай мөргөлдсөн. Тухайн үед үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Осол гарсны дараа бууж ирээд харахад өөрийн явж байсан эгнээндээ зогсож байсан бөгөөд ар талын гупер салсан байдалтай байсан. Би машинаас бууж ирээд Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй бас мөргөлдсөн гэдгийг мэдсэн. Осол гаргасан тээврийн хэрэгсэл дотор хоёр хүн байсан бөгөөд зорчигчийнх нь толгойноос цус гарсан байсан. Жолооч нь намайг буугаад очиход машинаас буусан бололтой зам дээр машиныхаа урд талд хэвтэж байсан. Би тухайн үед осол гаргасан тээврийн хэрэгсэл дотор явсан хоёр хүнийг хоёуланг нь согтуу байна гэж харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Ү-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Бид Байшинтын дөрөлж өгсөөд явж байхад урдаас Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл уруудаад ирж яваа харагдсан. Тэр Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй яг зөрөх гэж байтал араас нь мөнгөлөг саарал өнгийн суудлын машин урсгал сөрж гарч ирээд манай машиныг мөргөчихсөн. Тухайн үед маш хурдан хугацаанд үйл явдал болсон болохоор ямар нэг арга хэмжээ авах зуургүй ирээд мөргөчихсөн. Би яагаад ямар учраас урсгал сөрөөд гарч ирснийг мэдэхгүй байна. Осол болсны дараа буугаад нөгөө осол гаргасан машины жолоочийг харахад согтуу уучихсан байсан. Би осол болох үед нөгөө осол гаргасан тээврийн хэрэгсэл манай машинтай зөрөх гэж байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн гэдгийг ч би мэдээгүй сүүлд машинаас бууж ирээд харахад Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн ар хэсэг рүү мөргөчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр П эгч Б-н хамт Улаанбаатар хотоос ажил явдалд ирсэн хүмүүсийг гаргаж өгөхөөр Байшинтын дөрөлж гэх газар руу явсан юм. Тэгж явснаас хойш удалгүй П утсаар яриад зам тээврийн осолд орсон талаар мэдэгдсэн. Миний тухайд зам тээврийн ослын талаар нарийн мэдэх зүйлгүй. ...ослын улмаас машины хойд тэнхлэг хугарсан, хойд дугуй обудтайгаа хамт хагарсан, хойд гупер, хойд гэрэл хагарсан. Энэ бүгдийг шинээр авч тавьж машиндаа замаск будаг хийлгэсэн байгаа. Би хойд тэнхлэгээ 120.000 төгрөгөөр, дугуйгаа 60.000 төгрөгөөр, дугуйны обудаа 80.000 төгрөгөөр, хойд гуперээ 340.000 төгрөгөөр, хойд гэрлээ 160.000 төгрөгөөр, эд ангиудыг тээвэрлэж ирүүлсэн зардал нийт 800.000 төгрөг гарсан байгаа. Тэгээд бас дээрх эд ангиудыг худалдан авч засуулахад хүүтэй мөнгө 1.500.000 төгрөг ломбарднаас зээлж авсан. Сарын 150.000 төгрөгийн хүү төлж байна. Хүүнд нь нийт 450.000 төгрөг төлсөн байгаа. Ингээд бодоод үзэхээр нийт 2.000.000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
- Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16:00 цагийн орчим байх сайна мэдэхгүй байна. Улаанбаатар хот руу хүмүүс гаргаж өгчихөөд буцаад Мөрөн сумын чиглэлд дүүгийнхээ эхнэрийн Т.Приус маркийн машиныг жолоодоод явж байтал урдаас нэг машин ирж явснаа зөрсөн. Араас нь нэг машин явж байсан. Сайн анзаараагүй. Яг урдаас ирж явсан машинтай зөрөх үгүйн зааг дээр тас гээд явчихсан. Тэгээд толинд хартал 2 машин мөргөлдөж байгаа харагдсан. Тэгээд би тэр дороо машинаа зогсоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
- Гэрч Г.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн эгч Б-тэй хамт Байшинтын дөрөлж орчихоод буцах замдаа зам тээврийн осолд орсон. Тухайн үед эгч бид хоёр эхнэр Ц-н эзэмшлийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг манай эгч Б- жолоодож явсан. Байшинтын дөрөлжөөс наашаа уруудаад явж байхад гэнэт машины ар талаас юм мөргөчих шиг болсон. Машинаас бууж ирээд харахад манай машины ар талд хоёр машин мөргөлдсөн байдалтай байсан бөгөөд манай машины зүүн ар тал хэсэг рүү мөргөчихсөн, хойд гупер салаад унасан байдалтай байсан. ...Миний биеийн байдал зүгээр байгаа, тэр үедээ толгой эргэж дотор муухайрч байгаад зүгээр болсон. Шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би өөрийн төрсөн дүү Б-, түүний эхнэр Ү- нартай хамт хөдөө идэш авах гэж явж байгаад Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрт Байшинтын дөрөлж гэх газарт Үзмээгийн жолоодож явсан суудлын автомашинтай явж байхад урдаас зөрөх гээд явж байсан машины араас өөр нэг машин гарч ирээд миний сууж явсан машиныг мөргөж зам тээврийн осол гарсан юм. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан юм. ...Би өөрийн 14 хоногийн цалин өдрийн 25.000 төгрөгөөр бодож 350.000 төгрөг, миний хүүгийн Хөвсгөл аймаг явсан бензиний мөнгө 150.000 төгрөг, нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс гадна миний нуруу, толгой өвдөж байгаа учраас эмчилгээ хийлгэх зардлын мөнгө хэрэгтэй байна. Эмчилгээ хийлгэх зардлын мөнгө 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 417 дугаартай: “1. Ц.С-ын биед зүүн дунд чөмөгт ясны ил хугарал, баруун хацар яс, хамар яс, баруун нүдний ухархайн доод, гадна, дотор ханын хугарал, нүүр, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 704 дугаартай: “1.Л.Ж-ын биед 2, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, зүүн дунд чөмөг, зүүн шаант ясны хугарал, зулай, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Түмэнбатын 41 дугаартай: “1. Сузуки Свифт маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Ж-ын буруугаас гарсан гэж үзэв. 2. Хөвсгөл аймгийн Түнэл сумын 10 дугаар багийн нутаг “Байшинтын дөрөлж” гэх газар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16:16 цагийн орчим Сузуки Свифт маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Ж- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а, “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд” эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.2а “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Ц-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангиудад үнэлгээ хийсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 52 дугаар хуудас/,
