Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00105

 

 

                              Хаан банкны Орхон аймаг дахь салбарын

                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 643 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Соёлмаа, Б.Нарангэрэл нарт холбогдох

Барьцааны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 15.773.131,47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдсайхан, С.Мөнхзул

           Нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Соёлмаа, Б.Нарангэрэл нар 2014-04-10-ны өдөр Хаан банкны Хүрэнбулаг тооцооны төвөөс 2014-04-23-ны өдөр ЗГ14/420-1 барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 2,3 хувь /жилийн 27,6/ 24 сарын хугацаатай, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 63-19 тоот хаягт Улсын бүртгэлийн Г-2101001217 дугаарт бүртгэгдсэн 576 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-20101011094 дугаартай 64 м,кв амины орон сууц, 1396 ОРО улсын дугаартай HOWO, ZZ3257N3847С1 өөрөө буулгагч машин, ЗГ14/420 тоот зээлийн гэрээнд жагсаалтаар бүртгэгдсэн хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалж зээлсэн. Зээлдэгч нь 25,196,911 төгрөг төлсөн байна. 2016-03-11-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжпэл гаргаж байна. Үүнд: 1.2014-04-10-ны өдрийн ЗГ/4/420 тоот барьцааны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2.Үндсэн зээлийн үлдэгдэл 13,389,986.5 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,954,130.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 175,864.61 төгрөг, З.шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулсан зардлууд улсын тэмдэгтийн хураамжид 235,549.91 төгрөг, нотариатын төлбөр 17,600 төгрөг, нийт 15,773,131.47 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Болдсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Соёлмаа, Б.Нарангэрэл нар 2014-4-10-нд 30,000,000 төгрөгний зээл аваад 2015-8-31-нээс хойш төлбөр хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016-4-10-нд дууссан. Уг зээлийг Хово маркийн машин худалдан авах зориулалтаар авсан. Уг машинаараа одоо нөхөр Нарангэрэл нь ажил гүйцэтгэдэг. 2015-8-31-нд хамгийн сүүлд хүүгийн төлбөрт 314,267.36 төгрөг.үндсэн зээлийн төлбөрт 33,761.95 төгрөг төлөөд үүнээс хойш төлбөр хийгээгүй.зээлийн үлдэгдэл 13,389,986.05 төгрөг үлдсэн. Шүүхэд 2016-3-11-нд нэхэмжлэл гаргасан. Энэ өдөр хүртэлх 193 хоногийн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 13,389,986 төгрөгнөөс тооцоод 1.954,130.90 төгрөг болж байгаа. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь бол гэрээний гол нөхцөл болохыг анхаарна уу. Гэрээнд жилийн хүү заасныг эргэн төлөлтийн хуваарьт сард хувааж хуваарь хийсэн байгаа гэжээ.

