| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2113000000031 |
| Дугаар | 275 |
| Огноо | 2021-10-06 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.11., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 275
Н.Х, С.Б, Б.Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалтай, Н.Х, С.Б, Б.Д нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Д,түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүгдэгч С.Б шүүгдэгч Н.Х нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,
2. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
3. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Б.Д,С.Б Н.Х нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц-1 хорооллын 5-42 тоот хашаанд, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага цавчир” гэх газарт хохирогч Н.Энхбаатарыг бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Б.Д,Н.Х, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11 болгож,
шүүгдэгч нарыг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар Б.Дид 20 жил хорих ял, Н.Х, С.Б нарт 18 жил хорих ял тус тус шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д,Н.Х, С.Б нарын цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч Б.Д 1 жил 6 сар 4 хоног, шүүгдэгч Н.Х 1 жил 6 сар 17 хоног, шүүгдэгч С.Б 1 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар хорих ял биечлэн эдэлсэн болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэндийн 43.608.848 төгрөгийн нэхэмжлэлээс 10.618.748 төгрөгийг хангаж, 32.990.100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Н.Хын 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охинд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн Богд сумын засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
а/ 3, 4 дэх заалтын “20 жилийн хугацаагаар” гэснийг “18 жилийн хугацаагаар” гэж өөрчлөн,
б/ 9 дүгээр заалтыг хасаж, 10, 11, 12, 13, 14 дүгээр заалтыг 9, 10, 11, 12, 13 гэж дугаарлан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Д,С.Б Н.Х нарын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д гаргасан гомдолдоо “... миний бие Н.Х, С.Б нартай урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Баашлаад байна гээд талийгаачийг зодоход нь хорьж байх явцдаа С.Бг түлхэж харуулдуулсан болон хорьж салгасны дараа талийгаачид өөрийн мэдэх тусламжуудыг үзүүлэхэд амьсгаа нь ер мэдэгдэхгүй байхаар нь Н.Хын татаж тамхийг нь авч талийгаачийн ам хамар луу нь утаа үлээхэд утаа нь эргэж гарахгүй байсан төдийгүй гарынх нь шууны судас нь ч цохилохгүй байсныг Н.Х, С.Б нар нь мэдэж байгаа боловч мөрдөн байцаалт болон шат шатны шүүх хурлууд дээр хэлсэнгүй. Б.Д миний бие л ганцаараа энэ тухай ярьдаг боловч аль ч шатанд авч хэлэлцээгүй, шүүх хурлын тэмдэглэл, шийтгэх тогтоол, магадлал зэрэгт бичигдэхгүй байх юм.
2. С.Б-н мотоцикл зөндөө бензинтэй байсан байхад Н.Х, С.Б хоёр талийгаачийн хувцас руу хийж шатаасан бензинээ “Дагвадоржийн мотоциклоос Дагвадорж өөрөө С.Бар бензин таслуулсан” гээд “Бензингүй болчихсон байсан миний мотоциклоос яагаад бензинтэй байсан С.Баттулгын мотоцикл руу хийх зорилгоор бензин тастаж байсан бэ” гэдэг зүйл одоог хүртэл яригдахгүй, тодорхойлогдохгүй байна. Үүн дээрээс уг хэргийн сэдэлт, зорилго, хэн нь үнэн, хэн нь худал мэдүүлж байгааг нь гэрч Ц.Адилсайханы мэдүүлэг дээр харьцуулж тогтоож болох байсан.
3. Н.Х, С.Б- мотоциклоос олс авч Н.Э- ганцаараа боосон гэдгийг Дагвадорж миний бие урд нь зөндөө хэлэхэд Н.Х, С.Б нар нь “мэдэхгүй тийм юм болоогүй, олсны тухай мэдэхгүй” ухааны юм ярьцгаадаг байсан. Гэтэл одоо Н.Хын ярьж байгаа нь хэргийн бодит байдалтай яагаад ч нийцэхгүй байгаагийн нэг жишээ нь “... талийгаачийн хүзүү, хоолойд үүссэн гэмтэл, дарагдлын ором, мөр нь олсоор боох үед үүссэн гэмтэл, ором, мөр бөгөөд тэр нь /цус хуралтгүй байсан бөгөөд, амьд ахуйдаа үүсээгүй гэмтэл, олсыг задгай төгсгөлтэй боосны улмаас үүсэх гэмтэл, дарагдлын ором, мөр/ эдгээрийг шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нар тодорхойлдог.
