Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 245

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Баасанцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нямдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаярыг нарыг оролцуулан “Глобал Аккаунт ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “ ... нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, энэ тухай гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрйин 20-1/316 тоот албан бичгээр нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар албан бичиг явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд холбогдох баримт  материалыг гаргаж өгсөн.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас хугацаа тодруулах шаардлагатай байна. Нэмэгдсэн өртгийн татварын суутган төлөгчийн шинэ загварын гэрчилгээг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 00 минутад авсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-д “"нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан өдрөөс албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж заасан. Уг гэрчилгээний 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэж бичигдсэн. Татварын алба манай байгууллагыг НӨАТ суутган төлөгчөөр хэдэн сарын хэдний өдрөөр бүртгэж авсан бэ? Бүртгэсэн он, сар өдрийг асууж байна гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар “Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдэд, үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээг хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар эсвэл иргэний орлогын албан татвар ногдуулах хуудсаар буюу баримтаар бүртгэгдсэн НӨАТ-ын бүртгэл болон тухайн компанийн дансны хуулга, санхүүгийн баримтыг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон” гэж үздэг. Тухайн компани НӨАТ төлөгч хүсэлт гаргасан, гаргаагүйгээр тухайн борлуулалтын орлого хүрсний дараа сарын эхний өдрөөс эхлэн НӨАТ төлөгч болно гэж заасан байдаг. Танай орлого 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 50 сая төгрөгт хүрэн манай нөхцөлийг хангасан. Үүний дагуу татварын хэлтсийн үйл ажиллагаа удаашралтай байснаас үүдэн хожуу гаргасан боловч танай байгууллагаас хүсэлт гаргасан тул хуульд зааснаар тухайн шаардлага хангасан өдрийн дараа сарын эхний өдрөөс эхлэн НӨАТ суутган төлөгчөөр үйл ажиллагаа явуулах боломжтой болсон өдөр гэж тооцно.

“Глобал Аккаунт ТМЗ” ХХК-г Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр бүртгэсэн гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэжээ.    

  Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Глобал Аккаунт ТМЗ” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа хариуцагч байгууллагаас 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 20-1/316 тоот албан бичгээр /хх 36/ тус шүүхэд ирүүлсэн байна.  

Мөн хариуцагч байгууллага нь “Глобал Аккаунт ТМЗ” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагаврыг биелүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосныг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна. 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр үүсэх дагаврыг арилгасан болохыг тайлбарлаж, шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагавартай танилцаж, хүлээн зөвшөөрснийг илэрхийлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг татгалзах зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлаж, үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн болно. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон  хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “Глобал Аккаунт ТМЗ” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан ““Глобал Аккаунт ТМЗ” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, энэ тухай гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувийг нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

 

 

ШҮҮГЧ                                   А.САРАНГЭРЭЛ