Хариуцагч М.Соёлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Соёлмаа нь 2014-04-10-ны өдөр Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс 30,000,000 төгрөгийг сарын 2,3 хувь, жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлээр өөрөө буулгагч машин худалдаж авсан. Уг худалдан авсан машинаараа ажил хийж зээлээ төлөх боломжтой гэж тооцоолж зээл авсан боловч ажил хийлгүүлсэн байгууллагууд төлбөр тооцоогоо хийх боломжгүй хямарсан байна гэх нэрийдлээр төлбөр тооцоогоо хийгээгүйгээс төлбөр, зээл , хүүг төлөх боломжгүй болсон. Энэ нөхцөл байдлыг Хаан банкинд танилцуулсан боловч хүлээж аваагүйгээр барахгүй, айлгаж байгаад 1 баримт дээр гарын үсэг зуруулсан. Тус байгууллагад би 25,196,911 төгрөгийг төлсөн.Анх 30,000,000 төгрөг зээлсэн.Зээлийн дийлэнхийг төлсөн гэж бодтол үндсэн зээлээс маань хасч, хүүгээс авсан тооцоог гаргаж өгч, Банк бидэнд шударга биш хандаж байна. Сард 1,600,000 төгрөгийг төлж байсан. Бидэнд богино хугацаатай өндөр хүүтэй зээл олгож байсан. Зээлээ төлж чадахгүй болоод зээлийн хугацааг сунгаад өгнө үү гэтэл зээлээ хааж зээл авч болно гэж хатуу үг хэлж байсан. 2015-08-23-ны байдлаар үндсэн зээл 16,837,846 төгрөг, хүү 8,490,670 төгрөгийг төлөх ёстой байснаас 139,766 төгрөгийг хугацаандаа төлөөгүй гэж мэдэгдэл өгч байсан. Үүнээс өөр мэдэгдэл өгч байгаагүй. Зээлээ төлөх боломжгүй байгаагаа цаг тухайд нь мэдэгдээд өргөдөл өгөхөд, бүхэлд нь хаа тэгж байж хөнгөлөлтэй зээл буюу зээлийн хугацааг сунгаж болно гэж хэлж байсан. Зээлийн гэрээний хугацаа 24 сар буюу 2016-04-23 гэхэд төлж дуусгахаар гэрээ хийсэн. Гэтэл банк үндэслэлгүй хүү нэхэмжилсэн байна. Би зээлээ хугацаандаа төлөөгүй бол зээлийн гэрээний 2.1.5 заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой байсан. Иймд банкны нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Нарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Нарангэрэл нь эхнэр Соёлмааг 30,000,000 төгрөгний зээл авсан гэх баримт дээр банкнаас дуудахад нь очиж гарын үсэг зурсан.Уг мөнгөөр дүү Жавхланбаяртай хамтарч машин худалдаж аваад машинаа барьж, байгууллага хооронд явж ажил хийдэг байсан. Ажил хийлгэсэн байгууллгага мөнгөө төлөхгүй өдийг хүрч байгаа. Энэ байдал болон дүүгийн зээлийг хамтад нь төлж байгаад төлж чадахгүй болсон гэж нэхэмжлэлийг авахад эхнэр маань хэлсэн.Хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн баримтад би гарын үсэг зуруулсан.Төлбөр дутуу хийж байна гэх талаар ямар нэг мэдэгдэл өгч байгаагүй. Зээлийн төлбөрийн байдлыг, зээлийн талаар сайн мэддэггүй байсан. Тиймээс зээлийн төлөлтийн талаарх дэлгэрэнгүй хуулбарыг авах хүсэлтэй байна. Зээлийн гэрээний хуулбар болон бусад баримтуудтай танилцах хүсэлтэй байна. Зээлийн хүүг аль мөнгөнөөс тооцож нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл.болон хүүгийн хэмжээг зөвшөөрөхгүй байгаа. Нийт 13,389,986 төгрөг төлөх ёстой гэж үздэг. Хуваарийн дагуу төлж яваад 2015 оны 8 сараас хойш төлөөгүй.2015-7-23-нд төлбөр хийхэд тухайн сарын төлбөрөөс 139,766 төгрөг үлдлээ гэсэн байдаг. Тэгээд үндсэн зээл 11,994,669 төгрөг үлдсэн гэж Соёлмаа тайлбарлаж байгаа. Гэтэл үндсэн зээл 13,389,986 төгрөг 1,954,130 төгрөгний хүүг нэхээд байгааг зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн Нарангэрэлийг хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй. Нарангэрэл гэрээнд гарын үсэг л зурсан. Түүнд ямар нэг мэдэгдэл шаардлага ирж байгаагүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 643 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан М.Соёлмаа, Б.Нарангэрэл нараас 15,537,581.56 төгрөг гаргуулж Хаан банкны Орхон салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар зээлийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 63-19 тоот УБД Г-2101001217 дугаарт бүртгэгдсэн 576 м.кв газар, УБД Ү-20101011094 дугаарт бүртгэгдсэн 64м,кв амины орон сууц, 13-96 ОРО улсын дугаартай НOWO ZZ3257N3847С1 өөрөө буулгагч машин зэргийг албадан дуудлага худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 236,895.66 төгрөгийг төрийн санд үлдээж.хариуцагч нараас 236,895.66 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо: М.Соёлмаа нь Орхон аймгийн салбар ХААН банкнаас 30.000.000 төгрөгийг, зээлж, хүүнд нь 9.773.403 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байсан. Ингээд үндсэн зээлээсээ 16.610.013 төгрөг төлж ,хүү 8.578.737 төгрөг төлсөн гэж ХААН банк үзсэн. Дээрх тооцоогоор үндсэн зээл 13.389.987 төгрөг төлөөгүй , хүү 1.194.666 төгрөг төлөөгүй гэж үзэхээр байтал ХААН банк хүүнд 1.954.130.90 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үндсэн зээл болон тохиролцсон үндсэн хүүгээ төлөхгүй тохиолдолд нэмэгдэл хүү тооцно гэж банктай байгуулсан гэрээний 2.1.5 т заасан. Гэтэл үндэслэлгүй зээлийн хүү нэмж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний дээрх нөхцлийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй гэж үзэж байна.