Тэгтэл Н.Х нь бүх үнэнийг нь хэлчихсэн надад юм санасандаа “өөрийгөө хамжигч болгож намайг гол буруутан хатгагч, санаачлагч болгох гэж” ядсандаа “... талийгаачийн хоолойгоор 1-2 удаа олсоо ороож байгаад Дагвадорж өөрөө нэг үзүүрээс нь татаад намайг нэг үзүүрээс нь татаад намайг нэг үзүүрээс нь тат гэсэн” гэх мэтээр худал ярьж гүтгэж байгаа нь ердөө /битүү төгсгөлтэй боолтын ором, мөр ямар байх вэ, задгай төгсгөлтэй боолтын ором ямар байх вэ/ гэдгээр ялгаж салгаж болох байсан.
4. Улсын яллагч Өвөрхангай аймаг дахь прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх Ө.Эрхэмбаатар яагаад 1926000000149 дугаартай хэрэгт яллагдагчаар татсан тогтоолд засвар оруулав.
Н.Э гэх хүнийг анх алах гэж сумын төвөөс авч явсныг Н.Х л ганцаараа мэдэж байж. Товчхондоо Н.Хын хэргээ хүлээж байгаа нэртэй мэдүүлгийн эхэнд “сумын төвөөс анх талийгчийг алах гэж авч давхисан” гээд байхад тэрийг нь ерөөсөө шалгалгүй бүүр яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, шүүх хурал дээр Н.Хын мэдүүлгийг /нотлох баримт, гэмт хэрэг илрүүлэхэд тусалсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэвчилсэн/ нотлох баримт гэж ярихдаа хүртэл яг тэр талийгаачийг алах гэж авч явсан тухайгаа хэлсэн хэсгийг нь цэг цэг цэг гэж хэргээр бичилгүй, ярилгүй орхиод байна. Ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэх ёстой байтал бүгдээрээ л түүнийг нь шалгалгүй нуучихсан.
5. Мөрдөгч, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь энэ хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол хамаарал хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдал, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох ёстой байж. Гэтэл энэ нь ерөөсөө хэрэгжсэнгүй. Хамтран оролцоо болон мэдүүлгийн үнэн, худал, ямар үйлдлээс болж аль цаг үед хохирогчийн амь үрэгдсэн зэрэг нь бүгд эргэлзээтэй тул дахин нарийвчлан шалгаж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү. Б.Д миний бие маш их гэмшиж буруугаа хүлээсэн, мөн хохирол төлсөн” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Б.Д гаргасан гомдолдоо “... миний бие хоёр алгадаж, нэг өшиглөсөндөө маш их гэмшиж, хохирол төлсөн. Шүүгдэгч Н.Хын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “Н.Х нь Дагвадорж намайг “миний мотоцикл дээрээс татлага аваад өг” гэхээр нь би мотоцикл дээр нь очиж татлага олсыг нь авч өгсөн. Тэр үед Д “энийг боогоод алчихъя” гээд талийгаачийн хүзүү хоолой хэсгээр татлага олсоороо нэгээс хоёр удаа ороогоод намайг нэг үзүүрээс нь нөгөө үзүүрээс нь Д татсан чинь татлага олс нь тасарсан тэгсэн чинь Д намайг “хувцсыг нь тайл гэхээр нь би талийгаачийн гутал хэсгийг нь тайлсан” ж цамц болон хар куртик, өмдийг нь тайлсан” тэгээд Дагвадорж хувцсыг нь овоолоод шатаасан “яаж байгаа юм бэ” гэсэн чинь Дагвадорж “хэргээ нуун далдлах гэж байгаа юм” гэсэн мэдүүлэг. Гэрч С.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед Б.Д,Н.Х хоёр манай гэрт ирээд бид хоёр хүн алчихлаа гэхээр нь хаанахын юун хүн алчихсан юм бэ гэхэд Уянга сумын иргэн азарга байсан гэж хэлээд том шаагаад байхаар нь зодолдсон гэж хэлсэн тэгээд хоёр намайг очоод чи булчих, гурвуулаа очоод булах талаар хэлсэн мөн хүрзээ авчих гэж хэлсэн би хүрзээ аваад хоёртой мотоциклийн ардуур суугаад Богд сумын цавчиран гэх нэртэй газар очсон ингээд тухайн газар ирэхэд эрэгтэй хүний цогцос байж байсан. Тэр цогцсыг бул гэж хэлэхээр нь би булсан гэсэн мэдүүлэг. Гэрч Д.Сумъяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг Отгонбаатар ач охин бид 3 байсан өглөө 11 цагийн орчим манай хүү Отгонбаатарыг хоёр авч явсан гэсэн мэдүүлэг. Гэрч Ц.Шажинбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг өдрийн 13 цагийн үед ирж ороход хашаад Дагвадорж талийгаач Н.Энхбаатар цустайгаа холилдчихсон Дагвадорж хажууд нь сууж байсан гэсэн мэдүүлэг. Баттулга миний бие хохирогч Н.Энхбаатар гэх хүнийг цохиод шатаагаад боож алчихсан зүйл байхгүй намайг гэрч С.Отгонбаатар, Д.Сумъяа, Ц.Шажинбат нарын гэрч байгаа. Шүүгдэгч Н.Х намайг Дагвадорж бензин хийж өгсөн гэж хэлсэн надад бензин хийж өгсөн зүйл байхгүй хамтран оролцоо болон мэдүүлгийн үнэн, худал зэрэг нь бүгд эргэлзээтэй тул дахин нарийвчлан шалгаж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү. Баттулга миний бие маш их гэмшиж байна, 12 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Н.Х гаргасан гомдолдоо “... миний бие нь Өвөрхангай аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч надад оногдуулсан ялыг ялгамжтай оногдуулах ёстой гэж үзэж байгаа учраас миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм хорын хохирлоо нөхөн төлсөн өрх толгойлсон ганц бие эцэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 18 жилийн хорих ялаас хасаж, хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан гомдолдоо “... шүүгдэгч, хохирогч нарын дунд хэний ямар үйлдлээс болж зөрчил үүсэв. Үүсэн зөрчил цаашид яаж өрнөж, хүний амь насанд хүртэл гүнзгийрэв гэдэгт үнэлэлт өгөх нотлох баримт шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсангүй. Шүүгдэгч Б.Д нь хохирогчтой хуучин танил, аймаг хамт явахаар ярилцаж тохироод гэртээ авчирсан нь амь насанд нь халдах зорилготой байсан мэт дүгнэлт улсын яллагч болон шүүх хийсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Шүүгдэгч С.Б “... нэлээн согтуу байхад талийгаач босох гэж байгаад намайг түлхээд унагаасан. Намайг түлхээд унагахаар нь хоёр алгадаад нэг удаа өшиглөсөн” гэж шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг өмнөх шүүх хурал дээр өгсөн мэдүүлгээс зөрж байгаад дүгнэлт хийх ёстой. Ямарч байсан хэрүүл маргаан С.Б үйлдлээс эхэлсэн нь тодорхой боловч, үйл явц цаашаа яаж өрнөсөн нь тодорхойгүй. Энэ хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зохих ёсоор явагдсангүй гэж үзэж байна. Дээд шүүхийн тогтоолд “... шүүгдэгч нар хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь ямар хүчин зүйлстэй холбоотой байж болох, аль шүүгдэгчийн мэдүүлэг бодит үнэн байж болохыг зөв тактик, техникт тулгуурлан шалгах, тухай шүүгдэгч бүрийн хувь хүний сэтгэцийн онцлогийг судалж, шинжлэх ухааны тусгай мэдлэг, мөрдөн шалгах ажиллагааны бусад арга хэрэгсэл ашиглан хэргийн бодит үйл баримтыг тогтоох зэрэг ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтаар дээрх заалтууд биелэгдсэн эсэхэд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримт ямар арга хэлбэрээр авагдсан, мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасан хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байхад, дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх үндэслэл байх ёстой гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.Д гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан хохирлоо төлсөн, хохирогч ямар нэгэн санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснээ давж заалдах шатны шүүхэд илэрхийлсэн байхад тухайн зүйлд заасан ялын доод хэмжээ буюу 12 жилийн ял оногдуулах боломж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны магадлалд өөрчлөлт оруулж Б.