- “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... улсын дугаартай Ниссан Винграод автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Л.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Осол болох
өдөр би хадам дүү С-тай хамт Орхон аймгаас түүний шинээр худалдаж авсан тээврийн хэрэгсэлтэй наашаа Мөрөн чиглэлд явж байсан юм. Бид хоёр замдаа явж байгаад Намнангийн арын цайны газарт хоол идчихээд наашаа хөдлөхдөө би 0.33 литрийн нэг шил архи аваад тэрнээсээ нэг хундага уугаад хөдөлсөн. Тэгээд наашаа шууд явсаар Байшинтын дөрөлж уруудаад явж байгаад би зүүрмэглэчихсэн байсан. Би осол ямар учраас гарсныг огт санахгүй байгаа. ...Би наашаа гарахын өмнөх өдөр архи уучихсан байсан. ...магадгүй өмнөх өдөр нь архи уучихсан байсан болохоор нэг хундага архи уухад нөлөөлсөн байж магадгүй. ...осол миний буруутай үйлдлээс болж гарсан гэдэгтэй маргахгүй. ...би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Осол болох үед өмсөж явсан куртикны халаасанд байсан боловч куртиктэй хамт алга болчихоод олдохгүй байна. Би В, С, Е гэсэн гурван ангилалтай” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 дугаар хуудас/,
-иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 84 дүгээр хуудас/,
- Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Л.Ж- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Ж- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Байшинтын дөрөлж” гэх газарт Улаанбаатар-Мөрөнгийн засмал зам дээр ... улсын дугаартай Сузуки Свифт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журам болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2а-д заасныг тус тус зөрчсөний улмаас ..., ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, Ц.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-12 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Ц.Ү-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Г.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 417 дугаартай дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 704 дугаартай дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Түмэнбатын 41 дугаартай дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруутайгаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг зөрчсөн, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгийн хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаар “...Осол болох өдөр ... Бид хоёр замдаа явж байгаад Намнангийн арын цайны газарт хоол идчихээд наашаа хөдлөхдөө би 0.33 литрийн нэг шил архи аваад тэрнээсээ нэг хундага уугаад хөдөлсөн. Тэгээд наашаа шууд явсаар Байшинтын дөрөлж уруудаад явж байгаад би зүүрмэглэчихсэн байсан. Би осол ямар учраас гарсныг огт санахгүй байгаа. ...Би наашаа гарахын өмнөх өдөр архи уучихсан байсан. ...магадгүй өмнөх өдөр нь архи уучихсан байсан болохоор нэг хундага архи уухад нөлөөлсөн байж магадгүй. ...осол миний буруутай үйлдлээс болж гарсан гэдэгтэй маргахгүй” /хх-ийн 81 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээс үзвэл Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а, “...эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13 дугаар зүйлийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13 дугаар зүйлийн 13.2а “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал” гэх заалтуудыг гэм буруутайгаар зөрчсөн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Л.Ж-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр
дагавар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, бусдын эд хөрөнгөд 6.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ц.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Ж-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Б.Ц 2.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлж эвлэрлийн гэрээ /хх-ийн 90/ байгуулсан, иргэний нэхэмжлэгч Б.Б- 3.500.000 төгрөг нэхэмжилснийг нөхөн төлж барагдуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Л.Ж-ыг хохирогч Ц.С-, иргэний нэхэмжлэгч Б.Ц, Б.Б- нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Б.Э- 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт хохирлын талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Б.Э- нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.
Шүүгдэгч Л.Ж- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Ж-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Ж- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Ж-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Л.Ж-т тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Тэээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч Л.Ж-т хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Л.Ж- нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Б.Э- нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ж- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