2.Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж төлбөрөө нэхэмжилсэн.Гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаж байгаа тохиолдолд зээлийн хүү нэмж нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Мөн хугацаанаас өмнө татгалзаж цуцлах шаардлага тавьж байгаа тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэж , татгалзах хугацааг тогтоох эрхийг олгоогүй атлаа 2015.08.25 ны өдөр мэдэгдсэн гэх мэдэгдлээ үндэслэсэн.Учир нь 2 зээл төлж байгаа талаар банк мэдэж байсан учир зээлийн хугацааг сунгаж өгнө үү гэсэн өргөдлийн дагуу шийдвэрлэж гэж М.Соёлмаа нь ойлгосон гэж хэлж байсан Банкнаас 60000000 төгрөгийг зээлж аваад 43000000 төгрөгийг төлсөн учир хугацаа олгох өргөдлөөс хойш гэрээг цуцлах мэдэгдэл өгөөгүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

3.Б.Нарангэрэл нь хамтран үүрэг хүлээх этгээд гэдгээр шүүхн шийдвэр гараж байгаа. Гэтэл Банк Б.Нарангэрэлд зээлийн гэрээний үүргийг М.Соёлмааелүүлэхгүй байгааг болон зээлийн гэрээний үүрэг биелээгүй тала мэдэг байгаагүй. Энэ талаар тайлбарлахдаа олддоггүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлоогүй.Гарын үсэг зурсан гэдгээр нь хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.М.Соёлмаа нь 39.773.403 төгрөг төлөх зээлийн гэрээний үүрэг хүлээсэн байсан үүнээс үндсэн зээл болон хүүнд нийт 25.196.911 төгрөгийг төлсөн.Одоо14.576.492 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.Иймд 15.537.581 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.12 ны өдрийн 142 \ШШ2016\00643 тоот шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар нь шүүхэд М.Соёлмаа Б.Нарангэрэл нартай байгуулсан 2014 оны 04 сарын 10-ны өдрийн ЗГ 14\420 барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах зээл, зээлийн хүү , нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 15.773.131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Соёлмаа, Б.Нарангэрэл нар нь 2014 оны 04 сарын 10-ны өдөр Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс ЗГ 14\420 тоот барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 04 сарын 23-ны өдөр ЗГ14\420-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 63-р гудамж 19 тоот хаягт оршин Улсын бүртгэлийн Г-2101001217дугаарт бзртгэгдсэн 576 м2 газар Улсын бүртгэлиийн V-2101011094 дугаар бүртгэлтэй 64м2 амины орон сууц 13-96 оро улсын дугаартай HOWO ZZ3257N3847C1 өөрөө буулгагч автомашин болон бусад хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан зээлжээ.

Хариуцагч нар зээлийн төлбөрт нийт 25.196.911 төгрөг төлсөн ба 2015 оны 07 сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт цугларсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-14/ бүртгэлийн карт /хх-9/ зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-10/ зээл төлөх мэдэгдэл /хх-19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Хаан банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 03 сарын 11-ний өдөр гаргасан ба уг зээлийн гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 04 сарын 10-ны өдөр дууссан байна. Анхан шатны шүүхийн зохигчдын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

Анхан шатны шүүх зээлийн гэрээнд хариуцагч Нарангэрэл хамтран зээлдэгчээр гэрээний нэг тал болж оролцсон болох нь барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээнд гарын үсэг зурснаас хамтран хариуцагч биш гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзэж хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 643 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

                                  ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                    БАТТӨР

 

                                                              ШҮҮГЧИД                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                                                   С.УРАНЧИМЭГ