Дид 12 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Энэ хэрэг урьд Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцэгдэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа шүүгдэгч Н.Х хэргээ хүлээн мэдүүлсэн ба энэ нь гэрч н.Шинэбаяр, н.Мэндбаяр, н.Шажинбат, н.Отгонбаатар, н.Чулуунбаяр, н.Даваадэмбэрэл нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн шинжээч эмч нарын хамтран гаргасан 54 дугаартай дүгнэлтээр нотлогдсон. Гэрч нарт хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Анхан шатны шүүхээс С.Б Н.Хыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр ялгамжтай ял оногдуулсан. Харин шүүгдэгч Б.Д давж заалдах гомдлоосоо татгалзаж, хэргээ хүлээсэн үндэслэлээр түүнд оногдуулсан 20 жил хорих ялыг 18 жил болгож багасгасан нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч Б.Д,түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгыг харахад гэм буруу, хэргийн үйл баримтын талаар маргадаг. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдэгдсэн арга, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харахад анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шүүгдэгч Б.Дид оногдуулсан ялыг өөрчилсөн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д,С.Б Н.Х нар нь согтуурсан үедээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн хамт архи уусан хохирогч Н.Энхбаатарыг 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц-1 хорооллын 5-42 тоот хашаанд болон мөн багийн “Бага цавчир” гэх газар цохих, өшиглөх, мотоциклоор мөргөх, хоолойг боох зэргээр зодож, эрүүл мэндэд “нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, ховч ясны зүүн талын хугарал, баруун 5 дугаар хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж улмаар бензин ашиглан шатааж, амьсгалын хурц дутагдалд оруулан онц харгис хэрцгийгээр алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан гэх үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Д,С.Б Н.Х нарыг “хүнийг онц харгис хэрцгийгээр”, “бүлэглэж” алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүхээс үзэв.
Анхан шатны шүүх бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхийг харгалзан ялгамжтай ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөн шүүгдэгч Б.Дид оногдуулсан 20 жил хорих ялыг 18 жил болгож хөнгөрүүлж хуулиар тогтоосон эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн боловч тухайн өөрчлөлтийг магадлалын тогтоох хэсэгт бичмэл байдлаар илэрхийлэхдээ хэт товчилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүх нь оролцогч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан магадлахдаа цагдаагийн газраас шүүгдэгч нарыг хорих ангиас тээвэрлэсэн шатахууны зардал нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдлыг хуяглан тээвэрлэхэд гарсан зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа энэхүү өөрчлөлтийг магадлалдаа тусгаагүй орхигдуулсан байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Д,түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүгдэгч Н.Х, С.Б нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “... ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын а/ хэсгийн “20 жилийн хугацаагаар” гэснийг “18 жилийн хугацаагаар” гэж өөрчилснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,
магадлалын 1 дэх заалтын б/ хэсгийн “9 дүгээр заалтыг хасаж” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын нэхэмжилсэн 542.640 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Д,түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн, шүүгдэгч Н.Х, С.Б нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН